УИХ-д ардчилал хэрэгтэй байна

Ѳнѳѳдѳр сонины сэтгүүлч Б.Индратай хийсэн ярилцлага

АН УИХ-Д БҮЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ

А. УИХ-ын ирц бүрдэхээ байлаа. Ямар бодолтой байна?

Х. УИХ-ын менежментийн асуудал юм даа. Тиймээс нэлээд юм бодмоор, анхаармаар, засч залруулмаар, шинэчилмээр байна. Ирцгүй байгаагаас болж УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нѳхцѳл бүрдэхгүй байна. Тѳрийн бодлогын чанартай баримт бичгүүдийг боловсруулахад туйлын хариуцлагагүй хандаж байгаагийн нэг жишээ л гэж ойлгож байна.

А. Яавал дээр вэ?

Х. Хамгийн түрүүнд УИХ-ын үйл ажиллагааг ѳѳрийг нь ардчилмаар байна. УИХ-д ардчилал үнэхээр дэндүү сул. Бүх юм хэлбэр тѳдий. үйл ажиллагааны түвшинд нааштай, ѳнгѳтэй ѳѳдтэй гээд хэлчих юм ховор санагдаад байгаа. Хамгийн наад зах нь УИХ-ын гишүүн аливаа оруулж ирсэн асуудалд ѳѳрийн байр сууриа илэрхийлэх бололцоо маш бага. Яахав ѳѳрийн мэргэжлийн чиглэлийн, мэдцэг ганц хоёр асуудал дээр л санаа оноо хэлнэ. Түүнээс ихэнх асуудал дээр бодитой дүгнэлт хийх ямар ч арга байхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүний ажлын албаны орон тоог нэмэгдүүлж ѳгѳх хэрэгтэй. Ядаж гурван хүн байж гэмээнэ хуулийн тѳслүүд дээр сууж задаргаа хийх, судалгааны материалүудыг үзэж харж, санаа оноо гаргах боломж бүрдэнэ. Одоо бол ганц туслахтай, тэр нь утсанд харпулж, бичиг цаас нааш цааш нь зѳѳж гүйсээр байгаад л таардаг.

А. УИХ-ын гишүүд хуулийн тѳсѳлд санаа оноогоо тусгаж чадахгүй байхад олон нийтийн санаа бодлыг тусгана гэдэг үлгэр болж таарах нь ээ?

Х. УИХ-аар хэлэлцүүлж байгаа асуудлыг оруулж байгаа байгууллага нь нэлээд хэд хоногийн ѳмнѳ олон нийтэд мэдэгдэж, хэлэлцүулэг ѳрнүүлж, санаа оноог нь авдаг баймаар байгаа юм. Одоо бол интернэт энэ тэр гээд бололцоо байна шүү дээ. Олон нийтийг хууль боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд татан оролцуулах явдал үнэхээр дутагдаад байгаа. Энэ чинь л нѳгѳѳ УИХ-ыг ардчилах асуудал чухал байна гэдгийг харуулж буй хэрэг шүү дээ.

А. Хуралд суух нь утгагүй болчихсон учраас ирц бүрдэхгүй байгаа юм гэж та нэг удаа хэлж байсан?

Х. Цаг үеийн чанартай, тухайн нѳхцѳл байдлаас үүсдэг асуудлууд байна л даа. Тухайлбал, зѳвшилцѳѳд шийдчихсэн асуудал байна. Тэгэхээр нэгэнт зѳвшилцчихсѳн учраас УИХ-ын гишүүн тэр асуудлаар юм яриад байх хэрэггүй. Нэгэнт дарга нар дээгүүрээ зѳвшилцчихсѳн бол байнгын хорооны хурал, нэгдсэн хуралдаан дээр ч суух утгагүй л болж байгаа юм л даа. Эсвэл тухайн намынх нь удирдах зѳвлѳл шийдвэр гаргачихсан байдаг. Намын гишүүд нь дагаж мѳрдѳхѳѳс ѳѳр аргагүй болдог. Би үүнийг бүхэлдээ буруу гэж байгаа юм биш. Гэхдээ хэрэгжүүлж байгаа механизм, арга хэрэгсэл дээр нь эргэж хармаар анзаармаар зүйлүүд нэлээд бий.

А. Тэгэхээр ирц бүрдвэл хуралдаад л, үгүй бол хуралдахгүй яваад байх уу?

Х. Угаасаа илт байгаа юман дээр хоёрын хооронд дүр эсгээд байх шаардлага байхгүй. Тухайлбал, ѳнѳѳдѳр Ерѳнхийлѳгчийн сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн. УИХ-ын гишүүд нам, бүлгээрээ ялгараад нэр дэвшигчдийнхээ тѳлѳѳ хѳдѳѳ орон нутагт ажиллаж байна. үндсэндээ УИХ-д ирц алга, гүжирдэж байж ирцийг буй болгож байна. Нэгэнт нѳхцѳл байдал ийм байгаа учраас УИХ-ын чуулганыг тодорхой хугацаагаар завсарлуулах хэрэгтэй. Хуулиар олгогдсон эрх байгаа шүү дээ.

ЗАСГИЙН ГАЗАР ЖИНГҮЙДСЭН БАЙДАЛТАЙ БАЙГАА

А. УИХ-ын одоогийн энэ байдалд олон түмэн их дургүйцэж байна?

Х. Тѳрийн эрх барьж байгаа дээд байгууллага УИХ нь ѳѳрѳѳ хууль номынхоо дагуу ажлаа явуулж чадахгүй болохоор бусдаас юу шаардах юм бэ, бусдад ямар үлгэр жишээ үзүүлж байгаа юм бэ гэдэг асуудал үүснэ. Ард түмний тѳрдѳѳ итгэх итгэл үндсэндээ байхгүй болсон. УИХ гээд хэдэн хүн тэнд сууж л байдаг. Юу хийж байдаг юм буу мэд. Нэг бол хэрэлдэж байдаг, үгүй бол хурал нь ирц байхгүй гэсэн ойлголттой байна. Энэ бүгдийг нэлээд бодож, анхаармаар байгаа юм. УИХ яавал үр ашигтай үйл ажиллагаа явуулах вэ. Тухайлбал, ийм олон байнгын хороо байх хэрэг байсан ч юм уу. Эсвэл хурлын ирцийн асуудал. Заавал 50 хувь нь ирж байж ирц бүрдсэн гэж үзэх үү, үгүй юү. Магадгүй байнгын хороо ирцгүй байж болно шүү дээ. Ирсэн нь л асуудлаа шийдээд явчихдаг бол нѳгѳѳ ирдэггүй хүмүүс чинь надгүй асуудал шийдэгдчих вий гээд ирдэг ч болох юм уу. Янз янзын хувилбар байж болно. Энэ бүгдийг үнэхээр эргэж харах цаг болсон гэж бодож байгаа. Нэлээд нухацтай хандахгүй бол ингэж оромдож явчихаад би ард түмний тѳлѳѳлѳл гэж ярих юм бол утга учир багатай л юм.

А. Үүнийг хариуцлагын ямар тогтолцоогоор шийдэж болох вэ?

Х. Хамгийн гол асуудал бол УИХ-ын үйл ажиллагаа ил тод байх ёстой. Энд болж байгаа бүх үйл ажиллагааг ил тодоор олон түмэнд хүргэдэг байх нь чухал. Энэ бол хамгийн том хариуцлага. Яагаад гэвэл нэгэнт УИХ-д сонгогдсон хүн дахиж сонгогдоё гэж хүсч л байгаа бол ажил үүргээ гарцаагүй хийж таараа. Мѳн УИХ-ын гишүүний эрх зүйн байдалтай холбоотой зарим нэг зүйлийг зайлшгүй тодруулж ѳгѳх шаардлагатаи. Тухайлбал, УИХ-ын гишүү-нийг эргүүлж татах асуудлыг хуульчлах ёстой гэж би хувьдаа боддог. УИХ-ын гишүүн нийт хуралдааны тэдэн хувьд нь суугаагүй тохиолдолд эргүүлж татна гэдэг ч юм уу.

А. Удахгүй сонгуулийн хуулийг хэлэлцэнэ. Тѳслийн талаар таны бодол?

Х. Гурван хувилбар байгаа. Бүгд ѳѳрийн гэсэн давуу болоод сул талтай. Гол нь Монгол Улсын тѳрийн байгуулалтыг бэхжүүлэх, ардчилах энэ шалгуурт аль нь нийцэж байна вэ гэдгийг л урьтал болгох ёстой.

А. 38:38 гэдэг хувилбар дээр таны байр суурь ямар байгаа вэ?

Х. Болох хувилбар. Гэхдээ миний хувийн байр суурь бол нэгэнт 1990 онд Монголын ард түмний хийсэн сонголт болох мажоритар системийг л улам тѳгѳлдѳржүүлээд, бэхжүүлээд, зүтгүүлээд байх юм бол тодорхой хугацааны дараа сонгодог парламентын тѳвшинд очиж таарна. Манайд 10 гаруй жил хэрэгжүүлчихсэн систем шүү дээ. Одоо холимог систем рүү орно гэхээр дахиад эхнээс нь бүх юмыг хийнэ гэсэн үг болж байна.

А. Ерѳнхийлѳгчийн сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд оролцоод явааг та юу гэж үзэж байна вэ?

Х. Монгол Улс нэг сонгуулийн цикл болох дѳрвѳн жилийн 1,5 жилд нь сонгуулиар амьдардаг. Энэ хооронд тѳр засгийн үйл ажиллагаа, тѳрийн тасралтгүй ажиллаж байдаг механизмуудын чанар, ажлын үр дүн тодорхой хэмжээгээр суларч байгаа. Би их зѳѳлѳн хэлж байгаа хэрэг шүү дээ. Ийм баймааргүй байгаа юм. Зѳвхѳн УИХ-ын гишүүд ч сонгуулийг дагаад байгаа юм биш. Засгийн газрын гишүүд ч явж л байгаа.

АН УИХ-Д БҮЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ

А. Энэ бүх байдлаас Тѳр, засаг хямарчихлаа, ажлаа хийхээ байлаа гэсэн дүгнэлт хийж болох нь ээ?

Х. Тѳр хямарсан гэдэг арай хатуудсан дүгнэлт байж болох юм. Гэхдээ энд яригдаад байгаа, хүмүүсийн хэлээд байгаа зүйл гарцаагүй хууль тогтоогчдын анхааралд байх ёстой.

А. Засгийн газрын одоогийн байдлын талаар таны бодол?

Х. ѳнѳѳдѳр Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны удирдлага, яам тамгын газрынхны байдал надад жингүйдсэн байдалтайгаар ажиглагдаад байгаа юм. Хаа сайгүй жингүйдсэн байдлаар ажиллаж байна.

А. Ажилдаа эзэн болохгүй байна гэж үү?

Х. Дахиад л нѳгѳѳ засаглалын тогтолцооны асуудал сѳхѳгдѳнѳ. Хаана засаглал нь байна вэ. Хэрвээ сонгодог Ерѳнхийлѳгчийн засаглалтай бол дѳрвѳн жилд нэг удаа сонгуультай холбоотой асуудал гарна. Бүх л сонгуультай хамааралтайгаар эрх мэдлийн халаа сэлгээ хийгдээд байхаар тогтвортой ажиллах орчин бүрдэхгүй байгаа л даа. Одоо л гэхэд Ерѳнхийлѳгчийн сонгуулийн дараа Засгийн газар огцорч ч магадгүй гэх яриа дэгдээд л яах ч юм билээ гэсэн эргэлзээ тѳрүүлээд байгаа хэрэг.

А. Засгийн газар огцрох болов уу?

Х. Огцруулмааргүй байна. Яаж ийж байгаад байгуулчихсан юм. Ажил тѳрлийг нь хийлгүүлээд явах л ёстой байх. Зѳвшилцѳл гэдэг том агуулгаар яригдах учиртай. Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой гэдэг байр сууринаас хандах хэрэгтэй юм.

А. 62-ын бүлгийн асуудал дээр ч та энэ байр сууриа барьж байна уу?

Х. Тиим. Эцсийн дүндээ УИХ-ын нэг гол институц нь нам, эвслийн бүлэг байдаг. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол уг нь УИХ-д АН ѳѳрийн бүлэгтэй л байх ёстой. Гол улс тѳрийн хүчнүүд үүн дээр тохиролцож, зѳвшилцѳж болох байсан. Эрх зүйн орон зайг нь байгуулж ѳгѳх бололцоотой. Одоо ч нэг их оройтчихсон юм биш. АН УИХ-д бүлэгтэй болж, хэдий чинээ зохион байгуулалттай, эв нэгдэлтэй, хүчирхэг байна тѳдий чинээ Монгол Улсын болон МАХН-ын эрх ашигт нийцнэ.

А. Таныхаар 62-ын бүлэг намаараа хоёр хуваагдах ёстой юу?

Х. Тэгэх ёстой л гэж бодож байна.

А. Хэрвээ тэгвэл та АН-ын бүлэгт орох уу?

Х. Тэр бол дараагийн асуудал. Би үүнд хариулж мэдэхгүй байна.

А. Яагаад? АН-ынхандаа итгэхгүй байна гэсэн үг үү?

Х. үгүй л дээ. Намайг сонгогчид бие даагч гэдэг утгаар нь сонгосон. Тэр сонголтыг хүндэтгэх асуудал нэн түрүүнд тавигдах учиртай.

А. Бие даагчийн давуу тал?

Х. Давуу тал ч гэж юу байхав дээ. Яахав шийдвэр гаргаж байгаа намууд, бүлгүүдэд тодорхой хэмжээгээр хяналтын механизм бүрдүүлэх л асуудал бий.

А. Чадаж байгаа юу?

Х. Одоохондоо ямар ч байсан ѳѳрийнхѳѳ санасан хэмжээнд л ажиллаж байгаа.

А. Засаг захиргааны нэгжийн ѳѳрчлѳлтийн тѳслийг ард нийтээр хэлэлцүүлэх эсэх асуудал бас л нѳгѳѳ ирцтэй холбоотойгоор хойшлогдлоо. Энэ тѳслийн талаар таны бодлыг сонсмоор байна?

Х. Асуудал хойшлогдсон гэдэг бол ирц бүрдээгүйгээс нэг их болоогүй байх. Энэ асуудал дээр улс тѳрийн хүчнүүд, улстѳрчдийн шийдэл, сонголт нэгдэж чадаагүйтэй холбоотой болов уу гэж би бодож байна. Тиим тохиолдолд ямар нэг байдлаар ирцээ бүрдүүлдэггүй тал байдаг шүү дээ. Энийг бол нуугаад яахав, бүгд мэдэж байгаа. Засаг захиргааны нэгжийн ѳѳрчлѳлтийг би дэмжиж байгаа. Маш зѳв, зүйтэй шийдэл гэж ойлгож байна. Аливаа шинэ юм тиим амархан хэрэгжинэ гэж байхгүй. Тодорхой бэрхшээлтэй, эсэргүүцэлтэй тулгарч таараа.

А. Сүүлчийн асуулт. Ерѳнхийлѳгчийн сонгуульд дѳрвѳн намын нэр дэвшигчид оролцож байгаа. Эрсдэл ихтэй л болох нь ээ дээ?

Х. Сонгуульд улс тѳрийн намууд тодорхой зорилготой л оролцдог байх. Бүх л байдлыг эрх биш тооцож, бодит байдлыг нэлээд тусгаж байгаа биз. Нѳгѳѳ талаар Ерѳнхийлѳгчийн сонгууль гэдэг маань тухайн улс тѳрийн намууд байр сууриа илэрхийлэх, мѳрийн хѳтѳлбѳрѳѳ олон нийтэд таниулах ѳргѳн бололцоог олгодог. үүнийг ч ашиглаж л байгаа байх. Эрсдлийн тухайд бодитой, ойлгомжтой зүйл. Тэгэхээр улс тѳрийн урлаг, тѳлѳвшил энэ бүгд дахиад яригдах л асуудал.

А. Уг нь эвслээрээ орсон бол гэсэн бодол байна уу?

Х. Дахиад л юманд бодитой хандах л хэрэгтэй болно. Мэдээж хоёр гол улс тѳрийн хүчин ѳрсѳлдсѳн бол илүү үр ѳгѳѳжтэй байх байсан.

ЭХ СУРВАЛЖ: Ѳнѳѳдѳр, 2005.04.25, 097, сэтгүүлч Б.Индра

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *