Beautiful Plants For Your Interior
Хувь заяагаа өөрсдөө авч явдаг тогтолцоонд шилжихсэн
Манай улс нэг үеэ бодвол харьцангуй сайн хөгжиж байгаа боловч өрөөсгөл зүйл бас л ажиглагддаг. Үүнтэй та санал нийлэх үү?
Манай улс орны хөгжил урьд өмнөхөө бодвол ахиад байна л даа. Энэ чинь баярлууштай зүйл шүү дээ. Ололт байна. Тэр ололтоо олж харж чаддаг байх ёстой. Хэзээ бид өмнө нь ийм байлаа. Аль ч талыг аваад үзсэн. Улс төрийн салбар ч тэр, ард түмнийхээ эдэлж байгаа эрх чөлөөг үз. Урьд өмнө нь байгаагүй түвшинд хүрсэн. Тухайлбал, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг боллоо. Энэ эрхийнхээ дагуу хэлсэн ярьсан зүйл ямар нэгэн байдлаар төрийн шийдвэр гаргадаг институдэд хүрч, тусгалаа олдог боллоо. Тэгэхээр энэ бол ололт. Мөн эдийн засгийн салбарыг аваад үзвэл бас л ялгаа байхгүй, ард түмний аж амьдрал, ахуй байдал нүдэнд харагдахуйц хэмжээнд дээшилж байна. Нийгмийн салбарт мөн л их өөрчлөлт гарсан. Эрүүл мэнд, соёл урлаг гээд бүх л салбарыг аваад үзэхэд тэр шүү дээ. Кино урлаг ч хөгжиж байна. Биеийн тамир, спортын салбарт ч гэсэн нааштай өөрчлөлтүүд гарсан. Энэ бүхний үр дүнд онцолж хэлэх зүйл бол ард иргэдийн ухамсарт сэтгэлгээнд томоохон өөрчлөлт гарсан. Тэгэхээр 17 жилийн өмнөх ардчилсан хувьсгалын үр дүн өнөөдөр биелэлээ олж бас эхэлж байгаад сэтгэл жаахан өег байгаа юм. Үүнийгээ бас цөмөөрөө мэддэг, хардаг, үнэлж чаддаг баймаар юм шиг. Гэхдээ л болохгүй, бүтэхгүй зүйл их бий. Үүнийг бүгд мэдэж байгаа. Би саяхан Дэлхийн банкнаас гаргасан улс орны эдийн засгийн судалгааг үзлээ. Өнөөдөр үүнийг уншиж, үзсэн хүн олон байгаа байх. Дэлхийн гол гол улс орнуудыг эдийн засгийн хөгжлийн түвшингөөр нь хэн нь хаана явна вэ гэдгийг гаргаад ирсэн байгаа юм. Ингээд эдийн засгийн хэмжээгээр нь аваад үзвэл нэгдүгээрт АНУ орсон байна. 12.3 триллион ам.доллараар. Хоёрт Хятад байна. Энэ орныг аваад үзэхэд 5.3 триллион. Ингээд цаашаагаа Япон, Англи, Герман, Европын холбоо гээд яваад өгч байгаа юм. ОХУ гэхэд нэлээн хойгуур 1.6 триллион ам.долларын эдийн засагтай байх юм. Үүнээс Монгол чухам ямар байна вэ гээд харьцуулж үзлээ. Тэгэхээр бид чинь их амбицтай хүмүүс шүү дээ. Их том зүйлтэй харьцуулдаг, ойр зуурын юмыг нэг их авч хэлэлцдэггүй. Тиймдээ ч АНУ-тай харьцуулж үзлээ. Худалдан авах чадвар гэх үзүүлэлтийг харвал ДНБ манайхаас даруй 1847 дахин илүү байна. Хятад гэхэд 796, Орос 253, Англи 283, Вьетнам арай гайгүй 26 дахин илүү байх юм. Энэ бол манай өнөөгийн бодит байдал. Өсөөд өсөөд, хөгжөөд хөгжөөд л ийм л хэмжээнд байна. Тэгэхээр энэ тоонуудыг харж байхад ерөнхийдөө бидний өмнө ямар зорилт тулгамдаад байна. Ямар том том сорилтууд гарч ирж байна, юу юу шийдэх ёстой нь дэндүү тод харагдаж байна гэж би хувьдаа ойлгож байна.
Сайн л ажиллах хэрэгтэй. Их идэвхи чармайлт гаргаж их зүйл хийх хэрэгтэй байна. Төр засгийн ажиллагаа цэгц замбараатай, зөв чиг хандлагатай байх ёстой. Ингэж байж урагшаа явна гэдэг нь харагдаж байна. Харин нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг худалдан авах чадвараар нь АНУ-тай харьцуулаад үзэхэд Америк, Монгол хүн хоёрын хооронд 15 тохой зөрүү л гарч байгаа юм. Бид нэг төгрөгний үнэтэй зүйл авч байхад Америкийн иргэн 15 төгрөгөөр авч байна гэсэн үг л дээ. Харин Хядатай их ойрхон байсан. Оросоос 4.4 дахин илүү байгаа юм. Англи 12, Вьетнам манайхаас арай бага байсан. Гэтэл энэ орон чинь 80 гаруй сая хүн амтай орон шүү дээ. Байдал нэг иймэрхүү. Бид үүнээс харж цаашаа явах ёстой байхаа.
Манай улсын хөгжлийн чөдөр юу вэ?
Тэгэхээр хөгжлийн чөдөр гэхээр хүн бүр нэг л зүйл заагаад орхи гэж шаардах байх. Ганцхан зүйлээс хамаардаг байсан бол тэрийг дор нь шийдэж болно. Гэтэл их олон хүчин зүйл давхцаж байна. Тус тусдаа том том хүчин зүйл шүү дээ. Ингээд тэр олон юм давхцаад ирэхээрээ цоо шинэ чанар үүсээд шинэ нөхцөл байдал үүсдэг. Тийм учраас төрийн бодлого гэдэг маань бидний хөгжилд саад болж буй тэрхүү хүчин зүйлийг олж тэд ийнхүү давхцахаараа ямар үр дагаварт хүргэж шинэ нөхцөл байдал үүсгээд байгааг олж харж төрийн бодлогоо тодорхойлох асуудал байх шиг байгаа юм. Би нуршуу хэлж байгаа байх, гэхдээ үүнд ингэж л хандах хэрэгтэй. Энэ бол шинжлэх ухааны арга, төрийн барьж байх ёстой дэг. Түүнээс Дорж, Дулмаагаас болж байна, эсвэл энэ нам, тэр эвслээс болоод байна гэх зүйлийг заачихаад гайхамшигтай шийдэл олчихлоо гэж ярьдаг хүмүүс бол зүгээр л популист үзэлтэнгүүд. Нөхцөл байдлаа мэдэхгүй, юмыг хялбаршуулсан тийм л хүмүүс л дээ.
Монгол орон аль салбараа түлхүү хөгжүүлбэл илүү хурдан хөгжих боломжтой вэ?
Чухам юу хүсээд байгаа юм бэ гэдгээ бид өөрсдөө сайн мэддэг байх ёстой. Хөгжил гэдгийг юу гэж ойлгох вэ. Нэг хүнд ноогдож байгаа ДНБ-ий хэмжээнд байх уу, тэр нь нэмэгдээд байж болно. Тухайлбал, одоо байж байгаа уул уурхайн салбарын хүчин чадлыг хоёр, гурав дахин нэмэгдүүлээд, тэр хэмжээгээр ДНБ, нэг хүнд ноогдох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж болно. Гэхдээ нөгөө талд байга орчин нь сүйдчихсэн, ард иргэд маань яваад очих газар байхгүй, агаар нь бохирдсон гээд олон янзын зүйл байна. Тэгэхээр энэ бүгдийг бид зөв баланслуулах ёстой. Улс орны хөгжил гэдгийг ингэж харах нь зөв. Уг салбарыг хөгжүүлээд эерэг үр дагавар ба сөрөг нь юу байна. Түүнчлэн өөр ямар хүчин зүйлийг бүрдүүлж байна гэдгийг олж харж байж, хөгжлийн тухай асуудлыг ярих ёстой болно. Бид өнөөдөр хөгжил гэдгийг дэндүү механикаар ойлгоод байх шиг. Түүнээс ард иргэдийн халаасанд хэдэн төгрөг нэмэгдэж байвал Улаанбаатарын утаа ч яахав гэж бодож болохгүй. Гэтэл утаанаас болж хичнээн хүн амьсгалын замын өвчин тусч, түүнийгээ эмчлүүлэх гэж хэрхэн зовж зүдэрч байна.
Өөр нэг асуудал бол хүнсний аюулгүй байдал. Өөрсдөө хэдэн хувийг хангаж, хэдийг нь гаднаас оруулж ирдэг билээ. Оруулж ирж байгаа бүтээгдэхүүн маань үнэхээр чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу гээд олон асуудал гарч ирэх байх л даа. Эх нялхсын эмнэлэгийн тухай сүүлийн үеийн тоо баримтуудыг харахад сэтгэл түгшээсэн зүйл их болсон. Хүүхдүүд төрөхдөө түнхгүй төрж байна. Аймшигтай үзэгдэл биз дээ. Эхчүүд мөн хүндрэлтэй төрж, зарим нэг хүүхэд эрүүл мэндийн хувьд үнэхээр сэтгэл зовоосон өвчинтэй төрж байна. Би тэр сүрхий өвчнүүдийг нэрлэхээ болъё. Хүн амьтан айчихаж магад. Үүний учир шалтгааныг мэргэжлийн хүмүүсээс асуухад идэж байгаа зүйлээс шалтгаалж байна гэсэн. Тэгэхээр үүнийг бид хөгжил гэж ойлгох уу. Магадгүй өөрсдөө хүнсээ үйлдвэрлэдэг, үр тариагаа ургуулдаг, жимс жимсгэнэ боловсруулж хэрэглэдэг бол бас ондоо шүү дээ. Энэ хүрээнд бид хөгжил гэдэг юмаа ойлгож тодорхойлж ярих ёстой. Намайг иймэрхүү юм ярихаар хүмүүс Амаржаргал бөөрөнхийлж байна гэсэн талаас нь янз янзаар хэлж магадгүй. Гэхдээ төрийн бодлогыг энэ хэмжээнд харж, сэтгэж явуулах ёстой л гэж би хувьдаа итгэж явдаг.
Дээдэх нь хөлөө олохгүй бол доодох нь суудлаа олохгүй гэдэг. Энэ үг улс орны хөгжилд их зохицсон үг гэж ярьдаг шүү дээ?
Нөхцөл байдал нэг ийм л болчихлоо. Энэ надаас хамаарахгүй юм аа. Тэр хэсэг хүмүүс л тэнд суучихсан. Тэднээс л бүх зүйл хамаараад байх шиг. Тэд л хөлөө олоогүй учир бид энд суудлаа олохгүй байна гэсэн логик яваад байгаа юм. Асуудал ийм байж болно, ингэж томъёологдож байсан цаг үе бий. Харин ардчилал гэдэг юмны утга учир нь юу гэвэл, яах гэж 17 жилийн өмнө бид гудамжинд гарч өлсөж, жагсаж цуглаж, элдэв янзын юм хийж байсан юм гэхээр эцсийн эцэст тэнд нэг хэсэг хүнд өөрсдийн хувь заяагаа мэдүүлэх биш, өөрсдөө өөрийн хувь заяагаа аваад явдаг тэр тогтолцоо руу л явъя гэсэн юм. Хэрэв чи өнөөдөр Монголын 2.6 сая хүн дотроос 76 хүн шигшиж гаргаж ирж чадахгүй байгаа бол энэ нь чиний л хохь. Тиймдээ ч бид өнөө маргаашийн жижиг, сажиг зүйлд хууртагдаж саналаа өгчихдөг. Ингээд маргааш нь болохоор ийм болчихлоо, тийм болчихлоо, тийм болчихсон гээд байдаг. Хатуу хэлж байж магадгүй, шулуухан л хэлэхэд ийм л байна. Гэхдээ энэ бол бодит байдал. Бид 17 жилийн өмнө юу хүсч байсан гэхээр, Монгол төрийн бодлого, эдийн засаг нь хэн нэгэн хүний өглөө аль хөлнөөсөө боссон гэдгээс үл хамаараасаа гэж хүссэнд оршино. Ард түмэн өөрсдөө сонголтоо хийдэг байя гэж шийдсэн хэрэг. Ард түмэн зөв сонголт хийдэг, тэр хэмжээний боловсрол, мэдлэгтэй байх ёстой юм.
Цааш нь унших гэтэл байдаггуй.
Уучлаарай сайт засах явцад алдаа гарчээ. Алдааг хэлж өгсөнд их баярлалаа.