Beautiful Plants For Your Interior
Ерөнхий сайд С.Баярт хандав
Р.Амаржаргал УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд удахгүй болох сонгуультай холбогдуулан 2008.04.01-ны өдөр Ерөнхий сайд С.Баярт хандан асуулга хүргүүлэв.
Нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд төрийн жинхэнэ албан хаагч оролцох, бусад хэлбэрээр туслах нь тухайн нэр дэвшигчид давуу тал болдог бөгөөд Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14.1-ийн “тэгш эрхийн зарчим” алдагдаж, шударга бус өрсөлдөөн бий болдог. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвших болзол хангасан төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6-р бүлгийн 27.5-т заасан байдаг ч, захиргааны эрх мэдлээ ил далд хадгалан урвуулан ашигладаг гажуудал амь бөхтөй байгаа юм. Тэр ч бүү хэл сонгогдож чадаагүй зарим этгээд буцаад албан тушаалдаа “эргээд ирдэг” нь үнэн хэрэгтэй төрийн албыг сулруулж байна.
Иймд төрийн жинхэнэ албан хаагч нь сурталчилгаанаас бусад сонгуулийн ажилд ажлын бус цагаар эсхүл ажлаасаа түр чөлөө аваад оролцож болох эсэх, сонгуульд нэр дэвших болзол хангасан төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр орны нь хүн албан ёсоор томилогдсон байх ёстойг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гүйцэтгэх засаглалын тэргүүнээс тодруулах, шаардлагатай бол журамлуулахыг хүсчээ.
Ингэснээр сонгууль зөрчил маргаангүй явагдаж, хууль бус үйлдэл гарахгүй байх бөгөөд гол нь олон түмэн Үндсэн хуулиар олгогдсон улс төрийн эрхээ жинхэнэ ёсоор эдэлж чадах нь чухал.
Асуулгын хариуг Ерөнхий сайд 30 хоногийн дотор өгөх үүрэгтэй юм.