Түр хорооны дарга сонгогдов

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Түр хорооны даргаар сонгогдов. Төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг судлан үзэж дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий Түр хорооны даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төслийг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлав.


Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан ба Түр хорооны гишүүд хуралдаж тус хорооны даргад УИХ-ын гишүүн Ринчиннямын Амаржаргалыг санал нэгтэй дэвшүүлсэн юм.

Түр хорооны эрхлэх асуудлын хүрээг “хүчин төгөлдөр үйлчилж буй МУ-ын хууль тогтоомж болон Төрийн болон хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийн өнөөгийн нөхцөл байдлыг судлан үзэж дүгнэлт гаргах, МУ-ын хөгжлийн онцлогт нийцүүлэн ашиглах сул болон давуу талуудыг тодорхойлох, нийгмийн үйчилгээ, дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хөгжүүлэх, тодорхой хугацаанд ашиглуулах, ашиглуулсны дараа төрд шилжүүлэн өгөх зэрэг асуудлаар шаардлагатай хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулах гэж тодорхойлон, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Р.Буд, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Г.Занданшатар, Х.Наранхүү, Д.Одхүү, Д.Очирбат, С.Оюун, Ж.Сүхбаатар нарын бүрэлдхүүнтэй байгуулжээ.

Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор МУ-ы Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисстой хамтран зохион байгуулах “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтад Түр хорооны гишүүдийн төлөөлөл оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *