Beautiful Plants For Your Interior
Оруулж ирсэн төсөв нь буруу явбал Сангийн сайд шууд огцрох хэрэгтэй
УИХ-ын эрхэм гишүүн Р.Амаржаргалтай Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн төслийн талаар ярилцлаа.
А. Ирэх жилийн төсвийн төслийг УИХ-ын бүтцийн байгууллагууд ид хэлэлцэж байна. Цаг их шахуу байгаа. Таны бодлоор ямар дүр төрхтэй төсөв болох шинжтэй байгаа вэ?
Х. Ямар ч төсөв орж ирсэн, ямар ч байдлаар батлагдсан гэсэн энэ төсөв түр зуурын чанартай байна гэсэн л ойлголттой байна. Өнөөдөр хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл бол төсөв боловсруулахдаа зэсийн үнийг хэдээр авах вэ гэдэг асуудал. Сангийн яам бол 3200 ам.доллар гэж оруулж ирлээ. Зарим хүн 3400, 3600 байна гээд янз янзаар ярьж байна. Чухам хэд болохыг нь хэн мэдэж байгаа юм бэ. Тодорхойлолтоор үүнийг хэн ч мэдэхгүй байгаа. Сангийн яамны оруулж ирсэн хамгийн бага буюу 3200 ам.доллар гэсэн хувилбар ч эцсийн эцэст доод цэг нь мөн үү гэдэгт хэн ч өнөөдөр тодорхой хариулт өгч чадахгүй. Тиймээс энэ төсөв бол угаасаа түр зуурын чанартай төсөв болохоор байгаа. Дэлхийн эдийн засгийн хямрал манай Монголд маш тодорхой нөлөөлж байна гэсэн санаа л даа. Үүнийг нэгдүгээрт анхааралдаа авах хэрэгтэй болов уу.
А. Тэгвэл ийм нөхцөлд төсөв батлах гэж байгаа УИХ яах ёстой вэ?
Х. Би хувьдаа юу гэж үзэж байна вэ гэхээр Монголд Сангийн яам ганц л байдаг. Төсөвтэй холбоотой бүх асуудлаа тэр яам өөрөө зохицуулж, шийдвэр гаргаж оруулж ирэх ёстой. Гэтэл Сангийн яамны ажил, гэдэс дотор руу УИХ-ын 76 гишүүн ороод байвал 76 Сангийн сайдтай болчих гээд байгаа юм. Энэ бол байж болохгүй зүйл. Найман хүнтэй ажлын хэсэг гаргалаа гэхэд найман хүнтэй бас нэг Сангийн яам болчих гээд байх шиг. Иймэрхүү маягаар төсөвт хандаж болохгүй.
Ер нь УИХ бодлогоо маш тодорхой хэлж өгөх ёстой юм. Тэр бодлого юу байх вэ гэхээр дэлхийн эдийн засгийн хямрал үүсч байна. Энэ нь Монголд нөлөөлж байна. Ийм тохиолдолд нэгдүгээрт, та нар зэсийн үнийг тухайлбал, 1200 ам.доллараар ав. Хоёрдугаарт, төсөвтэй холбоотой үрэлгэн зардал, илүү дутуу зүйлээ тодорхой хэмжээгээр бууруулах чиглэл баримтал. Жишээлбэл, урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, түүнийг яам, агентлагууд дээр 20-30 хувиар бууруул гэсэн бодлогоо УИХ тодорхой хэлж өгөх хэрэгтэй юм. Гуравдугаарт, Монгол Улсын ирээдүйн хөгжлийг бодолцож, үнэхээр зайлшгүй авч үзэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргаж, баталгаажуулах талаар хэлж өгөх ёстой. Дараа нь, нийгмийн чанартай арга хэмжээнүүдээс энэ нь байж болно, энэ нь байж болохгүй, бололцоотой, бололцоогүй гэснээ албан ёсоор зарлах учиртай. УИХ бол Засгийн газар, Сангийн яаманд төсөвтэй холбоотой ийм дөрөв таван өгүүлбэр л хэлж өгөх ёстой. Тэрнийх нь дагуу Засгийн газар, Сангийн яам бүх асуудлаа үзэж хараад, тоо баримтаа оруулж ирээд батлуулах ёстой. Тэр оруулж ирсэн юмыг нь УИХ батлаад л өгчих хэрэгтэй юм. Тэгэхдээ бид тэднээс үр дүн, хариуцлага шаардах ёстой.
А. Эрхэм гишүүд Засгийн газар, Сангийн яамны ажил руу хэтэрхий орж, ажлаа сунжруулж байна гэж та хэлэх гэж байна уу?
Х. Өнөөдөр яагаад байна гэхээр гишүүд орж ирчихээд “Энэ яаманд 10 хүн нэмнэ, тэр яамнаас 20 хүн хасна. Энэ агентлагийг том болгоно” гээд байгаа. Энэ бол эцсийн бүлэгт Засгийн газрын төвшинд хийх ажил. УИХ төсөв, мөнгөөрөө дамжуулж л бодлогоо хэлж өгөх учиртай. Урсгал зардлыг жишээ нь, 30 хувь хасаад өгчихье. Түүндээ багтаагаад 300 хүн ажиллуулна уу, 30 хүн ажиллуулна уу, тэр бол тэдний асуудал. Хамгийн гол нь үр дүн нь байх ёстой. Үр дүнгүй бол чи өчиггүй ажлаа өгнө шүү гэдэг зарчмаар л ярих ёстой байхгүй юү.
А. Төсвийн хэлэлцүүлгийн үед эдийн засгийг ихээхэн улстөржүүлдэг. Үүнээс ангид байх боломж бий юү?
Х. Эцсийн эцэст төсөв бол Засгийн газар талаас оруулж ирдэг ажил. Засгийн газраас оруулж ирдэг төсөв угаасаа улс төрийн өнгө аястай байдаг зүйл. Тэр улстөржсөн байдлыг нь арилгаж, эдийн засагт хохирол учруулахгүй байх арга замыг хангадаг механизм нь юу байх вэ гэхээр Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого байдаг. “Хэрэв та нар иймэрхүү төсөв баталсан байгаа бол түүнд чинь тохируулаад мөнгөний бодлогоо ингэж барина. Эдийн засгийн ерөнхий макро юмаа ингэж явуулна шүү” гэж ярьж явах ёстой юм. Энэ тогтолцоо өнөөдөр манайд хараахан байхгүй байна. Мөнгөний бодлогоо бид их сүрхий ярьж байгаа юм шиг харагдаад байгаа ч үнэн хэрэг дээрээ нэг их ач холбогдол өгөлгүй шиг л батлаад тавьчихлаа шүү дээ.
А. Сая гэхэд төсөв хэлэлцэхээс өмнө батлана гээд л анхны хэлэлцүүлгээр нь шуураад баталчихсан. Өмнө нь төсөвтэйгээ зэрэгцүүлээд арай ултай хэлэлцдэг байгаагүй бил үү?
Х. Мөнгөний бодлого төсөвтэйгээ хэрхэн яаж уялдсан юм бэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгчөөс асууж байгаа юм. Нөгөөх нь “Аа бид нар их сайн ажилласан. Сангийн сайдтайгаа хатуу уялдуулсан” л гэж хариулж байгаа болохоос биш яг уялдаж байгаа юм нь тодорхой харагдахгүй л байгаа. Үүнийг ч давхар давхар хармаар л байгаа юм.
А. Монголбанк Мөнгөний бодлогын төсөл дээр инфляцийг 12 хувьд барина гээд оруулаад ирэхэд “Нэг оронтой тоонд барь” гэж шахаж байгаад гаргасан. Өнгөрсөн жил ч гэсэн “Зургаан хувьд барь” гэж загнаж байгаад Мөнгөний бодлогыг баталж байсан. Гэтэл инфляци 34 хувьд хүрчихсэн. Ингэж Монголбанкийг шахаж болох уу. Тэд зөвхөн инфляцийг бага төвшинд барихын төлөө л ажиллах ёстой юу?
Х. Тэр шахдаг бол ерөнхийдөө буруу. Үүний төлөө хариуцлага хүлээдэг байгууллага нь тодорхой байгаа. Яг нарийндаа Монголбанкны үндсэн үүрэг нь мөнгөний нийлүүлэлтээрээ дамжуулж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадах орчинг л бүрдүүлэх ёстой. Хэрэв эдийн засгийн өсөлтийг жилд 30 хувьд хүргэчихсэн байгаа бол 25 хувийн инфляци ямар ч асуудал байхгүй. Гэтэл эдийн засгийн өсөлт нь хоёр гуравхан хувьтай байгаад хорин хэдийн хувийн инфляцитай бол энэ том асуудал. Энэ хоёр тооноос харахад Монголбанкны үүрэг юү вэ гэвэл эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадах механизм байх ёстой.
Тогтвортой өсөлт гэдгийг ийм зүйлээр зүйрлэе л дээ. Тогтмол 80 мильтэй олон жил сайхан давхих уу, эсвэл шууд гараанаасаа 150 миль хүргэчихээд цагийн дараа зогсчих ч юм уу, эсвэл муу ёрловол нэг юм мөргөчихвөл яана. Эдийн засаг олон жилийн тогтвортой өсөлттэй л байх ёстой. Мөнгөний бодлогоор түүнийг хангаж өгдөг байх ёстой юм. Зүй нь төсөв баталсны дараа Мөнгөний бодлогоо батлах ёстой байсан байх. Харамсалтай нь зөв юм ярьсан гишүүдээ тоож сонссонгүй л дээ.
А. Гадаад зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурсаар байгаа үед Оюутолгой, Тавантойлгойнхоо ордыг ашиглах ёстой юу. Гэтэл хүрз шороо гаргаагүй байж түүний ашгийг урьдчилаад “амаараа” хуваагаад идчихсэн байдаг?
Х. Төсвийг уг нь нэлээд консертив маягаар боловсруулж гаргах ёстой байдаг. Өмнөх төсвүүдийг хэлэлцэж байх үед би нэг санаа хэлдэг байсныг санаж байна уу. “Та нар ашигт малтмалын салбараа тусад нь гаргачихаад, түүнгүйгээр төсвөө боловсруулж оруулж ирж байгаач. Тэгвэл жинхэнэ хөрсөн дээрээ харагдана шүү дээ. Ашигт малтмалын салбарыг төсөв рүү оруулаад ирэхээр л гажуудсан дүр төрх гарч ирээд байна” гэж.
Хоёр ордыг бол хэдэн жилийн өмнө л ашиглаж эхлэх ёстой байсан. Одоо үнэ нь буучихлаа гэж суугаад байж бас таарахгүй. Миний хувийн бодлоор бол өнөөдөр макро эдийн засгийн орчин нэлээд доройтсон, хүнд байгаа учраас Монгол Улсын Засгийн газар валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд бололцоотой бүхий л алхмаа хийх ёстой.
А. Төсөв хумих чиглэлээр ажиллахаа Засгийн газар байнга хэлж байгаа. Үүний тулд юун дээр анхаарах ёстой вэ?
Х. Би түүн рүү ормооргүй байна. Тэр бол Засгийн газар өөрөө шийдэх хэрэг. Харин бодлогын хувьд урсгал зардал хумигдсан, тодорхой хэмжээнд хасагдсан байх ёстой гэдгийг УИХ хэлж өгөх ёстой.
А. Өнгөрсөн есдүгээр сард Сангийн сайд хэлж байсан л даа. Ирэх оны төсөв 0 алдагдалтай, орлого, зарлага тэнцүү байна гэж. Сая Мөнгөний бодлого батлагдсан өдөр Монголбанкны ерөнхийлөгч “Есдүгээр сард 0 алдагдалтай төсөв ашигтай байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж бага зэргийн алдагдалтай байх нь төсөвт ашигтай” гэж хэлсэн. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
Х. Төсөв баланслагдсан байна гэдэг бол ном, сурах бичиг дээр л байдаг зүйл. Гаднын санхүүгийн зарим байгууллагуудаас хөгжиж байгаа орнуудад тийм байхыг шахдаг. Өөрийнхөө улс орны онцлог, хөгжлийнхөө тодорхой шатанд ямар асуудал шийдэх гэж байгаа билээ гэдгээ харж байж төсвөө алдагдалтай байлгах уу, ашигтай гаргах уу гэдгээ бодох хэрэгтэй. Бага зэрэг алдагдалтай байхад буруудах юм байхгүй. Гэхдээ залж, удирдаж болох хэмжээнд л байлгах хэрэгтэй. Макро эдийн засгийн хувьд энэ оны статистикийг харж байхад наймдугаар сар хүртэл эдийн засгийн өсөлт арван хэдэн хувьтай байжээ. Гэтэл ес, аравдугаар сард есөн хувь болчихож байна шүү дээ. Эдийн засаг өсөх бус хоёр, гурван пунктээр буучихлаа. Арваннэгдүгээр сард үзүүлэлт үүнээс доошоо гарч ирэх байх. Энэ юу хэлээд байна гэвэл эдийн засгийн хямралд орчихсоны нэг илрэл. Үүнд тохирсон макро эдийн засгийн бодлогыг томъёолж явах ёстой. Бодлогыг төсөвт, мөнгөний бодлогод суулгах ёстой.
А. Та төсвийг яг яаж гараасай гэж хүсч байна, тэгвэл?
Х. Би ганц л юмыг хүсч байна. Тодорхой хэдэн макро үзүүлэлтээ харгалзаад л Засгийн газар, Сангийн яам төсвөө оруулаад ирэг. УИХ түүнийг тэр чигээр нь батлаад өгөөсэй л гэж хүсч байна. Засгийн газар нөхцөл байдлыг харж дүгнэж байгаа, өөрөө хариуцлагаа хүлээх ёстой. Өөрсдийнх нь оруулж ирсэн төсөв буруу замаар явбал Сангийн сайд маргааш нь огцрох хэрэгтэй. Харамсалтай нь тийм сэтгэлийн тэнхээтэй сайд манайд ховор л доо.
А. Арилжааны банкуудад Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө байршуулахаар болж байна. Үүнийг та юу гэж үздэг вэ?
Х. Онолын хувьд буруу биш. Практикт хэрэгжүүлэх талаасаа юу болох вэ гэдэг дээр хаширлаж л байна. Эрх мэдэлтэй болгон гүйж очоод л “Миний барилга хариугүй дуусах гэж байгаа. Хэдэн төгрөг өгчих” гээд шахаад эхэлбэл нөгөө мөнгө дороо л алга болчихно. Хаашаа, ямар замаар оруулах гээд байгаа нь бүү мэд. Тодорхой хэмжээнд эрсдэл агуулж байгаа нь үнэн. Тэр өнцгөөс нь хараад байна, би. Бодит амьдралыг мэдэхийн хувьд хардаж, эмзэглэж байгаа юм бий. Цэвэр онолоороо бол дэлхий даяараа л хэрэгжүүлж байгаа арга хэмжээ.
ЭХ СУРВАЛЖ: “Ардын эрх” сонин, 2008.11.21-ны Баасан гариг. www.news.mn Сэтгүүлч Д.ОЮУНЦЭЦЭГ
Аль хувилбар дээр вэ?
Бид эдийн засгын эрх чөлөөгөө эдлээд бна уу?
Эсвэл эсрэгээрээ 7 сарын 1 нэгэн шиг узэл бодолын хувьсгал хийх улдээд бна уу?