Beautiful Plants For Your Interior
Зар, сурталчилгааны тухай хуулийн төсөл
УИХ-ын гишүүн З.Алтай, Р.Амаржаргал нарын нэр бүхий УИХ-ын гишүүд Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа 2009.03.03-ны өдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон байдаг. Гэвч согтууруулах ундааг сурталчлахыг хориглосноор архидан согтуурах явдал буурахгүй, радио, телевиз болон хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр согтууруулах ундааг далд аргаар сурталчлах нь нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ талаархи эрх зүйн зохицуулалт оновчгүй, уян хатан бус байгаатай холбоотой гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад зарим оронд согтууруулах ундааг сурталчлахыг бүрмөсөн хориглодог бол зарим нь сурталчилгааны ямар нэг хязгаар тавьдаггүй, нэлээд улс пиво зэрэг зарим төрлийн ундааг хязгаарлалттайгаар сурталчлахыг зөвшөөрдөг байна. Иймээс манай улсын тухайд согтууруулах ундааг сурталчлахыг бүрэн хориглох нь төдийлэн үр дүнд хүрэхгүй байгаа учир хатуулаг багатай пиво, дарсыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тодорхой хязгаарлалттайгаар сурталчлахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзэж, хуульд нэмэлт оруулах төсөл санаачилжээ.
Хатуулаг багатай пиво, дарсыг хязгаарлалттайгаар сурталчлах боломжийг хэвлэл, мэдээллийн байгууллагад олгохдоо радио, телевизүүд шөнийн цагт, сонин, сэтгүүлийн хувьд гаралтын хэмжээг харгалзан хэвлэлийн талбайн тодорхой хэсэг болон зарим дугаарт сурталчилж болохоор хуулийн төсөлд тусгажээ. Пиво, дарсыг хязгаарлалттайгаар сурталчилснаар хатуулаг, хор уршиг ихтэй согтууруулах ундааны хэрэглээг багасгах, архинд донтох өвчлөл, согтуугаар гэмт хэрэг үйлдэх явдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.