Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэлэлцүүлэгт

АН-аас 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын 2009.04.02-ны өдрийн Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал дээр хэлсэн үгийг нийтлэл болгон толилуулж байна.

Ардчилалын салшгүй нэг хэсэг – сонгууль гэдэг үнэхээр гайхамшигтай зүйл: 4 жилд нэг удаа өнгөрсөн замаа эргэн харж, алдаа оноогоо цэгнэн дүгнэж, болохгүй бүтэхгүй зүйлээ орхиж, өөрчилж шинэчлэх, шинээр дэвшүүлэн тавих бололцоог хуулиар олгогдог тэр л ховорхон завшаан.

Гэхдээ энэ бол бололцоо. Тэрхүү гайхамшигт бололцоог ашиглаж чадаж байна үгүй юу гэдэг нь харин та биднээс хамаарна.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль монголын ардчилалыг урагш ахиулсан, хаа сайгүй илт үгүйлэгдээд байгаа шудрага ёс, улс төрийн соёлыг баталгаажуулсан сонгууль болох учиртай.

1. Нэн түрүүн Ерөнхийлөгчийн сонгууль нь хуулийн хүрээнд явагдах ёстой. Энэ нь юуны өмнө ерөнхийлөгчид хуулиар ноогдуулсан эрх үүргийн хүрээн дэхь асуудлыг хөндөх ёстой хэрэг. Энэ нь гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагын хийх ажлыг шүүрэн авахыг хэлдэггүй нь мэдээж.

Хэдийгээр Ерөнхийлөгч Засгийн Газарт чиглэл өгөх эрхтэй ч, өөрийн бүрэн эрхэд хамаарах хүрээ хуулиар заасан хязгаарлалтыг чанд мөрдөх ёстой. Харамсалтай нь бидний зарим маань тив дэлхийн хамаг бүхнийг хамаж шимэн, ярьж хөндөж болох бүхэнд “санаа тавьж” засаглалын хувиарлалт, ажил үүргийг алдагдуулах үүд хаалгыг нээн тэдгээрийн зүй зохистой харилцан ажиллагааг дэмжих тухайд ерөнхийлөгчид хуулиар ноогдуулсан үүргийг умартахад хүрдэг нь нийтлэгдүү байна.

2. Манай тогтоод байгаа ардчилалыг эрэмдэг зэрэмдэг, хариуцлагын тогтолцоо нь дампуурсан, төвөөс зугтах хүчийг өөгшүүлж, улс төр, нийгмийн нягтралыг сааруулж саармагжуулж байна гэж шүүмжлэдэг.

Ардчилалыг улс төрийн тогтолцооныхан хувьд, зах зээлийг эдийн засгийн тогтоцооны хувьд, төлөвшүүлэхэд хамгийн том саад тотгор нь хүмүүсийн итгэлцэл алдарсан гэж үзэхэд хилс болохгүй. Харилцан итгэлцэнэ гэдэг ёс суртахууны ойлголт мэт боловч эдийн засаг, улс төрийн ойлголт юм. Хүмүүс банкинд итгэн мөнгөө хадгалуулахад түүнийг мурийтэй тоглоод эсвэл улс төрийн зорилгоо хангах гээд үрэн таран хийдэг. Итгэл хүлээлгэн, сонгуулиар саналаа өгсөн хүн нь дураараа авирлаад алга болоод өгдөг. Энэ бол гагцхүү ёс зүйн асуудал ч биш гэдгийг дахин хэлмээр байна. Харилцан итгэлцэлд тулгуурласан системийн үйл ажиллагаа илт үгүйлэгдэж байгаа юм.

Нийгмийн амьдралын зөвхөн 10 – 20-хон хувийг л хуулиар зохицуулдаг гэж хэлж болно. Бусад нь тухайн нийгэмд уламжлагдаж ирсэн, шинээр бүрэлдэж тогтсон үнэт зүйлсээр, харилцан итгэлцэлээр зохицуулагддаг шүү дээ. Тийм болхоор бүхнийг хуулиар зохицуулна гэдэг эрх зүйн романтизмаас бид ангижрах цаг нэгэнт болсон.

Нийгмийн ёс суртахууны ялзрал үргэлжлэж байна. Хамрах цар хүрээ, нэвтчилт нь жилээс жилд нэмэгдсээр байна. Ер нь үндэсний хэмжээний үзэл суртал байхгүй дээ нийгмийн ёс суртахуун ялзраад байгаа юм биш харин засаглалын тогтолцооны гажуудал үүний үндсэн шалтгаан, учир язгуур нь болоод байгаа гэж үзэх ёстой.

Одоогийн мөрдөж байгаа Үндсэн хууль нь төрийн институтууд хоорондоо байнга сөргөлдөөнд өртөх нөхцөлийг бүрдүүлж байгаагаас гадна сонгуулийн мажоритар тогтолцоо нь нийгмийг өрсөлдөөн сөргөлдөөнд байнга татан оруулж байна.

Үндсэн хуулийн өнөөгийн тогтолцоо нь өөрөө саармагжсан: ерөнхийлөгчийн ч юм уу, эсвэл парламентын ч юм уу, эсвэл бүр зөвлөлтийн үеийн дээд зөвлөл маягийн хэлбэртэй ч юм уу товчоор хэлбэл холион бантан болсон нь хэн бүхэнд ил харагдаж байна.

Засаглалын энэхүү тарамдал нь манай ардчилалын институтийг буруу гольдрогод оруулж, жижиг улс гүрэнд амин сүнс нь болдог нийгмийн нягтрал, нэгдмэл байдлыг туйлдуулж байна.

Өнгөрсөн 20 жилийн амьдралаас хархад гүйцэтгэх засаглал улам бүр суларсаар байгаа. Эрх мэдлийн давхардал, булаацалдаан өөр бусад зүйлсийн талаар бүгд л сайн мэдэж байгаа. Бид чинь одоо бүгд найрамдах улаанбаатар улстай болчихоод байна шүү дээ. Ийм байдал хэнд ашигтай вэ, за лав бидэнд л биш гэж бодож байна.

Нийгмийн асуудлууд шил шилээ даран хүлээж байна. Шийдэх гээд л ухандаад байгаа болхоос ахиц дэвшил гарсан юм алга: ажилгүйдэл өлсгөлөн, ядуурал, хулгай дээрэм гм олон олон асуудал байна. Яагаад шийдэж болдоггүй юм вэ? Миний ойлгож байгаагаар шийдэх ёстой төрийн институтууд нь эдгээр асуудалд анхаарал хүч бололцоогоо дайчлан төвлөрөх чадваргүй байна. Бололцоо нь ч бүрдэхгүй байна. Байнга л эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэж байдаг? Байнга л засагаа солиж, байнга л сонгууль хийж байдаг. Ийм байхад иргэдийнхээ өдөр тутам сэтгэл санааг зовоож байдаг асуудлуудыг шийдэх цаг, зав зай хаана байхав? Тийм ч учраас төр засаг биднийг анхаардаггүй шүү дээ гэж хүн амын маань 80 шахам хувь нь хэлдэг нь удаа дараагийн судалгаанаас харагдаж байгаа.

Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох сонгогдох эрх хүртэл ердөө л 5-10 мянган төгрөгөөр үнэлэгддэг, бараа товар, наймааны хэрэгсэл болсон байна. Тогтолцоо маань буруу байгаа болхоор улс төржсөн эдийн засгийн салбарт ч бүтцийн өөрчлөлт гарахгүй, дотоод эх үүсвэрт тулгуурласан тогтвортой эдийн засгийн өсөлт огт гарч чадахгүй байгаа шүү дээ.

Шүүх засаглалыг аваад аваад үзсэн ч ялгаагүй. Иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, улс төрийн захиалгат хэргийг тулгасан, шүүх үйл ажиллагааны дэг журмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд хөтлөгдсөн, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хөсөрдүүлсэн шийдвэр газар сайгүй болжээ.

Энэ нь нийгэмд ёс суртахууны, төрт ёс, шудрага ёсонд итгэх итгэлд нөхөж баршгүй хохирол учируулж байна. Гэтэл шүүхийн хараат бусын баталгаа болох ёстой шүүгчдийг шилж сонгох, томилохдоо хуулиар хүлээсэн үүргээ өөрсдийн онцгой эрх хэмээн ойлгодог эрх дархтнууд ч байгаа нь нууц биш. Шүүхийн тогтолцоог бүрэн өөрчлөх цаг болсныг ч дээрхи байдал батлан хэлээд байгаа юм.

Үнэндээ эрх чөлөө, ардчилал нэрээр халхалсан бүдүүлэг бурангуй ёсны дарангуулал тогтоод байгаа нь үнэн шүү дээ.

Засаглалын цэгцтэй, амьдралд нийцэхүйц бүтэц байхгүй учраас манайд охлократи тогтлоо гэж хэлэхэд хатуудахгүй биз. Өнөөгийн манайд бүрдсэн ардчилал дэндүү түрэмгий, үнэн хэрэгтээ хувийн ашиг сонирхол хөөцөлдөж, ямар ч хязгаарлалт хориггүй дураараа дургих бололцоог олгож байна.

Эцсийн бүлэгт асуудлыг тайлбарлахдаа биш өөрчлөхөд байгаа гэж нэгэн ухаатан хэлсэн байдаг: тиймээс болж бүтэхгүй байгаа бүхнийг өөрчлөх тодорхой санал монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчээс гарах ёстой юм.

Өөрчлөлтийг юунаас эхлэх вэ: үндсэн хуулиасаа эхлэх ёстой юм. Парламентийн засаглалыг сонгодог утгаар нь бүрэн хэрэгжүүлэх цаг болсоныг нийгмийн амьдрал хэлээд байгаа.

Өнгөрсөн 20 жилд ардчилал нэгэнт өөрийн гэсэн дархлаатай болсон. Тийм ч учраас нийгмийн харилцаа, тогтолцоонд бий болсон гажуудалыг зөвхөн ардчилсан арга замаар засаж залах бодит нөхцөл, бололцоо одоо бүрдээд байна.

Өнгөрсөн 20 жилд тоталитар дэглэмээс салж аливаа улс төрийн хүчний диктатур тогтох нөхцөлийг бүрмөсөн үгүй болгож, хэн нэгэнд эдийн засгийн дарангуйлал тогтоох нөхцөл бололцоог бүрэн хааж чадсан. Үүнд л одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн маань түүхэн үүрэг ноогдож байгаа нь үнэн. Гэхдээ бид хариуцлагыг эзэнгүйдүүлсэн: аливаа засаглалын цөм болох ёстой хариуцлагын тогтолцоог бий болгож чадаагүй. Тийм ч учраас үндсэн хуулиар дамжуулан хариуцлагын тогтолцоог хоёр уншигдхааргүй тодорхой болгохоос өөр зам бидэнд байхгүй.

3. Бас нэг асуудлыг зайлшгүй хөндөх учиртай. Энэ бол залуучуудын асуудал: Ирээдүйд биднийг авч явах лидерүүд хорвоод хосгүй бидний түүх соёл, уламжлалаас гадна монгол төрийн уламжлалыг байнга мэдэрч байх ёстой юм. Залуучуудынхаа эх оронч үзэл, үндэсний бахархалыг төлөвшүүлэх, сэргээхэд бид өөрийн гэсэн өнгө төрхтөй өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Соёл урлаг маань ч, хэвшүүлж байгаа ардчилал маань ч, эдийн засаг, нийгмийн харилцаа маань ч монгол төрхтөй байх ёстой гэж би үздэг. Дэлхий нийт даяарших тусам үндэсний төрх, монгол агуулга юу юунаас чухал болжээ.

4. Аливаа сонгууль тодорхой нэг асуудлыг товойлгож тавидаг: хүүхдийн 10 мянга, эрдэнийн гэх мэт нэг талаас харахад явцуу асуудал дэвшүүлсэн мэт харагдавч хэрэгтээ нийгмийн баялагийн шудрага хуваарилалт, нийгмийн шинэ бодлого, байгалын баялагаа зүй зохистой ашиглах зэрэг илүү том асуудлыг томьёолж байсан.

Энэ удаагийн сонгуульд ч намууд ард олны санаа бодлыг тал бүрээс нь судлан, эцсийн дүндээ иргэдийн өдөр тутмын амьдрал ахуйд эерэг нөлөөлөх, ерөнхийлөгчийн хэмжээнд дэвшүүлэн тавих тэр асуудлаа тодорхой томьёолох ёстой.

Эцсийн бөлөгт хэн нэр дэвших бол гэхээсээ улс төрийн намууд чухам ямар асуудлыг гол болгож байна вэ гэдэг нь хамгаас чухал юм. Хэрвээ тэд онож, хэрвээ тэд нүдээ олсон асуудлаа хөндөж чадаж байгаа бол шийдэл өөрөө тодрох учиртай. Хэрвээ намууд амьдралаас тасархай, өнөөдөр маргаашгүй л диваажин байгуулчих гэж байгаа юм шиг ярьж эхэлвэл наандаж иргэдээ хүндлээгүй, цаандаж улс төрийн нам, улс төрчийн хувьд итгэл даах чадвар нь бүдэг байгаагаа л харуулах болно.

3 Comments

  1. Ардчилсан Нам Таныг Элбэгдоржийг гаргав? Боловсролтой, ноён нуруутайгаар нь Амаржаргал гарна байх гэсэн энгийн сэхээтнүүдийн хүлээлт талаар болсонд харамсаж байна.

  2. Тиймээ яах аргагүй үнэнийг бичжээ.Танд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *