Өнгөрсөн 20 жилийн түүхийг эргэн харахад гүйцэтгэх засаглал улам суларч ирлээ

at_the_conf_hallУИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг редакцийнхаа хойморт урилаа. Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч энэ эрхмийн үгийг сонсмоор эгзэгтэй асуудал олон байдаг ч тэрбээр их улс төрд сүүлийн үед чимээгүйхэн ажиглах байр сууринаас хандах болсон нь анзаарагддаг.

-С.Баярын Засгийн газрын хамгийн том онцлог нь Оюутолгойн гэрээ. Монгол Улс төрийн дөрвөн хуульдаа засвар оруулж байж баталсан энэ гэрээний ач холбогдол, алдаа онооны талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бусад орны жишгээр бол ийм хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээг арван жил ярих нь ч бий. Манайх зургаан жил ярьж байж батлагдлаа. Хүмүүс янз бүрээр хэлж байна. Би хувьдаа нэгэнт Засгийн газар өөрөө болно, бүтнэ гээд оруулж ирсэн болохоор итгэх ёстой л гэж ойлгож байгаа. Ямар 76-уулаа очоод хэлэлцээр хийх биш. Монгол Улс нэг л бодлоготой байх ёстой. Тэр нэгдсэн бодлогыг зангидаж гэрээ хийх эрх нь Засгийн газарт ногдож байгаа. Тэд өөрсдөө хамгийн бололцоотой гэрээ боллоо гэж үзсэн. Тэр утгаар нь л хүлээж авч байна. Магадгүй арван жилийн дараа эргээд харахад алдаа дутагдал яригдах л байх. Яг өнөөдрийн нөхцөл байдал, өгөгдөхүүний хүрээнд нэг иймэрхүү л хэмжээний гэрээ гарах байсан байх. Үүнээс нэг их илүүг хийх байсан гэж хэлмээргүй байна.

-Хожмын өдөр муугаар бодоход хэн хариуцлага хүлээх вэ?

-Ер нь манайд хариуцлага хүлээлгэх механизм байгаа юм уу?

-Байлгах л ёстой биз дээ. Мэдээж 76-уулаа хариуцлага хүлээхгүй байх. Хамтарсан Засгийн газар байгуулсны утга учир ч үүнд оршиж байгаа юм биш үү?

-Ерэн оноос хойш бид олон юмыг өөрчилж, шинэчилсэн. Гэхдээ хамгийн том алдаа нь хариуцлагын тогтолцоог үндсэндээ гээчихсэн гэж болно. Манайд тогтоод байгаа ардчиллыг эрэмдэг зэрэмдэг, хариуцлагын тогтолцоо нь дампуурчихсан, төвөөс зугтах хүчийг өөгшүүлсэн, улс төр, нийгмийн нягтралыг сааруулж, саармагжуулж байна гэж хэлж болохоор байгаа юм.

-Хуулиар бол шинэ Ерөнхий сайдтай хамтарч ажиллах сайд нэг бүрийг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх ёстой. Энэ дэгээрээ явахгүй, МАХН дангаараа Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн яриа байгаа. Хэрэв энэ үнэн бол АН яах вэ?

-Өнөөдрийн мөрдөж байгаа хууль сайн ч, муу ч дагах ёстой гэж би бодож байна. МАХН дангаараа засгаа байгуулах бүрэн эрхтэй. Гэхдээ энэ нь тухайн үеийн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж Хамтарсан Засгийн газар байгуулж үл болно гэсэн үг биш. Ер нь энэ асуудлын хүрээнд ярихын тулд угаасаа манай төрийн тогтолцоог зайлшгүй ярих хэрэгтэй болдог. Миний ойлгож байгаагаар одоо мөрдөж байгаа Үндсэн хууль нь төрийн институци хоорондын байнгын сөргөлдөөнд өртөх нөхцөлийг бүрдүүлж байгаагаас гадна сонгуулийн можаритори тогтолцоо нь нийгмийг өрсөлдөөн сөргөлдөөнд байнга татан оруулж байна. Үндсэн хуулийн тогтолцоо нь өөрөө саармагжчихсан. Ерөнхийлөгчийн ч юм уу, парламентын ч юмуу, эсвэл бүр дээр үеийн зөвлөлт маягийн Дээд зөвлөлийн хэлбэртэй ч юм уу, товчоор хэлбэл холион бантан болсон нь илт харагдаж байна. Засаглалын энэхүү тарамдал нь өөрөө ардчиллын институциудыг буруу голдиролд оруулж, жижиг улс гүрэнд амин сүнс нь болдог нийгмийн нягтрал, нэгдмэл байдлыг туйлдуулаад байна. Өнгөрсөн 20 жилийн түүхийг эргэн харахад гүйцэтгэх засаглал улам суларч ирлээ, эрх мэдлийн давхардал, булаацалдаан гээд өөр бусад бүтэл муутай зүйлсийн талаар бүгд мэдэж байгаа. Ийм байдал үүсээд байгаа нь шийдэл хүлээж байна. Тэр шийдэл нь юу байх вэ гэхээр парламентын сонгодог тогтолцоо руугаа орох явдал болов уу гэж би боддог юм. Өөрөөр хэлбэл сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Ерөнхий сайд нь өөрөө парламентаа тараах эрхтэй байх хэрэгтэй. Өнөөдөр Ерөнхий сайд парламентаас гарч байгаа шийдвэрийг эсэргүүцэх эрхгүй. Жишээ нь төсөв оруулж ирлээ гэхэд Засгийн газрын бодлогын хүрээний томъёоллоос гажаад явчихаж байгаа бол Ерөнхий сайд “Нэг бол бидний оруулж ирсэн төсвийг батал. Эсвэл парламентыг тарааж, дахин сонгууль явуулаад шинэ Засгийн газраа байгуул” гэж хэлж чаддаг байх ёстой.

-Таны хэлснээр тогтолцооны системийг өөрчлөхөд Үндсэн хуульд зайлшгүй гар хүрэх болох нь?

-Гарцаагүй. Үндсэн хуулийн үзэл санаа, засаглалын хуваарилалтыг харахад төв рүү тэмүүлэх бус төвөөс зугтсан байдал харагдаж байна. Засаглал тэнцвэртэй, хоорондоо балансалж байх ёстой гэж ярьдаг л даа. Гэхдээ түүнийгээ хэтэрхий туйлшруулан, төвөөс зугатах хүчийг өөгшүүлж, төв рүү тэмүүлэх хүчийг дэмжиж өгөөгүй. Тиймээс төв рүү тэмүүлэх хүчийг бий болгосон сонгодог парламентыг бий болгох, үүнтэй уялдуулан сонгуулийн хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм.

-Хамтарсан Засгийн газарт орсноосоо хойш танай нам сөрөг хүчний үүргээ тааруухан биелүүлэх болсон гэдэгтэй санал нийлэх үү. Та бол хүчтэй сөрөг хүчний томоохон төлөөлөгч байсан, түүнээс дурсамж л үлдэх нь ?

-Сөрөг хүчний үүрэг өнөөдөр багасч, дуу хоолой нь бүдгэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ Засаг хамтарсны давуу тал нь бас харагдаж байна. Жишээ нь, улс төрийн шалтгаанаар урагш ахихгүй байсан зарим асуудлыг шийдэх бололцоог олгосон. 2004 оны сонгуулийн дараа хүчний харьцаа тэнцэж, үүнийг “хаан сонголт”гэх мэт өргөмжилж байсан. “Энэ бол түүхэн бололцоо. Ийм үед засаг захиргааны нэгжийн хууль, засаглалын хэлбэрээ өөрчлөх, орон нутгийн өөрөө удирдах ёсны тухай, шүүхийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, сонгуулийн тогтолцоо” гэх зэрэг хэд хэдэн том асуудлыг барьж авч шийдэх нь зүйтэй гэж би уриалж байсан. Харамсалтай нь тэр санал олны сэтгэл зүрхэнд хүрээгүй л юм шиг байна билээ. Үндсэндээ 2004 – 2008 оныг бид ёстой “бездарно” алдсан. Харин 2007 оны сүүлчээр Ерөнхий сайд С.Баяр гарч ирэхдээ энэ саналыг хүлээж авч, хамтарсан Засгийн газрын хүчээр шийдэхээр таван төгөлдөршлийн тухай асуудлыг гаргаж ирсэн. Өнөөдөр ганц, нэгийг нь ч гэсэн шийдээд явж байгаа нь олзуурхууштай л зүйл. болохгүй бүтэхгүй зүйлийг тоочоод л “хашгираад байх” амархан шүү. Магадгүй хамгийн хялбар улс төр энэ байх. Харин болгож бүтээх талаас нь зүтгэх амаргүй. Энэ олон ашиг сонирхолын зөрчлийг уялдуулах, эвлэрүүлэх, нийтлэг эрх ашигт чиглүүлэхэд өөрөөсөө хамаарах бүхнийг хийх гэж оролдоод явж байна. Бүр тэвчих аргагүй болбол дуугарч л таарна.

-Ардчилсан хөдөлгөөний 20 жилийн ой болох гэж байна. Та 20 жилийн өмнөх мөрөөдлийнхөө хэдэн хувьд нь хүрсэн гэж боддог вэ?

-Нэг талаас, зорьж тэмцэж байсан зүйлс маань бодит биелэлээ олоод, аятайхан болж гээд сэтгэл өөдрөг явах урам надад байна. Нөгөө талаас гутранги үзэл жаахан байгаа. Тэр үед залуу ч байж, юм бүхэн өөдрөг сэтгэлээр харж, гоёор бодож байсан зүйлээ эргэн харахад “ер нь юу болчихов доо” гэж эргэлзэхээр ч юм байна. Жишээ нь ардчилал, эрх чөлөөгөөр халхавчилсан бүдүүлэг, бурангуй ёсны дарангуйлал тогтож байна гэж дүгнэж болмоор санагддаг. Засаглалын цэгцтэй, амьдралд нийцэхүйц бүтэц байхгүй учраас манайд охлократуудын ноёрхол тогтлоо гэж хэлэхэд хатуудахгүй байх. Үнэн хэрэгтээ хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, ямар ч хориггүй дураараа дургих бололцоог олгож байна гэж томъёолж ч болмоор санагдаж байна. Тогтолцоо нь буруу болохоор улстөржсөн эдийн засгийн салбарт ч бүтцийн өөрчлөлт нь гарч өгөхгүй, дотоод эх үүсвэрт суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлт харагдахгүй байна.

-Таны хувьд шинэ Ерөнхий сайдаас юу хүсэн хүлээж байна?

-Их л юм хүлээж байгаа. Итгэл, хүлээлтийн урьдчилгаагаа нэгэнт авсан. Үүнийг даах л ёстой.

-Та мөнгөгүй Засгийн газрыг удирдаж байсан. Тэр үед одоогийнх шиг мөнгө нь ихэдсэн засгийг удирдахаас амар байсан санагддаг уу?

-Тэр үед шийдэх асуудал, цар хүрээ нь хамаагүй бага байсан. Төсөв гэхэд л 300-400 тэрбум төгрөгийн асуудал ярьдаг байлаа. Одоо бол хоёр гурван их наядын асуудал ярьж байна. Тэр утгаараа өнөөдрийн амьдралын хэв маяг, ачаалал хамаагүй их болж. Энэ хоёрыг зүйрлэхэд хэцүү л дээ.

-УИХ-аар мөнгөний бодлого хэлэлцэхэд дарга нар нь хангалттай хариулт өгч чадахгүй байна. Ер нь тэд ажлаа хийж чадаж байна уу, эсвэл чадахгүй хүмүүс томилчихоод хэрээс нь хэтэрсэн юм шаардаад байгаа хэрэг үү?

-Нэг их сүрхий гайхамшигтай баримт бичиг болсон гэхэд ч хэцүү л байна. Жилийн жилд нэг иймэрхүү л юм орж ирдэг. Түүн дээр нь үг үсэг, найруулгыг засаад, ганц нэг тоон дээр нь маргаж байгаад л батлаад явуулдаг. Энэ удаагийн хэлэлцүүлэгээс ажиглаж байхад инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй, арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хэмжээ бага, хүү өндөр байгаа тухай хоёр асуудлаар нэлээд ярина билээ.

Харин чухам мөнгөний бодлого гэж юу билээ, нийгэм, эдийн засгийн хувьд энэ нь үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх талаас нь аваад, нилээд гүнзгий ухаад үзвэл яримаар юм бишгүй л байдаг.

Илжигний чихэнд ус ч, алт ч хийсэн ялгаагүй гэдэг шиг Монголбанкны энэ дарга нарт юу ч хэлээд хэрэггүй юм билээ. Тиймээс би нэг их юм яриагүй. Үнэнийг хэлэхэд энэ дарга нар Монголын эдийн засгийн гуравны нэгээр тоглочихлоо шүү дээ.

-Үндсэн чиглэлийг батлах чухал асуудлыг УИХ хэлэлцэж байгаа. Үүний ид шид, ашиг тус нь юунд байдаг нь иргэдэд төдийлөн ойлгомжтой бус байдаг. Жил жилийн үндсэн чиглэлийн биелэлт нь хаана байна аа, ер нь дүгнэж хэлэлцдэг юм уу?

-Үндсэн чиглэл гэдэг баримт бичгийг Үндсэн хуульд заасаны дагуу заавал хэлэлцэх ёстой юм. Чухам үндсэн чиглэл гэдэг маань ямархуу янзын баримт бичиг байх вэ гэдэг хэлбэр талаас нь тогтсон ойлголтыг одоо болтол авч чадаагүй явсаар ирсэн. Товчлох гэж оролдоод, дэлгэрэнгүй болгож үзээд аль аль нь болсонгүй. Энэ жилийн хувьд ч гэсэн үндсэн чиглэл нэлээд шүүмжлэлтэй учирлаа. Улс төрийн намууд ч үндсэн чиглэлийн талаар саналаа өгч байна. МАХН гэхэд л 300 гаруй саналын томъёолол оруулж ирсэн. Үнийн дүнг нь аваад үзэхээр хэдэн зуун тэрбум төгрөг болж байх жишээтэй. Сүүлдээ ингэж болохгүй юм байна, нэгтгээд намын бүлгийн санал болгож оруулж ирээд түүн дээрээ саналаа хураахаар боллоо. Ний нуугүй хэлэхэд би энэ баримт бичгийг нэг их цаг зав зараад байхаар зүйл биш гэж бодож байна. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар миний баримталдаг зарчим гэвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ уялдуулан бараг нэг хуудсан дээр макро эдийн засгийн гол үзүүлэлт, прогнозуудыг тодорхойлоод өгвөл бараг болчихмоор санагддаг юм.

-Үүнийг яг юунаас болж маргаад, шүүмжлэлд өртөөд байв аа?

-Уншихад хүртэл инээдтэй л дээ. Тухайлбал ганцхан жишээ хэлье. Бүр бичээд аваарай. Үндсэн чиглэлийн 57 дугаар хуудсанд байгаа. “АНУ-д ажилгүй хүний тоо 6.7 саяар өссөн гэнэ. Энэ нь ажилгүйчүүдийн хэмжээ 4.3 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Америкийн ажилгүйчүүдийн 9.5 хувь нь түр зуурын ажилгүйдэлд хамрагдаж байгаа бол таван сая ажилгүйчүүд урт хугацааны ажилгүйдэл буюу 27 долоо хоног ба түүнээс дээш хугацаанд ажилгүйдлийн түвшинд хамрагдаж байгаа юм” гэж байна. Цаашаа бүр гайхамшигтай. “АНУ-д хар арьст америкчуудын 14.5 хувь, цагаан арьст америкчуудын 8.6 хувь нь, латин америк гаралтай америкчуудын 12.3 хувь, ази гаралтай америкчуудын 8.3 хувь нь ажилгүй болоод байна” гэж. Америкийн хөдөлмөрийн зах зээлийн талаар их нарийн, гүнзгий, мундаг мэддэг юм байна. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр манай Монголын хөдөлмөрийн зах зээл ямар байгаа, хичнээн ажилгүй хүн байна, түүний бүтэц нь ямар юм бэ гэдгийг нас хүйс, боловсрол, байршил, гарал угсаа нь ямар юм бэ гэсэн тэр өгөгдөхүүнээ өгөөд, ийм байгаа учраас хүний хөгжил, ажлын байрны хувьд ийм бодлого явуулах ёстой гээд гаргаж ирсэн бол өөр хэрэг. Гэтэл Америкийн тухай ингэж бичсэн мөртлөө Монголын талаар юу ч бичээгүй байгаа юм. Ийм баримт бичгийг ямар итгэл даах баримт бичиг гэж хүн тоож унших юм бэ? Арай ч ийм байж болохгүй л дээ.

-Тэгээд буцаахаар болсон юм биш үү?

-Үгүй ээ. Буцаасан юм байхгүй. Эхлээд жаахан маргаж байгаад, дараа нь олон зуун санал орж ирээд, түүнийгээ эргэж харж багцалсан болоод л батлаад гаргаж таарна. Нэг их сүртэй юм байхгүй. Байдал иймэрхүү л байна.

-Та бүхэн хямралыг гэтлэх төлөвлөгөө боловсруулж, 1.5 их наядын эрэлд гарсан. Одоо дахиад хямрах гэж байгаа тухай ярьж байна. Нөгөө мөнгөө олсон уу, эсвэл хайж байтал хямрал дуусчихав уу?

-Эдийн засгийн хямрал гэдгийг бид хэрхэн ойлгож байгаа нь өөрөө асуудал болоод байна. Хямрал гэж яг үүнийг хэлнэ гэсэн томъёолол манайд байдаггүй. Бусад орон бол маш тодорхой байдаг. Жишээ нь ДНБ хоёр улирал дараалан буурвал эдийн засгийн уналтад орж, хямрал руу явж байна гэж үзнэ гэх жишээтэй. Гэтэл манайд ДНБ-ээ улирлаар нь авч үзсэн бүрэн хэмжээний статистик баримтыг гаргаж чаддаггүй. Ер нь өнөөдөр Монголд хамгийн дутагдалтай асуудал бол статистик тоо баримт. Үнэнийг хэлэхэд яг бодлогын чанартай анализ хийж болохоор статистик байхгүй. Бүдүүн тоймоор л хямралд орчихлоо, хямралаас гарч байна гэж ярьж байна. Манай орны хувьд би хямралын байдалтай байна л гэж дүгнэж байгаа. Яагаад гэвэл эдийн засгийн бодит секторуудыг аваад үзэхэд уул уурхай, барилга, аж үйлдвэр гээд бүгд л сөрөг тэмдэгтэй гарч байна. Ганц гайгүй харагдаж байгаа нь газар тариалангийн салбар сая 370 гаруй мянган тонн үр тариа хурааж авлаа. Ямар ч байсан гурил, талх, хүнсний ногоотой байх бололтой. Бусад салбарын үзүүлэлт нэлээд муудсан. Эндээс харахад хямрал эдийн засгийн бодит секторуудад нүүрлэсэн хэвээр байна. Нөгөөтэйгүүр банк, санхүүгийн зах зээлийн салбарт нааштай ахиц гарсангүй. Өнгөрсөн 2007 оноос ажиглагдаж эхэлж байсан зүйлс 2008 оны гуравдугаар улирлаас улам тодорхой болж, мөнгө, санхүүгийн зах зээлийн байдал хүндэрсэн. Дараа нь Монголбанкны ерөнхийлөгчийг сольсон. Шинэ хүн их л ажил хийгээд байна гэж байгаа. Тэр нь элсэнд ус шингэх мэт үзэгдэхгүй л юм.

Энэ хямралт байдал ирэх оны хагас хүртэл үргэлжлэх юм шиг байна. Ялангуяа бодит эдийн засгийн секторын хувьд түүнээс нааш олигтой үзүүлэлтэд хүрэхгүй болов уу гэж хэлмээр байна. Учир нь бизнес, банк, хэрэглэгч хэн ч гэсэн нэн түрүүнд балансаа сайжруулах сэргээх гэж л оролдоно. Ийм үед Монголбанк шиг суугаад байвал бүтэлтэй юм гарахгүй ээ.

-Инфляци юунаас болж буурсан юм бэ. Монголбанкны удирдлагуудын авч хэрэгжүүлсэн зөв бодлогын үр дүнд үү, эсвэл бусад хүчин зүйлээс болсон уу?

-Эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө гэгчийг УИХ-аар баталж байхад би Монголбанкны ерөнхийлөгчид хэлж байсан. “Инфляци гэдэг юмыг март, Пүрэвдорж оо. Чамтай чамгүй буураад явчихна. Одоо харин чи инфляциас айхгүйгээр банкны зах зээл рүү мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байж энэ дифляцийг тайлна шүү. Бүр хахаж цацтал нь мөнгө нийлүүл” гэж хэлж байсан.

-Таны захиасыг биелүүлсэн үү?

-Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлээгүй. Түгжрээд байсан зүйлсийг улам түгжрүүлээд, хүнд байдалд оруулсан даа. Ингээд банкны салбар сэхсэн юм алга. Харин инфляци бол буурсан. Гэхдээ энэ нь Монголбанкинд падгүй. Тэртээ тэргүй буурах ёстой байсан тэр жамаараа буурсан.

-УИХ-ын гишүүд Монголбанкны мэдээллийг ойр ойрхон сонсдог хэрнээ банкны талаарх мэдээллээр хомс байдаг. Иргэдээ төлөөлж буй түшээд энэ талаар бодит мэдээлэлд илүү ойр байх боломж алга уу?

-Банкны үйл ажиллагаа хуулиараа зохицуулагдсан байдаг. Үйл ажиллагаа нь зөв явж байгаа эсэхэд хяналт тавихаар үүрэг хүлээсэн институци нь Монголбанк шүү дээ. Монголбанк бие даасан, хараат бус байх ёстой гэж ярьдаг. Бие даасан байдлыг нь хангаж өгөх гэдэг утгаараа Монголбанкны удирдлагыг УИХ-аас баталж байгаа юм. Тэглээ гээд бүх үйл ажиллагаанд нь УИХ ороод байх хэрэггүй. Монголбанкны бие даасан бодлогын хүрээнд арилжааны банкуудын ямар байаа, ил гаргаж болох болохгүйгээ тэд өөрсдөө л мэднэ. Гишүүд ч гэсэн түүнд нь хэт ороод, шахаж шаардаад байх нь буруу юм. Ерөнхийдөө Монголбанк арилжааны банкуудад тавих ёстой шаардлагаа тавьж, хэрэгжилтийг хянаж чаддаг байх ёстой. Харамсалтай нь Монголбанк энэ үүргээ тэр болгон гүйцэтгэж чаддаггүй. Ний нуугүй хэлэхэд бүрэн хараат бус байдлаар ажиллаж чаддаггүй. Яагаад гэвэл Монголбанкны удирдлагыг томилохдоо өнөөх л улс төрийн нөлөө ордог, тэр хүмүүстээ үйлчлэх гээд, хэлэх ёстойгоо хэлэхгүй, тавих шаардлагаа тавихгүй, шаардлагатай бичиг баримтыг гаргаад өгчихдөг ч юм уу бишгүй л алдаа дутагдал гаргадаг. Тийм байдалд Монголбанк муу ажиллаж байгаагийн хариуцлагыг бид л хүлээх ёстой. Манай УИХ л тийм байдалд хүргэдэг гэсэн дүгнэлттэй байна.

-Анод банкийг татан буулгах үйл явц үргэлжилж байгаа гэж ярьж байна. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Надад л лав энэ талаар ямар нэгэн мэдээлэл алга. Монголбанкны ерөнхийлөгчийн ярьж байгаагаар бол бараг дампуурчихсан, дампуурлыг нь зарлаж татан буулгана гэсэн юм яриад байгаа юм. Чухам үүнийгээ хэзээ, яаж хийх талаар тодорхой юм хэлээгүй. Чухам ямар утга санаатай мэдээлэл хийгээд байгаа ойлгогдохгүй л юм. Арилжааны банкуудад сэрэмжлүүлж байгаа юм уу, айлган сүрдүүлээд байгаа юм уу, ямар зорилготой мэдээлэл вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрэв үнэхээр дампуурлыг зарлах гэж байгаа бол яагаад хурдан зарлачихаж болдоггүй юм бэ. Дампуурлыг нь зарлаагүй мөртлөө энэ банк бараг байхгүй шүү гээд бүтэн жил ярьж явж байгаа нь ямар учиртай юм бэ. Яг ний нуугүй хэлэхэд их сонин юм болсон. “Анод” банкинд бүрэн эрхэт төлөөлөгч очсоны дараа би Монголбанкны удирдлагаас “Юу болоод байна вэ, БЭТ чинь юу хийж байна, мөнгө хөрөнгийн асуудлыг хэрхэн цэгцлэх вэ” гэхэд хэн ч хариулж чадахгүй байсан. Монголбанк, Сангийн яамныхнаас хэн ч хариулж чадаагүй. Цагдаагийн хэдэн хүмүүс л шалгаад байгаа юм шиг ойлголт өгсөн. Өөрөөр хэлбэл Монголбанкнаас хэрэг хүлээн авагч “Анод” банкинд томилогдчихоод байгаа мөртлөө чухам юу болж байгаа, яах ёстойгоо хэн ч мэдэхгүй маш их хугацаа алдсан байсан. Хэдийгээр хувийн банк ч гэсэн ингэж хариуцлагагүй хандаж болохгүй л дээ. Анодыг заавал дампууруулж байж асуудал шийдэх гэж чармайгаад байгаа нь бас сонин. Реструктиризаци хийх замаар шийдэх бололцоо байсан гэж би үздэг.

-Ер нь банк дампуурахад хадгаламжийг төр хариуцдаг болсонтой холбоотойгоор том зээлдэгчид нь хожоод өнгөрдөг ийм л хуулийг та бүхэн баталчихсан юм биш үү. Хэдийгээр энэ хууль тухайн үед харилцагчдын итгэлийг бэхжүүлж банкуудыг аварсан ч гэсэн одоо цоорхойг нь ашиглахгүй гэхийн баталгаагүй учраас цуцалж болохгүй юу?

-Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн. Үнэхээр арилжааны банкуудын байдал хүндэрч, харилцагчдийн нэлээд хэсэг нь хадгаламжаа татчихаад байсан тэр үед гаргасан хууль. Амьдрал сайхан учраас гаргасан биш л дээ аргаа ядаад л тийм хууль баталсан. Хэрэв би андуураагүй бол тэр хууль дөрвөн жилийн хугацаатай санагдаж байна. Арилжааны банкууддаа цаашид зөв авч явахгүй бол “эл хуулийн дагуу” гээд татвар төлөгчид маш их хэмжээний өр үүрэх бодит аюул байгаа юм.

-Банкууд нийлэх үйл явц, Дампуурлын хуулийг ашиглан санаатайгаар дампуурах үйл явцтай холилдож, замбараагүй байдал үүсэх хэв маяг нийгэмд ажиглагдаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Үнэхээр эдийн засгийнхаа бодит салбар, зах зээлийн эрэлт хэрэгцээгээ тооцоод, өргөжиж томрох гэдэг утгаараа банкууд нэгдэж байвал тэр зөвөө гэж хэлнэ. Гэхдээ зах зээлд үүссэн байдлыг захиргааны болон бусад ямар нэг аргаар хязгаарлах гээд байгаа явдлыг би эрс эсэргүүцэж байгаа. Жишээ нь манайд таван банк л хангалттай гэсэн мэдэгдлийг зарим нэг том албан тушаалтан хийнэ гэдэг бол дэндүү хариуцлагагүй юм. Санхүүгийн зах зээл хөгжчихсөн бусад оронд бол хэдийнэ доргион үүсгээд бөөн юм болчихсон байгаа. Манайхан уужуу, тайван болохоор чимээгүй өнгөрч байх шиг байна. Энэ бол маш буруу мэдээлэл. Гаднынхан ч гэсэн танайх олон банктай байна, түүнийгээ хумь гэж зөвлөсөн бололтой. Түүнээс авах юм бий ч авахгүй юм бас байгаа шүү дээ. Монголын эдийн засгийн онцлог гэж байна. Түүнтэйгээ уялдуулах, нөгөөтэйгүүр дөнгөж санхүүгийн зах зээл бүрэлдэн бий болж байгаа түүхийн үйл явцаа өөрсдөө харж байх ёстой.

-Жирийн монгол иргэд Оюутолгой, Тавантолгойн үр шимийг хувьцаа хэлбэрээр эзэмших эрх, нөхцөл бололцоо байна уу?

-Бирж дээр чөлөөтөй арилжаалагдах хувьцааны тухай та асууж байна уу? Монголын нутаг дэвсгэр дээр бол тийм бололцоо одоохондоо алга. Зарим нэгэн компани хувьцаагаа манай биржээр дамжуулан арилжаална гэсэн яриа мэр сэр сонсогдож байгаа. Харин Монгол хүн Торонтогийн, өөр хаанахын ч юм бэ, дээрхи пүүсүүдийн хувьцаа арилжаалж буй зах зээлээс нь хувьцаа худалдаж авах боломж бий. Нилээн бололцоо мэдлэгтэй хүн байх ёстой байх. Гэтэл яг тийм мэдлэг боловсрол, чадвартай хүн Монголд хэд байгааг бүү мэд. Хуруу дарам цөөн л байгаа болов уу. Цаашдаа уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг тойрсон санхүүгийн эх үүсвэрийг өөрийн нөөц бололцоог ашиглаж, дотоодынхоо үнэт цаасны зах зээл дээр гаргаж арилжаалдаг тогтолцоотой болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: “Өдрийн шуудан” сонин, 2009 оны 11 дүгээр сар 9-ны Даваа гариг, сэтгүүлч У.Оргилмаа.

One comment

  1. …It suggests instead that systemic corruption in modern Mongolia is primarily a result of “shock therapy,” the rapid introduction of a series of harsh macro-economic reforms including rapid privatization, which created conditions ripe for abuse and left the government powerless to control it…

    Brent T. White,
    Associate Professor Law, University of Arizona, James E. Rogers College of Law

    http://works.bepress.com/cgi/viewcontent.cgi?article=1000&context=brent_white

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *