Beautiful Plants For Your Interior
АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдахаа больсон шүү дээ
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.
А. Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурал маргааш болох гэж байна. Байгуулагдаад сар гаруй болж байгаа төрийн бус байгууллага ийм богино хугацаанд их хурлаа хийнэ гэдэг өмнө байгаагүй амжилт байх. Цаашид нийгэмд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь гэж ойлгож болох уу?
Х. Шинээр байгуулсан холбооны талаар хоёр гурван зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, Ардчилсан хүчний холбоо бол төрийн бус байгууллага. Цэвэр сайн дурын байгууллага. Тиймээс аль нэг нам, эвсэл, янз бүрийн бүлэг фракцын төлөөлөл биш гэдгийг хэлэх гэсэн юм. Хоёрдугаарт, энэ байгууллагын гол зорилго нь нийгмийн шинэчлэлийг үргэлжлүүлж чанарын шинэ шатанд гаргахад чиглэж байгаа. Өнгөрсөн 20 жилд бид нэлээд юм хийлээ. Амжилт, ололт байна. Тэр дотроос болж бүтэхгүй байгаа нь дэндүү их байна. Үүн дээрээ анхаарч, нийгмийг шинэчлэх процессыг эрчимжүүлж, далайцыг нь нэмэгдүүлье. Энэ үйл хэрэгт аль болох олон хүнийг хамруулснаар шинэ шатанд гарчих гэж байгаа. Төрийн бус байгууллага учир аль ч нам хүчинд нээлттэй байхаар зохион байгуулж байгаа. Өөр хэлэх онцлог нь энэ төрийн бус байгууллагыг байгуулж, үүсгэн санаачилсан хүмүүс нь голдуу УИХ-д сууж байгаа хүмүүс. Өвөрмөц онцлог нь юу байна гэхээр УИХ-ын гишүүд өөрт олгогдсон эрх мэдлийн дагуу ард иргэдээс гарч ирж байгаа санал санаачилгыг хууль тогтоомж, төрийн бодлогод тусгах боломжтой. Мөн энэ төрийн бус байгууллагын өөр нэг онцлог бий. Манай холбоо клубын зарчмаар ажиллана. Хүн бүрт тодорхой ашиг сонирхол байдаг. Тэр сонирхлоороо нэгдэн, түүнтэй холбоотой зүйлээ төрийн бодлогод тусгах, аймаг, орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх зүйл юу байна вэ гэдгийг гаргаж ирэх зохион байгуулалтын энэ хэлбэр бусад төрийн бус байгууллагуудыг бодвол арай шинэлэг. Гуравдугаарт, би хувьдаа олзуурхаж байгаа нэг зүйл нь энэ холбоо орчин үеийн техник, технологийг, ялангуяа интернэтийг өргөн ашиглаж, орон зай гэдэг ойлголтыг давж гарч чадсан. Монгол Улсын аль ч өнцөгт байсан интернэт рүү ороод, сэдэв хөндөж, асуудал гаргаад тавих, түүгээрээ хэлэлцүүлэг өрнүүлэх, нэгтгэн дүгнэх боломж бололцоо нь нээгдэж байгаа юм.
А. Их хурлаараа ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөсөн бэ?
Х. Үүсгэн байгуулагчдын хурал нэлээн дээр болсон. Ийм байгууллага байгууллаа, ийм учир утгатай гээд санаа оноогоо олон нийтэд хэлчихсэн. Түүнээс хойш хүмүүс маш их сонирхож байна. Аятайхан байгууллага болчих ч юм болов уу гэсэн хандлага байгаа юм. Тал талаасаа дэмжээд явж байна гэж ойлгож байгаа. Нэлээд хэдэн аймагт Ардчилсан хүчний холбоо салбараа байгуулсан. Нийслэлийн дүүргүүдэд, зарим сумдад салбар зөвлөлөө байгуулж байгаа. Цаашдаа өргөжих байх. Анхдугаар их хурлаараа албажуулах шинж чанартай асуудлуудаа хэлэлцэж таарна. Түүнээс гадна хоёр гурван том төсөл дээр байр сууриа илэрхийлж, өргөн хэмээний хэлэлцүүлэг өрнүүлнэ гэсэн төлөвлөгөө байгаа. Нэгдүгээрт, “Шинэ хөдөө” гэсэн төсөл бий. Хоёрдугаарт, олны анхаарал татаад байгаа “Утаагүй Улаанбаатар” гэсэн багц сэдэв орж байгаа. Гуравдугаарт, нийгмийн боловсролын асуудлыг хөндөнө. Ийм гурван сэдвээр салбар хуралдаанууд болно.
А. Ардчилсан хүчний холбооны зургаан дэд ерөнхийлөгчийн нэг нь та. Таны хувьд ямар асуудлыг хариуцаж байгаа вэ?
Х. Надад төрийн байгуулалттай холбоотой асуудлыг хариуцуулсан. Энэ хүрээнд ярих асуудал зөндөө байгаа. Нийгэмд улстөрийн намын үүрэг ямар байна. Түүнийгээ биелүүлж чадаж байна уу, үгүй юу. Намууд цаашид яах юм гэсэн ийм багц асуудал байгаа. Мөн сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлууд олны анхаарал татаж байна. Төрийн байгуулалтын шинж чанартай, Үндсэн хуультай холбоотой асуудал ч анхаарал татаж байгаа. Гэх мэтчилэн энэ бүх асуудлууд ерөнхийдөө миний хариуцаж байгаа багцад багтсан байгаа. Анхдугаар их хурлаар энэ асуудлуудыг хөндөхгүй байя гэж бид шийдсэн. Яагаад гэвэл УИХ дээр хэлэлцэж байгаа, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа хэд хэдэн хуулийн төсөл, баримт бичгүүд бий. УИХ-ын дарга захирамж гаргаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол ямар хэмжээнд байх юм, яаж үүнийг хийх вэ гэдэг механизмыг судалъя гэж тогтсон. Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулах асуудлуудыг ч гэсэн УИХ-ын хэмжээнд ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудын чиг нь гараад ирэхээр хөндөх хэрэгтэй байх.
А. Та Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахгүйгээр засах зүйл бий гэж үздэгээ илэрхийлсэн байсан. Тухайлбал яг юуг нь өөрчлөх ёстой вэ?
Х. Аливаа Үндсэн хууль гэдэг тухайн нийгмийг барьж байх араг яс нь. Манай одоогийн Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг. Хуучин тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжихэд Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн. Өнгөрсөн 20 жилд юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаа нь харагдсан. Би хувьдаа нэг их адлаад байх Үндсэн хууль биш гэж үзэж байгаа. Ер нь Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг асуудлыг нийгэм бүхлээрээ томоохон хувьсгалт шинж чанартай өөрчлөлт хийсний дараа ярьдаг юм шиг байгаа юм. Одоо бол тийм хэмжээний хувьсгалт өөрчлөлт алга. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх гэж ярихаасаа илүү нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ярьж болно. Үнэхээр явахгүй байгаа зарим нэг жижиг сажиг асуудал байгаа бол түүнийг шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа.
А. Таны хувьд яг тийм болж бүтэхгүй байгаа зөрчилтэй зүйл Үндсэн хуулиас олж харж байна уу?
Х. Улиг домог болсон жишээ хэлэхэд хот гэдэг үг Үндсэн хуульд байхгүй. Нийслэл, аймаг байна гэж л заасан. Хот байхгүй гэхээр эдийн засгийн өсөлт, үйлдвэржүүлэлт гэх мэт том асуудал ярихад асуудал тулгараад байна. Үүнийг нэг тийш шийдэх хэрэгтэй. Засаглалын хэлбэртэй холбоотой ганц нэг асуудал байна. Миний дотроо бодож явдаг зүйл бол нэгэнт парламентын засаглалыг сонгосон тул түүнийгээ төгөлдөржүүлж, тодруулж өгөөд, сонгодог хэлбэрт нь оруулчихвал яасан юм бол гэсэн бодолтой байгаа.
А. Парламентын сонгодог хэлбэр рүү шилжихийн тулд сонгуулийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай биз?
Х. Тийм. Энэ өөрчлөлтийг сонгуулийн тогтолцооноос эхэлнэ. Тэгээд яг парламент дээр аваад үзвэл ялсан намын дарга Ерөнхий сайд болдог. Ерөнхий сайд парламентыг тараах эрхтэй байдаг тэр зарчмыг Үндсэн хуульдаа суулгаад өгчих хэрэгтэй.
А. УИХ-ын шийдвэр Үндсэн хуулийн Цэц дээр очоод унадаг тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ нь УИХ муу хууль баталж байгаагийнх уу, Үндсэн хууль амьдралд нийцэхгүй байгаагийнх уу?
Х. Үндсэн хуультай холбоотой асуудал байна. Үндсэн хуульд байгаа зөвшилцөх гэдэг үгийг хэн яаж уншихаас болж бид маргалдаж байлаа. Энэ бол субьектив шинжтэй зүйл. Би нэг янзаар тайлбарлаж уншина, нөгөө хүн шал ондоо байдлаар уншаад байдаг. Ер нь Монгол Улс цоо шинэ тогтолцоо руу шилжиж байгаа. Түүнийхээ араг ясыг босгоод, дараа нь төлөвшүүлэх гээд байгаа гэдгээ санах хэрэгтэй. УИХ-ын шийдвэр Цэц дээр унаад байгааг бүх юм болохгүй болсон юм шиг бодож болохгүй. Яах гэж Цэцийг байгуулсан юм гэхээр тодорхой нэг асуудал гарвал хянадаг механизм байх ёстой гэдэг үндэслэлээр байгуулсан шүү дээ. Тэгэхээр үүнийг угаасаа ардчиллын элементүүд хоорондоо уялдаа холбоотой, хийх ёстой ажлаа хийгээд явж байна гэдгээр ойлговол арай утгатай байх. Гэхдээ алдаа дутагдал байна, түүнийг нь далдалж байна гэж байгаа юм биш.
А. Хамгийн сүүлд гишүүдийн 76 тэрбум төгрөгийн асуудал Цэц дээр унаад байгаа. Цэцийн 2007 онд гаргасан шийдвэрийг УИХ биелүүлээгүй байна гэж үзсэн шүү дээ?
Х. Ахиад хэлэхэд, хуулийг хэн яаж уншиж байгаагаас болоод ийм асуудал үүсээд байгаа юм. УИХ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг л авч хэлэлцэх ёстой. Сая УИХ-ын даргад ирүүлсэн бичиг бол Цэцийн шийдвэр биш, Цэцийн даргын албан бичиг. Тэгэхээр энэ албан бичгийг УИХ хэлэлцэх ёстой юу гэдэг бас л асуудал. Үүнийг яах вэ гэдгийг хуулиар зохицуулсан юм байхгүй. Гэхдээ хууль тогтоох үйл ажиллагааны практикаараа процедент тогтоогоод явж байна. Цэцийн 2007 оны шийдвэр бол тухайн онд батлагдсан төсвийн тухай хууль дээр яригдаж байгаа. Гэтэл өнөөдөр бид тэр төсвийг биш 2010 оны төсвийг ярьж байгаа. Энэ бол шал ондоо төсөв. Энэ мэтээр хүн бүр янз янзаар уншиж тайлбарлана. Үүнийг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ алга. Амьдарлаас тодорхой асуудал урган гарна. Түүнийг хэрхэн яаж унших вэ гэдэг чухал. Би нэг юм бодоод явдаг юм. Гадаад дотоодынхонтой уулзахдаа ч үүнийгээ ярьдаг. Манайхан хууль хийдэлтэй, дутуу дулимаг байна гээд байдаг. Үнэхээр тийм болохоо байсан юм уу гээд гаднын экспертүүд авчраад үзүүлэхэд, тэд наад хуульд чинь буруу юм алга. Концепц нь зөв, тодорхой заах ёстойгоо хийж. Асуудал юундаа байна гэхээр та нарын хэрхэн уншиж байгаад л байна. Та нар хуучин сэтгэхгүйгээрээ, социалист ойлголтоороо уншаад байхаар зөрчил гарч байна гэж надад нэг хүн хэлж байсан. Тэр хүний үгийг ортой байх гэж боддог.
А. Цэцэд гомдол гаргасан иргэд УИХ-ын гишүүд гурван жилийн өмнөх 250 сая төгрөгөө нэг тэрбум төгрөг болгож хэмжээг нь нэмэгдүүлснээс биш бусдаар өмнөх алдаагаа давтсан гэж үзсэн байна лээ?
Х. Тэгээд л байгаа юм. Угаасаа зарчмын шинжтэй хоёр гурван асуудал байгаа юм. Миний ярьсныг буруу ойлгоод, буруугаар мушгин гуйвуулах магадлал бий. Тиймээс хэлэхгүй өнгөрч болохгүй байна. Угаасаа тоглоомын дүрэм юу юм гэдэг асуудал чухал. Яг чухам юун дээр тогтсон юм гэвэл, хууль тогтоох эрх УИХ-д хадгалагдана. УИХ ард түмнээс сонгосон гишүүдээс бүрдэнэ гэж байгаа. Хууль тогтоох эрхээ УИХ хэрэгжүүлж байна уу гэдгийг хянах, буруу хэрэгжүүлж байвал хариуцлага тооцох механизм бас байгаа. Энэ нь сонгууль. Буруу ажилласан бол дараагийн хүнийг сонгоно. Биднийг ард түмэн хууль тогтоо гэж явуулсан. Төсвийн хуулиа батал гэж сонгосон. УИХ-ын гишүүд өгөгдсөн нөхцөл байдалд тохируулаад төсвийн тухай хууль баталсан. Зөв буруу юу гэдэг нь хамаагүй. Сонгосон, баталсан. Дүрэм нь тийм. Манайхан үүнийг буруугаар мушгих гээд байдаг. Эцэстээ бидний баталж байгаа хуулийг болохгүй байна гэвэл сонгосон хүнээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ их олон талтай процесс. Би асуудлыг хурцатгаж, олныг шуугиулах гээд байгаа юм биш. Гэхдээ цөмөөрөө нэг ойлголттой байя. Нэг хэлээр ярья. Тэгэхгүй бол нэг юм яриад өөр өөрөөр тайлбараад байж болохгүй. Тоглоомын дүрэм бол УИХ хууль тогтоох байгууллагын хувьд Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг батлаад явуулна. Ийм л ойлголт байгаа.
А. Цэцийн даргын бичигтэй холбогдуулан УИХ-ын дарга Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн. Гишүүдийн 76 тэрбумтай холбогдуулан хаврын чуулганаар төсвийн тодотгол хийх нь тодорхой боллоо шүү дээ?
Х. УИХ 2010 оны улсын төсөвт тодотгол хийх нь ойлгомжтой болчихсон байгаа. Би 76 тэрбумыг төсөвт тодотгол хийх шалтаг болсон, харин цаана нь нэлээд хэдэн асуудал байсан гэж бодож байгаа. Улсын төсөв хэлэлцэх үед ярьж байсан нэлээд хэдэн асуудал бий. Тийм учраас төсвийн тодотгол хийх нь ойлгомжтой гэдгийг гишүүд хэлж байсан. Сангийн сайд ч гэсэн хавар тийшээ төсвийн тодотгол хийе гэж мэдэгдэж байсан. Үүнтэй уялдаа холбоотойгоор хэлэхэд төсвийн тодотгол гэдэг нэг асуудал. Үүнээс гадна төсөв баталдаг тогтолцоотой холбоотой багц асуудал гарч ирж байгаа. Энэ чиглэлд УИХ хоёр гурван зарчмын шинж чанартай алхам хийлээ. Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавар хэлэлцэж байхаар болов. Төсвийн хүрээний мэдэгдлээ мөн хавар батлаад, дараа нь түүндээ зохицуулж төсвөө баталж байя гэж байгаа. Одоо бол энэ бүхэн хамт яваад байгаа. Үндсэн чиглэл гэж ярьж байгаад түүнийгээ төсөвтөө суулгана гээд л. Төсөв ярьж байгаад “Үгүй, энэ болохоо байчихлаа. Үндсэн чиглэлээ өөрчилье” гэдэг байв. Үүнд цаг хугацааны хувьд зааг гаргаад, үндсэн чиглэлээ эхэлж батлаад дараа нь төсвөө баталдаг тогтолцоо руу оръё гэж тохирсон. Хоёрдугаарт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг даруй хэлэлцэж баталъя гэж байгаа. Тэгээд мөн Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулна гэсэн чигтэй байна. Энд нэг зүйлийг би илүү шохоорхож, сонирхож байгаа юм. Төсвийн тухай хуульд орон нутгийн эрхийн тухай асуудлыг яаж тусгах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа.
А. Ерөнхий сайд төсвийн жилийг өөрчлөх тухай байр сууриа илэрхийлсэн. Үүнийг дэмжиж байгаа юу?
Х. Энэ ч гэсэн зөв. Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үедээ төсвийн тогтвортой байдлыг хангах хүрээнд төсвийн жилээ цаг хугацааны хувьд өөрчлөх тухай ярих байх. Улсын төсвийг аравдугаар сарын 1, эсвэл дөрөвдүгээр сарын 1 гэж баталж болно. Амьдрал өөрөө баян шүү дээ. Тодорхой асуудал гараад ирж болно. Юуны төлөө байнгын ажиллагаатай парламенттай билээ. Асуудал гарвал шуурхай шийдэх боломжтой.
А. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ хуулийн төсөл ямар болж вэ?
Х. Ерөнхий санаанууд нь туссан байна. Гэхдээ энэ төслийг хэлэлцэх гэж нэг их яарч сандраад, шахах хэрэггүй. Би хувьдаа тэгж бодож байгаа. Жаахан баримжаа авахын тулд ярилцъя, хэлэлцье. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль мэдээж хэрэгтэй. Ер нь Монгол Улсын төсөвт хоёр зүйлийг ялгах хэрэгтэй. Өөрсдийн хөдөлмөрөөр бий болгосон нийгмийн баялаг юу билээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн бүтээмж өсч байна уу. Хэдэн хувь байна. Хүч хөдөлмөр, хөлсөө дуслуулж бүтээсэн баялаг төсөвт нэг янзаар тусах ёстой. Үүнээс гадна тэнгэрээс унаж байгаа хишиг гэмээр тийм шинж чанартай зүйл бас байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ гэнэт өсөх тохиолдол байна. Тухайлбал өнөөдөр алтны үнэ 1000 доллар, зэсийнх 7000 доллар даваад явчихлаа. Тийм орлогыг яах ёстой юм гэх мэт. УИХ Монгол Улсын төсөв нэг тусдаа, сангууд нэг тусдаа байх ёстой гээд Хүний хөгжлийн санг байгуулсан. Одоо үүнийг зүгшрүүлэх хэрэгтэй. Энэ сангийн хөрөнгийг яаж зарцуулах юм. Бид өнгөрснөөс уламжилж авснаа идэж уух нэг хэрэг, Өөрсдийн бүтээснийг идэж уух нэг хэрэг. Ирээдүйд хүүхэд, ач гуч нарынхаа хэрэглэх баялгаас урьдчилж идэх бүр өөр хэрэг. Энэ бүхнийг ялгаж салгаад “Хийснийхээ хэрээр ид. Ирээдүйн үр хүүхдийнхээ хоолноос битгий хумсал” гэдгийг хуулийн хүрээнд зохицуулж өгөх ёстой. Тэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа бий болох Тогтворжуулалтын сан байх юм.
А. -Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 76 тэрбум болон сонгуулийн бэлэн А. мөнгөний амлалтууд хаагдана. Тиймээс энэ хуулийг улстөрчид батлахгүй байх магадлалтай гэж үзэх хүн цөөнгүй байна?
Х. Тийм хязгаарласан заалтууд энэ хуулийн төсөлд байгаа. Гэхдээ улстөрчид үүнийг хүлээж авна байх. Өнөөгийн төсвийн хууль угаасаа болохгүй байна. Сонгуулийн хууль өөрөө ийм амлалт руу шахдаг тогтолцоог бий болгоод байгаа гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөөд байна. Энэ асуудлыг шийдэх хүсэл зориг гэж нэг юм байх ёстой. Үүнийг далимдуулаад улс төр хийх, цэцэн мэргэн болж харагдах, шударга дүр эсгэх гэсэн үйлдлүүд байна. Эдгээрийг ялгаж салгах хэрэгтэй. Би хувьдаа УИХ-ын шийдвэр аль болох популист алхмаас хол, сэтгэл хөдлөл бага байгаасай гэж боддог.
А. Одоо ярьж байгаа төсвийн шинэчлэл эдийн засгийн шинэчлэлийн эхлэл мөн үү?
Х. Гарцаагүй мөн. Мөнгө гэдэг нийгмийн харилцааны төвлөрсөн илрэл. Улсын төсвийн орлого талд нэг юм нэмэгдээд, зарлага нэг тоо бичигдээд ирнэ гэдэг Монголын нийгмийн харилцаа ямар байгааг илтгэж байгаа юм. Төсвийг бүтцээр нь аваад үзэхэд хүн амын орлогын албан татвар нэмэгдээд, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувийн жин багасч, нэмүү өртгийн албан татвар өсөөд ирж байна гэдэг Монголын нийгэм ямар байгааг илтгэж байна. Төр нь төр шиг төр үү. Төмөр нүүрээ гаргаж чадаж байна уу. Хүчтэй төр үү, сул төр үү гэдэг нь улсын төсвийн орлого дээрх тооны өөрчлөлтүүдийн цаана маш тодорой харагдаж байгаа. Улсын төсвийн зарлага талыг аваад үзэхээр тэр нь нэмэгдлээ, энэ нь ч нэмэгдлээ, хөрөнгө оруулалт, нийгмийн халамж өслөө гээд тоон үзүүлэлт харагддаг. Үүний цаана нийгмийн ямар харилцаа байна вэ гэдэг нь маш тодорхой. Энэ нийгэм халамжлагч нийгэм үү, бүтээн байгуулагч нийгэм үү. Өөрсдөө үйлдвэрлэгч үү, эсвэл тэнгэр хараад маань уншдаг нийгэм үү. Энэ харилцаа улсын төсөв, мөнгө гэдэгт тэр чигээрээ туссан байгаа. Төрийн хар хүн энэ бүхний чиг хандлагыг олж харж, ялгаж чаддаг, тэндээсээ нийгмийг урагшлуулах, ахиулах зүйлийг нь харж дэмждэг байх ёстой гэж ойлгодог.
А. Өнөөгийн төрийн хар хүмүүс тэгж чадаж байна уу?
Х. Эмоци, сэтгэлийн хөдөлгөөнд автсан, их богино зайг харсан, хэсэг хугацаанд тодроод олон түмэнд таалагдсан маягаар улс төржиж, мэдэмхийрэх явдал байгааг үгүйсгэх аргагүй.
А. Бүтээгч нийгэм гэснээс нийгмийн халамжийг бууруулах тал дээр УИХ, Засгийн газар дорвитой алхам хийж чадаж байна уу?
Х. Би төрийн бодлого нийгмийн халамжийн чанартай болж байгаад сэтгэл дундуур байдаг. Ер нь бид ард иргэдээ халамж харж суудаг, гар хөлөө хөдөлгөхөөс халширдаг залхуу байдал руу өөрсдөө түлхээд байгаа юм болов уу гэсэн бодол байгаа. Тиймээс мөнгө төгрөг тараах, үнэ төлбөргүй юм өгнө гэдэгт би дургүй. Энд тэнд очоод иргэдтэй уулзахдаа “Үнэ төлбөргүй юм байхгүй шүү. Мөнгө төгрөг өгөхгүй” гэж хэлдэг. Ингэхээр намайг таалдаг хүн цөөхөн болчихож байгаа юм. Улстөрч хүний хувьд дахин сонгогдох магадлал эрс багасаад явчихна. Гэхдээ үүнийг хэлэхгүй байлтай биш, хэлэх ёстой.
А. Хүний хөгжлийн сан хавтгайрсан нийгмийн халамжийг цэгцэлж чадах уу?
Х. Хүний хөгжил сангийн хувьд олзуурхаж байгаа нэг зүйл байна. Монголд байгалийн баялаг нэлээд байна. Тэр баялгийг ард иргэддээ хүргэх механизмыг бий болгож, томъёолох гэж оролдсон. Хүний хөгжлийн сангийн тухай хууль бол тийм баримт бичиг. Тэр утгаараа би олзуурхаж байгаа. Ямар ч байсан баримт бичигтэй болсон. Энэ дагуу ажиллаад, амьдраад үзье. Нэг жилийн дараа, хоёр гурван жилийн дараа өөр дүр төрх харагдана. Тэр үед нь өөрчлөөд явъя гэдэг бодолтой байгаа. Зарчмын хувьд нийгмийн баялгаас ард иргэддээ хүртээгээд явна гэдэг нь ойлгомжтой.
А. Хүний хөгжлийн сан Тогтворжилтын сангаас ялгаатай юу?
Х. Санаа нь адилхан. Гагцхүү арга механизмууд нь өөр.
А. Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед УИХ дахь АН-ын бүлэгт “Эрдэнийн хувь”-ийн гэх бүлэг үүссэн. Тэр 15 гишүүн таны өрөөнд цуглардаг байсан байх аа?
Х. Засгийн газрыг эсэргүүцээд байсан юм байхгүй. Тухайн үед бид “Эрдэнийн хувь” гэж АН-ын мөрийн хөтөлбөрт туссан том заалт бий. Энэ бол нэгэнт амласан зүйл. Бүдүүлгээр хэлэхэд хүмүүсийг зальдаж худлаа хоосон амлаад гарч ирсэн. Тиймээс амласан л бол биелүүл. Эсвэл чадахгүй гэдгээ хэлээд орон зайгаа тавь гэж шаардсан. Тэр шаардлагыг нийгэм хүлээж аваад “Амлалт нэхэх хөдөлгөөн” болоод явж байна. Энэ асуудлыг анх тавьснаараа УИХ дахь 15 гишүүн уг хөдөлгөөнд зохиогчийн эрхтэй оролцох байх гэж боддог.
А. “Эрдэнийн хувь”-ийн 15 гишүүн одоо уулздаг хэвээрээ юү?
Х. Бид “Эрдэнийн хувь” дээр тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тэр хүрээндээ л нэгдмэл байгаа.
А. Ардчилсан хүчний холбоог байгуулсан УИХ-ын гишүүд энэ “Эрдэнийн хувь”-ийнхан байгаа. Нөгөө талаар Засгийн газарт ороогүй сул гишүүд. Энэ нь нийгэмд янз бүрийн хардлага төрүүлж байх шиг байна?
Х. Янз янзаар ярьж, бичиж байна. Гомдогсод, хоцрогсод гээд л. Би тийм юманд үнэмшиж итгээд, тэр тэглээ, энэ ингэлээ гээд явдаг цаг, нас өнгөрчихсөн хүн. Улстөрд анхнаас нь 20 жил явлаа. Хэн нь юу яриад байгааг гадарлана. Ямар ч байсан энэ нийгэмд болохгүй зүйл маш их байна. Түүнийг шинэчлэхэд хувь нэмрээ оруулна. Сая би Цагаан сарын үеэр янз бүрийн хүмүүстэй уулзаж ярилцлаа. Мундаг сэхээтэн биш ч эгэл жирийн хүмүүсийн яриаг сонслоо. Тэд хоёр зүйл л ярьж байна. Нэг нь Цагаан сарын барилдаанд түрүүлсэн Ч.Санжаадамбын тухай яриа. Нөгөө нь энэ хоёр намын тухай. Хоёр нам нийлснээр олигтой юм гарсангүй гэж байна. Ний нуугүй хэлэхэд иргэдийн ам их муу байна. Нэгдэж нийллээ гээд бүтэлтэй болсонгүй. Харин засагт хамтарсан биш хамтарч хувааж иддэг дүр төрх бий болчихлоо. Бие биеийнхээ муу муухайг халхалдаг. Чи намайг бүү оролд, би чамайг оролдохгүй. Эвтэйхэн хуваагаад идье гэдэг боллоо гэж иргэд ярьж байна. Ингэж болж байгаа юм уу, шударга ёс хаана байна гэдэг зүйлийг ярьж байна. Би олны яриа ортой гэж ойлгож байгаа. Ийм дүгнэлт хийхийн тулд нэг их ухаантай байх ч хэрэггүй. Нүдэн дээр ил харагдаж байна. Ийм шүүмжлэл байна. Үүнийг хүлээж авах ёстой гэж бодож байгаа. Ардчилсан хүчний холбооны дэвшүүлсэн нийгмийн шинэчлэлийн бодлого дотор намын шинэчлэлийн асуудал ч байгаа. Сая манай найз блог дээрээ ижил хүйстэй хоёр хүн гэрлэхээр хүүхэд төрдөггүй. Өөрөө хэлбэл ард ямар нэг ач тусгүй. Энэ нь байгалийн хуулийн эсрэг зүйл юм шүү дээ гээд бичсэн байна лээ. Тэр хэмжээнд хүртэл хүмүүс энэ хоёр намын нэгдлийг янз бүрээр тайлбарлаж байна.
А. Ардчилсан хүчний холбоог санаачлагчид, удирдлагууд нь бүгд л АН-ын гишүүд. Тиймээс АН-ыг шинэчлэх талаар тодорхой алхам хийх байх. Тийм үү?
Х. Манай холбоонд АН-ын гишүүд байгаа. Бусад намаас цөөн ч гэсэн хүмүүс байгаа. Нийгмийн доторхи тоглоомын дүрэм нь улс төрийн намаар дамжуулж төрөө байгуулдаг жишиг. Улс төрийн нам хүчирхэг, эрүүл саруул, хэдий чинээ нийгмийн шаардлагыг мэдэрч, популист биш бодитой шийдвэр гаргаж чадаж байна, тэр хэрээр нийгмийг авч явж чадна. Тэр утгаараа АН ямар байх ёстой вэ гэх мэт олон асуудал байгаа. Түүнд хариулт өгөх зорилт Ардчилсан хүчний холбоонд байгаа. Чадах эсэх дараагийн асуудал.
А. АН-ын ротацийн сонгууль эхлээд байгаа энэ үед Ардчилсан хүчний холбооны их хурал болох гэж байна. Энэ нь ротацид зориулсан арга хэмжээ биш биз?
Х. Цаг хугацааны хувьд ингээд таарчихлаа. Манайхан аливааг мундаг харддаг. Бүр ургуулан бодоод гайхамшигтай харддаг. Тэр зангаараа Ардчилсан хүчний холбооны их хурлыг ротацид зориулсан алхам гэж яриад байна. Би Амаржаргал гэдэг хүний хувьд энэ холбоонд элсэхдээ ийм зорилт тавиагүй.
А. Тэгвэл Амаржаргал гэдэг гишүүн АН-д ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
Х. Би АН-ын ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Харамсалтай нь манай намын Гүйцэтгэх зөвлөл хуралдах нь эрс багассан. Өнөөдөр нэг хурал зарлаад техникийн шинжтэй ганц нэг асуудал хэлэлцэх юм шиг байна лээ. Ер нь улс төрийн намын Гүйцэтгэх зөвлөл арай өөр маягаар ажиллах ёстой болов уу гэдэг бодол надад байдаг.
А. Нэг үе АН-ын Гүйцэтгэх зөвлөлийнхөн байсхийгээд л Төрийн ордонд цугларч хуралддаг байсан шүү дээ?
Х. Тасралтгүй хуралддаг байсан. Одоо гэтэл бүх юм сайхан болсон гээд байгаа юм уу, хэлэлцэх ярих асуудал байхгүй болчихсон юм уу, хуралдахаа больсон. АН-ын дүрмээр бол Гүйцэтгэх зөвлөлийг намын дарга зарлаж хуралдуулах ёстой л доо.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, 2010.03.09, сэтгүүлч Г.Сонинбаяр
Таны сайт дээр шинэ нийтлэл гарахыг хүлээсээр л… 🙂