Beautiful Plants For Your Interior
Ардчилсан намын төлөвшлийн асуудалд
АН хувь заяа ирээдүйтэй холбоотой тулгамдсан олон асуудал байгаа нь илт. Намын нэг хэсэг нөхөд “Олон түмэн одоо Ардчилсан намыг харж байна, яаралтай өөрчлөлт шинэчлэл, шинэтгэл хийх ёстой” гэж байна. Өөр нэг хэсэг нь “Болж л байна шүү дээ” гэх байдалтай. Хэн зөв гэдгийг яаж мэдэх вэ?
Аливаа асуудлыг шийдэх арга зам нь шинжлэх ухааны аргачлал, арга зүй. Нам гэдэг өөрөө тун өвөрмөц нарийн систем. Эл утгаар нь системын онолыг ашиглан Ардчилсан намд өнөөдөр задлан шинжилгээ хийж болмоор. Миний эл оролдлого туйлын хялбаршуулсан асуудал хөндөх, улс төр судлаачдыг өдсөн гэдгийг эхэнд тэмдэглье.
1. Ардчилсан нам энэ нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа бүтцийг бүрдүүлж, дэмжиж байгаа бол эсвэл тийм бүтцээс хамаарч байгаа бол бүтэцжиж зохих хэлбэр дүрсээ олж оршин тогтнох ёстой. Ардчилсан нам хэлбэр дүрсийг бүрдүүлэгч нь орон зайд орших эл системийн элементүүдийн уялдаа холбоо, цаг хугацааны хэлхээс юм. Энэ нь намын өвөрмөц бүтцийг үүсгэж байгаа юм.
2. Системийн нэн чухал чанар олон янз байх зарчим. Хэрвээ нам систем мөн л юм бол өөр хоорондоо ялгаатай элементүүдээс бүрдэнэ. Үүнийг хүлээн зөвшөөрч заяагдмал хүчин зүйлд тооцож амьдрах хэрэгтэй.
3. Гэхдээ Ардчилсан намыг бүрдүүлэгч аль нэг элементийг ангид салган авч уг намын мөн чанар, үндсэн шинжийг тодорхойлно гэвэл тун том тэнэглэл. Намын мөн чанар үндсэн шинжийг шийдвэрлэдэг хүчин зүйлс нь нам бүрдүүлэгч элементүүдийн харилцан хамаарал, үйлдэл. Харилцан хамаарал, үйлдэл нь синерги үүсгэдэг. Тиймээс нам бүрдүүлэгч элементүүдийн дотоод потенциал, улмаар синерги үүсгэх чадавхийг өсгөж байх ёстой юм.
4. Нам өөрөө тодорхой орчинд оршино. Орчинтойгоо мэдээлэл энерги солилцох чадвараас хамааран хаалттай, нээлттэй гэж ангилаж болно. Орчинтойгоо хэдий чинээ эрчимтэй энерги мэдээлэл солилцож байна төдий чинээ динамик шинжтэй нам болно.
5. Нам өөрийгөө хадгалаж, тасралтгүй нөхөн сэргээж чадах эсэх нь гадаад орчиндоо дасан зохицох, тасралтгүй хувьсан өөрчлөгдөх чадвартай эсэх, эдийн засгийн хэллэгээр бол өөрийн, дотоод зах зээлийн багтаамжтай эсэх, дотоод зах зээлээ тэлэх замаар өөрөө өсөөд байх чадвар чадавхаас ихээхэн хамаарна.
6. Намын тэсвэр, хатуужил, тууштай тогтвортой байх шинж чанар нь нэг талаасаа цаг хугацааны функци бөгөөд намын дотоод соёлоор дамжин түүнд гадаад орчиндоо харьцангуй тогтвортой тэнцвэр олох бололцоо олгоно. Ер нь динамик орчинд харьцангуй тогтвортой тэнцвэрээ хадгалах амаргүй юм. Тиймээс нам гаднаасаа байнга тэжээгдэж (үзэл санаа, гишүүд, боловсон хүчин гэх мэт) орж ирсэн бүхнээ хувирган нийгмийн эрэлтийг хангах “энерги”-д тасралтгүй хувиргаж байх ёстой.
7. Гадаад орчины нөлөөлөлөөс үүдэн тосон хариуцах, манлайлах, дасан зохицох үйл хөдлөл намд ашиглагдана. Намын дасан зохицох чадвар сайжирч түүнийг хангадаг бүтэц, элементүүдийн уялдаа бэхжихийг нам хувьсан хөгжих байна гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, нам зохион байгуулалтын хувьд улам бүр нарийсах, шинээр дэд бүтэц дэд системүүд олноор үүсэхийг хэлж байгаа юм. Ингэснээр нам өөрөө өөрийгөө зохион байгуулах, нам доторхи өөрөө удирдах чадвар нь нэмэгдэнэ.
8. Намын хөгжил нэгэн хэвийн процесс биш ээ. Хэлбэлзэл үсрэлт доргион гарах ёстой. Жижиг, заримдаа бүр өчүүхэн өөрчлөлтүүд хуримтлагдсаар үсрэлт тэсрэлт үүсгэнэ. Эдгээр нь намын шинж чанарыг заримдаа нилээн хувиргадаг. Ялангуяа, намын эволюци нь салаа замын эхэнд авчирсан үед тэсрэлт өөрчлөлт зайлшгүй гарна. Цаашид чухам аль замыг сонгох эсэхээс нам сэргэн мандах мөхөх эсэх нь хүртэл хаамаарна.
9. Намын бүтэц гэдэг нь түүний эд эсийг цэгцлэж, зохион байгуулах процессийн үр дүн бөгөөд улмаар намын араг яс нь болдог. Намын шинж чанар, түүнээс хүсэн хүлээж байгаа үр дүн бүтцээрээ дамжин нийгэмд хүрдэг. Энэ бүтэц нь намын эд ангийг цаг хугацаа орон зайд яаж байршуулсан, тэдгээрийн харилцан холбоо хир бат бөхийг харуулна.
10. Өөрийгөө нөхөн үйлдвэрлэх сэргээх чадвартай намын бүтэц улам бүр нарийсах тийшээгээ тасралтгүй өөрчлөгдөх ёстой юм. Шинэ шинэ олон хэлхээс үүснэ, орон зайн байршил нь өөрчлөгдөнө. Намын нэгдмэл шинж чанар тодорно. Энэ бол дэвшиж буй намын хувьд харин нам мөхөж байгаа бол хэлхээсүүд нь цөөрч өгөрч тасрана.
11. Энгийнээс нарийнд өгсөх нь намын үйл тавилан байх ёстой. Гэхдээ дээд дорд, энгийн нарийн, сайн муу гм категори нь улс төрийн намыг харьцангуй илэрхийлж байгаа ойлголт юм.
12. Намын амьдралын түүх гэдэг урагшлах ухрахын түүх бөгөөд үүсэл, төлөвшил, нас тогтох, хөгшрөх, мөхөл гэх 5 үе шат дамжина. АН дөнгөж төлөвшилтын шатандаа орж байна. Эл шатанд нам өснө өргөжинө, нэгдмэл нэг цул болно. Гэхдээ нам доторхи ялгарах интеграцичлагдах процесс төгсөөгүй байна. Намын эд эс нэмэгдэж тэдгээрийн хэлхээс төрөл бүр болон хувирч, улам бүр нарийсан байгаа нь зүй ёсны бөгөөд үүнийг хазаарлах зогсоох гэсэн оролдлого нь намыг хүчгүйдүүлнэ.
Системын онолын үндсэн зарчмыг ашиглан Ардчилсан намын өнөөг тоймлоход ийм байна. Дээрхи 12 пункт бүрийг нам дээр буулган дэлгэрүүлээд үзвэл бидний алдаа оноо тод харагдана. Ардчилсан нам олон түмний итгэлийг дааж нийгмийн манлайлагч байхын тулд шинжлэх ухаан онолын “үзлэгт” тогтмол орж баймаар. Ардчилсан намын өнөөг түүхч, улс төр судлаач, социологч, хуульч, политэкономи, философич гэх мэт өөр өөрийн өнцгөөс, өөрийн шинжлэх ухааны бүх арга хэрэгсэлийг ашиглан судлан шинжлэх эрэлт байгаа юм. Эл ажлыг Ардчилсан нам зохион байгуулах учиртай гэж бодож байна. Тиймээс энэ удаагийн ҮЗХ хурлаас эл чиглэлд судалгаа шинжилгээ хийх шийдвэр гаргаасай гэж хүсч байна. 2-3 сарын дараа судлаачдын бүтээлд тулгуурлан Намын дотоод амьдралын асуудлыг ҮЗХ-аар тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Онолд тулгуурлаж байж хандах зүг тогтох учиртай гэж би үздэг учраас эл бүгдийг нуршлаа.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал
Энэ өдрийн мэнд
Таны нийтлэлийг уншлаа. Ардчилсан нам ч байна уу? МАН ч байна уу?ялгаагүй ер нь Монгол улсад оршин тогтнож байгаа улс төрийн аливаа нам, иргэний хөдөлгөөн бүхэн анхаарууштай зүйл байна.
Уншигч миний бодоход Монголын нийгэмд оршин тогтнож байгаа бүх нэгдлүүдийн хувьд анхаарууштай зүйл нь “асуудалд хандахдаа эхлээд шинжлэх ухааны үүднээс задлан шинжилж түүнд тохирсон арга хэлбэрээр хариу үйлдэл хийх” явдал юм болов уу? үүнийг нэг л оошоохгүй байх шиг байна.
Мэдээж бүх салбарыг хамааруулуулаагүй болно.