Beautiful Plants For Your Interior
Ховд аймгийн ИТХ-ын VI хуралдаанд аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдоржийн хэлсэн үг
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон энэхүү хуралдаанд урилгаар оролцогч та бүхний энэ өдрийн амрыг айлтгая. Иргэдийн төлөөлөгч та бүхний аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө юу хийж бүтээснийг дүгнэн хэлэлцэж буй энэ хуралд үг хэлэх завшаан тохиолоо. Энэ завшааныг ашиглан Ховд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн байгууллагын үйл ажиллагаанд аймгийн Ардчилсан намаас өгч буй үнэлэлт дүгнэлтийг та бүхэнд сонордуулъя.
Ховд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлэлт.
2008 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн аймгийн ИТХ, түүнээс томилогдсон Засаг дарга, түүний тамгын газраас тухайн үеийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөгжлийн үндэс суурийг тавьж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажилласнаас хойш бүрэн эрхийн хугацааныхаа тал хувийг өнгөрөөгөөд байна. Энэ хугацаа нь ололт амжилт, алдаа дутагдлаар дүүрэн он жилүүд байлаа. Ололт амжилтын талаар ИТХ-ын дарга, аймгийн засаг даргын илтгэлд гарсныг сонслоо. Энэхүү амжилтын ихэнх нь засаг даргын гаргасан амжилт гэхээсээ илүүтэйгүүр хувийн хэвшлийн байгууллагуудын хийж бүтээсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр тайлагнасан тайлан болсныг та бүхэн анхаарна биз ээ.
Монгол орны эдийн засаг сүүлийн 2 жилийн дотор огцом өсч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1772 ам.доллар болж өссөн байхад Ховд аймгийн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1100 орчим ам.доллар байгаа нь улсын дунджаас 40 орчим хувиар бага байна. Төр засгаас аймагт оруулж буй хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байхад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бахь байдгаараа өсөлтгүй байгаа нь үр ашиггүй зүйлд хөрөнгийг буруу зарцуулж байгаагийн бодит жишээ гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтыг ажлын байр шинээр бий болгосон, ард түмний амьдралыг сайжруулсан, дэд бүтцэд дорвитой хөрөнгө оруулсан зүйлд зарцуулахаасаа илүүтэйгүүр албан тушаалтнуудын халаасыг дүүргэх, тэдний ямбад зориулсан зүйлд зарцуулж байна. Иргэд нь ядуу байхад ард түмний сайн сайхан амьдралын төлөө зарцуулагдах мөнгө аймгийн ИТХ-ын даргын ямбандаа зориулж 80 сая төгрөгөөр автомашин худалдаж авахад зориулагдах ёсгүй.
Эдийн засгийн өсөлтийн үр шимийг ард түмний дийлэнх олонхи нь хүртэхгүй байна гэж аймгийн Ардчилсан нам дүгнэж байна.
Энэ онд 2430 хүнийг ажлын байраар хангасны 1600 нь шинээр ажилд оржээ гэж тайланд дурдсан байна. Жил болгон хэдэн мянгаар ажлын байр бий болгосон гэж илтгэлдээ дурдаад байхад ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байгаагаагийн учир юу вэ?
Ажилгүйдлийн түвшин 4-5 хувьтай байна гэж өнгөрсөн жил зарлаж байсан. Сая болж өнгөрсөн Хүн ам, орон сууцны тооллогоор Ховд аймгийн хүн ам 76000 орчим болсон гэж статистикийн газраас зарласнаас үзвэл манай аймагт ажилгүй хүн 1100-хан үлдсэн юм байна. Ажил хийж байгаа мэтээр ард түмэндээ худал мэдээлэл өгдөгийн сонгодог жишээний нэг нь энэ мөн. Нийт ажиллах хүчний тооноос малчдын тоог хасаж мал аж ахуй эрхэлдэггүй хүмүүсийн ажилгүйдлийн түвшинг тооцож үзвэл энэ үзүүлэлт даруй 50 хувьтай гарч байна. Нэг сумын нэг нийгмийн ажилтны ажлын байранд сонгон шалгаруулалт хийхэд тухайн мэргэжлийн 70-120 хүн оролцож байгаа нь ажилгүйдэл хэр түвшинд байгаагийн тод жишээ юм.
Манай аймагт ажилгүйдлийн түвшин жилээс жилд өсөж байна гэж Ардчилсан нам үзэж байна.
2007 онд Ховд аймгийн хүн ам 92000 байсан бол өнөөдөр 76000 болж жил бүр 8000 орчим хүн төрөлх нутгаасаа дүрвэж байна. Амьдрал ахуй нь сайжраад хот хүрээ шилжсэн аймгийн засаг даргын тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан Болднаранг эс тооцвол, сүүлийн хоёр жилийн дотор шилжиж явсан 16000 хүн хийх ажилгүй, бизнес хийлээ ч зах зээлгүй, аж амьдрал нь өөдлөхгүй, цаашдаа энд амьдарвал ядуурлын туйлд хүрэх нь гэж үзсэний үндсэн дээр төрсөн нутгаасаа шилжин хүний нутагт амьдрал эрэн бэдчиж байна. Дээрх хүмүүсийг орон нутагтаа амьдрах аргагүй болтол эдийн засгийн бодлого явуулсан Монгол Ардын нам, түүний Засаг дарга энэ үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой. Өнөөдөр хүн амын дийлэнх олонхи нь ядуу зүдүү амьдарч байна. Аймгийн төвийн гэр хороолол болон сумуудын төвд амьдарч буй өрхийн 70 шахам хувь нь ядуурлаас ангижирч чадахгүй байна. Тэд хүний хөгжлийн сангаас өгч буй мөнгө, группын хэдэн төгрөгөөр амьдарлаа зогоож байна. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн өчүүхэн төдий өсөлт галзуурсан мэт үнийн өсөлтөд цохигдон бага орлоготой өрх гэр, бага цалинтай ажилчдыг ядууралд хүргэж байна.
Манай аймагт ажилтай ядуучуудын тоо жилээс жилд өсөж байгаа нь аюулын харангыг дэлдэж байна гэж Ардчилсан нам үзэж байна.
Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах явдал газар авсаны нэг жишээ нь МАН-ын гишүүдээс бусад намын харьяалалд байсан, байгаа хүмүүсийг төрийн албаны шалгалтад зориудаар унагах, шалгалтад тэнцсэн ч ажилд авахгүй байх ажлыг Төрийн албаны салбар зөвлөл, түүний дарга Батбаяр гаргуун сайн хийж байна. 2008 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас 9 суманд ялалт байгуулан ажиллаж байгаа сумын удирдлагуудын ажлыг дэмжихгүй байх явдал байна. Тухайлбал Алтай болон Ховд сумдын Засаг даргын үйл ажиллагааг шалгуулахын тулд урьд нь тухайн сумын засаг даргаар ажиллаж байгаад орон нутгийн сонгуулиар ялагдсан Баатарсүрэн, Даргерхан нарыг явуулж, тэд нь асуудалд бодитоор бус хувийн өс хонзонгоор хандан, гүтгэлгээр ажил явуулж, Засаг дарга нарын нэр хүндийг санаатайгаар унагаж байна.
Ховд аймагт төрийн албаны сахилга хариуцлага, хүнд суртал, авилгал хээл хахууль, албан тушаалтнуудын дураараа авирлал хэрээс хэтэрчээ. 2010 оны 12 дугаар сар 24-ний өдөр болсон ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр Засаг дарга Нямдаваа шал согтуугаар ирэх жилийн төсвийг хэлэлцүүлэх гэж оролдон улмаар уг хурлаас хөөгдөж гарсан нь сахилга хариуцлага ямар түвшинд очсоныг бэлхнээ харуулж байна. Бидний хувь заяа ирэх онд ямар байхыг шийдэх төсвийг ийнхүү согтуугаар батлуулах гэсэн нь ард түмнээ басамжилсан үйлдэл болж байна. Хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй засаг дарга нь өөрөө ийм байдалтай байгаа нь доор ажиллаж байгаа албан тушаалтнуудад дураараа аашлах боломжийг олгож байна.
УИХ-ын гишүүнээсээ эхлээд ИТХ-ын гишүүд, аймгийн шат шатны дарга нар өөрсдийн халаасны компанийг тендерт шалгаруулан улсын ажлыг чанаргүй гүйцэтгэн мөнгө унагаах, төдийлөн ашиггүй зүйлд ард түмний татварын хөрөнгийг зарцуулан амьдралаа дээшлүүлэх явдал байгааг иргэд шүүмжлэн ярьж байна. Улсаа, ард түмнээ боддоггүй, зөвхөн амин хувиа хичээсэн дээрх албан тушаалтнуудын нэгнийх нь Мөст суманд барьсан сургуулийн спорт заалны барилгын дээвэр ашиглалтад орохоос өмнө нурж унасан нь үүний нэг жишээ юм.
3 тэрбум төгрөгөөр аймгийн төвд Залуучуудын соёл амралтын хүрээлэн барих,Буянт суманд 8 тэрбум төгрөгөөр усжуулалтын систем барих нь одоогийн аймгийн иргэдийн дийлэнх нь ядуу байгаа үед хэр оновчтой шийдэл вэ? Энэ жил Жижиг дунд үйлдвэрлэх сангаас 855 сая төгрөгийн зээлийг 97 аж ахуйн нэгж, иргэнд олгосон жишгээр тооцвол дээрх хоёр ажлын санхүүжилтээр 1250 жижиг дунд үйлдвэрийг Ховд аймагт байгуулан 12500 хүнийг ажилтай болгох байсан байна.
Эдийн засгийн өсөлтийг бий болгохоор аймагт оруулсан хөрөнгө оруулалт эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд тэдний ойр дотныхоны гарын салаагаар урсаж байгааг Ардчилсан нам иргэддээ сонордуулж байна.
Ховд хотын хойморт “Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн залран буй Дөрвөн Ойрдын их хаан Галдан Бошгот тэргүүтэй өвөг дээдсээс өвлөн авч, хэдэн үеэрээ тахиж шүтэж, нутаглаж ирсэн онгон дагшин газар шорооноос минь хэдэхэн жилийн дотор харь хүмүүст 186 лицензээр 2 сая орчим га газрыг олгосон байна. Лицензийн наймааны цаана ямар их булхай , луйвар, хувалдаан, бохир мөнгө угаагдаж байдгийг манай ард түмэн эрх биш ойлгодог болсон. Засаг дарга Нямдаваа гуай Ховд аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын лиценз олгосон компаниудынхаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг өөрийн “Эко Алтай” ХХК-иар өндөр үнэтэй хийлгэж, олсон мөнгөөрөө хувийнхаа аж ахуйг өөд татаж, Эко хэвлэх үйлдвэр, телевиз, оёдлын үйлдвэрээ байгуулж амьдралаа дээшлүүлсээр л байна. Ашигт малтмалын лиценз үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болсоныг анзаарсан ардчилсан Ерөнхийлөгч маань лиценз олголтыг зогсоосонд Ховд аймагт нэг л хүн дургүйцлээ илэрхийлж байна, тэр нь аанай л Нямдаваа байна.
Ховд хотод утаа гамшгийн хэмжээнд хүрч энэ жил өнгөрсөн жилийнхээс хэд дахин ихэслээ. Өглөө оройдоо агаар нь сааралтан манан татаж, агаар дахь бохирдлын хэмжээ хэвийн хэмжээнээсээ хэтэрчээ. Урьд нь машин тэрэг, гэр орондоо угаартаж унадаг байсан бол одоо утаанаасаа болоод гудамжиндаа ухаан алдаад уначихсан байхад гайхаад байхаар зүйл алга. Агаарын бохирдлоос үүдэлтэй шинэ өвчнүүд үүсэж байгааг анзаарахгүй байж боломгүй байна.
Эрхэм төлөөлөгчдөө.
Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд Ховд аймгийн Ардчилсан намаас дараахь үнэлэлт өгч байна.
Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнөөс 2010 оны байдлаар 29 асуудал бүрэн хэрэгжиж, 23 асуудал 90%, 84 асуудал 70%, 86 асуудал 50%, 89 асуудал 30%, 21 асуудал огт хэрэгжээгүй байна. Эндээс харахад Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 2010 оны байдлаар дөнгөж 53,7%-тай буюу ажилласан хугацаатай нь харьцуулж үзвэл 46.7%-тай биелж, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангалтгүй гэж Ардчилсан нам дүгнэж байна.
Эрхэм ИТХ-ын төлөөлөгчдөө.
Ийнхүү Ховд аймгийн Ардчилсан намаас аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд өгсөн дүгнэлтэд үндэслэн Ховд аймгийн ИТХ-ын дарга Х.Батболд, аймгийн засаг дарга Г.Нямдаваа нар нь 2006 оноос 2010 онд аймаг орон нутгийг удирдан ажиллахдаа эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэдийнхээ дийлэнх олонход хүртээл болгоогүй, ажилгүйдэл ядуурлыг бууруулаагүй, авилга хээл хахууль, газрын болон ашигт малтмалын лицензийн наймааг цэцэглүүлж, албан тушаалтны хууль бус үйлдэл, төрийн албаны хүнд суртлыг дэвэргэлээ гэж дүгнэж байна.
Иймд Г.Нямдаваа нь аймаг орон нутгийг цаашид удирдан ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Цаашид хэрхэхийг төлөөлөгч та бүгдийн мэргэн ухаан, чин сэтгэл мэдэх болтугай.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2010.12.27
Hovdiin ard tumen hedii boltol ene MAN-g songoh yum be, odoo bolii, oorchlolt hiih tsag boljee, ajliin bair baihgui, amidral baihgui aimgaas humuus durvelgui yahav dee….