Засгийн газар оршин тогтнохын тулд аргаддаг, таалагдах гэж л ажилладаг болсон

amarjargal11.16.2УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн болон, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч сонгуулиа мажоритари, пропорциональ тогтолцооны альнаар явуулах дээрээ парламент адсуудалтай намууд зөвшилцөөгүй, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар аргаар хийхээ тогтоогүй байна. Энэ удаагийн парламентаар хийчих ажил биш гэсэн бодолтой гишүүд ч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-МАН-ын дарга хоёр танхимтай парламенттай болох санаачлага гаргасан. АН-ын хувьд үүнийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа гэсэн мэдээлэл байна. Таны бодлоор төрийн тогтолцоог өөрчлөх боломж, цаг хугацаа нь мөн үү?


-Манай улсад хоёр танхимтай парламент хэрэггүй байх. Өнөөдөр бидэнд юу дутагдаж байна, ямар асуудал шийдэх хэрэгтэй байгаа, хөгжлийн ямар шатандаа явж байна үүндээ уялдуулаад шийдвэр гаргах тогтолцоо нь ямар шалгуурыг хангасан байх ёстой зэрэг асуудалд хандах хэрэгтэй. Энэ бүгдээс үүдэн төрийн тогтолцоогоо өөрчлөх санал гарч байна. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж болохгүй. Хүрсэн төвшингөөсөө ухраад байх нь зөвүү гэдгээ бодох хэрэгтэй. Миний бодлоор сонгодог парламентын тогтолцоогоо бэхжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй.

-Тэгэхээр манай өнөөдрийн 76 гишүүнтэй, нэг танхимтай парламент сонгодог нь гэж та хэлж байна уу?

-Энэ ч бас сонгодог нь биш, дутагдаж байгаа зүйл бий. Тухайлбал, ялсан намын дарга Ерөнхий сайд байх, Ерөнхий сайд парламентыг тараах эрх, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх тоог хязгаарлах гэсэн гурван зүйлийг хуульчилж өгмөөр байна. Ялсан намын дарга бид эрх барих хугацаандаа ийм бодлого явуулна, ийм ажил хийнэ гэсэн хөтөлбөрөө оруулж ирдэг. УИХ дэмжихгүй бол “Та нар дэмждэг, ажлаа хийж чадна гэж үзэж байгаа Ерөнхий сайдаа томил, Засгийн газраа байгуул. Би ингэж ажиллаж чадахгүй” гэж хэлж чаддаг Ерөнхий сайдтай байх ёстой. Жил бүр төсөв хэлэлцэх үеэр Засгийн газраас санал боловсруулж УИХ-д оруулж ирдэг. Батлагдаад гарахдаа шал өөр болоод гардаг. Энэ үед Ерөнхий сайд нь “Би та нарын аргыг харж ажиллаж чадахгүй” гээд УИХ-ыг тараадаг байх хэрэгтэй байна. Гэхдээ энэ туйлын алхам юм. Яагаад гэвэл тэр ялсан намын дарга. Парламентыг тараалаа гэхэд манай нам дахин ялалт байгуулах уу, олонхи болж чадах уу гэдгээ бодож байж шийдвэрээ гаргана. Нөгөө талаас өөрийн байгуулсан Засгийн газрын үйл ажиллагааг жадлаад эсэргүүцээд байхгүйгээр байх ёстой юм байна гэдэг хариуцлагаа ухамсарлана. Энэ утгаар нь манайд сонгодог парламентын тогтолцоо нь илүү өгөөжтэй санагдаад байна.

-Ерөнхий сайд парламентаа тараах эрхтэй байя гэсэн саналыг та ярилаа. Гэтэл Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага УИХ байна гээд баталгаажуулчихсан. Мөн өнөөдөр парламентын гишүүд Засгийн газраа толгой дээрээ гаргаад үг хэлж чадахгүй боллоо гэж шүүмжилдэг. Гэтэл та эсрэг санал хэлээд байх юм?

-Ийм буруу ойлголт манайханд байна. Үндсэн хуулиар засаглалын хуваарилалтыг тодорхой хэмжээгээр тэнцвэржүүлсэн гэж байгаа ч амьдрал дээр сулруулсан. Өнгөрсөн 20 жилд гүйцэтгэх засаглал маш их хэмжээгээр суларсан. Ёстой оршин тогтнохын тулд хүн болгоныг аргаддаг, тал засдаг, таалагдах гэж ажилладаг. Сэтгэлгээ нь хэдэн сар, хол сэтгэлгээ гэхэд дөрвөн жилээс хэтрэхгүй байна. Уг нь нэгэнт ялсан нам юм чинь бодлогоо тодорхойлж чаддаг, хэн нэгнийг аргадах биш хэрэгжүүлэхийн төлөө тууштай явдаг байх ёстой. Парламент хууль тогтоох байгууллага болохоор хуулиа л баталдаг, Засгийн газраа дэмждэг байх юм. Гэтэл өнөөдөр наймааны төвшинд ажиллаж байна.Би энэ асуудлыг чинь дэмжье, чи эргүүлээд миний тэрийг дэмжээрэй гэдэг.Ийм маягаар төрийн ажил явахгүй. Эргээд энэ нь төрийг сулруулж, аюулгүй байдал, гадна дотны нөлөө гэдэг нь ийм замаар орж ирж байна. Хөгжлийн өнөөгийн шатанд тууштай, хүчтэй Засгийн газартай байх хэрэгтэй байна.

-Сонгуулийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Хоёр нам ямар хувилбарыг сонгох дээрээ санал нэгдээгүй байгаа. Сүүлийн үед жижиг мажоритари тогтолцоогоор явуулах тухай ч яригдах болж?

-Өнгөрсөн 20 жилд мажоритари систем давамгайлсан тогтолцоогоор явж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Сонгуулийн дараа сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг гомдол тасраагүй. Тэр хэмжээгээр парламент, Засгийн газар хүчирхэг байж чадаагүй. Тиймээс миний бодлоор пропорциональ тогтолцоо манайд хамгийн тохиромжтой юм гэж үзэж байгаа. Гэхдээ миний хүсээд байгаа100 хувь пропорциональ тогтолцоо батлагдах магадлал алга. Одоогоор холимог хувилбарыг ярилцаж байна. Энэ нь урагшаа нэг алхам ахиж байгаа болохоор дэмжинэ гэж бодож байгаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Улс төрийн намуудын дарга нар ч уулзаж ярилцсан. Гэсэн ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ганц парламент, хэсэг намын дарга нарын шийдэх асуудал биш гэж хуульчид үздэг.Үүнийг дэмжиж байна уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг тийм амархан хийчихгүй байх гэж бодож байна. Өөрчлөлт оруулахдаа яах ёстой вэ гэдгийг намрын чуулганаар шийдэж УИХ-ын тогтоол баталсан. Гэхдээ өөрчлөлт оруулах асуудал нь ямар хүрээг хамрахаас их зүйл шалтгаална. Тухайлбал, сонгодог жишээ болчихсон хот гэдэг үгийг үндсэн хуульд оруулах гэж байгаа бол, УИХ-ын гишүүнийг сонгохдоо Дорж, Дулмаа гэдэг хүнийг шууд сонгох уу, намынх нь дэвшүүлж байгаа хүнийг сонгох уу гэдгийг тодотгох гэж байгаа бол болно. Үүнээс өөр нарийн ширийн асуудал руу орвол хүндрэлтэй. Ингэсэн тохиолдолд УИХ-ын хүрээнд бус нийт ард түмэнрүүгээ хандаж, асуулга явуулж байж шийдэх хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг процедурын хувьд төвөгтэй, ярвигтай ажил.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин, 2011 оны 4 дүгээр сар 6, Нүүр 2.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *