Үйлдвэржүүлэлт Монголд амжилтад хүрэх үү?

Монгол Улсад үйлдвэржүүлэх бодлого шаардлагатай гэдгийг Ардчилсан нам 2008 оны УИХ-ын сонгуулиар зарласан билээ. Харин эрх баригчдын зүгээс энэхүү стратегийн зорилтыг приоритет болгон төрийн бодлогын хэмжээнд томъёологүй  юм. Гэсэн хэдий ч, АН-ын гишүүдийн чармайлтаар үйлдвэржүүлэлтийн  бодлого биеллээ олох дүр төрх харагдаж эхэллээ. Энэ байдал Өмнөговь аймаг дахь “хоёр толгой”-г тойрсон цогцолбор, Сайншандын парк  зэргээс илэрхий тодорч байна.

Монголын  эдийн засаг түүхий эдээс хараат.  Харин түүнээсээ салах арга замаа хайж бид өдий хүртэл явж ирсэн. Гэхдээ манайхтай адил төстэй асуудалтай тулгарсан ч  зохистойгоор шийдсэн цөөнгүй улс орон бий. Жишээ нь, Арабын Нэгдсэн Эмиратын  тухайд гэхэд л  хорь, гучин  жилийн тэртээ эдийн засаг нь нефтээс 100 хувь хамааралтай байсан бол өнөөдөр газрын тос эдийн засгийнх нь  дөнгөж 10 хувийг л эзэлж, бусад ашиг орлого нь  үйлчилгээ, аялал жуулчлалын салбараас орж ирж байна.

Монголын эдийн засгийн аль ч салбарт үйлдвэржүүлэлтийн арга хэлбэрийг аль болох  ахиухан нэвтрүүлж, түүнийгээ цааш  өргөжүүлэн хөгжүүлэх нь орчин цагийн эрэлт, тулгамдсан зорилт болоод байна.

Үйлдвэрлэлийн шинэ салбарууд үүсгэх, хуучныг шинэчлэх зэрэгт төрийн оролцоо дэмжлэг  шаардагдах нь мэдээж. Зарим нөхцөлд төрийн өмчийн нэгжээр дамжуулан инженерийн болон удирдлагын ур чадварыг эзэмшүүлэх, дээшлүүлэх талбар буюу инкубатор маягаар ашиглаж болно.

Үйлдвэржүүлэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнууд хөнгөлөлттөй зээл татаас, урамшуулал, онцгой эрх гэх зэрэг маш олон арга хэрэгслийг ашигласан байдаг. Бид ч мөн байгаа бүх боломж, арга хэрэгслээ ашиглаж таарна. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Үйлдвэржүүлэх бодлого явуулаад хөл дээрээ босч ирсэн улс орон тун цөөн.  Харин дампуурсан нь хэтэрхий олон билээ.

Амжилтад хүрсэн нь асуудалд бүтээлчээр хандаж, тухайн цаг үеийн шаардлага, түүхэн нөхцөл байдлаа зөв мэдэрч, хариуцлага сахилга батыг чанд мөрдүүлэн, шагнал шийтгэлийг зөв хослуулсан байдаг. Түүгээр ч барахгүй  эх оронч сэтгэлтэй хүмүүсийг дайчлан, төр засаг хэзээ “гарах” ёстойгоо онцгой анхаарч, зах зээлийн үндсэн зарчим чөлөөт үнэ, өрсөлдөөнийг ашиглан, нийт нийгмээрээ асуудлыг хүлээн зөвшөөрөх, дэмжих уур амьсгал бүрдүүлж, шантралгүй зүтгэсэн байдаг юм.

Тэгвэл дампуурсан улс, орнууд нь  ашиг сонирхлын зөрчилтөй олз хайгчдын гарт орж, шунахай сэтгэл, сэдэлд хөтлөгдсөн дарга нарынхаа идэш болсон түүх зөндөө.

Монголчууд үйлдвэржүүлэлтийг амжилтад хүргэж чадах эсэх нь,

  1. Улс төрийн тогтвортой байдлыг хэр удаан хадгалах (сонгуулиа шударга явуулж чадах эсэх)
  2. Нийгмийн хийрхэлийг зогсоох чадвар (хуурамч эх орончдын тоо эрс нэмэгдэж байгаа)
  3. Үйлдвэржүүлэлтийг ил тод, нээлттэй хэрэгжүүлэх чадвар (сайд, дарга нар нь өөрийн бизнестээ хувааж, хуваарилдаг)
  4. Аливаа төсөл, санаачлагын “эцгүүдээс” цаг тухайд нь салах чадвар (баярлалаа гэж хэлээд,  ХХХ төгрөг өгөөд явуулах чадвар)
  5. Шударга (төрийн хар хүний үнэлэмж буй болгож чадах (хамгийн хэцүү сорилт)
  6. Сонирхлын бүлгүүдийн лобби, дайралтыг сөрөн зогсох чадвар зэргээс хамаарах юм.

 

One comment

  1. таныг жинхэнэ эдийн засагчаар тодоруулая. баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *