УИХ-гишүүн Р.Амаржаргал: Ховдын төрийн алба нь төрлийнх болчихжээ

УИХ-гишүүн Р.Амаржаргал өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт ажиллаж, АН монгол орон даяар зохион байгуулж буй “Монгол хүн 2020-Ховд” хэлэлцүүлэгт оролцсоныхоо дараа орон нутгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр, “Алслагдсан аймаг орон нутгийг Улаанбаатар ойлгодоггүй юм байна. Гэхдээ Ховд аймаг нэг их арчаатай байж чадахгүй байгаа. Төрийн алба нь садан төрлийн алба болчихсон байх жишээтэй. Олон асуудал шийдэгдэхгүй явсаар байгаад энэ хүмүүс аймаг, орон нутагтаа байж чадахаа байж хот хүрээ газар руу шилжээд явцгааж эхэлсэн.

Энэ бол аймаг, сумын Засаг дарга нар ажлаа яаж хийж байгааг илэрхийлсэн гол үзүүлэлт гэж би хувьдаа дүгнэлээ. Энэ удаагийн томилолтоороо би ажилласан бүх сумын иргэдэд нэг л зүйлийг хэлж явлаа. Улаанбаатараас мөнгө өгөөд л байна. Гэхдээ та нар өөрсдөө чармайхгүй бол урагшаа явахгүй шүү гэж хэлсэн. Өнөөдөр дэлхийд олон улс байна. Тэр улсууд хөрөнгө оруулалтын төлөө уралдаж байна. Манай 21 аймаг ч гэсэн тэр мөнгийг авахын  төлөө өрсөлдөж байна. Ховдын удирдлагыг Төв аймагтаа харьцуулдаггүй юм аа гэхэд, хажуудаа байгаа Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгийгөөс илүү байх ёстой. Баянхонгорын Засаг дарга утсаа гурав дуугаргаж байж авдаг бол Ховдын Засаг дарга утсаа хоёр дуугарангуут авдаг байх ёстой. Увсынхан бизнесийн гурван хуудас бичиг шаарддаг бол манай Ховдынхон хоёр хуудас бичиг шаардах ёстой.

Ингэж өрсөлдөж байж бусад аймгаас нэг алхам, нэг минут, секунтын өмнө явж байж аймаг хөгжих ёстой. Гэтэл ийм юм үндсэндээ Ховдод байхгүй нь харамсалтай. Тийм учраас Ховдын удирдлага цаашдаа хүн амаа эндээ хадгалж үлдье гэж бодож байгаа бол бизнесийн орчныг таатай болгох ёстой. Аймгийн Засаг дарга энэ талаар томоохон ажил хийх цаг нь болсон” хэмээн онцолсон.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2011.05.23-ний Даваа гариг, 2 нүүр тал, сэтгүүлч Д.Мягмар

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *