Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд л… Өөрөө уншсан юм уу бүү мэд. Хүний бичсэн дээр л дуу оруулчих шиг болсон

-Монголын улс төр, эдийн засгийн амьдрал ши­нэ он гарсаар нэлээд бужиг­наантай байна. Энэ талаар та­н­тай ярилцах гэж зорьж ирлээ.

-Дуртайяа хүлээж авъя.

-Улс төрийн хүрээнд өр­нөөд байгаа хамгийн сонир­хол татахуйц мэдэгдэл АН-ын удирдлагуудын хамтар­сан Засгийн газраас гарах ту­хай байлаа. Гэхдээ мэдээж өнөөдөр хуралдах Үндэс­ний зөвлөлдөх хорооноос эц­сийн шийдвэр гарах байх тийм ээ?

-Мэдээж Үндэсний зөвлөл­дөх хорооноос шийдвэрээ гар­гана л даа.

-Намын удирдлагууд нь зас­гаас гарна гээд мэдэгд­чи­х­ээд байдаг. Гэтэл Үндэс­ний зөвлөлдөх хорооноос га­рах­гүй гээд шийдчихвэл яах вэ. Хувил­бар бол байж бол­но биз дээ?

-Онолын хувьд тийм ма­гад­лал байж болох юм. Практик дээр арай ч үгүй байх аа. Ма­най Үндэсний зөвлөлдөх хо­роо­ныхон бол улс төрийн ноён нуруутай хүмүүс. Улс төрийн тогоонд ч чамгүй олон жил чанагдсан хүмүүс. Эрх биш зөв шийдвэр гаргана гэж най­даж байгаа шүү.

-Харин засагт хамтарч байгаа МАН-ынхан ҮЗХ-ноос арай өөр юм хүлээж байна гэдгээ илэрхийлсэн. Ерөн­хий сайд АН-ынхныг шийд­вэрээ эргэж харна гэдэгт найдаж байгаа юм биш үү?

-Засгаас гарна гэдэг нэг­дү­гээрт нэг их шинэ зүйл биш. Олон жил ярьсан л зүйл. Миний байр суурь бол тодорхой. Бараг жилийн өмнө өгч байсан ярилц­лагадаа ч хамтарсан Засгийн газраас гарах цаг нь бүр өнгөр­чих­лөө гэж хэлж л байсан. Хам­тар­сан Засгийн газраас АН гар­на гэдэг нэг их сандраад цо­чирдоод байх зүйл биш шүү дээ.

Яахав хүн болгон өөр өө­рийнхөөрөө тайлбарлах байх. Энэ үйл явдлыг той­руулаад тодорхой хэмжээгээр улс төр хийгээд авчихъя, ганц нэг оноо нэмчихье гэсэн зо­рилго зарим нэгэнд байгаа байх. Ерөнхий сайдын хэлж байгаа үгийг ч тэр хүрээнд л явж байгаа болов уу л гэж бодож байна.

-Үнэнээсээ харамсаагүй, зүгээр л улс төр гэж үү?

-Матрын нулимс гэдэг нь л үнэн байхгүй юу. Хамтарч бай­гаа нам нь засгаас гарахаар дуугүй байгаад байж бол­доггүй… Тэгээд дүр эсгээд ха­рамсч байна гэсэн ганц хоёр юм эрх биш хэлэх ёстой бай­сан байх л даа. Тэрийгээ л хэлж байгаа байх.

-Ер нь тэгээд засгаас га­рахгүй бол сонгуулиар яаж ч өрсөлдөх юм.

-АН Засгаас гарч байгаа учир шалтгаан юу гээч. С.Бат­бол­дын Засгийн газраас гараад бай­гаа гэж харж болохгүй. Эцсийн эцэст хариуцлагагүйн тогтолцооноос гаръяа л гэж байгаа юм. Парламент сөрөг хү­чингүй болчихсон. Дуугардаг байсан чинь Баяр дарга хүрч ирээд одоо хамтарчихсан юм чинь дуугүй байна шүү гээд бүх юмыг байхгүй болгосон. Хааяа нэг хариуцлага тооцох гээд ярихаар найзан дундаа юм бол­гочихдог. Сүүлдээ нэг нэ­гэндээ юм хэлж чадахаа бай­лаа. Хэ­лэх ч аргагүй болсон л доо. Хэл­сэн нь ад үзэгддэг бол­сон юм чинь. Үндсэндээ ха­риуц­лага­гүйн энэ явдлыг л өөг­шүүлэхгүй гэж байгаа боло­хоос биш зас­гаас гарах нь ма­гад­гүй гуч­дугаар асуудал байх л даа.

-Гэхдээ бас хоёр намын дунд байгуулсан гэрээ гэж бай­гаа. МАН-ынханд энэ гэ­рээ­ний дагуу хамтарсан Зас­гийн газраас аль нэг нь дан­гаараа шийдвэр гаргаад гар­чих боломжгүй гэх байр суурь­­тай байгаа нь ч хараг­дана лээ.

-Томоор хараад үзвэл хоёр на­­мын хооронд байгуулсан гэрээ гэж байгаа нь үнэн. Тэр гэ­рээн дээр байгаа биелэгдэх бо­­ломжтой заалтууд нь үнд­сэн­­дээ биелэгдчихсэн. Үлдсэн нь яаж ч хамтраад биелэхгүй л байх­гүй юу даа. Яаж ч чар­май­сан, яаж ч гүйж харайсан бие­лэг­дэхгүй зүйл. Тиймээс өөрс­дийгөө ч, өрөөл бусдыг ч хуу­раад нийгэмдээ худлаа мэдээ­лэл өгөөд байх шаардлагагүй. Хийж болох зүйлээ хийчихлээ, үлдсэн нь яаж ч хичээгээд бие­лэх­гүй нь, одоо дүнгээ та­виулъя л гэж байгаа юм. Ерөн­хий сайд мэдэгдэл хийгээд л бай­на лээ. Өөрөө тэрнийгээ унш­сан юм уу, үгүй юм уу бүү мэд. Хэн нэгэн хүний бичиж өг­сөн юманд л мань эр дуу оруул­­чих шиг болсон. Хэрвээ унш­сан бол арай л ондоо юм ярих байсан байх. 82 хувийн бие­лэлттэй байна гэж мэдэг­дэж байна билээ. Юун 82 хувь бэ. Үсрээд л гуравны нэгийг бие­лүүлсэн бол их юм байгаа байх.

-Хариуцлагагүйн зуднаас сэргийлэх гэж засгаас гарч байна гэж ойлголоо. Тэгвэл үлдсэн хугацаанд АН-ынхан хүчтэй сөрөг хүчин байж, алдаа гаргасан тохиолдолд хариуцлагын асуудлыг нэ­лээд сөхөх нь ээ?

-Ямар ч байсан АН засгаас гар­­лаа гэхэд болохгүй бүтэхгүй асуудлууд дээр маш тод гэрэл тусгаж өгнө. Хамгийн эмзэг, бо­лохгүй бүтэхгүй асуудал дээр маш тод гэрэл тусгаж өгнө. Маш тод гэрэл тусгаад нийг­мийн анхаарлыг хандуулж өгнө гэдэг эрх баригчдад өгч байгаа том дохио, дэмжлэг. Энэ үүр­гээ ядаж гүйцэтгэх бололцоо нээгдэж байгаа юм.

-Бас өөр өнцгөөс тайл­бар­­лаж байна л даа. Сонгуу­лийн жил засгаас гарсан нь зөв. Тэ­гэхгүй бол янз бүрийн хуй­валдаан газар авна гээд л…

-Үүнийг их олон хүн хүлээж бай­сан. Сөрөг хүчний байр суурь байх­гүй болохоор ха­риуц­­лага­гүйн зуд дээр дооргүй бүх газар нүүрлэлээ.  Үүнээс болоод бид их бололцоогоо алдаж байна. Цаашид үргэлж­лүүлээд яривал нийгэмд шу­дарга ёс тогтоох гол гол үнэ­лэм­жийн чанартай юм­нууд хүр­тэл бүгдээрээ алдаг­даад байна шүү дээ. Би энэ тухай хүр­тэл саяхан захидал бичсэн. Өдөр тутмын сонинуу­даар ний­­тэлсэн дээ. Танай сонинд бас нийтлэгдсэн байгаа.

-Тийм байсан.

-Тэрэндээ энэ талаар дурд­­сан байгааг уншигчид анзаар­сан байх аа.

-АН-ын мэдэгдэлтэй зэ­рэг­цээд гарч байгаа үйл явд­лууд ч мөн л улс төр, эдийн засгийн амьдралд нэлээд бужигнаан авчирлаа. Жишээ нь АН мэдэгдэл хийсний мар­гааш шатахууны үнэ тэнгэрт хадлаа.

-Би дээр хэлсэн дээ. Энэ үйл явдлыг тойруулаад улс тө­рийн ашиг хонжоо олъё гэсэн юм­­нууд байхыг үгүйсгэхгүй. Ма­най намын даргын мэдэгдэл аз таарч энэ бүх үйл явдлууд өр­­нө­хөөс өмнө гарсан. Сүүлд нь өрнөж байгаа энэ юмнуудыг бол зарим нэгэн сонин хэвлэл дээр гарна гэсэн мэдэгдэл нь ийм юм руу түлхчихлээ гэсэн тайл­бар хийх гэж оролдож, бусдад ит­гүү­лэх гэсэн оролдлого явж байна лээ. Гэхдээ үүнийг нэг их явуур­гүй байх аа л гэж бо­дож байна.

-Өчигдөр нөөцийн ма­хыг худалдаанд гаргах шийд­вэр гаргалаа. Гэтэл МАН-ын зарим сайд нөөцийн махыг худалдаалахаа азная, үүгээр жаахан улс төрийн оноо цуг­луулъя гэсэн гэх юм?

-Чихээрээ сонсоогүй боло­хоор хэлж мэдэхгүй юм. Гэх­дээ МАН-ынхан ярьсан гэдэг баримт гараад ирвэл нэг их гайхахгүй. Ер нь том дүр төр­хөөр нь харвал Монголын эдийн засгийн гурван эмзэг цэг байгаад байгаа юм.

-Тэр нь юу билээ?

-Нэгдүгээрт нь бол мах. Мон­голчуудын гол үндсэн хэ­рэг­лээ. Тэгэхээр гол хэрэглээ бол­сон мах нь хүртээмжтэй, ард иргэд худалдаж авч ча­да­хуйц үнэ ханштай байх нь өө­рөө зөвхөн эдийн засгийн биш нийгмийн, улс тө­рийн асуудал байдаг. Тиймээс махыг төр засаг, ялангуяа Зас­гийн газар онцгой анхаарч байх ёстой байдаг. Харамсалтай нь энэ Засгийн газар энэ үүргээ умарт­чихсан, мартчихсан.

-Мартчихсан гэж үү?

-Тийм, мартчихсан. Зүгээр л мартчихсан. Уг нь бол аль өн­гөрсөн намраас л сис­тем­тэй­гээр хийж байх ёстой бай­сан. Гэтэл Ерөнхий сайд сагс тоглоод л алга болчихсон ш дээ. Махны асуудлаа мартчих­сан л байхгүй юу. Хөдөө аж ахуйн сайд ч энэ дээр ан­хаа­раагүй. Эцсийн дүндээ махны хомсдол үүсч, үнэ нь тэнгэрт хад­лаа. Цагаан сараар ууц ба­раг 500 мянга болоход нэг их гайхахааргүй л болчихлоо. Тийм хариуцлагагүй байдалтай л байна. Нөгөө талаар чөлөөт зах зээл, чөлөөт зах зээл л гээд бай­на. Үнэн хэрэг дээрээ чө­лөөт зах зээл чинь 22-ын тов­чоон дээр л дуусчихаад байна. 22-ын товчоон дээр кг мах 1750-иар хүрч ирж байгаа. Энд бо­лохоор 7000 хүрээд байна. Энэ зөрүү хаашаа, юу болоод яваад байна гэхээр сүлжээ нэр­тэй хэсэг бүлэг рүү, сүлжээнд хамрагддаг албан тушаалтнууд руу л явж байна. Эц­сийн дүндээ ард иргэд нь маш хүчтэй дарамтанд ор­чих­сон л иймэрхүү байдалтай бай­на. Төр засаг үүнийг шийдэж байх үүрэгтэй л дээ. Би юу хэлэх гээд байна гэхээр нэг­дүгээр эмзэг цэгээ манай Зас­гийн газар үндсэндээ март­сан гэдгийг хэлье. Энэ бол мэргэжлийн биш Засгийн газар, хариуцлагагүй Засгийн газар, ажлаа мэддэггүй Засгийн газар л гэж дүгнэхээс өөр арга байх­гүй. Хоёр­дугаар эмзэг цэг нь шатахуун. Бид өөрсдөө бо­ловс­­руулж чаддаггүй. Боловс­руу­лах үйлдвэр бай­гуулъя гээд хууль санаачла­хаар тэр нь ямар нэгэн байдлаар үл үзэгдэх ханан дээр очоод зогсчихдог. Ер нь энэ төрлийн юм санаач­лаад ямар нэгэн дэмжлэг авч ча­дахгүй л байна. Ямар сайн­даа л саяхан Алтангэрэл ги­шүүн, би гээд 17 гишүүн хуу­лийн төсөл өргөн барих вэ дээ. Одоо энэ ажлаа урагшлуулаач ээ гээд. Аргаа ядсан хэрэг л дээ. Уг нь бол мөрийн хөтөл­бөрт нь байгаа л зүйл. Энэ аж­лаа манай Засгийн газар бас хийж чадаагүй. Нөөцөө бүр­дүү­лээгүй. Манайх шатахуунаа Оро­соос л авдаг. Орост ямар хө­дөлгөөн хэзээ яаж гарч бай­гааг одоо таамаглаж болж бай­гаа байхгүй юу. Тэр менеж­мен­тээ хийгээгүй. Дараагийн нэг том асуудал нь юу вэ гэхээр тогт­мол авдаг барааны гэрээ хэл­цэл ядаж урт хуга­цааны байх ёстой. Гурван сар, зур­гаан сар, жилээр яригддаг байх ёстой. Тэр юмнуудаа хийж ча­даагүй. Тэр ажлыг нь хариу­цаж байгаа хүн нь ажил хэргийн мэд­лэггүй байгаа юм. Мэд­лэг­гүй дээрээ сэтгэлгүй. Ажлын­хаа мөн чанар руу ордог хүн алга байна. Үү­нийгээ хийж чадахгүй бай­саар байдлыг хүндрүүлчихээд одоо юу гэж ярьж байгааг та бүхэн харж байгаа биз дээ.

-Валютын ханшны өсөлт шатахууны үнийг хөөрөгд­лөө гээд үү?

-Тийм. Тэгвэл бодит бай­дал дээр арай өөр. Яг на­рийн­даа шатахууны үнэ өсч байгаа яв­дал зүгээр л үүнийг тойрсон ямар сүлжээ гэх юм томъёолж ча­дахгүй байна. Ёстой нөгөө аалзны тор нь юм уу. Тэр сүл­жээний зүгээс ард иргэдийн нуруун дээр ногдуулж байгаа асар их дарамт.  Энэ бол дэн­дүү хариуцлагагүй явдал. Үү­нийг зохицуулах бүхэл бүтэн яам байгаа. Энэ яам зүгээр л ажлаа мэдэхгүй бай­на. Үүнийг хариуцсан бүхэл бү­тэн агент­лаг байж байна. Үгсэн хуйвал­даад байдаг юм уу бүү мэд. Ямар ч байсан эд нар ард иргэ­дийн биш эздийн эрх аш­гийг л хамгаалаад явж байх шиг байна. Энэ асуудал хоёрдугаар гол эмзэг сэдэв. Яахав гад­наас авдаг болохоор гаднын бо­дит хүчин зүйл байгаа л байх. Бодит хүчин зүйлийг нь аваад үзэ­хээр арван хэдэн хувиас хэт­рэхгүй байгаа юм. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өс­сөн байдал ч гэсэн ОХУ-ын до­тоодын зах зээлд өрнөж бай­гаа үйл явдал ч гэсэн ар­ван хэдэн хувиас хэтрэхгүй бай­гаа. Гэтэл сүүлийн хоёр жил бен­зин шата­хууны үнэ 66 ху­виар өс­чихлөө. Үүнийг даа­жиг­нал гэх юм уу, доромж­лол гэх юм уу би мэ­дэх­гүй бай­на. Энэ бол Засгийн газар дэн­дүү сул бай­гаагийн, дэндүү ха­риуцлагагүй байгаагийн но­толгоо.

-Шатахууны үнэ нэмэгдэ­х­эд валютын үнэ нэг их нө­лөөлөөгүй юм бол юу нө­лөөлсөн байх вэ, улс төр үү?

-Яахав би тэгж нэг их улс­төрж­сөн тайлбар хийж чадах­гүй нь. Гэхдээ асуудлын учрыг олъё гэхэд маш амархан ш дээ. ШТС-уудынхаа жагсаалтыг гаргаад хэн хэдийг оруулж ирж байна, дотоодын зах зээлд хэдэн хувийг эзэлдэг юм байна гэдгийг гаргаад ирж болно. Тэгээд энэ компаниуд хааш нь оруулж ирсэн шатахуунаа ний­лүүлж байна гээд л тоог нь гар­гаад ирэхэд улс төрийн учир шалтгаан байсан уу, үгүй юү гэдэг нь харагдах учиртай.

-Тэгвэл гуравдахь эмзэг сэ­дэв нь мэдээж валют байх нь?

-Мэдээж валют. Манайх сүү­лийн хэдэн жил валютын нөө­цөө нэмэгдүүлж, 2.5 мил­лиард долларт хүргэчихсэн. Ийм бололцоотой мөртлөө ханшаа алдчихаад байна гэдэг Монголбанкны хариуцлагагүйг л харуулж байгаа юм. Он га­раад аравхан хонож байна. Арав­хан хоногт хоёр хувиар өс­лөө. Өнгөрсөн арван сараас хойш аваад үзэхэд үндсэндээ 15 хувиар өсчихөөд байна. Үү­нийг элдэв янзын хүн рүү түл­хэх юм байхгүй. Ханш ийм бай­далд хүрсэн нь хоёр гурван учир шалтгаантай.

-Тэр нь юу билээ?

-Нэгдүгээрт нь Монголбанк маш буруу менежмент явуул­сан. Эцсийн эцэст Монголбанк хамгийн гол нь хүлээлтийг за­лах байдаг. Хүлээлтийг залах үйл ажиллагаагаа дэндүү ха­риуц­лагагүй явуулсан. Бухим­дуу­лах л үйл ажиллагаа явуулж, бухим­дуулах л мэ­дэг­дэл хий­гээд бай­сан болохоос биш юмны учир начрыг зөвөөр тайл­барлаагүй. Хүлээлтийг зөв гол­ди­рол руу залах талаар юу ч хийгээгүй. Хоёрдугаарт зөв гол­дирол руу оруулах хүлээл­тээ дэмжсэн алхам хийгээгүй. Хам­гийн наад зах нь эрх зүйн зохицуулалтын шинж чанартай алхам огт хийгдээгүй.

-Жишээ нь эрх зүйн ямар зохицуулалт хийх ёстой бай­сан бэ?

-Ганцхан жишээ л хэлье. Өн­гөрсөн дөрөвдүгээр сард шиг санагдаж байна. Хятадын төв банкны ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Тэгээд Мон­гол Улстай юань төгрөгийн своп гэрээ байгуулсан. Таван мил­лиард юань гэсэн шиг санагдаж байна. Манай эдийн засгийн хувьд асар их мөнгө шүү. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх дүрэм журмаа Монголбанк батлаагүй бай­сан. Бараг жил болоход хий­гээгүй л байсан. Явж явж сая элдэв янзын шуугиан гарахад өчигдөр гэнэ үү хуралдаад нэг шийдвэр гаргахаар болсон юм шиг байна. Одоо үүнийг хэрэг­жүү­лэх гэсээр байтал цагаан сар гарч хавартай золгох нь байна. Бусдыг нь ярихаа больё. Ядаж өөрсдөөсөө ха­маа­­рах зүйлийг л хийчихгүй бай­гаа биз дээ. Монголбанкны ерөнхийлөгч дүрэм журмаа батлаад гарын үсэг зурчих л асуудал шүү дээ. Дүрэм жур­маа л гаргаж чадахгүй ес, ар­ван сар алдчихсан байна. Ийм хүнд Монголын макро эдийн зас­гийн хувь заяаг даатга­чи­хаад явна гэдэг үнэхээр бо­лохгүй юм байна. Тийм учраас манай намын бүлэг Монгол­банкны ерөнхийлөгчид хариуц­лага тооцох нь зөв юм байна гээд УИХ-ын даргад өргөн бари­хаар шийдвэрлээд байна даа.

-Яг хэзээ өргөн барих бол?

-Ямар ч байсан бичиг ба­римтаа бэлэн болгосон. Гар хө­лийн үсгээ зурах л дутуу байгаа байх.

-Монголбанкны ерөн­хий­лөг­чийг огцруулах тухай яриа болоогүй байхад дол­ларын ханш 1470 хүрсэн. Ха­рин ганцхан хоногийн дотор 1410 болж бууж байх юм. Зо­хиомол хөөрөгдөл бас ор­сон байсан юм биш байгаа?

-Энэ савалгаа угаасаа эрүүл бус байдлыг л харуулж бай­гаа юм. Мөнгөний бодлого, валютын ханшны бодлого дэн­дүү савалж байна. Нэг хувиар нааш цааш хөдлөхийг бол ойлгож болно. Ингэж савлаад эхэлнэ гэдэг бодлого буруу байгааг л харуулж байгаа.

-Эцэст нь улстөрчийн хувьд биш эдийн засагчийн тань хувьд ганцхан асуулт асууя. Ерөнхий сайд болон эрх баригчид эдийн засгийн асар их өсөлттэй байна гэж илтгэл болгондоо дурдах юм. Энэ хэр бодит үзүүлэлт юм бол оо?

-Эдийн засгийн өсөлт байгаа нь үнэн. 20-30 хувь нь юу юм. Ямар ч байсан өсөлт байна. Цаашид эдийн засгийн өсөлт өрнөх магадлал өндөр. Асуудал юундаа байна гэхээр энэ эдийн засгийн өсөлтийн үр шим нь нийгэмд яаж тусч байна гэдэгт л байна. Нийг­мийн баялгийн хуваарилалт бол үндсэндээ огт орхигдсон. Эдийн засгийн өсөлт чинээлэг нэгэнд нь очиж наалдаад байгаа болохоос биш, ядуурал буурч байгаа юм алга.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, 2011.01.11, ярилцсан С.Ононтуул

2 Comments

  1. goy yriltslaga bn………….nadd talagdlaa . . .bi neg ym asuh gesiin setgulche mini umnos asugad ugooch. . . .ardchilsan nam inged zasgiin gazras garch bga ni ireh songuulid nuur bardam oroltsh gj yriad bga . .tgvel barag ard irgediin huvid ner turoo shorotoi hamt hutgad haylaa iim bhad ene songuuli ardchilsan nam yln gdg naidvar yu ch haragdhgui bn engin irgedin nuder. . . .tednii zasgiin gazar ch burdhgui bh barag mash baga suudal avah bhaa irgdiin durguitsliig harahad. . . uunes ulbaataigar neg asult garch irj bgan ter ni . .ene songuulid yaj oroltshuu gui yu gdg talar setgulch ta mini umnos asugad ug

  2. Хэдэн жилийн өмнө Амаржаргал гуай залуу сайхан ах зурагтаар гардаг байсан санагдах юм. Хурдан оворжиж байна. Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай гэж … :p

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *