АН-ын ҮЗХ-ны 35-р хурал дээр хийсэн мэдэгдэл

Эрхэм журмын нөхөд өө, дэмжигч олон түмээн

Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх Ардчилсан намын эрхэм зорилго, тулгуур үнэт зүйлс, үзэл баримтлал алдагдах болсоор удлаа.

Ардчилсан Нам хүний алив эрхийг хүндэтгэсэн барууны үзлийг баримтлагч, ардчиллыг хамгаалагч, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх дайчин чадвараа гээсээр байна. Популистуудын тоглох орон зайг чөлөөтэй тавьж өгч, бусдыг аялдан дагагч болсон нь улам бүр илэрхий болсоор байна.

Халамжийн хэт хавгайрсан бодлого үйлчилж, ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр амар хялбар амьдрах сонирхол халдварлан тархсаар буй нь аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрлээ. Монголчууд бид төр, засгаас өглөг, авлага горьдогсод болон хувирч, эрх чөлөөгөө хямдхан худалдсаар байна.

Ардчилсан Нам хамтарсан Засгийн газарт багтсаныхаа төлөөсөнд хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалах ариун үүргээ умартсаар байна. Хариуцлагагүй, ёс журамгүй байдлыг өөгшүүлж, хууль бус, гажууд, үйлдлийг шүүмжлэх эрх, чадваргүй болтлоо доройтсон нь нэн харамсалтай. Ардчилал, эрх чөлөөний үзэл баримтлалдаа үнэнч тууштай, гишүүд, дэмжигчид, иргэдтэйгээ хамт байх уу? Популистууд, эрх баригчидтай хамтарсаар, үнэт зүйлсээ өдрөөс өдөрт алдаж гээсээр байх уу?

Энэ бүгдийг харж, мэдэрч санаа зовнин буй АН-ын гишүүд, дэмжигчид намынхаа ирээдүй, нэр хүндэд анхааран, үнэт зүйлсээ сэргээн хөгжүүлэх хэрэгтэй байгаа билээ.

Учир иймд,

Нийгмийн хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж, шударга хөдөлмөрийг эрхэмлэн дээдэлдэг, ажил хөдөлмөрөөрөө хангалуун амьдрах бололцоог ард иргэдэд олгох, жинтэй дундаж давхаргыг бүрдүүлэх

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг түргэтгэх, ялангуяа үндэсний хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийг тэргүүн эгнээнд тавих, тэднийг түшмэдийн элдэв дарамтаас чөлөөлөх

Төрийн албыг нийтийн үйлчилгээний албад болгон өөрчлөх, Засгийн газрын үрэлгэн, нүсэр бүтцийг цомхон, чадварлаг болгох, Үндсэн хуулинд заасан иргэн, хувь хүний заяагдмал эрхийг бүрэн хангах зорилтыг Ардчилсан намын тэргүүн зэргийн бодлого, зорилгоо болгож,

“Иргэн баян бол улс баян” хэмээсэн Ардчилсан намын унаган үзэл санаа, баримтлал дээрээ эргэн бууж, хэрэгжүүлэхийн төлөө МҮДН фракцийн үйл ажиллагаагааг сэргээж буйг мэдэгдэж байна.

2012-01-11

One comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *