Beautiful Plants For Your Interior
Ардчилсан нам С.Батболдын биш, Айвенхоу майнзын Засгийн газраас гарч байгаа юм
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын МҮДН фракцийн тэргүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.
-МҮДН фракц албан ёсоор фракц болсноо зарласны учир юу вэ?
-Ер нь үүх түүх талаасаа бас их сонин юм байдаг юм л даа. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр улс төрийн нам, хөдөлгөөнүүд өөр өөрийн чиглэл, үзэл баримтлалтайгаар үүсч байсан. Тэр дотроос Шинэ дэвшилтэт холбоо, Монголын Үндсэний дэвшлийн нам гэж байгууллага үүсч гарч ирэхдээ бусдаасаа арай өөр харагдаж байсан юм. Ерөнхий цөмийг нь эдийн засагч нар бүрдүүлж байсан. Бид хуучин нийгмийг засварлах тухай ойлголт байхгүй, цоо шинэ эдийн засаг, улс төрийн тогтолцоо бүрдүүлнэ гэж ярьж байсан. Тэр нь зах зээлийн эдийн засаг буюу шууд капиталист эдийн засаг байх тухай юм. Бусад нь социализмыг төгөлдөржүүлэх, боловсронгуй болгоно гэсэн юм яриад байсан л даа. Бидний хувьд хувийн өмч дээр тулгуурласан чөлөөт, үйлдвэрлэл дээр тулгуурласан зах зээлийн эдийн засгийн тогтолцоо буюу капиталист эдийн засгийг бий болгоно гэсэн асуудал тавьж, улс төрийн хүрээнд бол төлөөллийн ардчилал буюу парламентын ардчилал байна гэдийг гаргаж тавьж байсан. Тухайн үед энэ нь олны анхаарал татаж байсан.
Тэгээд явсаар үйл явдал өрнөж 2000 оны 12 дугаар сарын 6-нд улс төрийн намууд нэгдэж нийлээд Ардчилсан нам үүсч байсан. Ардчилсан намын үндсэн баримт бичгийг боловсруулахад бид идэвхтэй оролцсон. Тэр дотор гол гол үзэл санаанууд тусгагдсан юм.
Ардчилсан намын тулгуур үнэт зүйлс, эрхэм зорилго, үзэл баримтлал гэж гурван үндсэн хэсэг бий. Тэр гурав дотор үндсэндээ барууны чиглэлийн үзэл санаанууд маш тодорхой тусагдсан байдаг. Тэр бүгд одоо алдагдчихаад байна. Тиймээс үүнийгээ дахин сэргээе. Үндсэн үзэл баримтлал дээрээ эргэж бууя гэсэн санаа дэвшүүлээд байгаа юм.
-Яагаад алдагдсан гэж…
-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлыг эдийн засгийн талаас нь харахад халамжийн хавтгайрсан бодлого газар сайгүй явчихлаа. Ажил хөдөлмөр хийхгүй байж байгаад амар, хялбар амьдрах гэсэн сонирхол асар их газар авлаа. Үүнийг бид аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрлээ гэж үзээд байгаа юм. Эцсийн дүндээ монголчууд бид төр засаг руугаа харсан өглөг горьдогсод болж хувираад байна. Эрх чөлөөгөө хямдхан худалдаад байна.
Ардчилсан нам дотор болж байгаа үйл явдлыг харах юм бол танигдахаа больсон. Хэзээ Ардчилсан нам ийм байлаа. Дайчин байсан, давшингуй байсан. Байнга шинийг сэддэг байсан. Тэр нь зөв, буруу гэдэг бол өөр асуудал. Сэдсэн шинэ зүйлээ нийгэмд таниулж явдаг байсан. Энэ шинж чанарууд үндсэндээ байхгүй болсон.
Одоо унжийсан, үлбийсэн, хүн танихын аргагүй шахуу болж. Сая харин манай ҮЗХ-ны хурал телевиз, хэвлэлээр шууд гарсан. Хүмүүс дараа нь утасдаж, мессэж явуулахдаа “Ардчилсан нам буцаж ирлээ” гэсэн байна лээ. Энэ талаас нь аваад үзсэн ч бид гол зарчмаасаа ухарсан учраас баримжаа байхгүй болчихсон. Хүний сонсъё гэсэн, хүний чихэнд таалагдсан юмыг л дуугардаг өөх биш, булчирхай ч биш оноо цуглуулсан л байгууллага болж хувирлаа. Өөрийн гэсэн зарчим, бодлого, шугамтай, тэр шугам дээрээ тууштай зогсож чаддаг нам байсан.
-Энэ байдлыг МҮДН фракц яаж өөрчилнө гэж?
-Гол санаа нь энэ намын дүрэмд байгаа үндсэн үзэл баримтлал, тулгуур үнэт зүйлсээ сэргээе. Намын бодлогыг намын удирдах дээд байгууллага, ҮЗХ, ГЗ, эсвэл УИХ-д нийгэмд өрнөж байгаа асуудлууд, УИХ-аар хэлэлцэж хуулиуд дээр намынхаа үндсэн үзэл баримтлал байр суурин дээрээсээ хандаж байя гэсэн санаа юм. Энийгээ л хэрэгжүүлэх юмсан гэж бид хэлээд байгаа юм.
-Танай фракц АН дотроо тийм хүчтэйд орно гэж үү. Гишүүн цөөнтэй санагдах юм?
-Тиймээ. Манайх хүн цөөнтэй, хэзээ ч тэгж олонхиор түрий барьж ирээгүй л дээ. Бид асуудлуудыг гаргаж тавьж, намын гишүүддээ хандъя гэсэн юм. Зөв юм ярьж байгаа бол дэмжигдээд л явна. Биднийг хэрвээ буруу юм ярьж байна гэх юм бол дэмжигдэхгүй.
-Саяхан болсон ҮЗХ-ны хурлын үйл явцыг та юу гэж дүгнэх вэ?
-Нэг асуудал байгаа юм. Суурь юмаа барьж явах ёстой. ҮЗХ-г зүгээр нэг зохион байгуулалттай байгууллага гэж хандах юм бол нэг ондоо. Энэ намын их хурлуудын хооронд эрх барих дээд байгууллага. Тулгуур үнэт зүйлс хэр хэрэгжиж байгаа вэ. Бид энэнээсээ гажиж байна уу, хадуураад явчихсан уу, энэ бүх асуудлыг харж, хянаж, үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой, байгууллага бол ҮЗХ.
Бид чинь суурь юм руугаа ердөө орж өгөхгүй эцсийн эцэст албан тушаалын, зохион байгуулалтын асуудал шийддэг байгууллага болгож хувиргачихаад байгаа учраас авахад хэцүү, хаяхад хэцүү, маргаан гэхэд хэцүү, хэрүүл ч гэхэд хэцүү юмнаас салж чадахгүй байна л даа. ҮЗХ бол бодлогоо барьж байх ёстой. Үүндээ тулгуурлаад өрнөж байгаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгдөг байх ёстой.
-Хамтарсан засгаас гарах тухай танай фракц ярьж эхэлсэн. Энэ бас асуудлыг хурдасгачихав уу?
-Үгүй байх аа. Өмнө нь зөндөө л яригдаж байсан шүү дээ. Асуудлын гол нь засгаас гарахдаа байгаа юм уу, эсвэл өөр юм байна уу. Өнөөгийн Засийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа нь өөрөө нийгмийн эрх ашигт хэр нийцэж байгаа юм. Харахад зүгээр ч юм шиг, өдөр тутмын асуудал шийдэгдээд байгаа юм шиг боловч урт хугацаанд энэ нь ямар үр дагавартай байж болохов. Нийгэмд хор хөнөөлтэй юу гэдэг талаас нь харах ёстой юм. Хоёрхон жишээ хэлье л дээ. Эхнийх нь хариуцлагын тогтолцооны асуудал.
Монгол Улсын эрх ашиг юу шаардаж байна. Үнэхээр шударга нийгэм байгуулъя гэж бодож байгаа юм бол хамгийн түрүүнд хариуцлагын тогтолцоо байх ёстой. Хариуцлагын тогтолцоог төр засгийн бүх байгууллага, нутгийн удирдлагын бүх шатанд бүрдүүлэх ёстой байсан. Гэтэл энийг өнгөрсөн гурван жилийн байдлаас харах юм бол тэр ойлголт үндсэндээ байхгүй болчихлоо. Хариуцлагын тогтолцоо бол тэр чигээрээ алдагдсан гэж хэлж болно.
Яагаад хариуцлага тооцдоггүй юм гэхээр бид хамтарчихсан. Том том юм хийх гэнэ гэх нэрээр халхалчихаад болохгүй бүтэхгүй байгаа зүйлстэй эвлэрч ирсэн. Харсан мөртлөө хараагүй юм шиг нууж явсан. Тодорхой яривал амаа боолгочихсон л явсан. Тэгэхээр гол асуудал нь засгаас гарах гарахгүйдээ гол нь биш. Энэ хариуцлагагүйн тогтолцоог ингээд өөгшүүлээд яваад байх юм уу эсвэл төрийн үндсэн зарчим гэж ойлгох юм уу гэх сонголт л байсан. Иймээс бид гарах нь л зүйтэй гэж үзсэн. Дараагаар нь бидний анхаарлын төвд байгаа уул уурхай тэр дундаа Оюутолгойн төсөл маш их яригдсан. Энэ яахав явж байгаа нь явж байгаа. Энийг тойрсон гэрээ хэлэлцээрүүд нь хэр үр дүнтэй байдаг юм гэдгийг нийгэм хоёр гурав хуваагдчихаад л яриад байна ш дээ. Тэгээд эцэстээ бол Ардчилсан нам С.Батболдын Засгийн газраас гараад байгаа ч юм биш. Харин Айвенхоу майнзын Засгийн газраас гарч байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдын Засгийн газраас гарах тухай асуудлыг тавьсан гэж ойлгож болно. Үндэсний зөвлөлдөх хорооны хурал чинь нийгэмд тулгамдсан, Улс төрийн байгууллагын өмнө тавигдаад байгаа асуудлыг өөрийнхөө зарчим, үзэл баримтлалд, дүрмэндээ заагдсан тэр гол эрхэм зүйлүүдээсээ үзэх юм бол нэг ондоо тайлбар, гаргалгаа гарч ирнэ. Харин өрсөлдөөн гэх өнцгөөс нь харвал бас өөр. Бид хэзээ ч тэр байдлаас харж, хандаагүй. Бидний цөөнх гэдгийн утга учир эндээ бас байгаа байх.
-Намын дарга Н.Алтанхуяг бусадтайгаа зөвлөлдөлгүйгээр Хамтарсан Засийн газраас шийдвэр гаргасан. Намын даргаас нь болиулах гэж гэх зэрэг яриа яваад байгаа ш дээ. Үүн дээрх таны байр суурь ямар байна?
-Үндэсний зөвлөлдөх хороон дээр би нэг зүйлийг л хэлсэн ш дээ. Тэр гарах шийдвэр бол зөв өө. Энэ тухай жилийн өмнө ч ярьж байсан. Ярихдаа бид цаг нь өнгөрчихлөө гэж байсан. Асуудал нь юундаа байсан гэхээр гарахдаа сайн ч бай, муу ч бай улс төрийн нам шүү ухаантай юм бол улс төрийнхөө орон зайг тэлээд гарах ёстой. Гэтэл энэ юу болж хувирсан бэ гэхээр намын даргын мэдэгдэл гарснаар нийгэм Ардчилсан намыг шал ондоогоор харж эхэлсэн. Тэгээд үүнийг сөрөг хүчин маань овжин ашиглахаа мэдэлгүйдээ. Их “гоё, гоё” хэллэгүүд хэлээд л. “Ханилж яваад нөхрөө..” гэх зэргээр хэвлэл мэдээллийн дайн зарлаад эхлэхээр Ардчилсан намын рейтинг унасан.
-Тэгээд намын нэр хүндийг унагахгүй яаж гарах ёстой байсан гэж…
-Орон зайгаа тэлээд гарах ёстой байсан. Яагаад гарах болж байгаа гэдгээ эхлээд хэлэх ёстой байсан. Монгол Улсын Засгийн газар байх юм уу, Айвенхоу Майнзын Засгийн газар байх юм уу гэх асуудлуудтай учирчихаад байдаг. Гэх мэтчилэн асуудлуудаа гаргаж ирж тавьж түүн дээрээ хэлэх зүйлсээ хэлээд дүгнээд гарах ёстой байсан. Гэтэл шал ондоо схемээр яваад өгчихсөн. Түүнд нь л бид харамсаж байгаа юм л даа. Тэгэхдээ яахав ард түмэн учир начрыг нь ойлгож л таараа.
-Намын их хурал хуралдуулахаар фракцуудын дунд тохирсон байсан юм байна гэж ҮЗХ-ны үеэр тодорхой харагдаж байсан. Өмнө нь та нар хэрхэн тохирсон байв?
-Намын хурал хуралдах асуудал бол УИХ-ын сонгуулийн өмнө гарцаагүй байдаг зүйл. Тэгэхээр үүн дээр намын их хурал хуралдах уу, үгүй юу гэх асуудал байгаагүй. Харин хугацааг нь наашлуулах уу үгүй юу л гэдэг л ойлголт байсан юм.
-Н.Алтанхуяг болон Х.Баттулга гээд хуваагдчихсан харагдаад байсан. Миний сонссоноор МҮДН Х.Баттулгын талд зогсохоор тогтчихсон байсан гээд байгаа. Гэтэл тохирсондоо хүрэхгүй зарим нь хуралдаа ирээгүй ч гэх юм. Зарим нь нөгөө талд мандатаа өргөж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Би бол үүнийг нэг их чухал асуудал гэж үзэхгүй байгаа. Гол асуудал нь бол хоёр намын хамтарсан гэрээ гэж нэг юм бий. Хэрэгжих бололцоотой заалтууд нь бол хэрэгжчихсэн. Харин хэрэгжээгүй үлдсэн нь бол хэрэгжих бололцоогүй л байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам сонгуульд олонхи болж байж, өөрөө засгаа бүрдүүлсэн нөхцөлд л хэрэгжих боломжтой байсан. Гэтэл ирэх зургаан сард болгоно, хэрэгжүүлнэ гэж яриад яваад байгаа нь бол өөрөө л бусдаар даажигнасан, өөрийгөө хуурсан хэрэг. Би хувьдаа үүн дээр үнэнийг хэлэх үү, үгүй юу гэх сонголт байсан гэх өнцгөөс энэ хурлыг хараад байсан. Тэрнээс Женко, Алтанхуяг хоёрын хоорондын асуудлыг бол гучдугаар асуудал гэж хэлмээр байна.
-Танай намынхан өөрснөө энэ асуудалд анхаарлаа хандуулсан юм шиг санагдсан.
-Энэ намд чинь өөр өөрийн гэсэн бодолтой, эрх ашигтай, үнэлэмжтэй хүмүүс байгаа. Тиймээс янз янзаар л харж байгаа байх. Харин бидний хэсэг нөхдийн харж байсан өнцөг бол түрүүний миний л хэлсэн үгс, гаргасан санаа. Ийм бодлогын чанартай асуудлуудаа нэгдүгээрт тавьж, тэр өнцгөөс нь л асуудлуудыг ойлгож байсан.
-Тэр хоёр байлдаад байсан гэвэл та аль талд нь байсан юм бэ?
-Бид энэ асуудлыг аль жилийн өмнө тавьчихсан учраас Засгаас гарах ёстой гэдэг асуудлыг л тавьж байсан. Намын даргадаа ч засгаас гарах цаг нь аль хэдийн болчихсон юм биш үү гэж хэлж тавьж байсан.
-Та Алтанхуяг даргын талд байсан гэсэн үг үү?
-Гарах тухай асуудлыг тавьж байсан хүн чинь Баттулга ш дээ. Бас МоАХ фракц.
-Танай фракц эвтэй байж чадсан юм уу?
-Бид сүрхий тэгж хайрцаглаж ордоггүй. Бодлогын хувьд л юмаа ярина.
-Сая С.Ламбаа, Ц.Баярсайхан гээд нэлээд хэдэн хүн танай фракцаас нөгөө талд мандат өргөсөн болохоор л асуугаад байгаа юм?
-Техникийн л чанартай зүйл байсан болов уу л гэж бодсон. Түүнээс бодлогын чанартай ингэчихлээ гэж бодоогүй. Тэгж яривал Засгийн газраас гарах, намын их хурлыг нааш нь татъя гэдэг дээр нэг л байр суурьтай байсан.
-Ардчилсан намыг эвтэй байж л сонгуульд ялна. Дахин ҮЗХ-ны хурлаар их хурал, цаашлаад намын даргыг солих талаар сөхөгдөх болов уу?
-Би үгүйсгэхгүй. Тэр асуудал яригдах юм бол эртхэн яригдаад цэгцлэгдэх ёстой гэж боддог. Гэхдээ Ардчилсан нам өөрөө асуудлаа бодлого болгон томьёолоод цааш явбал хагарах бутрах явдал гарахгүй гэж боддог.
-Ардын нам бол дотроо хагарсан ч том эрх ашиг дээрээ нэг болж хамтарч чаддаг. Тийм ч болохоор Ардын нам сонгуульд ялалт байгуулаад байдаг ч юм шиг .
-Минийхээр бол Ардын намд байдаг нэг онцлог бол хэн ч дарга байсан тэрнийгээ тахин шүтсээр ирсэн. Манай намын хувьд дарга нь хэзээ ч тийм байгаагүй.
-Заавал намын даргаа солих шаардлага байгаа юм уу?
-Энэ асуудлыг ярьсан юм алга. Би хувьдаа Ардчилсан нам өөрийн байр суурин дээр байх уу, үгүй юу гэдэг зүйлийг л ярьж байгаа.
-Өмнөх байр суурин дээрээ очихын тулд даргаа солих шаардлага байгаа юм уу?
-УИХ дээр хэлэлцэж байгаа асуудалд энэ байр суурин дээрээсээ хандах юм уу. Нийгэмд болж буй үйл явдлуудад энэ байр сууринаасаа хандан үнэлэлт дүгнэлт өгөх үү. гэдгийг л яриад байна.Үүнийгээ хийж чадахгүй бол зохион байгуулалтын асуудлууд яригдаж л таараа.
-Эдийн засагчийн хувьд Монголын өнөөгийн эдийн засагт ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
– Би улстөрч хүн гэдгийг нийгмээ урагш нь чирч явах ёстой гэж үздэг. Бусдад таалагдан “коко” авах зорилгоор би ярьдаггүй. Хариуцлагатай байдаг. Түүнээс хэн нэгэнд мөнгө барьж очоод намайг бич гэвэл ард түмнээ авлигадаж, амыг нь таглаж байгаа л хэрэг. Энэ нь явсаар ямаанд хүртэл таалагдах гэж мөнгө өгдөг хэрэг л болчихоод байгаа. Ийм байсаар байвал нийгэм намагт л шигдээд байгаа хэрэг. Валютын ханшийн тухай асуудал. Он гараад хоёр ч хоноогүй байхад хоёр ч хувиар өсчихөж. Би хувьдаа валютын ханшийн өсөлтийг цэвэр хариуцлагатай холбож үзэж байна. Хариуцлагын тухай асуудлыг сүүлийн хэдэн жил бүр мартчихсан. Монголын гүйцэтгэх засаглалд чадалтай мэдлэгтэй боловсон хүчнүүд хэд билээ. Ихэнхдээ дарга цэргийг дагаж гүйдэг, бялдуучид нь орж ирдгээс бус жинхэнэ мэдлэгтэй нь хэд байна. Дарга нарт бялдуучлан сайн хүн болдог мэргэжилтнүүдээр төр дүүрсний гороор валютын ханш өслөө гэж би харж байна.
Ямар нэгэн байдлаар төрийн албанд очих юмсан гарын үсэг зурдаг эрх мэдэл олж авах юмсан гэсэн хүмүүс дэндүү олширчээ. Мэдлэггүй, чадваргүй, мэргэжлийн биш хүмүүс төрд орж ирчихээд гарын үсгээ зарж худалдаж амьдарч байна. Хүч хөдөлмөрөө зарцуулахгүй дараа нь хүний хийсэн баялгаас илд далд хэлбэрээр дээрэмдээд сууж байх нь илүү ашигтай болчихоод байна ш дээ. Энэ чинь эцсийн эцэст явсаар нөгөө валютын ханш чинь 1400 хүртэл өсгөхөд хүрч байна. Энийг тойрсон бүхэл бүтэн энэ төр засгийн сул, хариуцлага тооцож чаддаггүй байдал чадалтай, боловсролтой боловсон хүчнээ дээш нь гаргаж өгдөггүй зэрэг бүхэл бүтэн паразитуудын сүлжээ үүсчихлээ. Тав дахь, хагас сайн, бүтэн сайн гурван өдөр гарч ирээд бужигнуулж хаяад л хичнээн тэрбумаар нь хийгээд л алга болчихож байна ш дээ. Энэ бол гэгээн цагаан өдөр хийж байгаа л дээрэм. Зүв зүгээр гудамжинд байж байгаад хууль бусаар бөөн мөнгө авчихаад алга болчихож байна. Нэг дэх өдөр нь арилжааны банкууд онгойгоод өөрийнхөө ханшаар юм зараад ирэхээр нөгөөдүүл чинь байхгүй болчихсон л байдаг байхгүй юу. Энэ чинь мөнгөө л валютын ханшийг өсгөж байгаа л явдал байхгүй юу. Валютын ханш хэдэн хувь өссөндөө асуудал байгаа юм биш. Энэний цаана ийм ийм гүнзгий суурь үйл явдлууд өрнөөд байна. Энэн дээр хариуцлага тооцдог шийдвэртэй арга хэмжээ авдаг юм алга байна шүү дээ. Төр засаг нь өөрөө сул, маш их суларсан. Хүнд шаардлага тавьж чадахаа байсан. Хариуцлага тооцож чадахаа байсан. Яаж ийж байгаад эндээ байж үлдэх юмсан гэсэн өнцгөөс л асуудалд хандаад явж байна. Үүнийг бид ярихгүй удаан явж ирлээ. Тэвчээд л байлаа, тэвчээд л байлаа. Одоо болохоо байлаа. Саяхан нэг хийсэн судалгаа байна. Арван хүний дөрөв нь ажил хийх сонирхолгүй гэж мэдэгдэж байна ш дээ. Яаж амьдрах юм гэхээр халамж тэтгэлэг төрөөс өгч байгаа мөнгийг аваад амьдрах нь сайхан байна гэж хэлсэн байна. Нийгмээрээ угж хөхөж байгаа юм шиг хүмүүс болж хувирах нь. Ийм юм байж болохгүй. Энэ дээр Ардчилсан нам дуугарах ёстой. Хэзээ Ардчилсан нам ийм юмнаас хойш суудаг байсан юм. Өмнө нь бол ийм юмыг хамгийн түрүүнд гаргаж ирж хэлээд бүгд түгшүүр зарлаж, эрх баригчдыг шахаад шаардаад явдаг байсан. Гэтэл Хамтарсан засагт орсныхоо төлөөсөнд ийм юмыг ярьж чадахаа больсон.
-Гэхдээ энэ Засийн газрын ажиллах хугацаа бага үлдсэн үү дээ. Одоо дуугарах нь зөв үү?
-Гэхдээ хэлэх ёстой. Өнөөдөр бүх юм дуусчихаж байгаа юм биш. Маргааш бас амьдрал үргэлжилнэ.
-Бензиний үнэ өссөн нь улс төр үү?
-Үүнийг би улс төр гэж бодохгүй байна. Нарийн судлаагүй байгаа учир шууд хэлж мэдэхгүй. Улс төр гэхээсээ эдийн засгийн бүтэцтэй холбож тайлбарлах ёстой. Одоо энгийн зүйл нэг жишээ хэлье. Нигери гэж улсад очоод ирлээ. Одоо жагсаал цуглаан бөөн юм болоод байгаа улс ш дээ. Одоо Африктаа бол номер нэг эдийн засаг байхгүй юу. Дэлхийн тавд ордог нефть импортлогч орон. 160 хэдэн сая хүнтэй асар баян орон. Гэтэл тэнд байхад байсхийгээд л гэрэл нь тасарчих юм. Хэсэг байж байгаад түр, тар хийгээд гэрэл нь ирж нөгөө дизель нь ажиллах юм. Би асуулаа. “Хоёр цаг болоод л гэрэл тасраад байх юм. Танайд цахилгаан станц байдаггүй юм уу” гэтэл “Байгаа” гэсэн. “Тэгвэл хүчин чадал нь бага байдаг юм уу” гэхэд “Дизель дээр ажилладаг бизнесийн бүлэглэл байдаг. Тэр нь орон нутгийн удирдлагад хамаардаг бүлэглэл” гэсэн. Тэгээд нөгөөдүүл нь дизелиэ борлуулахын тулд район районоор нь тогийг нь тасалдаг. Тэр халуун оронд чинь хүмүүс агааржуулагчаа ажиллуулахын тулд нөгөө дизелийг нь авч тавьдаг. Тэр нь шатаад дуусахаар дахиад авч тавьдаг. Тэрэн дээр бизнес хийдэг сүлжээ байж байна. Манай энэ бензин шатахууны салбар чинь нэг тиймэрхүү өнгө аяс руу ороод ирчихлээ ш дээ. Энд нэг учир шалтгаан байгаа гэж бодож байна.
-Та нар дуугараад, дуугараад өөрчлөгдөх үү?
-Өөрчлөхийн төлөө л явна. Нигерт бас нэг зүйлийг ойлгосон нь баялгийн хараалд автчихсан орон ямар байдгийг нүдээрээ харлаа. Тэгэхээр бид дуугарч, дуугарах дуугарахдаа чанга дуугарч чадахгүй бол Нигерийн хувь заяа биднийг хүлээж байгаа юм байна гэж л харлаа. Эхнийх нь Засгаас гарчихлаа. Одоо намын сонгуулийн мөрийн хөтөлбөр гарч ирнэ. Үүн дээр энэ бүгдийг тусгах хэрэгтэй. Хоёрдугаарт нь үүнийгээ ард иргэд нийгэмдээ тайлбарлаж иргэдээсээ дэмжлэг авах хэрэгтэй.
-Та хаанаас нэр дэвших бодолтой байгаа вэ?
-Амаржаргалд өөрийн гэсэн тойрог байхгүй. Хуваарилдаг хүмүүс нь энэ нь арай хүндхэн юм. Чи тийшээ яв гэдэг.
-Ардын намынхан эхийн мөнгө гэж юм гаргаж ирсэн. Үүнийгээ Ардчилсан нам эхчүүдээс мөнгө харамлалаа гэж баахан ярилаа.
-Ардын намынхны оруулж ирсэн эхийн мөнгө нийгэмд доргио өгч байна л даа. Тэгээд л Ардчилсан намынхан өгүүлэхгүй байна гээд л яриад эхэлж байгаа. Ард түмэнд бэлэн юм өгсөөр байгаад сургачихсан. Нэмж авахыг л бодож байхад дээрээс нь өгнө л гээд. 2008 оны сонгуулиар бид саяыг бэлнээр биш хувьцаа хэлбэрээр л өгнө гэснийг бэлэн мөнгө болгоод л сая таван зууг өгнө гэсэн. Энэ тэтгэмж урамшууллууд чинь ямар асуудлуудыг шийдэх гээд байгаа юм. Монголын хүн амыг өсгөнө гээд байгаа. Энэ нь зөв. Гэхдээ өнөөдөр хуучин шиг арав хорин хүүхэд гаргадаг эмэгтэй Монголд олдохгүй. Тэр лүү зүтгүүлнэ гэдэг эрүүл мэнд талаасаа эмэгтэй хүнийг амьтан шиг л болгоно гэсэн үг ш дээ. Ингэлээ гээд ямар асуудал шийдэх гээд байгаа нь тодорхойгүй. Оноо авъя, сонгуульд ялъя гэдэг юм л харагдаад байгаа. Үнэхээр нийгмийн баялгийг шударгаар олгоё гэвэл хүүхдийн мөнгийг эргээд олго. Манайхан энэ асуудлыг санаачлаад явж байгаа. Яагаад гэвэл энэ долдугаар сараас чинь 21 мянга чинь байхгүй болчихно ш дээ. Энд бол асуудал нь шийдэх арга замтайгаа цуг байж байгаа хэрэг. Ажилгүй байна гэдгээсээ ичдэг уур амьсгалыг нийгэмдээ бий болгох ёстой. Том захирлуудыг сар бүрийн хорин мянган төгрөгөө ав гээд утасдах чинь утгагүй биз дээ. Гэтэл очих ёстой дээрээ очдоггүй. Хороо хорины дарга нэртэй хэдэн хүмүүсийн халаас руу л урсч байдаг.
-Халамжаас өөр асуудал зөндөө байгаа. Ядаж л махны үнэ тэнгэрт хадаад байдаг?
-Бизнесийнхнийг яривал их юм байна. Манайд тэр чөлөөт зах зээл чинь байхгүй байгаа ш дээ. Ямар нэгэн байдлаар монопол, сүлжээ тогтчихсон. 22-ын товчоогоор 1750 төгрөгөөр орж ирсэн мах яахаараа иргэдийн гар дээр 7000 болж ирдэг юм. 22 км-ийн тээвэрлэлтийн өртөг тийм өндөр байдаг юм уу. Учир нь олдохгүй л байгаа ш дээ. Хамгийн наад зах нь мах бэлтгэл, тээвэрлэлтийн асуудал 11 сард хийгдчихсэн байх ёстой байтал нэг сард энэ асуудлаа санаж байгаа юм. Сүүлийн үед юу л болоод байгаа юм гэх зовнил төрдөг болсон. Голланд өвчин гэдэг шиг. Энэ өвчнийг тусчихсан л даа. Энэ өвчин нь хэрээс хэтэрчихсэн. Нэг том асуудал бол ард иргэд төрөөс маш их юм хүсч байна. Төр нь түүнийг хэрэгжүүлэх чадвараа алдчихсан болохоор амыг нь л дагуулъя гэдэг дээр санал нэгдсэн.Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг. Глобал болж буй үйл явдлуудыг хараад байхад түүхий эдээ олзворлож болох дээд хэмжээндээ хүрчихээд байгаа. Нүүрсийг хэзээ ч өнөөдөр олборлож буй хэмжээнээсээ ахиу олборлож чадахгүй. Дэлхий даяар түүхий эдийн хомсдол гарч ирнэ. Ийм хүнд хэцүү үе рүү дэлхий ороод ирэхээр Монгол маань хаах нь яваа билээ гэж. Монголд байгаа баялгийг бүгд л ухаж гаргая л гэж бодож байгаа . Ингэхийн тулд асар их хөрөнгө Монгол руу цутгаж эхэлж байгаа. Энэ их давалгаа цутгалтыг давж сөрж чадах уу гэдэг нь Монголын Улсын өмнө тулгарсан том сорилт. Энийг ухаж болохгүй гэхээр мөнгөөр амыг нь таглачихдаг юм яваад байгаа байхгүй юу. Яаж сөрөх үү. Энд ямар механизмууд төрийн аль шатанд хэрэгтэй юм гэдгийг ярьдаг хүн алга. Гэтэл бидний нүдэн дээр энэ нийгэм задарч бутарч байна.
-Хувьсгал хийнэ гээд л ярих юм байна шүү дээ..
-Хувьсгалаар асуудал шийдэгдэхгүй. Нүүрсний үнийн өртөг 17000 байхад 150 мянгаар зарагдах жишээтэй байна. Манайд нүүрс хомсдоогүй мөртлөө үнэ нь тэнгэрт хадчихсан. Мах мөн адил. Махан дээр интервенц гэх юм гарч ирснээр түшмэдүүдийн үзэмжээр үнэ нэмдэг бүтэц бий болчихсон. Мах бол Монголын хүнсний, нүүрс бол дулааны хамгийн том эргэлт. Монголчуудад амлаад л байдаг өгөөд л байдаг. Гэтэл ядуурал нь буурдаггүй. Өмнөх жилийнхээс арав гаруй хувиар ядуурал ихэсчихсэн. Нийгмийн баялгийн хуваарилалт шударга бус явагдаж байна. Эдийн засгийн бодит өсөлт чухал байна.
-Эдийн засаг хорин хувиар өссөн гээд байгаа биз дээ?
-Ардчилсан нам, Монгол ардын нам хоёр бол зохиомол нам биш. Түүхэн шалгарлаараа гарч ирсэн түүхийн хоёр гол багана. Энэ хоёр гол улс төрийн хүчнүүд чинь өөрсдийн үзэл баримтлалаасаа хадуурчихсан яваад байгаа болохоор иргэдийн итгэх итгэл нь алдарсан. Энийг эргээд сэрээнэ гэдэг бол маш хүнд хөдөлмөр. Ер нь бааз сууриар нь өөрчлөх ёстой болж байна. Санхүү эдийн засгийн чинь хуваарилалтын систем гэсэн үг. Энэхүү тогтолцоог л зөв ажиллуулах ёстой. Хоёр нам хоёулаа л хувийн өмч бий болгоё дундчууд нийгмээ авч явдаг хүчин гэж ярьдаг. Бид нар харин тэр чиглэл рүү нь хандуулах ажлыг бодитойгоор хийхийг хичээж байна. Нийгмийн хуваарилалт дээр бол баячуулд ихэнхийг нь өгөөд ядууст жаахныг шидчихээд, дундчуудад юу ч үгүй байна. Зах зээлийн өсөлт нь хэвийн явагддаг орнуудад бол ажил хийдэг улсууд нь төрийн алба руу явдаггүй. Манайхны төрийн алба руу явж буй шалтгаан нь төрийн албанд бүхний хуваарилах бүтцүүд бий болчихсон. Энэ бол бодит бүтээлч биш салбар. Харин бүтээлч салбараа сорж шимж амьдардаг энэ давхраас салах хэрэгтэй. Угтаа ажил хийдэггүй нь ядуу, ажил хийдэг нь хангалуун амьдрах ёстой юм. Дундчууд нь баячуудынхаа байнгын дарамтанд байна. Монголын эдийн засгийн 65 хувь нь гадны хөрөнгө оруулалтаас бүрддэг. Үлдсэнийг нь экспортоос олдог. Хоёрхон жилийн өмнө энэ үзүүлэлт эсрэгээрээ байсан. Өнөөдөр Монголын эдийн засгийн байдал ийм байгаагаас үүдээд гадаадын хөрөнгө оруулалтыг түр хаалаа гэхэд л бүгд савлаж байна. Үүнийг л урьдчилан харж сэргийлэх арга хэмжээ авахыг урьтаад болох ёстой. Хэн нэгний хүсэл сонирхлоор Монгол захирагдаад байна.
-Энэнээс гарах арга зам байна уу?
-Гол нь төрдөө итгэх итгэл. Ард түмэндээ үнэний хэлдэг шаардлаатай үед төмөр нүүрээ харуулдаг байвал зүгээр. Ард түмнийхээ итгэлийг авч чадаагүй төр аялдан дагагч болж хувирдаг. Асуудалд гал унтраах маягаар ханддаг. Өнөөгийн төр тэр итгэлийг авч чадахаа болих тал руугаа явж байна. Ардчилсан нам байнгын сонирхлын зөрчилтэй хэдэн бүлэглэлүүдэд хуваагдчихаад тэд нар нь үл ойлголцоод байдаг гэвэл эндүүрэл.
Ерөнхийдөө дагуулах хамтдаа явах хүчнүүд бол бий. Тэдэнтэйгээ эхнээсээ байр сууриа яриад эхэлчихсэн. Хүлээн зөвшөөрөх нь зөвшөөрнө биз.
Эх сурвалж: Өдрийн сонин, 2011.1.16, сэтгүүлч Д.Мөнгөндалай
Их сайхан ярилцлага өгсөн байна. Уншууртай байлаа.