ПАРЛАМЕНТЧИЙН “ЦӨХРӨЛ” БУЮУ Р.АМАРЖАРГАЛЫН ӨЧИЛ

Төрийн ордны хоёрдугаар давхар…

УИХ-ын гишүүн Р.Амар­жаргалын өрөөний үүд нь дэлгээтэй, өөрөө гиеүр­чихсэн суугаа харагдана. Тархинд “Өнгөрсөн намрын чуулганаар хамгийн олон удаа хурал тасалсан….” гэх жагсаалт харван орж ирэв. “Өдөр алдаж шөнө” гэг­чээр завсарласны дараа юу­гаа хийдэг байна аа. Ингээд түүнтэй хууч хөөрөв. Мэдээж эхний асуулт “Та яа­гаад чуулганы нэгдсэн хуралдааныг хамгийн олон удаа тасалдаг билээ?” Хариулт: Эсэр­гүүцлээ илэрхийлж бай­гаа юм. “Хэнийг, юуг?” Төр тогтворгүй байна. Юун МИАТ, юун эдийн засаг. Цаана чинь төр дэнжигнэж байна хэмээн тэр харамсангуй шив­нэсэн. Тэгэхээр нь төр яг яачихаад байгаа юм бол гээд яриа дэлгэв.

Монгол төрийн институци хоо­рондын холбоо уялдаа муу, хариуцлага тооцох механизм сул бай­гаагаас төр хүчгүйдэж байна. Энэ үгийг олон нийт улиг болтол сонссон байх л даа. Нэг жишээгээр нотолъё. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний эрх, үүрэгтэй холбоотой хэдэн зүйл бий. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай долдугаар зүйлийн 7.1.3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар УИХ-ын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх” хэмээн заажээ. Асуулга тавих нь УИХ-ын гишүүний хувьд эдлэх ёстой эрх нь төдийгүй Засгийн газарт тавьж буй хяналтынх нь нэгээхэн хэсэг юм. УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг бичгээр өгнө” хэмээн заасан байдаг. Асуулга тавьсан гишүүн өөрөө хүсвэл түүний хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно гэж уг хуулийн 33.5-д заажээ.

Асуулгын хариуд өгсөн мэдээлэл нь үнэн бодит байх ёстой. Нөгөөтэйгүүр хуульд хугацаандаа багтааж өгсөн байх учиртай. Ташаа мэдээлэл өгсөн бол, мөн хугацаа хэтэрсэн бол хууль зөрчсөн гэсэн үг. Нэгэнт хууль зөрчсөн тохиолдолд “их зөрчих”, “бага зөрчих” гэсэн асуудал байхгүй. Хууль зөрсөн, эсвэл зөрчөөгүй гэдэг асуудал л бий. Гэтэл хуульд заасан 30 хоногоос хэтрэх, бүр долоо хоног, нэг сараар хэтрэхэд “Хууль зөрччихлөө” гэж хэн ч санаа зовохгүй байгаа нь эмгэнэлтэй. Энэ тохиолдолд асуулга тавьсан эрхэм гишүүн бухимдаж эхэлнэ. Хариуд нь хууль ярихын оронд “Юун сүртэй юм бэ” гээд бараг шоолох аж.

Санаж байгаа бол өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогт төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Гэтэл асуулгын хариуг өгөх ёстой хугацаанаас 11 хоног хэтэрсний дараа хариуг өгсөн. Гэхдээ бүрэн гүйцэд өгөөгүй. Дахин нэгтгэж албан ёсны шийдвэрийн хуулбарыг илгээнэ гээд хойш тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн 1-2 дахь заалт, 41 дүгээр зүйл, мөн УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-ыг зөрчсөн. Хэрэв төрийн албан хаагчдад, улстөрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизм байдаг бол, тэр нь хэрэгждэг бол өнөөдөр дээрх хуулийг зөрчсөн хүмүүс юу ч болоогүй мэт ажлаа хийгээд явж байх ёсгүй.

УИХ нь Засгийн газартай, Засгийн газар нь Хэрэг эрхлэх газар болон танхимын гишүүдтэйгээ хариуцлага тооцохгүй байна. Тооцно ч гэж найдах магадлал тун бага. Хааяа дуудаж загнахыг нь эс тооцвол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хэн нь ч хэнтэйгээ хариуцлага тооцож үл чадах “гинжин холбоо”-оос гаг­нагдсан нь илэрхий. Сонгогчдыг төлөөлсөн УИХ-ын гишүүн төр биш гэж үү. Түүний хяналтад Засгийн газар ажиллах ёстой биш билүү гэж бодохоор тэр гал тогоонд чанагдаж, дэргэдээс нь харж буй хэрнээ ард түмэнд “Төрийн түшээ” хэмээгдэн итгэлийг нь хүлээн хүндлүүлж явна гэдэг шийтгэл мэт санагддаг бололтой. Товчхондоо Хууль санаачлагчид, хууль тогтоогчид, Монголын төр хуулиа зөрчиж буйдаа харамсахгүй байгаа нь өөрөө эмгэнэл төдийгүй төрийг хүчгүйдүүлж буй том шалтгаан. Тиймээс ч УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Ийм Их хурал дээр би юу ярьж, яаж шийдэх юм бэ” хэмээн чимээгүй хашгирсан юм.

УИХ-ын даргыг сонгохдоо нэгдсэн хуралдаанд МАН-ын бүлгийг заавал оролцуулах гэж санаа зов­ниогүй, Бүлэг, байнгын хороодыг зохион байгуулах асуудалд ч “уриагүй”. Товчхондоо эрх мэдэл хуваарилах асуудал 40 орчим гишүүний бүрэл­дэхүүнтэйгээр шийдэгдэж болоод байсан гэсэн үг. Үүний дүнд Байнгын хорооны хуралдаан дээр бараг дөрвөн гишүүн гар өргөж байвал асуудлыг шийдчихдэг болсон. Ийнхүү УИХ өөртөө халдашгүй бус бүр аймшиггүй том эрх олгочихоод байв. Үүнд нэрмээс болсон нэг зүйл нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болдог давхар эрх мэдлийн асуудал ирц бүрдэхгүй байхад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

Гэвч аливаа юманд хэмжээ байдаг болохоор УИХ-ын хуваарилдаг эрх мэдэл “дуусаж” асуудал, бодлого хэлэлцэх болов. Өнөөх МАН-ын гишүүдгүйгээр шийдэж болоод байдаг өдрүүд өнгөрч МАН-ын бүлгийг ч байгууллаа, тэднийг хуралдаа ор гэж шахдаг болов. Албан тушаал авсан нөхөд чуулганы танхимд үзэгдэхээ больсон. Ийнхүү УИХ-ын эрхэм гишүүн Р.Амаржаргал өнгөрсөн нам­рын чуулганаар хамгийн олон удаа хурлаа тасалж, эдүгээ завсарласных нь дараа “нулимс” унагах нь холгүй гашуудан гиеүрч суугаа нь тэр ажээ.

Уг нь тэрбээр УИХ-ын чуулган эхлэхээс өмнө хэдэн сонингоо сугавчилж танхимд орж ирдэг. Хүлээх л ёстой тавилантайгаа эвлэрсэн мэт сониноо гарчиглаж суутал ирц бүрдэхгүй болоход гарч яваа харагддаг. Баяжиж хөлжөөгүй, бал хөөсөн зөгий мэт албан тушаал хөөгөөгүй түүний улс төр нэг иймэрхүү. Аль ч тойрогт нэр дэвшсэн сонгогчдынхоо итгэлийг алдаж үзээгүй түүний гомдож, өмнөөс нь ичиж яваа энэ төр бол Монголын төр билээ.

У.Оргилмаа

4 Comments

  1. Хүмүүс хэт туйлширч байна гэж хэлэх ч магад. Гэхдээ төрд хэрэгтэй зайран гэдэг шиг төрд ийм л хүмүүс байх ёстой. Дотор нь байгаа УИХ-ын гишүүн хүн ч цөхөрдөг болохыг мэдэж авлаа. Тэгэхэд ард түмэн бид нь яах ёстой болох билээ…?

  2. Чааваас да хийнэ гэж гарчихаад хийлгэхгүй байна, хууль зөгчиж байна гээл цөхрөөд суугаад байдаг. Чадахаасаа эхлээд, бага багаар сайжруулахад нь оройлоод манлайлаад явах ёстой байтал гомдчихсон сууж байдаг.

  3. Бусад нь анзаарахгүй, хийсээд байгаа, зөвхөн Амаржаргал гишүүн олж анзаараад байгаа 2 үндэслэл байгаа болов уу? Түүнд:
    1. Ерөнхийлөгч өөрөө УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг салгана. Нэг гишүүн хоёуланд нь байдаг, буруу тогтолцоог халнааа л гэж ярьж байсан шүү дээ.
    2. АН УИХ-ын сонгуульд орохдоо УИХ-ын гишүүдээр засгийн газрыг бүрдүүлдэг тогтолцоог хална л гэсэн шүү дээ
    Гэтэл, УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн нөхцөл байдлын дундаас тоглолт хийхдээ УИХ, Засгийн газрын аль алиныг удаан барихын тулд газарт хаясан шүлсээ буцаан залгицгаасан шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *