Beautiful Plants For Your Interior
Манайхан хуучин шигээ сэлэм эргүүлж, ура хашгираад дайраад байна
Өдрийн шууданд өгсөн ярилцлага
УИХ-ын гишүүд ярих зүйлээ бусдаар заалгадаг болж
УИХ-ын дарга намрын чуулганд гишүүд хэрхэн оролцсон мэдээллийг танилцуулахад. Та нэлээн ажил тасалдаг гишүүн гэж харагдсан?
Би түүнийг тоохгүй байгаа. Хэн, ямар журмаар, яаж бүртгэсэн юм, бүү мэд. Уг нь УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагт эхэлдэг. Гэвч яг энэ хугацаандаа орж ирээд суудаг гишүүн УИХ-д байхгүй. Харин Р.Амаржаргал гэдэг хүн 10:00 цаг болохоос 3-5 минутын өмнө орж суудаг. Миний дараа л зарим нэг том дарга нар нь залардаг. Чуулган эхлэхийг хүлээж 15-20 минут суугаад гардаг юм. Энэ хугацаанд чуулганыхаа хуралдааныг эхлүүлж чадахгүй байгаа нь УИХ-ын удирдлага, олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний үүрэг. Ингэж чадаагүйнхээ төлөө тэд хариуцлага хүлээх ёстой. Би ямар өөрийгөө шийтгэж байгаа биш. Бусдыг хүлээгээд суух ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Намайг гарсны дараа 10:30 цагаас хойш чуулган эхэлдэг шиг байгаа юм. Тэгээд л бүртгэдэг юм байлгүй.
Тэр нь таны хувьд УИХ-ын дарга, гишүүдээс хариуцлага нэхэх хэлбэр байх нь ээ?
УИХ-д ажил тасалдаг, унтчихдаг ганц, хоёр гишүүн байсан ч хүмүүжээд гайгүй болж байгаа. Миний хувьд хариуцлага нэхэхээс гадна хэлэлцэж байгаа асуудал болон УИХ-ын хурлаа зохион байгуулж байгаа дэгтэй санал нийлдэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэтгэл дундуур болохоороо эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Р.Амаржаргал хэчнээн удаа хуралдаанд оролцоогүй байна, төдий хэмжээгээр эсэргүүцлээ илэрхийлжээ гэж ойлгож болно.
Ер нь та эрх баригчдыг шүүмжилдэг, олонхийн ганц гишүүн. Яагаад УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд нөхдөөсөө өөр өнцгөөс ханддаг юм бэ?
Үүний цаана төрийн тогтолцооны тухай асуудал сөхөгдөж байгаа юм. Төрийн тогтолцооны дотор УИХ гэдэг байгууллагын эзэлж байгаа байр суурь, гишүүдийнх нь статусын тухай асуудал яригдана. УИХ-ын гишүүн гэдэг сонгогдсон цаг мөчөөсөө ард түмний төлөөлөл болоод явдаг субьект. Энэ субьектийн үйл ажиллагаа нь ямар нэгэн дарамт шахалт, түрэмгийлэлд өртөх учиргүй. Бие даасан хараат бус байх ёстой. Тийм байж гэмээнэ ард түмний төлөөлөгчийн үүргээ биелүүлэх учиртай юм. Үндсэн хуульдаа ч тэгээд заачихсан байгаа. Гэтэл сүүлийн үед УИХ-ын гишүүдийг энэ үүргээ биелүүлэхэд нь захиргааны аргаар дарамт үзүүлэх хандлага ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн ярих зүйлээ бусдаар заалгадаг болж.
Энэ нь шинээр бүрэлдсэн парламентат ажиглагдаад байна уу, эсвэл УИХ энэ алдаанаасаа салж чадахгүй байсаар өдийг хүрэв үү?
Ганцхан намрын чуулганыг дүгнэж хэлж байгаа юм биш. Сүүлийн 20 гаруй жилийн түүхийг харж байхад анзаарагдаж байгаа юм.
Ерөнхий сайд дарга нараа томилоход МАН шиг хэрэггүй юм байхгүй л байсан шүү дээ. Олонхиороо л шийдээд яваа биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа цөөнхгүйгээр л баталсан. Бүлгийг нь байгуулж өгөхгүй, шахаж шаардаж байгаад л баталсан. Ирц огт хэрэггүй байсан нөхөд өнөөдөр гэнэт “МАН-ынхан хааччихав, хуралдаа суугаач” гээд уналаа. Энэ бол хоёр нүүр
1990-ээд онд УИХ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулахад УИХ-ын гишүүн санал нийлэхгүй асуудал байвал хурал хаядаг байсан. Явсаар эрх баригч нам ямар нэгэн аргаар гишүүдийг барьж байх хэрэг гарсан. Үүний тулд л захиргааны арга хэрэглээд эхэлсэн байхгүй юу. Нэг ёсондоо хялбар арга хайж олсон гэсэн үг. Уг нь УИХ-ын гишүүнийг түрэмгийлэх биш “яагаад хурал хаяв” гэж асуух ёстой юм. Гэтэл өнөөдөр гишүүнийг кноп дарагч болгож байна. Хэлэлцэж байгаа хуульд саналаа илэрхийлэх, нөлөөлөх бололцоо олгохгүй байгаа юм. Олонхиороо асуудлыг шийдэж, хайрцаглачихаад гишүүдийг зүгээр нэг хүүхэлдэй болгож байна. Тухайн гишүүн ямар байр суурьтай байх нь огт хамаагүй болж байгаа юм. Одоогийн парламент ийм л механизмд орчихсон байна. Тиймээс л би эсэргүүцэж байгаа хэрэг.
Та байнгын хорооны хуралдаанд сууж огт харагддаггүй. Бас л механизм нь буруу байна уу?
Байнгын хорооны хуралдаанаар нэн чухал, ач холбогдолтой хуулийг дөрөвхөн хүн баталж байна. Хуулийг дөрөвхөн хүн шийдэх тогтолцооруу орчихсон нь Монгол төрийг сулруулж байна гэсэн үг. Үндсэн хуульдаа “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хууль тогтоох үйл ажиллагаа явуулна. Гаргасан хуульдаа хяналт тавина. Хэрэгжилт гишүүдээр дамжин хэрэгжинэ” гээд заачихсан байгаа юм. Ажил тасалсан, таслаагүйн тухай асуудал гол биш. Хамгийн чухал нь улс төрийн ямар бодлого, ямар шийдвэр гарч байна, түүнийг нь ард түмэн хүлээн зөвшөөрч байна уу гэдэг л чухал байх ёстой. Гэтэл тэнд бас л УИХ-ын гишүүнийг робот, кнопчин болгож байгаа. Яг нарийн ярих юм бол ирц хэзээ тийм сүрхий болчихсон юм бэ. Шинэ их хурал эмхлэн байгуулагдахад ирцийн асуудал хэнд ч хамаагүй байсан шүү дээ. Анхдугаар чуулган дээр Л.Цогоор удирдуулаад л даргаа сонгосон. Ерөнхий сайд дарга нараа томилоход МАН шиг хэрэггүй юм байхгүй л байсан шүү дээ. Олонхиороо л шийдээд яваа биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа цөөнхгүйгээр баталсан. Бүлгийг нь байгуулж өгөхгүй, шахаж шаардаж байгаад л баталсан. Ирц огт хэрэггүй байсан нөхөд өнөөдөр гэнэт “МАН-ынхан хааччихав, хуралдаа суугаач” гээд уналаа энэ бол хоёр нүүр гэдгийн тод илрэл байхгүй юу. Ирц бол зүгээр л өнгөн талын юм байна. Үүний цаана Монгол төрийн тогтолцоо асуудал байгаа. Хэр зэрэг төгөлдөржиж байгаа юм бэ, үр дагавар нь юунд байна, цаашдын чиг хандлага юу юм бэ гэдэг л чухал. УИХ-ын гишүүдийг робот шиг байлгаж нам доторхи фракцуудын эрх ашиг, эсвэл нийт ард түмний төлөөлөгч гэдгээрээ том харах уу гэдэг асуудал байгаа юм.
Манай намын дарга “ тийм зүйл байхгүй. Та ээ ажлыг хийхгүй” гэж хэлсэн
Та Ардчилсан намын лидерүүдийн нэг. Гэвч намаа эрх барих үед нь сул гишүүн шиг л болчихлоо. Та яагаад Засгийн газрын гишүүн, эсвэл УИХ-ын удирдлагаар ажиллаагүй юм бэ?
Уг нь би чинь Ардчилсан намын дарга байсан юм шүү дээ. Гэхдээ сул гишүүн болсонд гайхаад байх зүйлгүй. Би МҮАН-ыг удирдан зохион байгуулж явсан хүн. Дараа нь улс төрийн таван нам нэгдэж өнөөгийн Ардчилсан нам байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш 13 дахь жилээ үдэж байна. Энэ хугацаанд Ардчилсан нам төлөвшиж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдлөө. Түүний нэг илрэл нь УИХ болоод орон нутгийн сонгууль. Олонх болж чадаагүй ч хамгийн олон суудал авч чадсан. Харин түүнд Р.Амаржаргал гэдэг хүний үүрэг юу байв гэдэг дараагийн асуудал байх. Өнөөдрийн хувьд Амаржаргалын эрэлт хэрэгцээ байхгүй байна гэдгийг л харж буй. Би хувьдаа сонгуулийн үр дүнг тодорхой харж байсан. Бас өөрийн гэсэн санаа ч байлаа. Түүнийгээ сонгуулийн дараа намын удирдлагадаа илэрхийлсэн.
Намын удирдлагууддаа юу гэж хэлсэн юм бэ?
Надад байгаа мэдлэг, туршлага, чадвар, бусад итгэл үнэмшил маань УИХ-ын даргын ажлыг бусдаас илүү хийж чадна. Хамгийн сайн дарга хийнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна гэсэн. Гэтэл манай намын дарга “Тийм зүйл байхгүй. Та энэ ажлыг хийхгүй” гэж хэлээд өнгөрсөн.
Төр өөрийн бат бөх төгөлдөршлийн тухай асуудлыг ярих ёстой гэж байна. Гэтэл ардчилсан нам олонхи болсныхоо дараа хүч түрж, төрийн албыг бужигнуулж байгаа нь “юм үзээгүй нам” гэдэг хочийг хүртэл аваад буй. Таны хувьд юу гэж бодож байна даа?
Олон жил сөрөг хүчин байсны эцэст Ардчилсан нам засгийн эрхийг авлаа. Санаж, бодож, хэрэгжүүлье гэсэн хүсэл зорилго олон бий байх. Бас цаг хугацаатай өрсөлдөх, аливаа зүйлийг болж бүтэх талаас нь хийчих юмсан гэсэн хүсэл ч бий байх. Энэ хүсэлдээ хөтлөгдөөд гол суурь юмаа мартаад байна. Энгийнээр тайлбарлахад цонхоо онгойлгож агаар оруулах нь зөв. Гэхдээ өвлийн хүйтэнд цонхоо гэнэт онгойлгож хамаг бичиг цаас нь хуйлраад, өөрөө ханиад, шуухинаа хүрчихсэн, хатгаа авчих гээд байна. Тэгж болохгүй. Аливаа зүйл цэгц замбараатай явах ёстой юм. Энэ асуудал үнэхээр орхигдож байна. АН-ын гаргаж байгаа хамгийн том алдаа үүнд байгаа юм. Хоёрдугаар алдаа гэвэл манайх боловсон хүчний шинэчлэл хийж байна. Улс төрийн томилгоо болоод бас бус томилгоо хийгдсэн. Мэдээж зөв л дөө. Ард түмний яриад байгааг сонсоход өөрөө сүрхий юм бүтээдэггүй юм аа гэхэд, ядаж бүтэхгүй байгаа булхайг илрүүлэхдээ гайхамшигтай байна. Манай дарга нар булхайг гайхамшигтай илрүүлж байна. Тэгэх ч хэрэгтэй, нийгэм цэвэршинэ. Тэр утгаараа зөв байж магадгүй. Ер нь бол дөрөв, эсвэл найман жил болоод сэгсэрч байх ёстой. Үүнд ямар том алдаа байна гэхээр, манай намын зүтгэлтнүүд төрийн албанд орж, төрийн албан хаагч болсон гэдгээ мартчихаад байна. Хуучны маягаар сэлэм эргүүлж, уриа хашгираад дайраад байна. Ингэж болохгүй. Намын зүтгэлтэн байна гэдэг нэг хэрэг, төрийн албан хаагч болсон л бол намынхаа асуудлыг орхи. Төрийн ажил өөр дэг жаяг, хууль, журам, заавар, бичиг цаас байдаг юм. Үүнийг ойлгохгүйгээр хоёр нөхөр орж найзан дундаа харилцаж, эсвэл хувийн харилцаа маягтай ярилцаж болохгүй. Эсвэл намын ажил хийж байгаа мэт харилцаад явчихдаг. Нөгөө төрийн албаны гол амин сүнс зэргийг орхигдуулаад байх жишээтэй.
Хүн амьтныг чичлээд байгаагаа хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж ярьж байна
Таны бодлоор Засгийн газар шинэчлэлийг яаж зөв хийх ёстой вэ?
Энэ бол шинэчлэл хийж байгаа зүйл биш. Туйлшрал юм. Туйлшралаа зарчим гэж ойлгоод байх шиг. Хүн амьтныг чичлээд байгаагаа хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж ярьж байна. Энэ ч гэсэн бас л хэлэлцүүлэг биш. Эрүүл, саруул хэлэлцүүлэг энэ нийгэмд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэтэл хэлэлцүүлэг гэдгээ ойлгохгүй хүнийг хаяглах, хочлох, чичлэх ажлаа сайн хийж байна. Уртаар санаа алдаад, хүн муулаад явахаа төрийн ажлаа мундаг хийж байна гэж ойлгоод байгаа юм. Шинэчлэл гэдэг маань эдийн засаг, нийгэм, төрийн захиргааны механизмын хүрээнд юу байх ёстой вэ гэдгийг гүнзгий ухвал олон асуудал байдаг. Тухайлбал, эдийн засгийн салбарт гэхэд либералчлалыг өргөн цар хүрээтэй авч үзэх ёстой байсан. АН бусад намаас юугаараа ялгаатай юм. Ялангуяа, өмнө нь засаг барьж байсан намаас юугаар ялгаатай вэ гэхээр эдийн засгийн гаргалгаагаар. Чиглүүлэгч Алтангадас нь харагдаж байх ёстой гэсэн үг. Хаашаа явахаа мэдэж байх ёстой байхгүй юу. Гэтэл чиглэлээ алдчихаад явахаар бүтэхгүй байгаа юм. 76 гишүүнийг ялгаварлан гадуурхаж танайх, манайх гэнэ. Манайх дотроо бас минийх, чинийх гэж талцаад үг хэлэх бололцоо олгохгүй. Энгийн үг хэлэх бололцоог олгохгүй байхад шинэчлэлийн талаар ярина гэдэг маань өрөөсгөл юм.
Тэгэхээр таны яриад байгаа зөв шинэчлэл хэзээ ирэх юм бол?
Ер нь шинэчлэлийг сандраад, гуниглаад, гутраад хүлээж авах зүйл огт биш. Шинэчлэл гэдэг өөрийн гэсэн хугацаатай. Тодорхой үе солигдож байж гарч ирэх ёстой. Хамгийн наад зах нь хууль дээдэлдэг хүмүүс УИХ-д сууж, улс орныг удирдаж байх ёстой. Гэтэл “За яах вэ тэгээ л биз, юун сүртэй юм бэ жаахан хууль зөрчөө л биз” гэж ойлгодог хүмүүс энэ парламентад сууж байгаа.
Хууль дээдлэх асуудал манайд мартагдсан зүйл болсон шүү дээ. Дээдлэх ёстой хуулиа батлахдаа хүртэл өөр нэгэн хуулийг зөрчөөд байхаар яах болж байна?
УИХ-ын гишүүн хууль батлахын тулд бүрэн хэмжээний мэдээлэлтэй байх ёстой Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн асуулга тавиад, хариултаа авч чадахгүй байна. Ийм байхад хууль хэрэгжих талаар ярих нь хаашаа ч юм. Энэ бол Үндсэн хуульд байгаа заалт. Санаа нь нийт ард түмний өмнөөс ухаантай зөв шийдвэр гаргах гэж байгаа хүн үнэн зөв бодит мэдээлэлэлтэй байх ёстой. Үнэн зөв бодит мэдээлэл нь өнөөдөр хаана байгаа нь бас эргэлзээтэй. Хууль боловсруулагдаад, гишүүдэд ирж буй материал нь зөв ч юм уу, буруу ч юм уу бүү мэд. Хууль нэгэнт баталсан бол хэрэгжилтийг нь хянах ёстой. Гишүүний тавьсан асуулгын хариуг Ерөнхий сайд гурван долоо хоногийн дотор өгсөн байх ёстой атал, үргэлж хожимдуулдаг. Энэ тохиолдолд хариуцлага тооцох ёстой. Гэтэл хэний ч толгойд энэ бол буруу гэсэн бодол орж ирэхгүй. Хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хариуцаж байгаа субьект нь Ерөнхий сайд, түүний тэргүүлж байгаа Засгийн газар. Гэтэл Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь бүгд “За яах вэ” гэсэн сэтгэхүйтэй.
Үүнийг яаж өөрчлөх ёстой юм бэ?
УИХ, Засгийн газрын хоорондын харилцаа чухам ямар байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газарт асуулга тавихад хугацаанд нь хариулт өгөх ёстой. Хуулийн хугацаанд хариултаа авч чадаагүй УИХ-ын гишүүн яах вэ гэдэг бас нэгэн асуудал гарч ирнэ. Хариуцлага тооцох л ёстой байхгүй юу. Гэтэл манайд эсрэгээрээ. Долоо хоног хоцорсон цаасны төлөө юу ярьж байгаа юм бэ гэж ханддаг. Үүний цаана УИХ, Засгийн газар юун дээр тулгуурлаж байгаа нь харагдаж буй юм. Хууль дээр үү, эсвэл төрийн алба уу. Нэг бол бүр найзан дундаа, аялдан дагагч нарын хоорондын харилцаа юу гэдгийн учир ерөөсөө олдохгүй.
Найзан дундаа байдлаасаа болоод нэг нэгдээ барьцаалагдчихсан
Хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл манайд байхгүй болсон. Чухам яагаад энэ тогтолцоог бий болгож чадахгүй байгаа юм бол. Хамгийн гол саад нь юу вэ?
Засгийн газартаа хариуцлага тооцъё гэж бодъё л доо. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь гишүүдтэйгээ ярьж таарна аа даа. Асуудлыг хариуцаж байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынх нь ажил яаж явдаг юм бол гэдэг асуудал мөн л гарч ирнэ. Хэрэг эрхлэх газрын дарга нь ажилдаа тэнцэж байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ.
Гэтэл Засгийн газрын тэргүүн нь хэрэг эрхлэх газрын даргадаа хариуцлага тооцож чадахгүй, найзан дундаа наргиж байна. “Чи ер нь нэг анхаараарай” гээд л өнгөрдөг болчихож. Энэ найзан дундаа байдлаасаа болоод нэг нэгдээ барьцаалагдчихсан байгаа юм. Хатуухан ч үг хэлж чадахгүй, хариуцлагын тогтолцоо байхгүй. Тэгсэн хэрнээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын сүүлийн хэдэн жил хэлсэн үгэн дотор нь хариуцлагын тогтолцоог бий болгох гэдэг үг маш олон байгаа даа. Хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй, ажил төрлийг сайжруулах хэрэгтэй, хууль яагаад мөрддөгүй юм, том жижиг гэлгүй хуулийг мөрдөх ёстой, бага ч гэсэн хуулийг зөрчих ёсгүй гэсэн үг гарсан л байгаа.
Тэгэхээр үнэхээр зөв төрийн түшээ, улстөрчтэй болсон цагт л хариуцлага тооцдог, хуулиа дээдэлдэг болох нь?
Дээрх хүмүүс юуны тулд хариуцлага, хууль дээдлэх тухай яриад байна вэ гэдэг бас сонин. Зүгээр нэг шоудаад байна уу, эсвэл үнэхээрийн итгэл үнэмшил байна уу гэдэг чухал. Уг нь бид чинь ардчилсан, эрхзүйт, энэрэнгүй төр байгуулна гээд Үндсэн хуульдаа тунхагласан. Гэтэл үүний зэрэгцээ итгэл үнэмшил гэдэг маш том зүйл байх ёстой. Эрхзүйт төрийг бий болгох гол зүйл нь хуулиа ягштал мөрддөг байх юм. Ийм итгэл үнэмшил Засгийн газрын тэргүүн, сайд нарт байхгүй бол өөр хэнд ч байхгүй. Монголчууд төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй мундаг ард түмэн гээд л гайхуулдаг. Хоёр монгол хүн явж байхад нэг нь дарга байна, нэг хүн явбал малгай нь дарга байна гээд хэлчихсэн байгаа юм. Төрт ёсны журам нь ингэж томьёологдсон байгаа юм. Гэтэл энэ зүйл байхгүй болсноос Монголын төр суларчихаж байгаа байхгүй юу. Ийм сул төр байхад Оюутолгой дээр “Айвенхоу Майнз” гарч ирээд доромжлоход гайхах юм байхгүй. Монголчуудыг хэдэн мянган жил тэжээх ёстой уул уурхай нь дампуурчихаад байхад гайхах зүйл алга.
Оюутолгойн гэрээг тойрсон асуудлыг ажиглаж л байгаа байх. Энэ асуудал дээр манайхан хэтэрхий сулбагар байх шиг. Баялгийн эзэн хэрнээ хэлэлцээрийн ширээнд суугаад ч бараг загнуулаад гарч ирлээ шүү дээ?
Сонирхолтой байсан болохоор хараад л сууж байлаа. Бухимдахаас л өөр юм алба. Н.Багабанди гуайгаа хална гэж байх шиг. Асуудал нь Н.Багабанди гуайд байгаа юм биш шүү дээ. Харин ч хурал дээр нь сүрхий дайчин байж, шахаж байдаг. Асуудал нь юундаа байна гэхээр Монгол Улс үүн дээр өөрөө бодлого алга байна шүү дээ. Юу хүсээд, яах гээд байгаагаа мэдэхгүй байна. Ерөнхийлөгч нь юу хүсээд байгаагаа мэдэхгүй, УИХ нь Оюутолгойн талаар ямар ч ойлголт байхгүй байна. Нэг тийшээ хөлбөрөөд л. Өөрөөр хэлбэл, Монголын төр гэж нэрлэж байгаа тэр институц өөрөө юу хүсээд, яах гээд байгаагаа мэдэхгүй байгаа юм. Сул байгаагийнх нь шалтгаан өнөөх хууль чандлан мөрдөх нь огт байхгүй байгаатай холбоотой. Тийм ч учраас бусдад дээрэлхүүлээд явж байгаа юм. Түүнээс биш Цагаан, Ганболд, Багабанди гуай гурав мянга тэмцээд яах юм бэ. Төрийн бодлого нь тодорхой байна гэдэг нь төрөөс гаргаж байгаа баримт бичгүүд нь цаг хугацаандаа, маш тодорхой, гарсан байх ёстой байхгүй юу. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэг шиг ийм байдалтай байж болохгүй. Хууль нь хоёр гурван янзаар уншигдах байдалтай байгаа цагт гадныхны өмнө улбагар, сулбагар байсаар л байх болно. Төрийн бодлого нь тодорхой байж байж Оюутолгой, Тавантолгойн асуудал ойлгомжтой болно. Түүнээс биш Монгол төрийн бодлого гэхээр 76 хүн гарч ирээд л “Би ингэж бодож байна, тийм биш” гээд байгааг хэлэхгүй. Хоёр нөхөр телевизээр нэгнээ тэнэг, мангараар нь дуудахыг төрийн бодлого гэхгүй. Төрийн бодлого гэдэг хууль журам, дэг жаяг байх ёстой.
Сайд болж доошоо орохыг хүсээгүй
76 гишүүний таны хүсч байгаа эрүүл парламентад тэцэх хүн хэд байгаа бол?
Энд тэнцэх, тэнцэхгүй, Амаржаргалын хүслийн тухай асуудал байхгүй. Энд ард түмээсээ мандат авсан хүн байгаа юу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Энд ард түмнээсээ мандат аваад ороод ирсэн хүмүүс энд л сууж байна гэж би ойлгож байгаа. Түүнийг нь үг дуугүй зөвшөөрөх ёстой байх. Нэгэнт л мандатаа аваад ирсэн юм бол бусад бүх эрх дархыг нь эдлүүлэх л учиртай юм. 76 хүний эрх ашгийг хамгаалахын төлөө УИХ-ын удирдлага сууж байгаа биз дээ. Дээд зэргээр хамгаалахын төлөө явах ёстой. УИХ-ын гишүүн болгон өөрийнхөө бүрэн эрхийг ямар нэгэн саад дарамтгүйгээр хэрэгжүүлэх, эдлэх бололцоог нь хангаж өгөх үүргийг УИХ-ын удирдлага хүлээж байгаа шүү дээ. Түүнээс биш миний өмнөөс цэцэрхээд шийдвэр гаргаад байх эрх бол байхгүй.
Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Н.Алтанхуяг даргын тань хувьд одоогийн Ерөнхийлөгчийг дэмжихээ илэрхийлсэн байгаа. Таны хувьд гарах магадлалтай лидер хэн байж болох вэ?
Манай АН-аас өнөөдөр хэнийг ч дэвшүүлсэн гарахаар байгаа. Улс төрийн нөхцөл байдал ийм харагдаж байна. Ц.Элбэгдоржоос өөр хүн яригдаагүй байна. Явсаар байгаад АН үүн дээр л дээр дооргүй санал нэгдэж байх шиг байна. Энэ бол ховор тохиолдол. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд огт айхгүй байгаа. Ихэнх улс төрийн намуудын үйл ажиллагааг хараад байхад задгай, үймсэн, учраа олохгүй харагдаж байна. Ингээд харахаар Элбэгээг би нэг их түвэггүй Ерөнхийлөгч болно гэж харж байгаа.
Таны хувьд намдаа олон жил цөөнхийн байр сууринаас хандаж ирсэн хүн. Цаашид энэ байр сууриа хадгалах уу?
АН дотор анхнаасаа л цөөнх байсан юм. Үүссэн өдрөөс нь эхлээд одоо ч байгаа, цаашид ч байна гэж бодож байгаа. Үүнд би огт эргэлзэхгүй байна. Академич Сахаров гэдэг хүн ЗХУ-ын Коммунист намын гишүүн байсан. Тэр намдаа цөөнх бүр эсэргүү байсныхаа төлөө эх орноо орхихоос аргагүй болсон шүү дээ. МАХН-ыг засаг төр бариад явж байхад Лоохууз, Сурмаажав нар бол мөн л ийм байр суурьтай байсан. Тиймээс АН дотор олонхийн дотор цөөнх байж байхад гайхах зүйл огт байхгүй. Харин ч байхгүй болчихвол гайхах хэрэгтэй.
Таныг сул гишүүн болсон АН-д шүүмжлэлтэй хандах хүмүүс байдаг.
Би тийм ч чихэртэй сахар биш шүү дээ. Сурвалжлагч над дээр гэрийн даалгавраа хийхгүй ирээд ярилцлага хийхэд би их дургүй. Би нэг зарчим баримталдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Тухайн үедээ сайн, муу ажилласныг би өөрөө шүүхгүй. Тийм алба хашиж байсан би зиндаархаад ч юм уу албан тушаалын шатлал доошоо бууж алба хашина гэж байхгүй. Тиймээс ямар нэг сайд болохыг хүсээгүй.
МАН зүгширч учир начраа олтол гурваас таван жил хэрэгтэй
МАН олон жил төр барьсан. Гэтэл энэ удаад сөрөг хүчин болж намрын чуулганы хугацаанд буйдантай суулт хүртэл хийлээ. Та МАН-ыг сөрөг хүчний үүргээ хэрхэн биелүүлж байгаа гэж боддог вэ?
Аа муу, муу. Ямар сайндаа л онигоо хүртэл гарчихсан байна билээ. “АН-ыг Амаржаргал шиг шүүмжилдэг Ардын нам байгаасай” гэж. Тэгэхээр би тэднээс илүү сөрөг хүчний үүргийг гүйцэтгээд байна шүү дээ. АН-ыг шинэчлэл өөрчлөлт хийх гээд явж байгааг дэмжиж байгаа. Энэ бол зөв зүйтэй алхам. Хүрэлсүхийг муулаад л байх юм. Тийм ч муулаад байх зүйл биш. Хийх ёстой зүйлээ л хийсэн гэж би бодож байгаа. Залуу хүнийг зүрхийг нь үхүүлчихэлгүй, урам хайрлаж байх ёстой. Цаашид ч карьер байгаа. Нөгөөтэйгүүр МАН-д болж байгаа үйл явдал бол босох суухын тухай ойлголт биш. Зүгширч, учир начраа олтол гурваас таван жил шаардлагатай. Үүнийг би МАН-ынханд ч хэлж байгаа. Сонгуулийн үеэр ч хэлж л байсан. Тиймээс МАН өнөөдөр жаахан асуудалтай тулгараад ганхаад, хүндрэлтэй байгаа энэ үед хүндийн жин өөрийн эрхгүй АН дээр ирж байна. Тиймээс АН өмнөхөөсөө илүү хариуцлагатай байх ёстой. Өөрийн ачаан дээр, АН-ын үүрч байсан ачааг түүхэн нөхцөл байдлаас хамаараад үүрэх хэрэгтэй болж байна. Тиймээс АН-д илүү их шаардлага тавьж, шахах ёстой гэж харж байгаа. Ер нь бол Монгол төрийн багана болсон энэ хоёр улс төрийн хүчин нэг нэгнээ нөхөж, орлож байх ёстой. Ингэж ч явж ирсэн. Цаашид ч ийм байна байх. Нэг нь суларлаа гээд бах нь ханаж байгаа мэт орилоод, чарлаад байх хэрэггүй. Манай намын зарим зүтгэлтэн тиймэрхүү авир гаргаад байгаа. Би түүнийг өөгшүүлэхгүй. Хуралд суухгүй таслаад байгаа маань ч түүнтэй холбоотой.
МАН, МАХН нэгдэх талаар яригдаж байна. Уриалга хүргүүлээд байна вэ?
Түүнийг би үгүйсгэхгүй. Зөв ч байж магадгүй. МАН одоо нэг босч ирж, өөрийгөө сэгсрээд шинэ дүр төрх олох гээд байна шүү дээ. Энэ үед МАХН-тай нэгдэх юм бол ямартай ч цоо шинэ чанар үүснэ. Өмнө байсан МАХН, МАН аль аль нь дахин гарч ирэхгүй. Цоо шинэ чанар, биет төлөвшиж таарна. Тиймээс би үүн дээр тэгж нэг их айж сандраад буруутгах шаардлага огт байхгүй.
Итгэл үнэмшил талаасаа хоёрхон жилийн өмнө л үзэл бодол нийлэхгүй гээд салж байсан хэрнээ одоо нэгдэх, нийлэх талаар ярих нь туйлбаргүй, чанар биш үү?
Хорвоо дэлхийд бүх зүйл өөрчлөгдөж байна. Цаг үетэйгээ хөл нийлье гэвэл байнга л өөрчлөгдөж шинэчлэгдэж байх учиртай юм. Өөрчлөгдөх, шинэчлэгдэх нь өнгөн талын биш гүнд нь хүрч хөдөлгөсөн процесс. Энэ бол олон жил хүлээгдэж байсан зүйл. Үнэнийг хэлэхэд олон жил хүлээгдэж байсан. АН-ын гишүүд бид үүнийг хүлээж л байсан. Хэзээ нэгэн цагт энэ процесс явагдана даа. Гайгүйхэн шиг үр дагавартай явагдаад, цаашид улам хүчирхэгжих байх гэж харж, өөрийн оюун дүгнэлтийг хийж байсан.
Н.Энхбаяр даргын асуудлыг ярихгүй өнгөрч болохгүй санагдлаа. Түүнийг улс төрийн зорилгоор ямар нэгэн ашиг сонирхлын үүднээм ийм байдалд орсон гэж үзэх хүн байхад, хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэх нь ч байна. Таны бодол сонин байна?
Хууль гэж байдаг бол хуулиа бариад л явах ёстой. Монгол төрийн тэргүүн байсан хүн ийм байдалд орсон нь жаахан гунигтай л юм. Гэхдээ хамгийн түрүүнд хуулиа л барих ёстой.
Эх сурвалж: Өдрийн шуудан 2013.02.20 Сэтгүүлч: Ч.Батмаа