Beautiful Plants For Your Interior
Сүүлийн жилүүдэд төсвийг ойлгодог ерөнхий сайд олж харсангүй
“Ийгл ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Р.Амаржаргал уригдаж, ярилцлаа. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Та өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр төсөв хэлэлцэх үед нэлээд бухимдаж, УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүртэл асуудлыг хөндлөө. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Чухам юу танийг ингэж бухимдахад хүргэв ээ?
Бухимдаад байх юм байх вэ. Монгол төрийн тогтолцоонд болж байгаа, болохгүй байгаа зүйлүүд нь тод харагдах юм. Тэр асуудлуудыг л томъёолж гаргах гэсэн санаа. Тухайлбал, төсөв байна. Миний ойлгож байгаагаар энэ бол Монгол Улсын Засгийн газрын хамгийн чухал баримт, бичиг. Ерөнхий сайдын хувьд хамгийн ариун баримт бичиг нь байгаа байх. Өөрийнх нь санаж, бодож байгаа зүйлүүд бүгд тэнд багтчихсан байх ёстой. Ямар асуудалд ач холбогдол өгөх юм, яаж ангилж үзэж байгаа юм гэх зэрэг. Тэр бүгдийг тооны хэлэнд шилжүүлээд гаргачихсан баримт бичиг шүү дээ. Энэ маань зөвхөн ямар бодлого байна вэ гэдгийг илэрхийлээд зогсохгүй хариуцлага, хяналт, шалгалтын тогтолцоог давхар илэрхийлж байдаг. Төсөв дээр байгаа тоо болгоноор дамжуулаад төрийн албан хаагч нар ажлаа хийж байна уу, үгүй юу, чанартай хийж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг. Тэгэхээр би амихандаа их чухал баримт, бичиг гэж ойлгоод байгаа юм. Гэтэл энэ баримт, бичигт бид хэтэрхий хайнга, байдаг нэг юм гэсэн байдлаар хандаж байгаад би сэтгэл дундуур байгаа. Ингэж болохгүй. Цаашдаа Монгол төрийг бэхжүүлээд, аваад явъя гэвэл төсвөөсөө л эхлэх ёстой. Ерөнхий сайд нь өөрөө төсвөө хүндэтгэдэг байх ёстой. Гэтэл сая 2014 оны төсвийг өргөн бариад, Ерөнхий сайд хэлж байгаа үг нь “За наад дотор чинь зөндөө алдаатай юмнууд байгаа шүү. Засчихаарай” гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Өөрөө боловсруулаад, оруулаад ирсэн төсвөө та нар боловсруулаад, засчихаарай, би бол яах вэ гэсэн маягтай хандана гэдэг чинь. Үргэлжлүүлээд юу гэж байна вэ гэхээр “Ер нь дахиад өргөн баривал би нэлээд юмыг нь засчихна” гэж байна. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүн маань Монгол Улсынхаа төсөвт ийм маягаар хандаж байна. Тэр хандлага нь явсаар байгаад тодорхой зүйл дээр илэрч байна. Тухайлбал, Монгол Улсын 2013 оны төсөв дээр тодотгол хийж байгаа явдал. Үндсэндээ төсөв 1.4 их наяд төгрөгөөр зөрлөө шүү дээ. Энэ хэмжээгээр л бид байгаа оноогүй байна гэсэн үг.
Гэхдээ 2013 оны төсөв дээр Засгийн газрыг зөвтгөх гээд үзье л дээ. Яагаад гэвэл 2013 оны төсөв бол өмнөх Засгийн газрын боловсруулсан төсөв шүү дээ?
Би асуудалд Монгол Улсын Засгийн газар л гэж ханддаг. Энэ Засгийн газар, эсвэл өмнөх Засгийн газар биш. Монгол Улсын Засгийн газар юм. Хоёрдугаарт, ер нь төсөв өргөн баригдаад, хэлэлцэгдэх явцад 2-5 хувийн нэмэх, хасах өөрчлөлт ороход бол ойлгож болно. Гэхдээ төсөв нь 20-30 хувиар өөрчлөгдөхөд би ойлгохгүй байгаа юм. “Болохгүй шүү дээ, ийм зүйл байж болохгүй” гэж хэлж л байсан. Болно гээд л баталсан. Харин өнөөдөр 1.4 их наяд төгрөгөөр төсөв нь дутахад хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ бол нэгдүгээрт, асар их хэмжээний мөнгө. Хоёрдугаарт, асар олон аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүн тодорхой ажлуудаа төлөвлөчихсөн байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, бизнесийн үйл ажиллагаа гээд түмэн юм төлөвлөчихсөн байсан нь хоосорч байна. Тэрний төлөө хэн хариуцлага хүлээдэг юм бэ гээд асуухаар хэн ч байхгүй. Төсвийг нь оруулж ирчихээд, 20-30 хувиар танаад, өөрчилж байхад Ерөнхий сайд нь юу ч дуугарахгүй байгаа юм. Уг нь миний ойлгож байгаагаар тэр тоо болгоныхоо төлөө үхэн хатан дуугарч, хамгаалах ёстой. Сангийн сайд нь бас юу ч хэлэхгүй. “За за, та нар тэгээд өөрсдөө л баталчих” гэх маягтай. Уг нь Сангийн сайд юу гэх ёстой вэ гэхээр “Үгүй, тийм зүйл байхгүй шүү. Тэгвэл та нар өөр чаддаг, Сангийн сайдаа авчир. Би өөрийнхөө авчирсан төсвийг мэдэж байна. Үүнд нэг, хоёр хувийн л өөрчлөлт орох болохоос биш 20-30 хувийн өөрчлөлт байхгүй” гэж хэлээд, шаардлагатай бол ажлаа өгөх ёстой байхгүй юу. Тийм үнэлэмж байх ёстой юм. Тэр үнэлэмж Ерөнхий сайдад ч, Сангийн сайдад ч байхгүй байх жишээтэй. Нөгөө талаар тэр 1.4 их наяд төгрөгийн зөрүү хаана үүссэн юм бэ гэхээр Их хурал өөрөө үүсгэсэн. Засгийн газар, Сангийн яам өргөн барихдаа бас ч гэж ханатай өргөн барьсныг нь УИХ-ын хэдэн гишүүд нь нийлээд, тал талаас нь нэмж, онгирч, сагсуурсаар байгаад бөөн юм нэмчихсэн. Тэгээд өнөөдөр УИХ дээр хэлэлцэж, нэмсэн тэр дүнгээрээ л тодотгол хийж байна. Тэгэхээр УИХ-ын ажлын чанар, чансаа ямар байна вэ гэдгийг бас илэрхийлж байгаа биз. Тэгэхээр энд хэн нэгэн хүн, УИХ хариуцлага хүлээх ёстой юу. Ийм төсвийг УИХ-д оруулж батлуулсныхаа төлөө тэр эрх баригч нар, намын бүлэг нь хариуцлага хүлээх ёстой юу. Үүнийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж, гаргасан Төсвийн байнгын хороо хариуцлага хүлээх ёстой юу. Байхгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй. 1.4 их наяд төгрөгөөр тоглочихоод хариуцлагыг хэн хүлээх вэ гэхээр өнөөдөр Монголд ганц ч субъект байхгүй байна. Маргааш яах вэ гэхээр төсвийн тодотгол хийе. Монгол Улсын төсвийн орлого тэдэн төгрөг, зарлага тэдэн төгрөг гээд хоёр удаа алх цохиод л болчихож байгаа юм. Тэгээд үнэхээр хариуцлага хүлээх ганц ч хүн байдаггүй юм бол би ядаж хариуцлага хүлээе л гэсэн.
Өөрийгөө золигт гаргаад уу?
Золигт гаргах ч юу байх вэ. Ямар ч байсан асуудлыг ийш нь төвлөрүүлж, анхаарал хандуулж байх ёстой. Тодорхой субъектууд, нэртэй, устай хүмүүс нь байж л байгаа. Хэн хэн ямар үүрэг гүйцэтгэж, юу хийсэн бэ гэх мэтчилэн.
Төсвийн орлого дутсан нь гадаад дотоод хүчин зүйлсээс нөлөөлж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспорт муудсан, экспортолдог бараа, бүтээгдэхүүний үнэ унасан гэх зэрэг тайлбарыг хийж байгаа шүү дээ?
Хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөллийг хэлж байгаа л даа. Дэлхийн эдийн засаг ингэлээ, гадаадын хөрөнгө оруулалт буурлаа, валютын ханш өслөө гэсэн зүйл ярьж байгаа. Эдгээрийн үүрэг, роль байсан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ 20, 30 хувь биш. Тухайн үед төсөв хэлэлцэж байсан материалуудаа эргэж үзвэл зарим нэг сайд юу гэж хэлж байсан бэ гэхээр “Юу л байна, мөнгө байна. Аваад ир. Ямар барилга бариулмаар байна, юу хийлгэмээр байна. Аваад бай, аваад бай” гээд л. Тэгээд чуулган завсарлаад, гишүүд чинь бараг бүх сумдаар яваад л, юу хийлгэмээр байна, яамаар байна гээд л бөөн юм авчраад, тавьсан мөнгө нь л 1.4 их наяд болчихоод байгаа юм. Жишээлбэл, зарим нэг сайд юу гэж хэлж байсан бэ гэхээр “Би одоо Оюутолгойтой очоод гэрээ хэлэлцээр хийнэ. Тэгээд 450 сая ам.доллар аваад ирнэ” л гэж байсан. Яг наад мөнгөөр чинь орлого дутна шүү, орлого талд нь төлөвлөж болохгүй гэж хэлээд байхад л “Хэрвээ би үүнийг авчирч чадахгүй юм бол огцорно” гэж хэлээд сууж байсан сайдууд өнөөдөр чуулганы танхимд тоох ч үгүй сууж байна шүү дээ.
Би таны ярианаас нэг зүйл ойлголоо. Юу гэхээр хийсэн төсвөө өөрсдөө хамгаалахгүй байгаа нь удахгүй бид огцорчихно гэдэг ч юм уу, эсвэл бид хариуцлага хүлээхгүй юм чинь гэсэн байдлаар хандаад байна уу гэж?
Тэгж орчуулж болох байх. Гэхдээ л төсөв гэдэг юмыг ойлгодог, үнэлдэг Засгийн тэргүүн сүүлийн хэдэн жилд лав надад харагдсангүй. Ерөнхийдөө л үл тоомсорлосон, “За яахав, нэг ийм юм байдаг юм. Тэгээд нэг хэлэлцдэг юм” гэсэн байдлаар орж ирээд, яваад байна. Уг нь төсөв дээр байж байгаа тоо болгон чинь бодлого шүү.
Уг нь Ерөнхийлөгч зургаадугаар сарын 10-нд зарлиг гаргаад л, төсвийн ил тод байдалд хяналт, үнэлгээ өгөх журмыг дагаж мөрдөхийг Засгийн газарт үүрэг болгоод, шилэн данстай болох ёстой гэж байсан санагдаж байна. Тэр цочроо болж өгч чадсангүй ээ?
Тэрийг одоо санаж байгаа хүн байгаа юм уу. Өөрөө л санаж байх шиг байна. Сонгуулийн үеийн шуугиан дотор ороод л өнгөрчихсөн.
Ер нь яагаад хаа, хаанаа хариуцлагагүй болчихов оо. Гээд асуухаар нөгөө л УИХ-ын гишүүд нь өөрсдөө сайд болчихдог, тэгээд сайд бас УИХ-ын гишүүн учраас өөрөө өөрсдөдөө хариуцлага тооцох сонирхолгүй байна гэдэг шүү дээ. Энэ үнэний хувьтай юу?
Үнэн. Тийм хүчин зүйл байгаа. Үүнээс гадна сүүлийн 13 орчим жил өрнөж байгаа улс төрийн намуудын хоорондын сүлбэлдээн, бизнес, улс төрийн хоорондын сүлбэлдээн. Нэг хэтэвчтэй болчихлоо гээд нэг хэсэг ярьса даа. Яг л тэр үйл ажиллагаа. Ингээд давхар давхар бие биенийгээ барьцаалчихсан, хэн хэндээ юм хэлж чадахаа больчихсон. Бүх төвшиндөө нэг ийм сүлжээ маягийн зүйл үүсчихлээ. Тэрийгээ тасалж, гарч чадахаа больчихсон.
Гарч чадахгүй шүү дээ. Эд нар чинь өөрөө өөрсдөдөө зориулж хууль гаргаад байгаа юм чинь?
Тэгж байна.
Гэтэл та ч гэсэн тэнд сууж байгаа…
Сууж байгаа. Тийм учраас одоо тэвчихийн аргагүй болоод, анхаарал хандуулж байгаа юм. Энэ маань үр дүнтэй болох эсэхийг мэдэхгүй. Намайг ийм мэдэгдэл хийлээ гээд хэн нэгэн сайдад хариуцлага тооцно гэдэгт туйлын эргэлзэж байна. Тэгэхээр энэ маань эцсийн эцэст Р.Амаржаргал гэдэг хүн олны өмнө гараад үг хэлчихсэн юм чинь явахаас өөр аргагүй болно л доо. Асуудал тэгж л дуусна. Гэхдээ ямар ч байсан би сэтгэл амар байна шүү дээ. Би ямар ч байсан өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн, анхаарлыг нь хандуулах гэж оролдсон.
Хариуцлага хүлээгээд их хурлын гишүүнээсээ татгалзлаа гээд бүх зүйл шийдэгдэх юм уу. Уг нь аливаа зүйл болохгүй байгаа бол харин ч Их хурал дотроо сууж байгаад хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг биш үү?
Гараад явах цаг нь болсон байна л даа. Тэртэй тэргүй ярьж байгаа, хэлж байгаа юм биелэгдэхгүй байна. Тэгэхээр орон тоо бөглөж суугаад яах вэ дээ.
Магадгүй Ардчилсан намд Р.Амаржаргал илүүтэй сөрөг байр суурь илэрхийлээд байгаа учраас та нам дотроо ганцаардаад байгаа юм болов уу. Эсвэл өөр шалтгаан байна уу?
Ганцаардана гэхээсээ илүү асуудлуудын зарчим гэж зүйл байна. Тэр зарчмыг би барьж аваад, шийдэх гэж оролддог. Асуудалд хандахдаа зөв үү, буруу юу. Шударга уу, шударга бус уу гэх ёс суртахууны элементийг харахаар шийдэл олж, байр сууриа илэрхийлэхэд амархан болчихож байгаа юм. Тэгэхгүй тооцоо хийгээд, тэр нь тэрэнд ашигтай, надад ингэж тусна гээд л явна гэвэл надад тийм ухаан хүрдэггүй. Хамгийн амархан буюу зөв, буруу, шударга, шударга бус гэсэн ёс суртахууны категори дээр аваад үзэхээр жишээ нь төсөв дээр хандаж байгаа хандлага, УИХ-аас явуулж байгаа бодлого зөв үү, буруу юу. Тэгэхээр сөрөг хүчний намын гишүүд бүгд нэг л байнгын хороонд харьяалагдчисхан. Эрх баригч нар гурван байнгын хороонд байж байх жишээтэй. Энэ зөв үү, буруу юу. Би процедурыг нь ярихгүй л дээ, яагаад ийм болсон юм гэх мэтчилэн. Зүгээр УИХ-ын гишүүн гэдэг маань нэг нь нэг байнгын хороонд, нөгөө нь гурван байнгын хороонд харьяалагдаж байна, энэ зөв үү, буруу юу. Буруу. Ийм байж болохгүй. Тийм учраас тэр сөрөг хүчнийхээ асуудлыг барьж аваад, нэг тийш нь шийд, байнгын хороонд оруул гээд хэлэхээр усанд хаясан чулуу шиг л алга болчихдог.
Таны яриад байгааг улстөржүүлье гэж бодъё. Таньд ямар нэгэн гаргалгаа байна уу?
Улстөржүүлэх асуудал биш юм. Юу гэхээр энэ тогтолцооны асуудал яваад байна шүү дээ. Ялангуяа монгол төрийн тогтолцоо гэдэг маань өөрөө юу юм. Энэ дотроо ямар элемент нь ямар үүрэг гүйцэтгэдэг юм гэдгийг миний хувьд одоо л харах төвшиндөө хүрч байна. 50 гарчихлаа, 23-24 жил улс төрд явчихлаа, парламентад 16-17 жил суучихлаа. Одоо харахад, “За энэ чинь ийм байдаг юм байна”, “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг үг чинь ингэж биелдэг юм байна шүү. Эрэмбэ, дараалал гэдэг үгнүүд чинь хоосон зүйл биш юм байна. Энэ чинь дандаа л төрийг бэхжүүлж байдаг, цементэлж өгдөг, төрийг амьд байлгаж, үр ашигтай, шударга байлгадаг тэр ойлголтууд юм байна шүү гэдэг нь одоо л ойлгогдож эхэлж байна. Бид үүнийг зүгээр л хууль баталчихаараа болчихдог гэж ойлгоод байсан. Гэтэл хууль батлах нь хийх ёстой ажлын чинь нэг хувь нь л байх. 99 хувь нь шал өөр юмаар явдаг юм байна. Тэр бүгдийг хараад, “Үүнийг эргэж харах ёстой юм байна, үүнд ач холбогдол өгөх ёстой юм байна” гэдгийг одоо л ухаарч эхэлж байгаа юм.
Та Ерөнхий сайд байсан. Магадгүй өнөөдрийн Н.Алтанхуяг сайд шиг та нар шийдэх ёстой гэж байсан уу, эсвэл өнөөдрийнх шигээ буурьтай сайд байсан уу?
Тэр үед үнэхээр зүтгэж байсан. Үнэлэмж ч бас өөр байж. Давхар санаа оноо байхгүй, тийм юм хөгжөөгүй шахам үеийнхэн шүү дээ. Би 2012 оныг их удаан хүлээсэн. Ардчилсан нам засаг барихыг маш их хүлээсэн. Ардчилсан нам засаг авчихаад, зүгээр нэг дөрвөн жил суугаад өнгөрөх биш 2016 онд бас авъя. Тэгж байж, бодсон санасан ажлуудаа хэрэгжүүлнэ шүү дээ. Эдийн засгийн салбарт хийх зүйл маш их байна. Нийгэм, эрх зүйн салбарт ч бас хийх ажил их байна. Тэгэхээр ядаж хоёр сонгуульд ялж, найман жил тууштай авч явж байж, үр дүнд хүрэх юм. Тэгэхийн тулд юу хийх ёстой вэ гэхээр ёстой нөгөө “Зовлон үзсэн чавганц” нараа Ардчилсан нам хамгийн чухал байр суурин дээрээ аваачаад, тэднийхээ зангараг, нэр нөлөө, зарчимч зан чанарыг ашиглаж байж, гол гол ажлуудаа хийх ёстой гэсэн зүйл нүдэнд харагдаж байсан л даа. Санаснаар болохгүй байна. Гэхдээ бүх зүйл тас харанхуй биш. Болж байгаа, бүтэж байгаа ажлууд байж л байна. Ардчилсан намын нүүрийг тахалж байгаа ажил бол санал, шүүмжлэл дагуулж байгаа ч гэсэн нийслэлд хийж байгаа ажлууд бас ч гэж бидний нүдэнд харагдаж л байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, манай Э.Бат-Үүл баатар ёстой нөгөө болохоос нь болохгүйг хүртэл бүгдийг л хийж байна.
Би гайхаад байна л даа. Та өөрөө парламентад сууж байгаа хүн. Таны зориг мохчихсон юм уу. Таньд хийх хүсэл байна уу, өөрчилье шинэчилье гэх?
Ерөнхийдөө энэ ажлыг яаж хийх вэ гэдэг арга замууд нь миний харж байгаагаар болохоо больчихоод байгаа юм. Тэгэхээр миний үнэлэмж, миний баримталдаг арга замаар энэ явахгүй юм байна. Тэгэхээр шал ондоо нэг арга механизм л ажиллах ёстой болж байгаа юм. Тэр дотор нь би багтаж өгөхгүй болчихоод байна. Тухайлбал, ҮЗХ гэдэг юман дотор нь ороод, нэг хэсэг хүмүүсийг хайрцаглаж авах ёстой юм байна. Түүгээрээ дамжуулаад олонхи болоод, элдэв янзын эсвэл болоод, жигүүр энэ тэр ургуулаад явах ёстой юм байна л даа. Тэр бүгд нь миний ухаанд хүрэхгүй байгаа юм. Би тийм аргаар явж үзээгүй, мэдэхгүй. Туршлага ч надад байхгүй. Тэгэхээр тэр бүх зүйл болон өнөөдөр болж байгаа үйл явц хоёр хоорондоо зөрчилдөөд эхлэхээр хүн өөрийн эрхгүй нэг сонголт хийх цаг нь болж байгаа юм.
Хэрвээ болохгүй бол та тэмцэх хэрэгтэй биз дээ?
Тэмцэнэ гэдэг маань ямар хэлбэр вэ. Би ярьж байгаа, хэлж байгаа бүхнээ тэмцлийн нэг хэлбэр л гэж бодож байгаа.
Таныг ингээд хэрвээ явчихвал нөгөө хүмүүст харин ч зол болох юм биш үү. Энэ Р.Амаржаргал дандаа л сөрөг юм ярьж байдаг. Ашгүй өөрөө явчихлаа гээд?
Үгүй яах вэ дээ, сайн л байна. Тэдэнд бас тэр орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй. Магадгүй миний буруу байж болно шүү дээ. Тэр орон зайг нь илүү чадалтай хүн нөхөөд, аваад явах бололцоо байж болно.
Та ҮЗХ-ноосоо бүр гарчихсан уу?
Би ҮЗХ-ноосоо гарах өргөдлөө өгчихсөн байгаа.
Асуудал их сонирхолтой болоод байна. Одоо яах бол. Магадгүй их хурлын гишүүдийн талаар та бид түрүүн ярьсан шүү дээ. Болохгүй байгаа юмнуудаа засахгүй, өөрөө өөртөө зориулаад л хууль батлаад байдаг. Энэ хэвээрээ байгаад байвал ард түмэн бид чинь яах вэ?
Тэгэхээр давхар стандартын тухай асуудал гараад байна шүү дээ. Юманд тууштай байх уу, зарчимч байх уу, цэгц шулуун, эсвэл яг тухайн үеийн эрх ашгаасаа хамаараад өөртөө зориулсан хууль батлаад байх уу гэж. Энэ Их хурлыг л харъя. Жишээ нь яамдыг хуваарилахдаа яаж хуваарилсан бэ. Зүгээр л үзэмжээр нь гаргаад тавьчихсан. Тийшээ ямар их үүрэг, фукц өгөв. Өнөөдөр гэтэл юу болж байна вэ гэхээр Сангийн яам гээд байж байдаг, Эдийн засгийн хөгжлийн яам гээд бас нэг яам байж байдаг. Нэг нь урсгал зардлаа хариуцаж байхад, нөгөө нь хөрөнгө оруулалтын зардлаа хариуцаж байх жишээтэй. Энэ хоёр авцалдахгүй шүү дээ. Амьдрал ч үүнийг харуулж байна. Авцалдахгүй байна аа гэж хэлээд байхад Ерөнхий сайд нь гарч ирээд “Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж, хөрөнгө оруулалтын зардлыг урсгал зардлаас салгасан нь түүхэн үйл явдал байсан юм” гээд дүгнэчихэж байгаа юм. Тэгэхээр хэлэх үг олдохгүй байна шүү дээ. Түүхэн үйл явдал нь юундаа байсан юм гэхээр “Гурван төгрөгөөр барих байсан юмыг есөн төгрөгөөр барьсан байна. Үүнийг бид олж илрүүллээ” гээд байгаа юм. Тэгж яривал яг наад асуудлыг чинь би жилийн өмнө төсөв хэлэлцэж байхад хэлж байсан. Наад төсвөөр чинь дамжуулаад хяналтаа тавьдаг юм, үүнийгээ та нар хэрэгжүүлээч гэж. Тэгэхэд юу гэж хэлж байсан бэ гэхээр “УИХ-ын гишүүн битгий ийм жижиг, эрэг, шурагны асуудал руу ор л доо. 50 саяыг багцаагаар нь л бодчих л доо” гэж байсан. Тэгээд өнөөдөр болохоор “За тэгж болохгүй юм байна. Ер нь нарийн ширийн харах ёстой юм байна. Энэ гурав байсан юм чинь ес болчихсон байна. Үүнийг та нар 2014 оны төсөвтөө сайхан сойгоод өгөөрэй” гэж ярьж байгаа юм.
Р.Амаржаргал гишүүн ҮЗХ-ны гишүүнээсаа татгалзлаа. Өнөөдөр УИХ-ын гишүүнээсээ татгалзах бололтой. Цаашилбал, Ардчилсан намаас хүртэл татгалзах нь гэсэн бодол байна?
Намаас татгалзахгүй байх. Яагаад гэвэл энэ нам чинь миний өөрийн гардаж байгуулалцсан нам. Тийм учраас арай ч татгалзахгүй. Би намдаа их баярлаж явдаг. Ямар ч байсан өдий зэрэгтэй Р.Амаржаргал яваа нь энэ намын л гавъяа, дэмжлэг гэж боддог. Ард иргэд ч намайг их олон удаа дэмжлээ. Хэр баргийн хүн хашаад байхааргүй албыг нь ч хашлаа. Тэгэхээр ард иргэд, сонгогчид болон намдаа би баярлаж байгаа. Магадгүй улс төрийн тоглоом хийгээд, сөрөг хүчин баярлах уу, хүчний харьцаа ингэчих болов уу, тэгэх болов уу гэснийг бодох л ёстой байх. Гэхдээ ганцхан би тэрийг бодох ёстой биш юм. Хариуцлагатай, эрх мэдэлтэй, шийдвэр гаргаж байгаа хүмүүс үүнийгээ бодох л ёстой. Түүнээс биш энэ зөвхөн Р.Амаржаргалын асуудал гээд орхиж болохгүй байх. Р.Амаржаргал гэдэг хүний хувьд энэ юм чинь зөв юм уу, буруу юм уу гэдэг асуудлыг л тавиад байна. Наадах чинь буруу яваад байна. Их олон юм буруу яваад байна. Одоо зас, одоо өөрчил, одоо шинэчил.
Ярилцсанд баярлалаа.
Л.Энхдэлгэр
– ard tumen taniig demjij bna. Ted odoo yum oilgodog Bolson shuu
2013 onii tusuv batlagdhad ta l gantsaaraa shuumjilsen shuu dee