Р.Амаржаргал гишүүний шийдвэр зөв жишиг үү

УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгогчдынхоо итгэлийг алд­сан эрхэм гишүүдийг иргэд өөрс­­дөө эгүүлэн татдаг байх хуулийн төсөл боловсруулсан са­нагдана. Санагдах болсон шалт­­­гаан нь энэ хуулийн төс­лийн талаар хэн ч юу ч ярихгүй бай­гаад учир байгаа юм.

Тэд хуулийг баталчихвал талаас илүү хувь нь эгүүлэн татагдана гэдгээ мэдэж байгаа учраас тэр юм. Харин өчигдөр хуулиар “хү­чиндүүлж” биш өөрийнхөө ухамс­раар ажил албаа хүлээлгэн өгөх хүсэлтээ УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гаргаж тавьсан нь олны чихийг дэлдийлгэв.

Зарим хэсэг нь албан тушаал авч чадаагүйдээ гоморхож, төрд хэрэгтэй зайран болох гэж жү­жиг тавьж байна хэмээн дүгнэж байгаа бол хариуцлагаас зугтаж байгаа гэж хардах хүн ч олон байлаа. Гэхдээ тэр бол хувь хүний л сонголт. Өөрөө л нэгэнт ийм шийдвэр гар­гасан бол бид хардаж, сэр­дээд байх ч шаардлага байхгүй.


Өм­нө нь жагсаалтаар орж ир­сэн У.Хүрэлсүх гишүүнээсээ тат­галзаж, өргөдлөө өгөхөд иймэрхүү яриа дагаж л байсан. Гэх­дээ улстөрч хүнд байх ёс­той соёлыг тэд харуулж чад­сан нь онцлог юм. Цаашдаа ч заавал гишүүн байх гэж зууралдахгүй өөрийнхөө хийх ёс­­той ажлаа хийгээд явах хү­мүүс байгаа учраас тэдэнд үл­гэр дуурайл үзүүлсэн үйлдэл бол­лоо.

Р.Амаржаргал гишүүн “УИХ-ын гишүүн өөр ажилд шил­жих болон хүндэтгэн үзэх шалт­гаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өгөх” гэсэн УИХ-ын тухай хуу­лийн заалтыг үндэслэн өр­гөд­лөө өгчээ. Түүнийг УИХ-ын даргад өргөдлөө өгөхтэй зэрэг­цэн суудалд нь хэн суух талаар шаагиж эхлэв.

Гэхдээ энэ нь хэтэрхий яарсан хэрэг. Энэ асуудлыг өргөн барьсны дараа УИХ-ын гишүүд чуулганаар хэ­лэлцэж шийдвэрлэдэг бөгөөд чө­лөөлөгдсөн тохиолдолд нөхөн сон­гууль явуулах хуулийн заалт­тай. Тэгэхээр баярласан хэрээ бархирах болоогүй гэсэн үг.

У.Хүрэлсүх жагсаалтаар орж ирсэн учраас арынх нь хүн ороод ирчих боломжтой бол Р.Амаржаргал гишүүний хувьд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа, тойрогт өр­сөлдсөн учраас нөхөн сонгууль болно гэсэн үг юм. Энэ тухай хуульд “Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн бай­дал зэрэг хүндэтгэн үзэх шалт­гаанаар хүсэлтээрээ чө­­лөө­лөгд­сөн, эсхүл түүнийг Ул­сын Их Хурлын гишүүнээс эгүү­­лэн тат­сан бол нөхөн сонгууль явуул­­на” гээд тодорхой заа­чих­­сан.

Сонгуулийн дүнгээр  Л.Ган­төмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялсан бол МАН-ын нэр  дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авч удаалсан. Гэх­дээ энэ нь нөхөн сонгуульд ямар ч хамаагүй. Одоо энэ суу­далд бүх намууд адилхан хү­нээ өрсөлдүүлнэ.

Гэхдээ дээр хэл­сэнчлэн шийдвэр эцэслэж га­раагүй байхад бид дүгнэж, нө­хөн сонгууль болох нь гэж дүг­нэх ч өрөөсгөл. УИХ-аар эцэслэн шийдсэний дараа л шийдэгдэх асуудал. АН-ын зү­гээс чадвартай гишүүнээ зү­гээр ч нэг тавиад явуулахыг хүсэх­гүй болов уу.

Гомдох шалт­гаан байсан уу, эсвэл үнэ­хээр хүндэтгэх шалтгаан уу гэдгийг ялгаж салгасны да­раа шийдэгдэх учиртай юм. Р.Амар­жаргал гишүүн өмнө нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгсөн ч тэд татгалзсан хариу өгсөн.

Энэ удаад ч гишүүнээсээ татгалзах шийдвэрийг нь хү­лээж авахгүй бол тэрбээр суу­далдаа үлдэнэ. Тэгэхээр хэн нь энэ суудалд очих бол гэж баяр­лах арай эртдэнэ. Ер нь нө­хөн сонгууль болсон байлаа ч төр засаг руугаа салаавч өгч, талх­ныхаа үнийг мэдэхгүй “далдаганаж” яваа нөхөд төрд орж ирэх гэж санаалах ч хэрэггүй биз.

Иймэрхүү нөхөд улс төрд шургалж, ха­рин Р.Амаржаргал мэтийн боловсрол­той, мэдлэгтэй хүмүүс төрөөс татгалздаг байж боломгүй юм. Ч.Ганхуяг мэтийн сулбагар нөхдөд сонгогдсон дүүр­гийнхээ иргэдийг даатгаж орхих бус хүлээсэн үүргээ дөрвөн жил биелүүлж, арай дөнгүүр ажил хий­чих сэтгэлтэйд нь албаа даатгаж өгө­хөд ч буруудах юмгүй л байх. Р.Амаржаргал ги­шүүн шийдвэрээ зөв гаргана гэ­дэгт итгэлтэй бай­на.

Б.Өнөртогтох

МОНГОЛЫН МЭДЭЭ Сонин

2013.11.12 Мягмар

№222 (3819)

http://www.mminfo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *