Амаржаргалын улс төр

Монголын улс төрийн нэгэн том лидер парламентын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Энэ явдал яах аргагүй өнөөдрийн улс төрийн гол шуугиан болж байна. Учир нь “хэргийн эзэн” маань эгэл нэгэн буюу бидний нэршиж заншсанаар сул гишүүн биш байв. Монголын улс төрийн тоотой хэдхэн “брэнд”-ийн нэг Ринченнямын Амаржаргал учраас асуудлыг олон түмний анхаарлын төвд авч ирсэн хэрэг.

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дөнгөж талдаа орох гэж байна. Засгийн газрын явуулж байгаа бодлогууд нийгмийн зүгээс хатуу ширүүн шүүмжлэлүүдтэй нүүр тулж эхэллээ. Ийм үед эрх барьж буй Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар олж авсан ялалтын сэнтийгээ өмлүүлж цөмлүүлэх хүсэлгүй байх нь аргагүй. Хамгийн сүүлд болсон явдлаар бол намын бүлэг түүний хүсэлтийг хүлээж авсангүй. Одоо УИХ-аар орно.

Р.Амаржаргалын энэ тохиолдол бол УИХ-ын бүрэлдэхүүнээс өөрийн хүсэлтээр гарах өргөдөл өгсөн хоёр дахь тохиолдол юм. Үйл явдлынхаа хувьд бол манай парламентын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй цоо шинэ тохиолдол ч бас биш . Цахиагийн Элбэгдорж ч цангинатал мэдэгдэл хийчихээд цамцаа дэрвүүлээд гарч л байсан. Хөгжмийн ертөнцийн ноён оргилуудын нэг Нацагийн Жанцанноров ч гараад л явчихаж байсан. Тэр бүү хэл дөнгөж хэдхэн жилийн өмнө Санжийн Баяр хэний ч татгалзаж чадахгүй Ерөнхий сайдын сэнтийгээ өгчихөөд л өөрөө яваад өгч байсан. У.Хүрэлсүх ч гараад л явсан. Энэ үүднээсээ шинэ үйл явдал биш юм. Харин эдүгээн парламент доторх Ардчилсан намын бүлэгт ч, нийт УИХ-ын одоогийн бүрэлдэхүүн дотор ч зэрэг зиндааны хувьд ховорхон торойх том лидер гэдэгт л ач холбогдол өгч болох юм. Амаржаргалгүй парламент гэж харж болохоос Арвингүй парламент юм даа гэж халаглах шалтгаан үнэндээ бас байхгүй шүү дээ. Өнөөдөр онлайн ертөнцийн амны нь салиа арилаагүй залуус амандаа орсноо л хашгирч байгаа харагдах юм. Үнэндээ Монгол төрийн гал голомт болох УИХ гэх энэ бүтэц өөрөө Ц.Нямдоржгүй бол, З.Энхболдгүй, Д.Лүндээжанцангүй , Р.Гончигдоржгүй, Лу.Болдгүй, Д.Дэмбэрэлгүй бол нурууг нь агуулгын хувьд өндийлгөж харахад ч хэцүү шүү дээ. Парламентын гадуур өөр өөрийнхөөрөө оршин буй Баабар, С.Баяр, Да.Ганболд, Б.Дэлгэрмаа, Э.Бат-Үүлийг ч энэ танхим дотроос ард түмэн үгүйлж байдаг. М.Энхболд, Х.Баттулга, Х.Тэмүүжин, С.Баярцогт, Н.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Оюуныг илгээх дуртай,тэдэнд итгэж чаддаг гэдгийг зүгээр нэг хөнгөн ойлгох аргагүй юм. Бид мэргэшсэн парламентын тухай мөрөөдлөө орхидоггүй. Орхих ч учиргүй. Гэвч саналаа өгөхдөө гэнэдээд хар захаас ч хамаагүй татаж авчраад баахан галзуучууд оруулаад ирдэг. Тэднийхээ аяг аашийг засч авах гэсээр нэг сонгуулийн мөчлөг нь дуусдаг. Ийм л хямдхан сонголт хийчихээд байдгаа харин эргэцүүлэх ёстой юм.

Өнөөдөр төрийн байшин арын эгнээнийхнээр дүүрчихээд байна. Сэтгэцийн хувьд ч асуудалтай юм уу гэж хармаар элдэв нөхөд хөлхөлдөж байна. Ордонд бөө мөө есөн шидийн улс орж ирснээс гадна хатан бөгөөд ноён ухаантнууд, тэнгэр агаад газартай хэлэлцдэгүүд, тэр бүү хэл сүнстэй уулзаж заавар зөвөлгөөгөө аваад явдаг гишүүд амьдарч байна. Эзэн биегүй сүнстэй нөгцөгсөд, шоронгоос удирдуулагсад, болор цом горилогсод, утга зохиол, шоу бизнесийн ертөнцөд ч хүч үзэгсэд, баахан тогооч нар, боксчид, цэцэрлэгийн жаалууд гээд байхгүй юм алга. Ёстой орчин цагийн монголын нийгмийн дүр төрх марзан Шаравын зураг лугаа адил тэнд тусгалаа олсон байгаа. Зүй нь парламентад хэн суух ёстой юм бэ. Энийг хаа хаанаа бодох цаг ирчихээд байна шүү. Р.Амаржаргал гишуүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ Их хурлын дарга З.Энхболдод өгөхөөсөө өмнө байр сууриа албан бусаар зарлачихсан байсан. Чуулганы хуралдаан дээр “Энэ төр засагт хариуцлага хүлээх хүн байхгүй бол, би өмнөөс нь улс төрийн хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээсээ татгалзъя” гэж тов тодорхой мэдэгдэж байлаа.

Түүний “2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа байдлыг харахад өнгөрсөн жил Сангийн яам ханатай төсөл УИХ- д оруулж ирж байсан. Гагцхүү УИХ өөрөө төсвийг хэлэлцэх явцдаа 1.4 их наяд төгрөгөөр хөөсрүүлсэн. Үүнийг УИХ хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг сүйтгэсэн. Үүний төлөө өнөөдөр хэн хариуцлага хүлээх вэ. Ямар нэг субьект байна уу. Юу л байна мөнгө байна, хөдөө орон нутаг яваад ир, хийх ажлын жагсаалтаа гаргаад ир гээд ярьж байсан сайд өнөөдөр хариуцлага хүлээх үү ” гэж хэлж байсныг монголын ард түмэн бүгд харсан. Нөгөө талаас нь ч тэр өөрийн тэмцлийг харуулсаар байсан. Тухайлбал өрөөндөө байгаа ч хуралдаанд суухгүй байж бас тэмцсэн. Энэ талаараа тэрбээр “Хэлэлцэж байгаа хуулийн төсөл, журам болоод дэг­тэй холбоотой асуудалд сэтгэл дундуур эсвэл эсэр­гүүцэж байгаа учраас хурал­даа суусангүй гэж ойлгох хэрэгтэй ” хэмээн мэдэгдсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хурцхан шүүмжлэлүүдээ удаа дараа илгээж байсан. Тийм учраас түүний гаргасан шийдвэрийг хачирхаад байх юм алга.

Өнөөдөр намынх нь бялуутай яваа хэсэг түүнийг бүр ч муухайгаар ярьж хэлж яваа харагдана. Тэд тэгж байхад, харанхуй олонлог юу гэж ойлгож байгааг багцаалдах боломжгүй. Албан тушаал өгөөгүйд гомдсон л гэнэ. Сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас зугтлаа л гэнэ. Гэхдээ үүний аль нь ч биш гэдгийг мэдэж байгаа ч энэ сэдвийг хөндөх дургүй том цул хэсэг намд нь байна. Ийм тохиолдолд Р.Амаржаргал хувийн хүсэлтээ гаргах, өөрийнхөө дүгнэлтийг хамгаалахын тулд тодорхой шийдвэр гаргах, улстөрчийнхөө хувьд ямар нэгэн алхам хийх эрхтэй. Энэ бол тэр хүний эрх. Түүний эрх чөлөөг хүчээр боомилж, өөрсдийн болж бүтэхгүйгээ хаацайлах гэх нь улам л сул дорой, арчаагүй, айх ичих юм ихтэйг нь харуулж байна. Ер нь дургүй ламын үнэ хүнд, дарж сахил хүртээсэн нөхдүүдээсээ давж үлддэгийг амьдралын буурал түүх харуулж байдаг. Тэгэхээр АН-ын ҮЗХ ч тэр, парламент доторх намын бүлэг нь ч тэр ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг болох хүний эрх, эрх чөлөө, үзэл бодол, түүнийгээ хамгаалж үлдэх гэсэн чин эрмэлзэл дээр нь сандайлж суух ёсгүй.

Ингэхэд Ренчиннямын Амаржаргал гэж хэн бэ. Тэр бол Монголын хөрсөн дээр либериаль үзэл санааг нутагшуулах үйлсийн эталон эгнээний зүтгэлтэн. Одоогийн АН-ын уураг тархи болдог хэсгийн нэгэн том дүр төрх. Эдүгээн АН-ын буурь болох МҮАН-ыг удирдаж явсан хүн. Ардчиллын төлөөх намуудын нэг тугийн дор нэгдэх том процессын суурийг тавигчдын нэг. Таван намыг нэгтгэж АН хэмээх Монгол төрийн нэгэн том баганыг босгосон явдал бол нэн шинэ Монголын түүхэн дэх хамгийн том нэгдэл байсан. Хамгийн том цул бүтцийг бараг зуун жил рүү ойртож яваа түүхтэй, Монголыг монополь эрхээр гартаа атгаж байсан МАХН-ын нөгөө талд босгож чадсан. Энэ үйл хэрэгт бараг падлийгүй хүмүүс өнөөгийн АН-д тонгочиж л явдаг. Р.Амаржаргалын түүх бол АН-ын түүх юм. Тиймээс түүний түүхэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд байсан, Гадаад хэргийн сайд байсан. Удаа дараа хувийн нэр хүндээрээ намд суудал авчирч байсан энэ лидерийг дурын нөхдүүд басамжлах бололцоогүй. Өндөр боловсролынх нь нөгөө талаас хашч явдаг өргөн түмнээс олсон алдар нэр нь Р.Амаржаргалыг авч үзэх нэг өнцөг. Тэр бол цөөнхгүй үеийн “цөөнх”. Нам дотроо ч, төр дотор ч. Үргэлж л тэр тийм байсан. Зан чанарын хувьд эгэл даруу, цэх цэвэр тэрбээр АН-д дарга дагаж далдайдаг гишүүн яваагүй. Сөрдөг, шүүмжилдэг, хянадаг механизмын том төлөөлөгч л байж ирсэн. Тийм болохоор түүнийг зүгээр нэг хашааны амьтан шиг хашиж тогтоох тухай ойлголт байхгүй. Харин УИХ, тэр дундаа олон жил төрийн буулганд явсан сөрөг хүчин түүнийг чөлөөлөхөөс татгалзвал энэ нь Монголын төрд гэгээ татуулахуйц үйл явдал болно.

Р.Амаржаргалыг эрхэллээ, тунилаа, гомдлоо, гонгинолоо гэж байна. Аархлаа, нэр төр, сүр хүчээ харамлалаа, зугтлаа ч гэж байна. Бүр тийм төрлийн шалтгаан ухаж хайгаад байгаа бол байж болох нэг л зүйл бий. Үнэн хэрэгтээ өнөөгийн АН-д хоёрдугаар эгнээнийхэн эзэн суучихаад байна. Бүр эгнээ ч байхгүй татаас түлхээсний нөхдүүд чигжчихээд байна. Энэ бол Монголчууд том жижиг ямар ч олонлог байсан дотроо түүхээ хүндэтгэж мэддэггүйтэй холбоотой явдал. Ганцаараа барианд орж ирсэн юм шиг аагилдаг ааштай маань холбоотой зуршил. Эдийн утгаар холбогдсоноо татдаг, үзэл санааны үүх түүхээр холбогдсоноо хаядаг өөдгүй зан. Зарчим дээр зогсдог нэгнээсээ дөлдөг увайгүйтэл.

Энэ бол нэг тэнэг начин орж ирээд, аварга арслангийн урдуур аягатайг нь татаж унагаж явсаар хоймор гарч суучихаад агсарч байгаатай адилхан харагдах жудгийн хомсдол. Гэхдээ ухаж болох шалтгааны хамгийн сүүлд эрэмблэгдэх зүйл гэдгийг давтан хэлэхийг хүсч байна. Жишээ нь, АН-ын тархин дээр байгаа нэг хуучны соцдекийг улс төр сонирхогчид их хачирхдаг. Учир нь тэр гарч ирэнгүүтээ зөвхөн соцдекүүдээ авлаж эхлэсэн. Оронд нь наймаачдын лигээр хүрээлүүлсэн. Ам л ангайвал ард түмнээ бас ангайлгачихаад байгаа тэр нөхрийн тарьж буй балаг үнэхээр их байна. Тийм хүнтэй том том онол, том зарчим ярих бололцоо байдаггүй. Нэг рингэн дээр тоглодог тоглогч биш учраас л Амраа явмаар байгаа биз дээ. Ер нь бүгд л явмаар байгаа. Бизнесийнхэн ч явмаар байна гэх юм. Төрийн албаныхан ч явмаар байна гэх юм. Зүгээр нийгмийн дунд яваа мань мэтэд ч явах л хүсэл төрөөд байна . Түр ч атугай явах хүсэл үнэхээр түрж байна. Эргээд ирэхэд орчин арай өөр болсон байх юм шиг гэнэн мөрөөдөл зовоож байна. Гэсэн ч үлдэх, эх орондоо зүтгэх хүслийн гал бөхөөгүй. Бөхөөгүй байхад дээрээс үлээж л харин болохгүй. Тийм биз дээ.

Сэтгүүлч, нийтлэлч Б.Ганчимэг
Үндэсний шуудан сонин
2013.11.20 №265 (1904)
http://ganchimeg.niitlelch.mn/content/5688.shtml

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *