Beautiful Plants For Your Interior
Р.Амаржаргалын асуудал, Монголын асуудал
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал халагдах өргөдөл буюу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа. Энэхүү үйл явц эрх баригч намын гишүүн ийм хүсэлт гаргаснаараа манай улстөрийн практикт анхдагч болж байна. Олонхи болохын төлөө, засгийн эрх авахын төлөө сонгуульд оролцсон, өрсөлдсөн, санасандаа хүрсэн хэрнээ түүнээсээ татгалзаж байгаагийн учрыг эрснээ уншигчидтай хуваалцахыг хүслээ.
МҮДН ФРАКЦЫН БОСЛОГО
Р.Амаржаргал бол юуны өмнө гомдогч биш, тэр байтугай үе үе тодрон гардаг байдаг л нэг тэмцэгч ч биш, тэр бол Монголын түүхэнд үйл хэрэг, намтар нь үлдэх улстөрийн фигур. Энэ хүн МАН-ыг парламентад олонхи байхад УИХ- аас гарна гээгүй хэрнээ төрөлх намаа засагт байхад парламентын гишүүнээс татгалздагийн учир юу билээ.
Шинэчлэлийн Засгийн газрыг долоо, долоо хоногоор л амьдарч байна гэж Р.Амаржаргал хэллээ. Энэ бол шүүмжлэл биш. Тэдэнд шүүмжлээд байх бодлого ч, үнэлж цэгнээд байх ажил ч алга байна гэдгийг шулуухан хэлсэн хэрэг. Мөн АН-ын эрх ашиг, Засгийн газрын ашиг сонирхол гэж байх ёсгүй, зөвхөн улс үндэсний эрх ашиг байх ёстой гэж бас мэдэгдсэн. Энэ бол үзэл бодол, онол суртал таарахгүй байгаагаа илэрхийлсэн илэрхийлэл. Түүний энэ шийдвэр бол улстөрийн шийдвэр. Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд асан Р.Амаржаргал гарт баригдаж нүдэнд үзэгддэггүй, “дүр эсгэсэн” ардчиллыг биш цэвэр агаараар нь амьсгалж, цэнгэг усаар нь ундаалж өссөн эх орноо өмөөрч улстөрийн энэ акцыг хийж байна. Тэрээр өөрийн намынхныг сөрөг хүчинтэй улстөрийн соёл, ёс зүйн хувьд балмад харилцаж байгаад эвлэрч чадахгүй, ядаж эрх зүйн хувьд тэнцвэртэй харилцъя гэж уриалсан. АН-ын эрх ашиг, Засгийн газрын эрх ашиг гэж юм байж болохгүй зөвхөн улс үндэсний эрх ашиг гэж байх ёстой гэж сануулсаар багагүй хугацааг өнгөрүүлсэн. Р.Амаржаргал АН-ыг консерватизмын тухай сонсохыг ч хүсэхгүй байгааг, үндэстний эрх ашиг, эх орон, тусгаар тогтнолыг улстөрийн тулгуур үнэт зүйл гэж харах сонирхолгүй байгааг жилийн турш анхааралтай ажигласны эцэст чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах энэхүү түүхэн шийдвэрээ гаргав бололтой. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Б.Эрдэнэбат, “ажнай” Д.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нар түүнтэй нэг фракцынхан буюу үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйл нэгт анд нөхөд нь. Тэдний юу бодож, цаашдын улстөрийн карьераа хэрхэн төлөвлөж байгааг таамаглан хэлэхэд дэндүү эрт байгаа ч тэдэнд хоёр л сонголт байгааг одоо хэлэх боломжтой. Эхнийх нь АН-д үнэнч мэт байх, эцсийнх нь өөртөө үнэнч байж эх орон, улс Монголдоо өргөсөн тангаргаа сахих. Р.Амаржаргал гишүүнд тангаргаа сахисан эх орны хүү болсонд баяр хүргэе. Түүний гаргасан мөрөөр МҮДН-чүүд эрслэн босвол Монголын улстөр бүрэн бүтэн болоход нэгэн том алхам болох сон.
АЛТАНГАДАС БА “СОЦДЭКҮҮД”
АН олон фракцтай нам. Фракц гэж намын дотоодод санал нэгдэхгүй болон илүү чухалчлах шаардлагатай асуудлаар ялгаатай байр суурийг баримталж буй нэгдлийг хэлдэг.Тэгвэл өнөөгийн АН дахь фракцууд бизнесийн ашиг сонирхол, нутаг нугын, заримдаа нас зүсээрээ ч талцсан талцал, бүлэглэлүүд болон хувирч байгаа нь цаг улирах тусам ажиглагдах болсон. Хор найруулдаг “Алтан гадас”, З.Энхболдын “Шонхор”, залуучуудын “Нэг ардчилал”, “Женко” сайдын МоАХ гэх мэт хүчтэй хүчгүйгээрээ цоллуулсан олон бүлэглэлүүд бий. Тэртээ 1990 онд Монголын ардчилсан холбоо (лидер нь С.Зориг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хөдөлгөөний гишүүн байв), Монголын ардчилсан социалист хөдөлгөөн (лидер нь Баабар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг), Шинэ дэвшилт хөдөлгөөн (Да. Ганболд, Р.Амаржаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар үүсгэн байгуулсан) нэгэн зэрэг байгуулагдаж, улмаар улстөрийн намууд болон зохион байгуулагдсанаар Монголд олон намын тогтолцоо дахин бодит байдал болсон юм. Дахин гэхийн учир нь олон намын тогтолцоо 1990 онд үүссэн зүйл биш. Богд хаант Монгол Улсын бууран доройтсон үед Их хүрээнд улс үндсээ аврах зорилготой улстөрийн ноёдын, түшмэдийн, ардын нам гэсэн тодорхой үзэл суртал бүхий улстөрийн намууд зэрэгцэн оршиж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд сонирхуулахад эдгээр намуудын улстөрийн үйл ажиллагааны зорилго бүгд ижил тусгаар тогтнолын төлөө харин гадаад харилцаанд түшиглэх, дэмжлэг авах тухайд байр суурийн зөрүүтэй байсан гэдэг. Үндсэн сэдэвтээ оръё. Шинэ дэвшилт холбоо Монголын Үндэсний дэвшлийн нам болон зохион байгуулагдсан бөгөөд нэрнээсээ эхлээд консерватив үзлийг тунхаглан гарч ирсэн. Тэд улстөрийн болон эдийн засгийн шилжилт зайлшгүй гэхдээ өнгөрсөн түүхийнхээ аль ч үед бүтээн бий болгосон нийгмийн үнэ цэнэ бүхнийг хадгалан хамгаалах, аливаа шинэчлэлийн эрсдэлийг үнэлэн, болгоомжтой хандах ёстой гэсэн байр суурьтай байлаа. 1992 онд Монголын Үндэсний дэвшлийн нам (МҮДН) болон Монголын Ардчилсан нам (МоАН) нэгдэн МҮАН гэсэн нэр авснаар өдгөөгийн АН тулгын чулуугаа тулж байжээ. Р. Гончигдорж, Б.Баабар нарын лидерүүдтэй МСДН бүр сүүлд 2000 онд энэ намд нэгдэн орсон юм. Зүүний нам, барууны үзэл сурталд даган орсон нь тэд ерөөс социал демократ үзэл баримтлалтай байгаагүй, зөвхөн сонгуулиас хожоо олохын тулд энэ нэрийг ашиглаж байсныг харуулдаг. Гэсэн ч одтой тэнгэр орчсон он жилүүдэд улстөрийн анхан шатны боловсролтой болоод амжсан сонгогчид 2000 оны сонгуулиар МҮАН-д даган орсон “экс хуурамч соцдэк”-үүдэд хариуг нь өгч, нэг ч суудал олгоогүй. Дашрамд дурьдахад, тэр хуурамч соцдэкүүдийн нэг нь одоогийн Ерөнхий сайдын ажлыг хийж байгаа Н.Алтанхуяг юм. Алтангадас фракцыг энэ л соцдэкүүд бүрдүүлдэг. Одоогийн МАН (тухайн үеийн МАХН) хүнд бэрх тэр он жилүүдэд социал демократ үзэл суртал дээрээ тууштай зогсож байсан хэдий ч зүүний улстөрийн бодлого хэрэгжүүлэх үндэсний эдийн засгийн хүчин чадал нэгэнт хүрэлцэхгүй болсон байлаа. Ингээд нийгмийн давхрагын бүтцийг тодорхой хэмжээнд тогтвортой хадгалах, тэгш байдлыг хангахын тулд консерватив үзэл баримтлал бүхий МҮДН-тэй хамтарч, дарга Да.Ганболдыг нь тэргүүн шадар сайдаар томилон, өмч хувьчлалыг шууд хариуцуулж ягаан, цэнхэр тасалбар гэж нэрлэгдсэн гарааны тэгш нөхцөлийг хангах хамгийн боломжит хувилбараар явуулсан хэдий ч монгол айлуудыг гэр бүлийн бизнестэй, эдийн засгийн үнэ цэнэтэй, үл хөдлөх хөрөнгөтэй болгож чадаагүй билээ. Энэ бол эдийн засгийн шилжилтийн хямралын давагдашгүй хүчин зүйл байсан. Ийнхүү МАН (тэр үеийн МАХН), МҮДН-ууд хамтран социал консерватив үзэл баримтлал буюу нийгмийн баримжаатай, тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх оролдлого хийсэн.
ЦАГ НЬ БОЛООГҮЙ ЛИБЕРАЛИЗМ
Орчин үед нийгэмд улстөрийн намаас дэвшүүлэн баримталж буй үзэл суртлыг либерал, консерватив, социал демократ гэж ерөнхийлөн ангилдаг. Энэ бол онолын ангилал. Үзэл суртал, бодлогын эдгээр загваруудыг дэлхийн улс орнуудын улстөрийн намууд тухайн нийгмийнхээ онцлогт нийцүүлэн хослуулсан болон хөгжүүлсэн хэлбэрээр тунхагладаг, хэрэгжүүлдэг. МҮДН, МоАН нэгдсэнээр либерал консерватив үзэл баримтлалтай нам Монголын улстөрийн талбарт гарч ирсэн юм. Энэ нам тухайн үеийнхээ нийгмийн захиалга байсныг шударгаар хэлэх нь зүйтэй. Эдийн засгийн шилжилтийг нийгмийн тогтвортой байдал, зохистой бүтцэд баримжаалан явуулах ёстой гэсэн захиалга. Нийгэмд хэт ялгарал, эмх замбараагүй байдал хавтгайрсан, ядуурлыг сэргийлсэн улстөрийн үзэл суртлын хүлээлт бий болоод байсан 1996 оны сонгуулиар ялалт байгуулсан ардчилагчид social market economy буюу нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг(хамтын зах зээлийн эдийн засаг гэж орчуулсан байдаг)-ийн тухай бодох, сонсохыг ч хүсээгүйгээр үл барам free market economy буюу чөлөөт зах зээлийн эдийн засаг болох либерал үзэл суртлыг Монголын нийгэмд шууд тулгасан билээ. Энэ үед л АН бол үндэсний соёл, уламжлал, тусгаар тогтнол, үндэстний сайн сайхныг туг болгосон нийгмийн баримжаатай зах зээлийг эрхэм болгодог либерал консерватив үзэл сурталтай нам биш харин чөлөөт зах зээл, өрсөлдөөнд ач холбогдол өгч нийгмийн халамжийг хойш тавьдаг либерал үзэлтнүүд ноёрхсон нам гэдэг нь ил болсон. Эрх баригч “Ардчилсан холбоо” эвсэл чөлөөт зах зээл, өрсөлдөөний орчныг нэн даруй бүрдүүлэх нь зүйтэй хэмээн тунхаглаж, ямар нэг алсын хараа, стратегигүйгээр өмч хувьчлал эрчимжсэн бөгөөд нийгмийн хэт ялгарал, тэнцвэргүй байдлын үндэс баттайгаар тавигдсан юм. Нийтийн өмчлөлийн буюу өмчлөлийг нь төрөөс хэрэгжүүлж байсан, авч болох бүхнийг дээжлэн цөлмөсөн. Энэхүү эрчимт хувьчлалыг мөн л соцдэк гаралтай одоогийн УИХ-ын дарга З.Энхболд командлан удирдсан билээ. АН-ын үзэл суртал бол либерал консерватив үзэл байх хэрэгтэй гэж тус намд харъяалагддаг, улстөрийн бодлого, судлал ойлгодог цөөхөн сэхээтнүүдийн нэг болох Б.Дэлгэрмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа гунигтай, гомдолтой дурссан нь бий. Тэрбээр АН-ыг 1996-2000 онд олонхи байх үед буюу ардчиллын далбаан дор өндийж ирсэн улстөрийн эрх мэдлийг бизнесээ өргөжүүлэх боломж гэж харсан өнөөгийн олигархиудыг улстөрд нэвтрүүлэхгүй гэж сөрөн зогсоод дийлээгүй. Монголын шинэ түүхийн алтан үеийн тэргүүлэх сэхээтний гэр бүлд өсч хүмүүжсэн, өндөр боловсролтой, оюунлаг улстөрч энэ эмэгтэй АН-ын эрдэмтэд болох Р.Амаржаргал, Да.Ганболд нар үзэл суртлын нэг шугаман дээр чин шударгаар зэрэгцэн зогсдогийн хувьд дэмжин харилцаж байгаа нь харагддаг. Гэвч тэд боловсрол, соёлгүй, бүдүүлэг, түрэмгий авираа амбиц гээд ойлгочихсон бусад фракциуддаа аргагүй шахагдаж байна. Эдгээр эрдэмтэд ядуурлын өндөр түвшинтэй, нийгмийн бүтцийн хэт ялгаралтай, олигополь зах зээлтэй нийгэмд либерал эдийн засгийн бодлого явуулж болохгүй гэдгийг мэдэж эсэргүүцсэнээрээ ийн гадуурхагдсан хэрэг.
СУДЛААЧ Б.БАТ-ЭРДЭНЭ
http://www.unen.mn/content/30269.shtml?alias=politics
Үнэхээр харамсмаар санагддаг