Beautiful Plants For Your Interior
Д.Арвиныг болохоор аваад байдаг, Р.Амаржаргалыг болохоор хориод байх юм (Памфлет)
Ардчилсан намд Да.Ганболд гэж сайн эдийн засагч бий. Үнэнийг палхийтэл хэлдэг тийм хүн УИХ-ын сонгуульд амжилт олдоггүйн үлгэрийг харуулж, Хэнтийд гурав үзээд бараагүй. Харин нам нь нийслэлд тойрог өгсөн бол аль хэдийнээ парламентад залрах байсан.
Одоо занараар шатахуун хийх тухай АН-ын зохиосон үлгэрийг үнэн болгох гэж үйлээ үзэж явна. Гоожиж байгаа нефтиэ ашиглаж эс чадаад гуужиж дуусаагүй занараар шатахуун хийнэ гэдэг сонирхолтой шинжлэх ухаан.
Бас До.Ганболд гэж Эрдэнэтийн гарвалтай сайн инженер эдийн засагч байдаг. УИХ-ын орлогч болж мандсанаа “Хөдөөгийн 13” гэж фракц байгуулаад намынхаа удирдлагад ад үзэгдэж улс төрөөс шахагдсан.
Р.Амаржаргал гэж ерөнхий сайдаар ажиллаж байсан монголын толгой эдийн засагч шинэчлэлийн Засгийн газрын үр дүнгүй үрэлгэн бодлого, өвгөдийн нэрийг барьж өр зээл тавьж байгаа гажигийг сөрөн зогсож, эсэргүүцлээ илэрхийлж гишүүнээсээ татгалзаж байна. Одоо АН-ынханд эдийн засагч алга. Улс орныг сайн лидер, сайн эдийн засагч удирддаг хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн үнэн бий.
Гэтэл эдийн засаггүйгээр эх орныг удирдах гэдэг сонирхолтой шинжлэх ухааныг АН буюу Ерөнхий сайдын Засгийн газар бий болголоо. “Хүүхэд ийм дээрээ хөөрхөн” гэж нэг шоглол бий. Дураараа дургиж, тоглоомоо бужигнуулж байгаа хүүхдийн дүр зураг тэр. Тэргүүлэх эдийн засагч Д.Бямбасүрэн гуай хүртэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үрэлгэн үйл ажиллагааг хатуу шүүмжилж байна.
АН-ынхан яагаад эдийн засгаар жолоодох ухаанд дургүй байдаг юм бол. Төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт орох замыг сонгосон нь үнэн. Гэвч ямар ч эрх хүүхэд аавынхаа хэтэвчтэй мөнгөөр тоглож суухыг үзээгүй л юм даа. Тэд бас шударга хүмүүст дургүй.
Да, До.Ганболд, Р.Амаржаргал нар бол шударга хүмүүс гэдгийг монголчууд мэднэ. Шударга ёс тогтооно гэчихээд шударга хүнд дургүй ардчилагчид сонирхолтой юм сэддэг улс юм даа. Дургүй мөртлөө Р.Амаржаргалыг явуулахгүй гээд байдаг нь бүр ч сонирхолтой шинжлэх ухаан байнаа, бас.
АН-ынхан хүнээр тоглож гаршжээ. Ард түмнээрээ ч тоглож байна. Ардчилагчдаараа ч тоглож байна. Хамгийн их тоглуулсан доктор Бошигтыг бурхан тааллаа. Чимэдийн Эхнээ үнэний дуу дуулаад л явж байна.
Буянгийн Жаргалсайхан ч тэдний нэг. Дарь.Сүхбаатараар тоглож тоглож, бас болоогүй Сүхбаатарын одон өгч тоглоод, гамшигтай тэмцэх ажил оноож “сарааз моёор” болгож тоглолоо. Үнэхээр шударга ёсыг тогтоож чадахгүй байгааг харсан хэсэг нөхөд нь жигүүрлэн нисэж зайлах гэж байна.
Ер нь Н.Алтанхуягийн засгийн газраас чинь Элбэгдорж хүртэл зайгаа барьж эхэлж байгаа юм биш үү. “Том төр” гэж хэнийг муулж баалав. Сүүлд нь “утаагаа өөрсдөө арилга” гэж хэллээ. Урьдын цагт “Хүн хүнээрээ тоглох байтугай хүүхэд чулуугаар тоглохоо больсон цаг” гэж нэг их том үг байдагсан.
Энэ нийгэмд хүнээр тоглодог сонирхолтой шинжлэх ухаан бий болж байна. Янхантах, хүчирхийлэх, хүн наймаалах, АК-гаар шүрших, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ егүүтгэх үзэгдэл газар авч байхад төр нь хэлгүй дүлий юм шиг л сууна. Татварын мөнгө бол иргэдийн мөнгө.
Хүний юмаар хүүдгэнэлээ гэж Р.Амаржаргал гишүүн хэлж л дээ. Тэгэхээр түүнийг явуулахгүй гэдэг нь зүгээр л “дуугүй сууж бай” гэсэн үг. Түүнд үнэн үгээ хэлж, үр дүнгээ үзэх, эсвэл зайлах хоёр зам бий. Ер нь УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн үг бий.
Тэгвэл бас үг хэлээд ямар ч нэмэргүй гэсэн бас нэг гаргалгаа байх нь ээ. Шинэчлэлийн гэх Засгийн газар ямар ч төсөл хөтөлбөргүй, юу хийхээ мэдэхгүй байж Чингис бонд гэдгийг олж ирсэн. Бас л сонирхолтой шинжлэх ухаан юм.
Өнөөдөр монголчууд хоногтоо 200 гаруй мянган долларын хүү төлөөд, бас зээлсэн долларынхоо нэлээдийг нь огт зарж чадаагүй, зарсан салбараасаа улаан мөнгө олоогүй сууж байгааг Р.Амаржаргал эсэргүүцлээ гэж мунхаг би ойлгосон.
Чингис бондыг яаж төлөх вэ
Өгөөдэй бондоор…
Өгөөдэй бондыг яаж төлөх вэ
Хубилай бондоор… гэх мэт явсаар
Энхбаяр бондоор…
Элбэгдорж бондоор… дуусгана гэсэн онигоо гарсан байна.
Бас Н.Алтанхуяг сайд Япон яваад “Самурай…бонд” авах болсон, Хятад яваад “Сю Шү Жан” бонд, Сычуань ороод “Оспан” бонд, удахгүй Тайвань явж “Чанкайши” бонд авах байх гэсэн шог ч гарчээ.
Хүнээр тогловол өөрсдөө эргээд тоглоом болноо гэдэг энэ. МАН-аас Д.Арвин гэдэг хөөрхөн “тоглоом” авсан. Даанч хамаг эрэг шураг, баадуу нь эвдэрчихсэн юм шиг таг чиг суух нь гомдмоор. Тэр нь СӨХ-г сөнөөхөд тус болж байх шиг. МАХН-аас хөлсөлж авсан Ч.Улаан бол сайн эдийн засагч.
Одоо АН-ын тоглоом болж, Чингис бонд олж ирсний буруутан болж карьер нь дуусахыг үгүйсгэх аргагүй. Шадар сайд Д.Тэрбишдагвад хууль нь гацчихсан Мэргэжлийн хяналтыг хариуцуулж тоглоод, цаадах нь гамшиг болбол ганцхан сайн “коко” авахсан гэж бодоод гиюүрч сууна.
Аа тийм, ардчиллын үед намд орно, намаас гарна, гишүүн болно, парламентаас гарна гэдэг бол ердийн л үзэгдэл. Ардчилсан ёс. Д.Арвиныг болохоор аваад байдаг, Р.Амаржаргалыг болохоор хориод байдаг. Үнэхээр сонирхолтой шинжлэх ухаан шүү.
Р.Амаржаргалын хувьд хэлсэн үг, хийсэн ажил нь үр дүнгүй газар хий хоосон суух хэрэггүй гэдэг нь зөв шүү дээ. Хайран залуу нас. Д.Арвины хувьд бол толгой хоргодох газар л байвал хаана ч яахав дээ. Сүүлчийн боломжоо алдаж болохгүй, сүрхий шинжлэх ухаан ч эмгэн шүү.
Р.Амаржаргалын хувьд төрд хэрэгтэй зайран. Гишүүн байх эсэх нь ардчиллынхны ярих дуртай хүний эрхийн л асуудал. Нөхөн сонгууль явуулна л биз. Р.Амаржаргал явлаа гээд төр барих суудал дутахгүй, ард нь Д.Арвин байхад чинь.
Бас Р.Амаржаргалд хайртайдаа биш, биднийг голоод, мэргэжил боловсрол туршлагаараа дээрэлхлээ гэж түүнд бас өширхөөд байгаа бололтой юмаа. Юм голдоггүйгээрээ Р.Гончигдорж л тэдэнд амар юм даа. Хүн ингэж өөрчлөгдөж чадна гэдэг бас том авьяас шүү. Хүн эрхээ эдэлж болдоггүй ардчиллын шинжлэх ухаан гэж сонирхолтой эд шүү.
Хүнээс үнэтэй капитал байхгүй гэдэгсэн. Эдийн засгийн хямралын энэ цаг дор Р.Амаржаргалаас үнэтэй капитал баймааргүйсэн. Хүн үнэ цэнэтэй гэдэг бас худлаа шинжлэх ухаан байсан байж таарлаа. Ер нь түүнд өширхөөд ингэж тоглоом шоглоом болгосоор тэсвэр тэвчээрийг нь барж, ямар нэг болчимгүй алхам хийлгээд хэн ч биш болгож орхиё гэсэн санаатай хүн АН-ын удирдлага дотор байх шиг.
Тэнд хүний мууд дуртай олон хүн бий. Бас нэг болгоомжлол бол офшор бүсэд мөнгө байрлуулдгийг болиулах, төрийн өндөр алба хашдаг хүмүүс гадаад эхнэр, нөхөртэй болбол төрөөс хяналт тогтоодог болох тухай санаачилсан хуулиа унагуулсан Ж.Батзандан тэргүүтэй олон хүмүүс Р.Амаржаргалын араас эрхиний хэлхээ мэт цувах магадлалтай гэдгийг тооцсон бололтой юм.
Дэлхий нийтээр шинжлэх ухаанд тулгуурлаж, эдийн засгийн дэвшлээр хөгжиж байхад монголд тэс өөр. Ардчиллын шинжлэх ухаан гэж ер нь байдаг болов уу. Яаж байхав. Байдаг бол шилдгүүд нь удирдана биз дээ. Тэгвэл АН-ынхан эдийн засаггүй хөгждөг шинжлэх ухаан гэж нэн сонирхолтой нэгэн салбар бий болгох нь ээ.
АН-ынхан ямар ч жүжиг тавилаа гэсэн Р.Амаржаргал гишүүн явдгаараа л явна. Түүнийг алдана гэдэг монголын төрд томоохон гарз юм. Гэвч тэрбээр өөрөө хүсвэл 2016 онд хаанаас ч суга гарч ирнэ. Харин тэр үед эдийн засаггүйгээр эх орноо хөгжүүлдэг энэ нөхдүүд төр барьж байвал мөн хэцүү еэ.
Л.Доёд
Өглөөний Сонин
2013.12.09 Даваа гараг
№239 (1826)
http://sonin.mn/news/politics-economy/22457
гашуун үнэнийг үнэхээр цэгцтэй хэлжээ. Амаржаргал шиг боловсон хүчнүүдээ төр алдвал эх орон хохироод үлдэнэ. АН энэ хүнийг авч үлдэх нүүргүй болсныыг ьүмэн олон мэдэж байгаа. өөртөө хэдэн төгрөг завшихын төлөө ард түмэнээ ядрааж туйлдуулж төрөөр тоглох хэрэг юун. арайчигдээ