ОЮУ ТОЛГОЙ бол Монголын хамаг болж бүтэж байгаа бөгөөд болж бүтэхгүй байгаа зүйлсийн төвлөрсөн илрэл нь юм

Монгол Улсын ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

В. Ганзориг: Цаг гарган ярилцлага өгч буй танд баярлалаа. Хэвлэлийн салбарыг төлөөлөн уулзаж байгаагийн хувьд өнөөгийн Монголын хэвлэлийн салбарын талаарх таны бодлыг сонсмоор байна.

Р. Амаржаргал: Сүүлийн үед их олон гоё сонин, сэтгүүл, сайт гарч байна. Гэхдээ шууд барууны сонин, сэтгүүлийг механихаар хуулмааргүй санагддаг юм. Яагаад гэвэл, барууны сэтгүүлүүд латин шрифтээр бичдэг, түүндээ яг таарсан дизайн, форматтай байх юм. Гэтэл манайхан түүнийг нь шууд хуулбарлаад түүн дээрээ кирилл үсгээр бичвэр өрөөд эхлэхээр өнөө гоё дизайн нь харагдахгүй, онцгүй болчихож байгаа юм. Тэгэхээр кирилл үсэгтэй, урт үгэндээ тааруулсан дизайн, загварыг бий болгох хэрэгтэй юм болов уу гэж өнгөн талаас нь хараад бодож явдаг. Эдгээрийг эс тооцвол их өөр болж байгааг хэлэх ёстой.

Дээхнэ үед би нэг гадны сэтгүүл уншиж байсан юм. Тэр сэтгүүлд 2040 он гэхэд ч билүү дээ, ер нь хамгийн сүүлд цаасан медиа буюу хэвлэмэл сонин, сэтгүүлтэй үлдэх газар нь Монгол гэж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл, нэг их сайн талаас нь бичээгүй байсан л даа. Санаа нь бол хамгийн хоцрогдсон гэж хэлэх гэсэн утга байсан. Орчин үеийн мэдээлэл, технологийн эрин үед энэ цаасаар хэвлэгдээд байгаа сонин, сэтгүүлүүд цаашид яах вэ гэдэг нь сонин болоод байгаа хэрэг л дээ. Яг ийм салбарт бизнес эрхэлж буй хүмүүс маш том сорилтой тулгарч байна. Их л бүтээлч байж гэмээнэ, их хөдөлмөрлөж бусдаас ялгарч байж энэ том сорилтыг давж гарах байх аа. Дээрээс нь манайд хүн амын фактор үйлчлээд байна. Том тооны хууль ч гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, гуравхан сая хүн дотор хоёр, гуравхан сэтгүүл л хангалттай баймаар. Гэтэл хэдэн зуугаараа байна. Эдгээрийн тал нь бүр ямар ч хэрэггүй шахуу сонин, сэтгүүлүүд. Уншиж үздэг хүн байдаг ч юм уу, үгүй юм уу бүү мэд. Эдгээр олон тоон дундаас гарч ирэхэд тун хэцүү. Хоёрдугаарт, нэг гарч ирлээ гэхэд хүмүүс маш амархан уйдна. Улаанбаатарт нэг шинэ ресторан нээгдлээ гэхэд үндсэндээ нэг сарын дараа л моодноос гардаг биз дээ? Тэрэнтэй адилхан хэвлэл нэг хэмжээндээ буюу тогтмол байнгын уншигчидтай байна гэдэг хэцүү санагддаг. Тиймээс зах зээлийнхээ энэхүү өвөрмөц байдлыг л сайн ойлгомоор юм шиг байгаа юм.

В.Г: Тэгвэл та одоо яригдаад байгаа хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэрхэн харж байгаа вэ?

Р.А:Одооний нөхцлүүдээ л илүү жаахан тодорхой болгоё л гэсэн санаа яваад байгаа юм. Тухайлбал, ард иргэд төрийн байгууллагуудтай хэрхэн харьцах, тэндээс мэдээлэл нээлттэй олж авах тухай асуудал гэх мэт. Ямар нэгэн хууль гарахад зарим зүйл сайжирдаг, зарим нь муужирдаг  тал бий. Тиймээс хамаагүй хууль батлаад л, хууль батлагдчихвал л бүх зүйл болчихно гэж ойлгож болохгүй л дээ. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн эрх чөлөөний тал дээр яаран хууль гаргах хэрэггүй болов уу гэж би хувьдаа боддог юм. Яагаад гэвэл, энэ салбар унаж, босоод туулах ёстойгоо туулаад өөрийнхөө хөгжлөөр явж л байг. Ингэж явсаар шалгарсан арга барил, дүр төрх нь аандаа амьдрал дээр шигшигдээд, сэгсрэгдээд, чигжигдээд хүн болгон хүлээн зөвшөөрөөд ирэх цагт тэрийг нь албажуулах, түүнийг нь хууль болгодог арга замыг л хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр ашигламаар санагддаг юм.  Зарим салбарын хувьд өөр байж болно л доо. Асуудал ба гарцуудыг нь урьдчилж хараад, чиглүүлээд, тэрийгээ гялс хууль болгож гаргадаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр болохгүй санагддаг. Ялангуяа энэ салбар маань өөрөө шинэ нийгмийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх учиртай юм. Гэхдээ энэ үүргээ яг одоо амжилттай гүйцэтгэж буй эсэх дээр бол юм хэлж мэдэхгүй байна. Ялангуяа би сүүлийн үед сонингийн сэтгүүлч нарт жаахан шүүмжлэлтэй ханддаж байгаа. Жаахан ч биш, ер нь нилээд шүүмжлэлтэй ханддаг болсон. Гэхдээ бүхэлдээ энэ салбар, систем маань нилээд либеральний, чөлөөтэй байх ёстой. Тэр ч утгаараа би 1999 онд Ерөнхий сайд байхдаа анх удаагаа энэ хэвлэх үйлдвэрийг 999 төгрөгөөр хувьчилж, бүх сонин хэвлэлүүдэд өгч, материаллаг талаас нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн нэг алхам хийж байсан юм.

В.Г: Та ер нь хэвлэлийн эрх чөлөө гэдгийг юу гэж ойлгодог вэ. Би бол өнөөгийн Монголын хэвлэл мэдээллийн салбарын эрх чөлөө нь жаахан дэндсэн гэж хэлэх гээд байгаа хүн шүү дээ.

Р.А:Дэндсэн гэж хэлж болно. Гэхдээ энэ нь олон янз байгаа. Жишээ нь, ухамсарын асуудал байна, хүн ямар асуудалд ямар шалгуураар хандаж буй хандлага байна, дээрээс нь хэвлэл мэдээллийн бизнес эрхэлж буй хүмүүс нь ямар хүмүүс юм бэ, яг үйл ажиллагаанд нь оролцож буй хүмүүс нь ямар хүмүүс юм бэ, тэдгээр бүх хүмүүсийн үнэлэмжийн асуудал нь ямар юм бэ гээд олон асуудал яригдана. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр хоёр өрөө байртай болох гэсэн нэг годгоносон охин л нийгмийн уур амьсгалыг тодорхойлдог, гол гол мэдээллийн хэрэгслээр нийтлэл, мэдээ бичээд явдаг. Түүгээрээ бусдыг рекетлээд явах бололцоотой байна шүү дээ. Энэ асуудлыг зохицуулъя гэсэн санал, санаачлага үе үе улстөрчдийн зүгээс гарч ирдэг юм. Гэтэл ер нь ийм байдалд хүргэсэн нөхдүүд нь хэн юм бэ. Улстөрчид өөрсдөө, тийм үү? Тийм байдлыг өөрсдөө өөгшүүлсэн, өдөөсөн, тийм зүйлсийг өөрсдөө байнга санхүүгийн хувьд тэтгэж байдаг, бараг нэг нь нөгөөгөө муулаад биччихсэн хүнд шагнал болгож байр сав өгдөг. Ийм буруу жишгийг хэвлэл мэдээллийн салбарт оруулж ирсэн хүмүүс нь улстөрчид өөрсдөө. Тэгсэн атлаа одоо болохоор хэвлэл мэдээлэл болохоо байлаа гээд уйлан дуугараад байх нь сонин л сонсогдож байдаг. Гэхдээ энэ маань өөрөө улс орны эдийн засгийн ерөнхий хөгжилтэй их уялдаа холбоотой асуудал. Дээрээс нь миний сүүлийн үед ярих гээд байгаа ёсзүй, ёс суртахууны хүмүүжилтэй холбоотой асуудлууд л байгаад байгаа юм.

В.Г: Тэгэхээр та бол өнөөгийн сэтгүүлзүй, сэтгүүлч, сурвалжлагч нарын хийж болох, болохгүй зүйлсийг, ёсзүйг хуулиар шууд болно, болохгүй гэж хүчлэхээс илүү одоо явж буй чиглэл, хандлага, явцыг нь харах ёстой гэж дүгнэж буй хэрэг үү?

Р.А:Тийм. Энэ салбар маань хууль талаасаа гэхээсээ илүү ёсзүйн талаасаа зохицуулалттай байвал зүгээр гэж боддог. Этик, сэтгүүлч нарын ёсзүй гээд зүйлс байдаг шүү дээ. Тэр шугамаараа явбал энэ салбарт чухал. Тэгээд ер нь асуудлыг шийдэх үндсэн арга бол эдийн засгийн ерөнхий хөгжил шүү дээ. Эдийн засгийн хөгжил эрчимтэй яваад, өргөжиж, тэлэх тусам хүн бүр ажилтай төрөлтэй завгүй болж, элдэв янзын юм уншаад байх бололцоо, цаг зав ч гарахгүй. Дэмий зүйлд ч хүмүүс цаг заваа зарахаа болино. Яг час хийсэн, хэрэгцээтэй юмаа л уншиж эхэлнэ.

Тэгээд ч орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигддаг шалгуурууд байна л даа. Хүн гаднаас нь хүрч ирээд, эсвэл хууль хяналтын байгууллагууд ирээд тийм мэдээлэл байна уу, тэр чинь үнэн үү, худал уу гэж шалгахаас илүү тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө өөрийгөө шалгадаг, өөрөө өөртөө хяналт тавьдаг механизм байдаг.  “Нью Иорк Таймс”, “Вашингтон Пост”-ыг хүмүүс яагаад сонирхоод, уншаад байдаг вэ гэхээр тэд бичиж нийтэлсэн таслал болгоныхоо төлөө, цэг болгоныхоо төлөө, бичсэн хүнийхээ нэр, овог, нийтлэл, мэдээн дээрээ тавьж буй тоо болгоныхоо төлөө хариуцлага хүлээдэг. Тийм учраас хүмүүс эдгээр сонин сэтгүүл дээр бичсэн юманд нухацтай хандаж, итгэж үнэмшдэг байх жишээтэй.

В.Г: Та түрүүн хэллээ. Сонины сэтгүүлч нарт нилээд шүүмжлэлтэй ханддаг гэж. Заавал сонины сэтгүүлч нарыг онцолж буй нь ямар учиртай билээ?

Р.А:Би өөрөө сэтгүүл тал руу орж харьцаж чадахгүй байгаа. Миний гол харьцдаг суваг нь өөрөө сонин. Сэтгүүлүүдийг сүүлийн үед хараад байхад шинэ сэтгүүлүүд гарч ирж байна, надтай ирж уулзаад ярилцаад, санаа оноо авдаг л даа. Гэхдээ л ерөнхий дүн, чанараараа миний санаанд хүрэхгүй л байдаг юм. Сэтгүүл гэдгийг миний хувьд илүү аналитик тал руугаа орсон, илүү нийгэм рүүгээ чиглэсэн байх болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл, арай жаахан суурь судалгаатай, даацтай сэдэвт тулгуурласан байх ёстой гэж боддог. Тэр өнгө аяс нь манай сэтгүүлүүдэд байхгүй байх шиг. Миний мэддэг буюу би хуучин үеийнхээрээ сэтгээд байж магадгүй л дээ. Магадгүй  гялгар буюу шар сэтгүүлүүд ондоо байх. Угаасаа өөр чиглэл, зарчмаар явдаг байх. Гэхдээ л манай сэтгүүлүүд ерөнхийдөө бас ч гэж өөрийн хэрэглэгчидтэй уншигчидтай болсон байна. Жишээ нь, би одоо энэ Гоодаль сэтгүүлийг авлаа л гэхэд 13-р хуудсанд нь миний мэддэг юм, миний уншдаг булан яг л байж байх ёстой байхгүй юу. Ямар ч дугаар нь гарсан гэсэн миний хэрэгтэй мэдээ, мэдээлэл хаана байгаа билээ, миний уншдаг юм хаана нь билээ гэдгээ би мэддэг, бүр тийм дадал болсон, намайг чиглүүлж өгдөг тиймэрхүү зүйлсийг манай сэтгүүлүүд дизайн, бүтэц, маркетинг талаасаа нилээд анхаармаар санагддаг. Агуулгын хувьд ч гэсэн хэлэх юм байдаг. Гэхдээ яваандаа болох байлгүй дээ.

В.Г: Одоо ер нь сонингийн сэтгүүлч нараас илүү вэбсайтын сэтгүүлч нар моодонд ороод байгаа юм биш үү?

Р.А:Үнэн үнэн. Мэдээлэл авдаг гол суваг маань цахим ертөнц болчихлоо. Саяхан нэг судалгаа харсан. Залуусаас авсан судалгааны дүнг харахад ердөө 10 хүрэхгүй хувь нь сонин, сэтгүүлээс мэдээлэл авдаг гэж хариулсан байсан. 60 гаруй хувь нь цахим ертөнцөөс, үлдсэн жаахан хувь телевизээс мэдээлэл авдаг гэсэн байсан. Энэ бол залуучуудын хувьд л даа. Настай хүмүүс сонингоос л голлох мэдээллээ авдаг байх.

В.Г: Та улстөрд нилээд олон жил болж байна. Саяхан УИХ-ын гишүүнээсээ татгалзсан тань нэлээд шуугиан тарьлаа. Ингэхдээ та нилээд олон асуудлуудыг факттай нь гаргаж хэлж, ярьсан. Энэ бүх болохгүй байгаа зүйлсийг засахад та хувь нэмрээ оруулбал уг нь зүгээр юмсан. Гэтэл энэ нь хаалттай байгаад байна уу. Өөрөөр хэлбэл эрхийг нь олгохгүй байна уу. Эсвэл та угаасаа болж бүтэхгүй системтэй тэмцээд ч хэрэггүй юм байна гэж бодоод Их хурлаас гарахаар шийдсэн байв уу?

Р.А:Та нар миний хийсэн мэдэгдлүүдээс тэгж уншиж ойлгосон бол надад сонин л сонсогдож байна. Би бол арай ондоогоор харж байсан л даа. Нэгдүгээрт, энэ асуудлын хувьд субьективний юмнууд бага. Ер нь Амаржаргалын хувьд нэг онцлог байдаг. Аливаа субьективний юмнаас хол байдаг. Амаржаргал гэдэг хувь хүний асуудлууд бол үнэндээ 30 дугаар асуудал шүү дээ. Бусдад таалагдах уу, таалагдахгүй юу гэдэг нь. Асуудал нь өөрөө юу юм бэ, мөн чанар нь юу юм бэ, агуулга нь юу юм бэ гэдэг дээр л анхаарч ажиллаж байсны ачаар энэ улстөрд бас овоо хэдэн жил болсон юм болов уу гэж өөрийгөө боддог. Хоёрдугаарт, сая асуудлыг гаргаж тавихдаа бүхэлд нь, тогтолцооны хувьд нь гаргаж тавьсан шүү дээ. Үндсэн дөрвөн чиглэлээр асуудлыг хөндөж тавьсан болохоос биш өөр зөндөө олон чиглэлээр ярьж болохоор байсан. Өнөөдөр хамгийн тод харагдаж буй дөрвөн асуудлыг гаргаж ирээд харахаар бүхлээрээ явж явж тогтолцооны л асуудал байгаа байхгүй юу. Тэрнээс биш энд субьективний юмнууд байхгүй. Хэрвээ өөрөө анзаарсан бол энэ процесс бол зүй тогтлын процесс юм. Монголын парлемант гэдэг энэ институт, парламентын ардчилал гээд байгаа энэ зүйлийг бид 1990 онд сонгож авсан. Зүгээр ардчилал биш шүү. Парламентийн ардчилал гээд өмнөө тодотголтой.

В.Г: Өөрөөр хэлбэл төлөөллийн ардчилал мөн биз?

Р.А:Тийм. Төлөөллийн ардчилал. Энэхүү төлөөллийн ардчиллын өрнөл, хөгжил маань өнөөдөр биднийг ийм байдалд хүргэчихээд байна л даа. Энэ дээр Дорж, Дондог, Дулмаа гэж буруутгахаас илүү тогтолцоо тал дээр нь бид түлхүү анхаарах ёстой. Тэрийгээ бид олж харж байна уу, үгүй юу? Тэр тогтолцооныхоо асуудлыг шийдэхэд бид хэд хэдэн хүчин зүйлсийг тооцож байх ёстой. Ялангуяа шийдвэр гаргах гэж буй хүмүүсийн түвшинд. Хамгийн тодотгож хэлсэн зүйлс маань ёсзүй, ёс суртахууны фактор буюу хүчин зүйлс байсан юм аа. Энэ үнэт зүйлийг бид төрийн шийдвэр гаргах механизм дотор ерөөсөө олигтой суулгаж чадахгүй байна. Энэ зүйлийг л би нилээд тодотгож хэлэхийг хичээсэн юм.

В.Г: Яг түрүүний бид хоёрын ярьдаг хэвлэлийн салбартай агаар нэг юм байна. Гол нь ёс суртахууны асуудал дахиад л хамгийн хурцаар хөндөгдөж байна.

Р.А:Яг тийм. Хоёрдугаарт, би ямар асуудал хөндсөн бэ гэвэл энэ оронд чинь хариуцлагын тогтолцоо гэж юм байхаа больжээ. Миний мэдэхээр л сүүлийн 10-аад жилд төр засаг дотор ч, мөн сонин хэвлэлээр ч тэр толгойтой үс арзаймаар юм гараад байдаг ч тэдгээрийн төлөө хариуцлага хүлээсэн цорын ганц хүн байдаггүй. Бүгд л болж байгаа, бүтэж байгаа юм шиг яваад байдаг. Ийм байж болохгүй ээ. Энэ хоёр юмыг л онцгой анхаараач ээ гэсэн үндсэн санаануудыг хэлсэн. Гуравдугаарт, авантюризм [бусдын анхаарлыг татах үйлдэл, нийтээр даган мөрдөх журмыг зөрчсөн эсрэг үйлдэл] маягийн юмнууд төрийн бодлого дотор чинь хэт их орж ирээд байна шүү. Энэнээсээ салахгүй бол, үүнээс өөрийгөө хамгаалдаг дархлаа бий болгохгүй бол болохгүй байна шүү гэсэн санааг хэлж өгсөн л дөө. Гэх мэтчилэн…

В.Г: Нөгөө 75 гишүүн дотор хэчнээн нь таны энэ санааг дэмждэг юм бол доо. Ер нь санал нийлэх хүн олон байх гарах болов уу?

Р.А:Байлгүй яах вэ! Их олон байх шиг байдаг. Тийм байгаа тулдаа л сая намайг зөв зүйтэй юм ярьж байна гээд Их хуралд аваад үлдэх шиг боллоо шүү дээ. Үүнийг би хувьдаа Монгол Улсын Их хурал нөхөр Амаржаргалыг авч үлдэнэ ээ л гэж байна гэж хараад байгаа шүү дээ. Миний урьд нь хашиж байсан алба, ажлууд, энэ улстөрд явсан он жилүүд, оролцож байсан энэ үйл явдлууд маань надад бас энэ хэмжээний юм хэлэх эрх олгож байна гэж би бодоод байгаа. Өөр хүн гарч ирээд яг ийм юмыг хэлсэн бол ийм хэмжээнд доргиох байсан уу, үгүй юу, сонсогдох байсан уу, үгүй юу, бүү мэд, тийм ээ? Тэгээд тэр хэмжээний зангараг байгаа ч уу, үгүй юу! Улстөрийн хувьд хуримтлуулсан капиталтай хүн чинь бас олны өмнөөс ганцаараа гарч ирээд дуугарчих бололцоо гарч ирж байна шүү дээ. Дандаа л тэгээд байх ёстой биш л дээ. Гэхдээ хааяа, онц шаардлагатай үед бол ганцаараа гарч ирэх хэрэгтэй. Гэхдээ үнэндээ энэ чинь хэцүү шүү дээ. Бүгд нэг юм ярьдаг, чи тэдний өөдөөс ганцаараа өөр юм яриад байх чинь их хүнд. Сүүлдээ ч би өөрөө тэнэг ч юм уу, буруу ч юм уу? Ганцаараа өөр юм яриад байдаг гэх эргэлзээ ч төрнө. Гэхдээ л хэлэх ёстой юмаа хэлээд ярих ёстой зүйлээ ярих л хэрэгтэй.

В.Г: Одоо тэгээд яах вэ. Та болж бүтэхгүй зүйлсийг нь баримттай сайхан гаргаад хэлээд байдаг. Өөрийн гэсэн шийдлээ бусаддаа танилцууллаа. Бусдынхаа өмнөөс бүр хариуцлага хүлээж болж байна гэлээ. Бусад нөхөд тань тийм юм байхгүй ээ гээд Их хуралд аваад үлдчихлээ. Гэтэл сүүлийн 10-аад жилд магадгүй болж байгаа 10 юм байхад болохгүй байгаа яалт ч үгүй 19 юм байгаад байна, хариуцлагын түвшин, ёсзүйн түвшин гээд л та яриад байдаг. Ер нь ойрын хэдэн жилд энэ байдал засагдана, сайжирна гэсэн найдвар таны хувьд харагдах юм уу?

Р.А:Амьхандаа засагдана гэж горьдоод л хэлж буй хэрэг шүү дээ. Ямар ч байсан өөрчлөгдөнө. Энэ нэг юм дуугараад, нийгмийг доргиогоод ирэхээр энэ асуудлууд маань бүх шатандаа доргиод явчихаж байгаа юм л даа. Тухайлбал, сая оны эцэс болоод аймаг, сумдын Иргэдийн хурлууд хурлаа хийхэд урьд нь хурал дээр чив чимээгүй байдаг байсан хүмүүс “нөхөр дарга та ажлаа хийж чадаж байна уу, үгүй юү” гэсэн асуулга тавиад, хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна. Энэ чинь өөрөө бас л нэг дохио өгөөд, нийгмийнхээ хэмжээнд доргио үүсгэж байна гэж үзэж байгаа. Хэрвээ өөрөө анзаарсан бол цаг хугацааны хувьд ч тэр асуудал тавьснаас хойш хэвлэл дээр гарч байгаа нийтлэл, материалуудын өнгө аяс, улстөрчид, сайд, дарга нарын яриад байгаа зүйлсийн өнгө аяс хүртэл арай ондоо болж л байна. Ямар ч байсан өнөө маргаашдаа хөдөлгөөнд орж байна. Цаашдаа ч шийдэгдэх байх гэсэн найдлага байгаа. Гэхдээ мэдээж хэрэг маш цэгцтэй бодлого хэрэгтэй. Зүгээр нэг ээлжит кампанит ажил биш, зүгээр нэг ээлжит шоу биш, оноо авахын тулд ажил хийсэн болж жүжиглэх биш, харин асуудлуудаа маш цэгцтэй барьж аваад шат дараатайгаар алхам алхамаар шийддэг систем хэрэгтэй байна.

В.Г: Бизнесийн орчны талаар таниас бас асуумаар байна. Би өөрөө бас бизнесийн байгууллагад ажилладаг хүний хувьд байдал таатай бус байгааг өдөр тутам мэдэрч байгаа. Бүр бизнесийн байгууллагуудын төлөөлөл улстөрчдийг, бүр нэр бүхий улстөрчдийг бараг үзэн ядах нь холгүй болж байна. Уг нь барууны чиглэлийн нам засаг барьж байдаг. Гэтэл хийж буй үйлдэл нь эсрэгээр байгаад байх шиг. Гадны улсууд ингэж асуухаар өмнөөс нь бид хариулж үнэндээ чадахгүй юм.

Р.А:Би наадах дээр чинь нэг ийм юм хэлье. Төр засгаас хамаарч байгаа юмнууд бол байгаа. Үүнийг огт үгүйсгэхгүй. Төр засаг зөв бодлого явуулж чадахгүй байгаа учраас бизнесийн орчин муудсан, гадаадын хөрөнгө оруулагч нар үргэсэн гэх мэтчилэн ярих юм бол маш их юм байгаа. Гэхдээ би энийг хөндмөөргүй байна. Яагаад гэвэл, үүнийг амны уншлага болчихсон мэт хүн болгон л ярьж байгаа шүү дээ. Өнөөдөр бизнесийн үйл ажиллагаа олигтой үр дүнд хүрэхгүй байгаагийн учир шалтгааныг бизнесийн байгууллагуудтай, өөрсөдтэй нь холбож тайлбарлах ёстой юм. Ялангуяа Монголын энэ бизнесүүд анх яаж үүслээ. Ялангуяа 90-ээд оны эхээр! Цаашдаа яаж өрнөж хөгжиж явлаа. Тэгээд одоо ийм түвшинд хүрсэн байна. Үндсэндээ бол хамгийн чухал бөгөөд эмзэг үедээ ирчихсэн байгаа байхгүй юу. Бараг бүх юм нь бухимдлын цэг болчихсон шахам гэж хэлэхээр. Тэгэхээр аливаа юм мөчлөгтэй байдаг. Хүний амьдрал ч тэр. Төрлөө, нялх байлаа, насанд хүрлээ, хөгширлөө гэх мэт. Бүтээгдэхүүн ч гэсэн тэр. Эхлээд сонин содон байж байгаад, дараа нь тогтвортой болоод, дараа нь зах зээлээс алга болчихдог ч гэдэг юм уу. Түмэн сайхан бүтээгдэхүүнүүд байдаг л байсан, одоо хаана байна вэ. Алга болчихсон л байдаг. Тэгээд энэ бүтээгдэхүүний нас чинь бас богино болчихоод байна шүү дээ. Тэрэнтэй адилхан аж ахуйн нэгж байгууллага ч гэсэн өөрийн гэсэн настай, мөчлөгтэй. Яг ний нуугүй хэлэх юм бол манай эдгээр компаниудыг удирдаж байгаа эзэд, удирдлага үндсэндээ сайн дурын уран сайханчид л байгаа шүү дээ. Ганзагаас эхлээд л явсан. За тэгээд илүү их мэдлэгтэй, мундаг нь гэхэд л хуучин социализмын үеийн сэхээтнүүд. Ийм хүмүүс өнөөдрийн орчин цагийн зах зээлд өрсөлдөх компаниудыг удирдаж байна. Тэр компаниуд нь тэгээд бүгд гэр бүлийн компаниуд болчихсон. Тэр дунд байгаа соёл нөгөө яригдаад байдаг компанийн засаглал, хувьцаат компанид тавигддаг шаардлагатай огт нийцдэггүй. Гаргаж байгаа шийдвэрүүд нь дандаа сайн дурын уран сайханч маягийн шийдвэрүүд байдаг. Харж байгаад л за ингэнэ, тэд ийшээ орлоо, бид одоо ингэнэ гээд л. Эдийн засгийн байдал нь жаахан гайгүй болоод, ар өврийн хаалга ба бусад хэлхээ холбоогоор дамжаад мөнгөтэй болчихсон, баяжчихсан тэр хүмүүс маань өнөөдөр асар их хэмжээний хөрөнгө оруулалт ийш тийшээгээ хийсэн. Тэгэхдээ үндсэндээ зүгээр л тааралдсан юмаа худалдаж аваад байсан. Энэ байшинг, тэр газрыг, тэр үйлдвэрийг гээд л. Нэг их сүрхий бизнесээ диверсификаци болгосон мэт боловч санхүүгийн менежмент талаасаа үндсэндээ компаниа дампууруулчихаж байгаа юм. Өнөөдөр миний нүдэнд харагдаж буй юм юу вэ гэхээр, аж ахуйн нэгж байгууллагууд бүгд санхүүгийн асуудалтай байна. Аятайхан төслөө санхүүжүүлээд аваад явах тийм компани өнөөдөр байхгүй. Том том гээд байгаа компаниуд хүртэл санхүүгийн маш хүнд байдалд орчихсон байж байгаа. Энэ нь бол төр засгийн гэхээсээ илүү өөрсдийнх нь хариуцлагатай холбоотой юм. Тэрийгээ олж харахгүй юм болгон дээр засаг тэгээд байна, энэ ингээд байна гэж хэлээд байж болохгүй л дээ. Би түрүүн хэлсэн, засагт бол асуудал байгаа, гэхдээ өөрсөө эхлээд хариуцлагатай байх, юманд жаахан шинжлэх ухаанч байдлаар хандах, орчин цагийн шаардлагыг хангасан байдлаар асуудалтай харьцаж байхгүй бол болохгүй. Одоо 100%-ийн хувьцаат компани хувь хүн дээр дангаараа байж байх уу, эсвэл хяналтын багцаа барьчихаад бусдад нээлттэй арилжаад нийтийн компани болоод явах уу гээд сонголтууд бий. Гэхдээ яах вэ, бид ингээд л суралцаад л явах юм шиг байгаа юм. Энэ нь бас цаг хугацаа шаардах байх. Нэг хэсэг компаниуд дампуурна гэж би бодож байна. Дампуурах ч ёстой. Ялангуяа би хэлсэн үгэндээ нэг зүйлийг онцолсон юм. Энэ том том компаниуд бие биеэ чирээд чирээд явчих вий дээ гэж! Тийм юм битгий болоосой л гээд горьдоод сууж байна даа.

В.Г:Таны түрүүний хэлдгээр хөрөнгө, мөнгөтэй болсон хэсэг маань өнөөгийн төр ба бизнесийн харилцаанаас болоод Монголдоо хөрөнгө оруулахаас зүрхшээгээд, айгаад эхэлчихсэн. Энэ байдлыг гадны банкирууд анзаарчихаад өнөө хөрөнгөлөг эрхмүүдийг маань гадагшаа, тухайлбал, Тайланд, Европ, АНУ руу хөрөнгө оруулаач, байшин аваач гээд татаж, чангаагаад байна. Үүнийг та улстөрчөөс гадна эдийн засагч, судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ. Монголоос гадагшилж байгаа хөрөнгө, мөнгөний тоо статистик байна уу?

Р.А:Би үүнийг яаж тооцдог вэ гэхээр далд эдийн засгийн хэмжээгээр л тооцож баримжаа авдаг.

В.Г: Манай далд эдийн засаг одоо хэдэн хувьтай байна?

Р.А:Манай нийт эдийн засгийн ойролцоогоор 30% гаруй нь үндсэндээ далд эдийн засаг явж байгаа.

В.Г: Одоо 10 гаруй тэрбум ам.долларын 30% гэсэн үг, зөв үү?

Р.А:Тийм. Бага зэрэг хэлбэлзэл байна л даа. Гэхдээ л тэр хэмжээний мөнгө байна гэсэн үг л дээ. Тэр хэмжээгээр л би ойлгож байгаа. Энэ бол өөрөө хүүхэд кортдогтой адил зүйл юм. Хүүхэд заавал кортдог шүү дээ. Түүнтэй л адилхан өвчин гэж би боддог. Зайлшгүй ингэж гарах ёстой зүйл мэт. Өнөөдөр бид идотроо шийдлээ олж чадахгүй бол гадагшаагаа л гарна. Гэхдээ тэр гадагшаагаа хөрөнгө оруулалт хийж байна гэдэг бас л харьцангуй. Үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө оруулалт хийж буй хүмүүсийн тухай ганц нэг л сонсогддог юм. Ихэнх нь мөнгөө үл хөдлөх хөрөнгө рүү, байшин барилга руу л хийж байна. Энэ бол хэрэглээ талын зүйлс болохоос их сүрхий баялаг бүтээх талын зүйл биш, тийм үү? Яах вэ зүгээр, ийм нэг үе байх ёстой юм шиг байна! Энэ үеийг нь аль болох хурдан даваад гарах ёстой үе л гэж би ойлгоод байгаа.

В.Г: Онолоор бол мөчлөг тэгээс эхлээд л өсөлт, өрнөлт, бууралт гээд явдаг. Уналтын үед харин муу ажиллавал тэр чигээрээ доошоо тэг рүүгээ унана, харин зөв менежмент хийж чадвал W shape гэдэг шиг буцаад өсөлтийн шат руугаа орох боломжтой гэж ярьдаг. Тэр л байх шиг?

Р.А:Тийм тийм. Боломжтой бол нөгөө зах зээл рүүгээ зөв дохио өгч, зөв залах ёстой юм л даа. Эдгээр механизмуудаа л зөв харж, зөв хийж байхгүй бол хэцүү. Миний сэтгэлийг зовоогоод байгаа нэг зүйл бол үсчсэн, яарч сандарсан, хүнд таалагдах гэсэн нөхдүүд юм.

В.Г: Тэдгээр нөхдүүд байгаа нь манай одоо байгаа улстөрийн системтэй холбоотой биш үү. Нөгөө яриад байсан төлөөллийн ардчиллын гор?

Р.А:Миний яриад байгаа зүйл чинь л энэ. Төлөөллийн ардчиллын хөгжлийн түвшин энэ түвшинд хүрээд гацчихаад байна аа гэж.

В.Г: Ерөнхийлөгчийн засаглалыг та дэмждэг үү. Дээр үеэс л ганц нэг хүн ярьдаг байсан. Одоо тоо нь олдоод ч байх шиг.

Р.А:Би бол үүнийг нэг их өөхшүүлдэггүй юм. Манайх шиг орны хувьд парламентын засаглал нь зөв. Гэхдээ бид одоо засаглалынхаа хэлбэрийг тодорхой болгох ёстой. Нэг бол парламентийн засаглал гэдгээ маш тодорхой болгож өгөх, нэг бол ерөнхийлөгчийн засаглал гэдгээ тодорхой болгож өгөх. Тэгэхгүй бол өөх ч биш, булчирхай ч биш юм байгаад, дараа нь хэн нь буруутай юм бэ, эзэн нь олдохгүй, хариуцлага хүлээх тогтолцоо байхгүй нэг ийм юм руу яваад байна шүү дээ, одоо бид. Энэ болохгүй шүү л гэсэн санааг би хэлээд байна л даа.  Одоо хоёулаа улстөрийн сэдвээр ярихаа болъё. Би бас үнэндээ залхаж байна.

В.Г: За, тэгвэл дараагийн сэдэв рүү оръё. Тантай уулзахаас өмнө таныг бас багахан судаллаа л даа. СЭЗДС-д багш, захирал хийж байсан талаар хэдэн хүнтэй уулзаж асуусан юм. Сургуультай холбоотой уулзсан хүмүүс маань бүгд таны талаар ам сайтай байдаг юм байна. Та одоо тэр академик ертөнцөө санаж байна уу?

Р.А:Өө, саналгүй яах вэ!

В.Г: Завсар зайгаараа судалгааны ажлууд хийж байна уу?

Р.А:Өө яах вэ, судалгааны юмнууд, материалууд унших юм. Жаахан юм уншчихаад, уншсан юмнуудаасаа энэ жаахан хэрэгтэй юм байна шүү гээд хайчлаад ч юм уу нэг газар хадгалаад л яваад байгаа. Тэрэн дээр эргэж очоод системтэй суух тийм бололцоо бас тэр болгон олдохгүй л байна.

В.Г: Сургуульд ажиллаж байхдаа таныг 00-ын өрөөгөө өөрөө угааж, цэвэрлэгч нартаа үлгэр дууриал үзүүлж байсан, гадагшаа яваад захиа илгээхдээ бүх ажилчдынхаа нэрийг ба бэ-гүй дурддаг гээд л ярьдаг юм билээ.

Р.А:Өө цэвэрлэнэ шүү дээ. Тэр үедээ сургуулиа л шинэлэг менежментээр авч явахыг хичээж байсан хэрэг. Мөн шинэ соёл төлөвшүүлэх гээд л оролдож байсны илрэл юм даа.

В.Г: Та чинь СЭЗДС-д хэдэн жил боллоо?

Р.А:Би таван жил захирлыг нь хийсэн.

В.Г: Таны үед чинь менежментийн хувьчлал гэж хийгдсэн билүү?

Р.А:Хувьчлал ч юу байх вэ дээ. Нийтийн хэлбэр рүү оруулсан буюу паблик болгосон л төсөл шүү дээ. Төрийн бус байгууллагын менежментийн систем рүү явуулсан тийм л хэрэг байгаа юм.

В.Г: Одоо та сургуультайгаа ямар холбоотой байна вэ?

Р.А:Би удирдах зөвлөлийн дарга нь гэж явж байгаа. Одоо энэ жил 90 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Монголын хамгийн анхны сургуулиудын нэг л дээ. Гаалийн түр сургууль гэж байгуулагдаж байсан юм. Тухайн үедээ өргөжиж хөгжөөд л, цаг үеийнхээ шаардлагаас болж том жижиг болж явсаар өдийд хүрч ирсэн сургууль. Бахархдаг зүйл маань юу вэ гэхээр тухайн үед улс орны өмнө ямар зорилт дэвшигдэж байсан, түүнээс сургууль маань гадуур байгаагүй. Яг тэрийг барьж аваад шийддэг байсан тийм л сургууль. Тэр уламжлалаа ч маш сайн хадгалж яваа. Хоёрдугаарт, аливаа юман дээр дандаа манлайлагч байх гэж оролддог. Болох бүтэхгүй нь хамаагүй, гэхдээ ямар ч байсан нийгмээ урагш нь чирээд явъя, түрүүнд нь байя гэж хичээдэг. Алдаж байгаа, онож байгаа зүйлс зөндөө байгаа л даа. Гэхдээ л гол зүйл нь мөн чанар, зорилго маань. Гуравдугаарт, энэ сургуулийн түүх шүү дээ. Бараг Монголын түүх тэр чигээрээ бий. Хуучин нийгмээс улстөрийн товчоо тэр чигээрээ шахуу энэ сургуулиас гарсан. Сайд нар, дэд сайд нар гээд бүгд шахуу л гарсан байдаг юм билээ.

В.Г: Үүнтэй уялдуулан асуухад сүүлийн үед бид бас боловсролын тогтолцоо, их дээд сургуулиудын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний талаар нилээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай адилхан цөөхөн зах зээлд хэдэн зуун сургуулиуд байна. Энэ нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ?

Р.А:Үүнийг байж байг л гэж боддог. Энэ бол шигшигдэх ёстой юм. Гэхдээ үүнийг зах зээл өөрөө шигших ёстой юм. Тэрнээс биш Боловсролын яамнаас юм уу, эсвэл энд тэндхийн нэг түшмэл хүрч ирчихээд тэр зөв, энэ буруу гэж хэлэх ёсгүй. Зах зээл өөрөө шийдэх ёстой байхгүй юу. Жишээ нь, та нар хүн ажилд авахдаа хэнийг яаж, аль сургуулийн хүүхдийг ажилд авдаг вэ? Мэдээж эхлээд аль сургууль вэ, тэр сургууль нь магадлан итгэмжлэгдсэн үү зэргийг нь хардаг байх. Тэр дотроосоо төгссөн сургууль нь улсын хэмжээний сургууль байх юм бол хамаагүй илүү л гэж бодож шийдвэр гаргадаг байх. Дахиад улсын хэмжээний сургууль дотроосоо СЭЗДС бол хамаагүй илүү гэх мэтчилэн ажил олгогчид, үйлдвэр эрхлэгчид сонголтоо хийдэг. Энэ систем л хамгийн чухал. Энэ систем ингээд нэг тогтоод авчихад дараа нь зах зээл өөрөө шигшээд шигшээд яваад байр сууриа олчихно. Одоо үүнийг зохиолмоор удирдах, захиргааны аргаар нэгтгэх гэхээр л ерөнхийдөө буруу тийшээгээ яваад өгнө гэж боддог. Тэгэхээр бид их тэвчээртэй байх ёстой. Тэвчээрээс гадна их системтэй ажиллах ёстой. Ер нь их дээд сургууль ч биш, боловсролын салбарт нийтлэг өрнөж буй асуудлуудыг хараад байхад системтэй ажил ердөө явагдахгүй байх шиг. Удирдлага нь солигдоод, шинэ удирдлага гарч ирээд, жишээ нь шинэ сайд гарч ирээд хуучин явж байсан юмыг үргэлжлүүлээд явна гэж ердөө дуугарахгүй байгаа юм. Заавал шинэчилнэ, заавал өөрчилнө гээд л дайраад байна. Шинэчлэх хэрэгтэй хүмүүс байж болно л доо. Үнэхээр хоцрогдсон, шинэчлэх шаардлагатай тийм хүмүүсийг шинэчилдэг л юм байгаа биз дээ. Харин орчин, цагаасаа түрүүлж явж буй хүмүүсийг шинэчлээд байх шаардлагагүй шүү дээ. Ядаж тэр ялгаагаа л олж харах ёстой байхгүй юу! Тэгэхгүй бол зөвхөн боловсролын салбар ч биш. Нэг юман дээр гарч ирээд л шинэчлэнэ, өөрчилнө гээд байдаг. Байгаа юмыг чинь бас хадгалаад, цааш нь аятайхан аваад явна гэдэг чинь бас л нэг том зорилт шүү дээ. Бас л том ур чадвар. Бас тэгж хэлж чадна аа гэдэг чинь том ухаан, эр зориг шүү дээ. Ялангуяа өнөөгийн улстөрийн эрэлт нийлүүлэлтийн зах зээл дээр!

В.Г: Таны хувь хүний мөрөөдөл юу вэ. Яг одоогийн байдлаар.

Р.А:Би өөрийнхөө мөрөөдлийг бүр дээр үед томъёолчихсон. 1991 онд буюу энэ ардчилсан хувьсгалд оролцож байх тэр үедээ би бичиж байсан юм. Нэг жижигхээн нийтлэл байдаг юм. “Мөнгө болоогүй төгрөг” гэж.

В.Г: Мөнгө болоогүй төгрөг өө!

Р.А:Монголын үндэсний мөнгөн тэмдэгт бол төгрөг. Төгрөг тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой байдаг. Хүн төгрөгийг нандигнан хайрлах ёстой, хуримтлалын хэрэгсэл болгох ёстой, арилжаа хийхдээ ашиглах ёстой, тооцооны хэрэгсэл гээд янз бүрийн үүрэг байдаг. Эдгээр функцуудыг нь аваад үзэхээр манай төгрөг тухайн үед өөрийнхөө хийх ёстой юмнуудыг бүрэн хийж чаддаггүй л байсан байхгүй юу. Тэгээд тухай үедээ мөрөөдлөө тодорхойлсон хэрэг. Хэзээ нэгэн цагт Монгол төгрөг минь Америкийн доллараас дутахааргүй жинхэнэ хатуу валют болно оо гэж. Хүн болгон хүлээн зөвшөөрдөг, хүн болгон үүний төлөө үхэн хатан тэмцэлддэг болно оо гэж. Тэр бол юу вэ гэхээр үндсэндээ эдийн засгийн хүчин чадавх л гэсэн үг шүү дээ. Зөв эдийн засгийн бодлого, зөв менежмент, зөв үйл ажиллагаа гэсэн үг. Тийм юманд бид хүрнэ л дээ. Хүрнэ! Одоо бол төгрөг тэр үеийнхээс илүү олон функц гүйцэтгэж байна. Одоо жаахан чангараад, хатуужаад, чулуу болоод ирвэл бүр гоё юм болно доо.

В.Г: Оны өмнө огцом чангараад, он гарангуут огцом суларч буй төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг та зохиомол гэж бодож байгаа юу?

Р.А:Эрхбиш та нар хараад өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ! Нэг их сүрхий зах зээлийн гэхээсээ илүү өөр фактор байна шүү дээ. Гэхдээ зах зээлийн нөлөө орсон уу гэвэл орсон. Үүн дээр улстөрийн юмнууд давхцсан. Харин энэ давхцлын улстөрийнх нь нөлөө илүү байсан шиг байгаа юм.

В.Г: Саяхан нэг гадны нийтлэл уншиж байхад 10-аад жилийн өмнө Хятад, Солонгос, Япон гурав нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болох тухай бичсэн байсан. Сүүлийн үед бас энэхүү яриаг ойрхон давтамжтай ярьдаг болсон бололтой байх шиг байсан.

Р.А:Евро анх бий болсноос хойш энэ шуугиан явсан юм.

В.Г: Энэ азийн нэгдсэн мөнгөн тэмдэгт гарах нь хэр практикал зүйл вэ, таны хувьд?

Р.А:Үе үе гарч ирээд л зогсоод байгаа юм. Үүн дээр эдийн засгийн гэхээсээ илүү улстөрийн фактор нөлөөлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, ази, номхон далайн бүс нутгийн улсууд нь эдийн засгийн нэгдсэн зах зээл, интеграци бүрдүүлэх хэмжээний улстөрийн механизм байхгүй. Европт бол Хельсингийн гэрээ зэргээр дамжуулаад улстөрийн тодорхой хэмжээний механизм, эрхзүйн орчин нь байсан болохоор системтэй явсан хэрэг. Үнэндээ энэ чинь их хугацаа авсан эд шүү дээ. Дэлхийн II дайнаас хойш л явсан процесс маань үргэлжилсээр байгаад л 2000 оны хавьцаа биежиж эхэлсэн. 50, 60 жил явсан төсөл. Манайд буюу Ази тивд энэ асуудал бас яригдаж эхэлсэн. Энэ бүс нутагт зүүн хойд азийн хэсэг онцгой үүрэг гүйцэтгэх ёстой гэж ойлгож явдаг. Ямар байсан харья юу болохыг нь!

В.Г: Таниас асуумгүй өнгөрч болохгүй нэг асуулт, сэдэв байх. Тэр нь Оюу Толгой. Оюутолгойн гэрээ, одоо болж буй процесс зэргийг та ямар өнцгөөс харж дүгнэж сууна вэ?

Р.А:Би өөрийнхөө байр суурийг илэрхийлээд явж байгаа. Илэрхийлэхдээ их л тод илэрхийлж байна гэж ойлгоод байгаа шүү. Нэгдүгээрт, энэ бол төгс төгөлдөр гэрээ биш ээ. Хоёрдугаарт, энэнээс илүү гэрээ бид байгуулж чадахгүй байсан. Энэ хорвоо дэлхийд чинь үнэ төлбөргүй зүйл гэж байхгүй шүү дээ. Хэрвээ чамд туршлага байхгүй бол, хэрвээ чамд мэдлэг байхгүй бол, хэрвээ чамд ийм том хэмжээний гэрээ төсөл дээр ажиллах дадал байхгүй бол, хэрвээ чи зөв мэдээллийг зөв газраас нь олж авдаг механизмуудыг зөв ашиглах сураагүй бол, хэрвээ төр захиргааны байгууллагуудын чинь шийдвэр гаргадаг механизм нь ийм сул дорой бол, улстөрийн намуудын бие биеэ барьцаалчихсан байдал нь өнөөдрийнх шиг байгаа бол гээд л эдгээр нөхцлүүдийг аваад үзэх юм бол энэ байгуулагдах гэрээ ийм л гэрээ гарна. Мэдээж хэрэг цаг хугацаа өнгөрөх тусам үүн дээр алдсан байна, тэр дээр тэгсэн байна гэсэн зүйлс гарч ирнэ л дээ. Эдгээрийг засч залруулж болох уу гэвэл болно гэж би үздэг. Гэхдээ үүнийг системтэй, замбараатай, цэгцтэй хийх ёстой. Түүнээс биш энд тэнд үсчээд л, үсчихээсээ гадна нөгөө байгуулсан гэрээнээсээ ухраад явах нь Монголын нэр хүндийг өсгөх бус доройтуулж буй хэлбэр. Ер нь бол Монголын хамаг болж бүтэж байгаа бөгөөд болж бүтэхгүй байгаа зүйлсийн төвлөрсөн илрэл нь Оюу толгойн гэрээ юм.

В.Г: Гэхдээ явах ёстой төсөл үү гэвэл явах ёстой төсөл биз?

Р.А:Тэгэлгүй яах вэ. Явах ёстой төсөл.

В.Г: Уул уурхайн чиглэлийг судлахаар бас гоё л юм билээ. Гадны нэг эдийн засагч хэлсэн байдаг. “Алтны халуурлын үед алтанд биш хүрзэнд хөрөнгө оруулалт хий” гэж. Түүн шиг уул уурхайг тойрсон дэд бүтэц, тээвэр, бэлтгэн нийлүүлэлийн гинжин хэлхээ нь өөрөө үндсэн ордын бизнэсээс илүү чухал байдаг юм билээ.

Р.А:Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн 2013 эдийн засаг маань унадаг нь 2012 оны эдгээр үзүүлэлтүүд унаснаас л болсон хэрэг шүү дээ. Оюу Толгойн төсөл хэрэгжээд явж байхад нөгөө хүрзэнд нь хийсэн хөрөнгө оруулалтууд нь аятайхан яваад байсан. Гэтэл өнөө төсөл нь зогсчихоор хүрз чинь хэрэггүй болчихгүй юу. Үнэндээ Оюу Толгойн үйл ажиллагаа зогсоход бараг 2000, 3000 аж ахуйн нэгж татан буугдлаа шүү дээ. Тэнд чинь өчнөөн мянган хүн ажлын байртай байсан нь үгүй болж, тэр хэмжээгээр мөнгөний эргэлт удааширч зогсож байгаа. Тиймээс бусад салбаруудад шууд болон дайвар нөлөө их хүчтэй нөлөөлөөд явж байна. Одоо ингээд нөгөө гэрээгээ янзлаад, төгс төгөлдөр болгоод, ажлаа эхлүүллээ гэхэд буцаад хэвийн орчилдоо орж, бизнес сэргэтлээ хамгийн багаар бодоход хоёр жилийн ажил болно шүү дээ.

В.Г: Уул уурхай төслүүдээс дутахгүй чухал төслүүд маань дэд бүтэц, тээвэр ложистикийн төслүүд байгаа.

Р.А:Тийм. Цаашилах юм бол “Таван толгой” байж байна, цахилгаан станцын төслүүд байна, дэд бүтэц, тээврийн асуудлууд бүгд байж байгаа. Хэрвээ бид өөрсдөө зөв шийдвэр гаргаж чадахгүй бол иймэрхүү төлбөр төлөөд л сууна.

В.Г: Төмөр замын талаарх асуудлууд, бодлогууд дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

Р.А:Хамгийн гол нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Аль дээр л тэр төмөр замтай холбоотой бодлого, баримт бичгүүд, хууль дүрмүүд нь УИХ-аар орж ирээд хэлэлцэгдээд батлагдах л ёстой байсан байхгүй юу. Гэтэл одоо болтол батлаагүй л байж байна шүү дээ. Яах гэж хууль гаргасан юм бэ, тэгвэл? Энэ нь нэг хувь хүний субьектив хүсэл зорилго юм уу, эсвэл төрийн бодлого юм уу? Хэрэв төрийн бодлого юм бол төрийн бодлогоо хэрэгжүүлэх л хэрэгтэй шүү дээ. Хувь хүний юманд нь хөтлөгдөөд явдаг төр гэж хаашаа ч юм байдаг юм бэ. Байж болохгүй л зүйл гэж би ойлгодог. Бодлого нь өөрөө цэгцтэй зөв байх ёстой. Нэгэнт бодлого нь гарсан л бол тэрнийхээ дагуу юмаа хийх ёстой.

В.Г: Та бизнес хийж байв уу, одоо хийж байгаа юу?

Р.А:Үгүй. Бизнесийг чинь хийж чаддаг хүмүүс гэж байна. Байгалиасаа заяасан зан чадвартай. Бас чадахгүй хүмүүс гэж байна.

В.Г: Та бизнес хийж чадахгүй гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ?

Р.А:Бизнес гэдэг чинь харьцангүй ойлголт шүү дээ. Ямар бизнесийг бизнес гэж хэлэх вэ? Жишээ нь, бараа бүтээгдэхүүн зах дээр гаргаад зар гэвэл би чадахгүй. Ёстой түүн шиг худлаа юм байхгүй. Харин ном бичээд түүгээрээ хэдэн төгрөг олоод бай гэвэл би олоод байна. Жил болгон би хэдэн төгрөг үүгээрээ олоод л байдаг юм. Одоо бас хэдэн лекц бэлдчихээд түүнийгээ бариад тур аялал хийгээд мөнгө олоод бай гэвэл жишээ нь энэ бизнес мөн үү? Мөн. Энд тэнд очоод хүнд зөвлөгөө өгөөч гэвэл би зөвлөгөө өгчихөж чадна. Ялангуяа макро эдийн засагтай холбоотой юман дээр би зөвлөгөө өгчихнө. Түүгээрээ хэдэн төгрөг олох бололцоо бий юу гэвэл надад байж байгаа. Тэгэхээр оюуны талын тэр нэг юмнууд байвал байж болохоор юм шиг байгаа юм.

В.Г: Амаржаргал сангийн үйл ажиллагаа одоо ер нь ямар түвшинд явж байгаа бол?

Р.А:Ерөнхийдөө одоо бол үлгэн салган л гэж хэлье дээ.

В.Г: Анх хэзээ, ямар зорилгоор байгуулав. Зорилгоо биелүүлсэн гэж үзээд та хаячихав уу, эсвэл…?

Р.А:Зорилгоо биелүүлсэн биш. Би 90-ээд оны үед Ерөнхий сайдын албыг хашиж байгаад ажлаа өгчихөөд тэр санг байгуулсан юм. Өөрийнхөө дуртай, сонирхолтой юмыг хийе гэж бодоод л. Гол нь бол эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр фундаменталь чиглэлээр жаахан судалгааны ажил хийе гэсэн санаа байсан юм. Тэр чиглэлээр юм хийж байгаа хүүхдүүдийг цуглуулж санаа оноог нь сонсдог, хийж байгаа юмыг нь дэмждэг, тусалдаг арга зам юу байна гэдгийг сонирхож байлаа. Хоёрт, гадаадын хөрөнгө оруулалт, гуравдугаарт ардчиллыг дэмжих гэсэн чиглэл зорилгуудтай байсан. Төрийн ажил хийхгүй, дангаараа сангийн ажлаа хийгээд явж байхад хөөрхөн ажлууд хийгээд, элдэв янзын төсөл хэрэгжүүлээд, энд тэнд яваад байж болж байсан. Дараа нь төрийн ажил руу ороод ирэхээр сангийн үйл ажиллагаа үндсэндээ зогсчихож байна л даа.

В.Г: Та одоо төрийн ажлаас уйдаж байна уу. Залхах ч гэх юм уу?

Р.А:Үгүй ээ. Би төрийн ажлыг залхаад байх ёстой ажил гэж огт боддоггүй. Төрийн ажлыг би цэргийн албатай адил үздэг. Энэ бол чиний үүрэг. Чи хийх ёстой, хийгээд л яв. Цэрэгт татаад чамайг энд байлгаж байгаа бол үүргээ гүйцэтгэх л ёстой. Тэндээс нэг их сүрхий сонголт хийгээд байх асуудал бол ерөөсөө байхгүй.

В.Г: Нууц биш бол таны ирэх 5-10 жилийн төлөвлөгөө юу байна вэ?

Р.А:Сүүлийн үед надад нэг л юм бодогдоод байгаа. Маш их бодогдож байгаа зүйл бол одоо 23 жил өнгөрчихөөд байгаа Монголын ардчилал, ялангуяа эдийн засгийн түүхийг системчлэх. Энэ хугацаанд ямар ямар эдийн засгийн бодлого явуулав, ямар механизмуудыг гаргаж ирээд яаж хэрэгжүүлэх гэж оролдов, аль нь бүтэж, аль нь бүтээгүй вэ. Хэрэв бүтээгүй бол чухам юунаас болсон, мэдэхгүй байснаас болов уу, эсвэл улс төрийн нөхцөл байдлаас болов уу гэх зэрэг энэ бүх зүйлс, түүхийг цэгцлэх юмсан. Энэ сэдвээр дорвитойхон шиг системтэй судалгааны ажил хийх юмсан гэж боддог. Энэ бол зөвхөн Монголд ч бус гадныханд ч гэсэн хэрэгтэй л дээ. Харамсалтай нь ийм хэмжээний ажлыг зөв зүйтэй юм байна гээд барьж аваад хамтран ажиллаад санхүүжүүлэх байгууллага олдохгүй байна л даа.

В.Г: Нэг хэсэг социализм байгуулна гээд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар нүдсэн. Дараа нь капитализм байгуулна гээд дэлхий тэр чигээрээ шахуу хөдөлсөн. Одоо аль алийг нь тэнцвэртэй авч явах ёстой гэх. Сүүлдээ crony capitalism гэж л ярьж байна. Эцэст нь яг энэ нь зөв, тэр нь буруу гэж хэлэх эдийн засагчид олдохоо болилоо шүү.

Р.А:Олдохгүй, олдохгүй. Монголын шилжилтийн эдийн засгаас гадна экономикс гэдэг шинжлэх ухаанд онолын, фундаменталь шинж чанартай ямар зүйлс гарч ирэв ээ гээд үзэхээр сүүлийн үед их сонин юм болчихоод байгаа юм. Урьд нь тогтчихсон байсан, нийтээр шахуу хүлээн зөвшөөрчихсөн байсан юмнууд үндсэндээ бүгд шахуу нураад уналаа. Ялангуяа 1997 ба 2007 онуудаас эхэлсэн хоёр том хямрал. Энэ хоёр хямралаас үүдэлтэй маш олон асуултанд эдийн засгийн шинжлэх ухаан хариулт өгч чадахгүй юм байна аа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Урьд нь прадигм гэж ойлгож байсан, аксеом маягаар ойлгож байсан зүйлс худлаа болж эхэлсэн. Худлаа болох нь юу байх вэ, амьдрал дээр тэр болгон нотлогдсонгүй. Тэрний учир шалтгаан нь юу байв аа гээд асуултууд гарч ирж байна. Их дээд сургуулиуд, think tank-ууд, эрдэмтэд одоо яаж байна вэ гэхээр эдийн засгийн шинжлэх ухааны суурь сурах бичгийг шинээр бичиж эхэлж байна. Цоо шинээр бичиж эхэлж байна. Энэ дотроо саяын хоёр том хямралын сургамжуудыг оруулаад, жишээн дээр тулгуурлаад шинэ прадигмууд гаргаж ирэх гээд л явж байна. Урьд нь аксеомууд нь харьцангуй цэгцтэй байсан учраас эдийн засаг цэгцтэй юм шиг байсан. Адам Смит, хямралын дараа гарч ирсэн Кэйнс гээд л тэр хүрээн дотроо л байсан. Дараа нь социалист, төлөвлөгөөт эдийн засаг гээд л гараад ирсэн. Гэхдээ уншигдаж болохоор, тайлагдаж болохоор л байсан. Дараа нь хөгжлийн эдийн засаг гээд буурай хөгжилтэй орнууд яаж аятайхан хөгжих вэ гээд л. Тэгээд дараа нь азийн барууд гээд экспорт дээр суурилж эдийн засгийг хөгжүүлнэ гээд л шуугиулсан. Амжилтанд хүрсэн. Гэхдээ л тэр mainstream буюу тэр хүрээн дотроо л байгаад байсан. Хамгийн сүүлд нь шилжилтийн эдийн засаг гэдэг нэр томъёо гарч ирээд бүх эрдэмтэд энэ сэдвээр хэлэлцээд л явсан. Гэхдээ л бас эрэлт, нийлүүлэлт, тэнцвэрт цэг, чөлөөт зах зээл гээд л ярьдгаа яриад яваад байсан боловч 1997 онд анхны дохио өгсөн хямрал маань 2007 онд том цохилт болж эдийн засагчид дээр ирлээ л дээ. Бодит эдийн засгийн салбараасаа санхүүгийн зах зээл нь салаад явчихсан. Дереватив дээр тулгуурласан цоо шинэ, сонин юм гараад ирлээ шүү дээ. Тэр нь өөрөө байгаа бодит активаасаа хэд дахин илүү үнэлэгдчихсэн байгаад байдаг. Тэр дотор бас биет болон биет бус хөрөнгүүд ороод ирчихсэн гээд л. Тэр бүгдийг эдийн засагт орхилгүй тусгадаг механизм бэлэн байсангүй. Жишээ нь, Apple гэхэд л цоо шинэ үзэгдэл болчихлоо шүү дээ. Араас нь Samsung гараад ирлээ. Эдгээр компаниудын макро эдийн засагт үзүүлж буй нөлөө гээд л зөндөө юм ярихаар байна. Өөрөөр хэлбэл, орчноо бид цоо шинээр харахаас өөр аргагүй болчихоод байна. Энэ бүхнийг нь бас худлаа үнэн бодоод сууж байдаг ганц нэг “дурак” Монголд байх ёстой юм л даа.

В.Г: Эдийн засгийн чиглэлээр сонирхон судалдаг хэн бүхэнд та өөрийн зүгээс, ялангуяа энэ адармаатай нөхцөлд зөв мэдээлэл, ойлголт авах ном, мэдээллийн эх сурвалжийн талаар зөвлөөч гэвэл…

Р.А:Би ингэж л зөвлөдөг. Гол методологи буюу арга, аргачлалыг нь сур, ойлго л гэж хэлдэг. Тэрнээс биш Дорж, Дондог, Дулмаа өргөн нарийн гэж ярих нь ёстой гучдугаар асуудал. Тэр өргөн, нарийн гэдгийг нь яаж тодорхойлдог юм бэ, өндөр нам гэдгийг нь юугаар хэмждэг юм бэ гэдэг тэр аргазүйг л сайн эзэмших хэрэгтэй. Аргачлалыг л сайн судал. Чи үнэхээр л цаашаа юм хийж, үсрэлт гаргая гэж бодож төлөвлөж байвал аргазүйгээ л нэн тэргүүнд эзэмшсэн байх ёстой. Маш сайн эзэмшсэн байх ёстой.

В.Г: Методологийн хувьд, ялангуяа эдийн засгийн шинжлэх ухааны хувьд зөв, буруу, А,Б,В хувилбар гээд л бас ярих юм байна шүү дээ.

Р.А:Байна аа. Гэхдээ методологийг эзэмших үндсэн арга зам нь эдийн засгийн хөгжлийн түүх.

В.Г: Түүх дээр бол маргаад байх зүйл гарахгүй байх нь, Тийм үү. Эдийн засагчдын хувьд?

Р.А:Гарахгүй, гэхдээ эдийн засгийн сургаалийн түүх шүү. History of Economy of Thoughts байхгүй юу. Эдийн засгийн сургааль чинь өөрөө яаж явсан юм бэ? Тэгээд л тэр сургаалийн түүхүүдийг хараад байхаар аргазүйн юмнууд чинь гарч ирдэг юм. Тэрийг нь ерөнхий диалект нь хараад байх юм бол ерөнхийд л юм олж, ойлгож болно. Тэр л их чухал. Одоо бол бидний хийж байгаа зүйлүүд дээр асуудлууд нь шинээр тавигдсан мөртлөө асуудлыг шийдэх аргазүй нь хуучнаараа байгаад байдаг. Хуучин аргазүйгээрээ шинэ юмыг л тайлбарлах гэж оролдоод байна шүү дээ. Засаг төрд буюу одоо манай Засгийн газарт хуучин хүмүүс гарч ирчихээд шинэчлэл хийнэ гээд яриад буйтай адил. Хөрөнгө оруулалтыг нураачихаад, одоо салхи эргэлээ би хөрөнгө оруулалт авч ирнэ гээд нөгөө нураасан хүн маань өөрөө яриад байхаар чинь итгэл төрөхгүй байгаатай л адилхан байгаа юм.

В.Г: Тэгвэл Амаржаргал гэдэг хувь хүнийхээ хувьд  та өөрөө хийсэн, өөрөөрөө бахархдаг гурван зүйлийг нэрлээч гэвэл?

Р.А:Бахархаж буй зүйлс гэвэл юуны өмнө миний хүүхдүүд гэж хэлнэ. Гэр бүл, хүүхдүүд маань. Яах аргагүй миний бахархал болж байгаа хүмүүс. Хоёрдугаарт, энэ Монголын ардчилал. Яг энэ түүхийг бүтээх процесст чинь би өөрөө гар бие оролцож, бүтээлцэж явж байгаагаараа маш их бахархаж явдаг. Гуравдугаарт, Монгол маань цаашдаа ямар гоё болох бол гэж бодохоор бүр хорхой хүрээд байдаг юм. Тэгж бодохоор л өвчин тусмааргүй, үхмээргүй санагддаг. Яагаад гэвэл, энэ шинжлэх ухаан, технологийн хөгжил хүнд хосгүй том, агуу бололцоог л нээж өгөх гээд байна л даа. Тэрнээс нь хоцорчихгүй байх юмсан, түүний  давалгаан дээр нь манлайд нь явж байх юмсан, Монгол Улс тэнд нь явж байгаасай л гэж хүсч байна. Тэр нь өөрөө бид зогсч болохгүй зүйл болоод байгаа юм. Удаж болохгүй, зогсч болохгүй, унтаж болохгүй хүчин зүйлсүүд юм. Чи тэнэг бодлого явуулаад л, хулгай хийгээд л, эдийн засгаа элдэв янзаар ил ба далд аргаар сүйтгээд л байх юм бол энэ чинь өөрөө Монгол гээд бүхэл бүтэн улсаар тоглочихож байгаатай адилхан хэрэг болж байгаа юм. Хэрэв зөв бодлого явуулаад, зөв юм хийгээд явах юм бол бид хүн төрөлхтөний магнайд нь яваад байх бололцоо гарч ирж байгаа. Яагаад гэвэл, Монголын энэ хоцрогдлыг нөхөж чадах тэр хүчин зүйл нь шинжлэх ухаан, техник технологи болчихоод байна.

В.Г: Үнэтэй цагаа гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан В.Ганзориг

http://review.time.mn/content/40358.shtml

One comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *