Р.Амаржаргал Ерөнхий сайд болох нь яагаад ашигтай гэж?

2014 оны 11 сарын 11

Энэ бол улс орны нийтлэг эрх ашигт хамгийн зөв сонголт байж болох юм. Ерөнхий сайдад нэр дэвшигч бүрт өөр, өөрийн шалтгаан, үндэслэл, эрх ашиг буй. Тэртээх он жилүүдэд С.Зориг агсан “Эрх ашгаа эрэмбэлэх хэрэгтэй, эсвээс дампуурч ялзарна. Нэгдүгээрт, Үндэсний эрх ашиг, Хоёрдугаарт, төр, засгийн эрх ашиг,Гуравдугаарт, нам, бүлгийн эрх ашиг, Дөрөвдүгээрт, хувийн эрх ашиг” хэмээсэн байдаг.Өнөөдөр энэ эрэмбэ урвуугаар буюу хойноосоо хэрэгжиж байгааг бид харж байна. Тиймээс яагаад Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болоосой гэж хүсэж байгаагаа ичиж зовохгүйгээр бичиж сууна. Иргэд эдийн засгаа “иддэг”. Эдийн засаг сайн бол иргэн нь амьд явах, сайхан амьдрах эрхээр хангагдаж цаашлаад “Ажил орлоготой монгол хүн”, “Ажлын байртай монгол хүн” гээд өнөөх АН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан сонгогчдын хийсэн сонголт биелэлээ олох учиртай. Тэгэхээр улс төрөө биш, эдийн засгаа бодож Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болоосой гэж бодож байгаа хэрэг.

Гэвч саад, тотгор бий.Юуны өмнө Р.Амаржаргал “гэгч этгээд” нь нам дотроо “гар, хөлгүй”, товчхондоо баггүй юм гэнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд бол энэ нь “том зовлон” аж. Бас хэр баргийн хүнтэй таарамжгүй хэдэр ёдор ааштай, зожиг хэгжүүн, биеэ ихэд тоосон, товчхон хэлэхэд “тархинаас” нь өөр авах юмгүй араншинтай нэгэн юм байна. Миний харж байгаагаар бол харин ч нэг найраанд орохгүй, найзаа бодохгүй, хамаатан саднаа ивээн тэтгээд байхгүй давуу тал гэлтэй. Өөрөөр хэлбэл өмнөх Ерөнхий сайдын яг эсрэг хувилбарыг гаргаж ирээд тавьчихаж байна гэсэн үг.

Улс төрийн нөхцөл, “тохироо бүрдэх” гэж айхавтар юм бий. Наанадаж намын дарга нь Ерөнхий сайдаас өөрийг нь огцруулсан гэсэн номинациар шалтаглан түүнийг дэмжихгүй гэдгээ мэдэгдчихсэн. Цаашилбал АН Засгийн газраа байгуулахдаа парламентад суудалтай улс төрийн намуудад санал тавих эрх атгаж буй. Гэтэл ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд Р.Амаржаргал санал тавих нь юу л бол. Түүнд “өөр шиг нь” туршлагатай, мэдлэг боловсролтой, чадвартай, улс төрд хат суусан, хувийн зохион байгуулалт сайтай, төрийн ажилд гаршсан гээд үй олон шалгуур үзүүлэлт давсан хамтрагч хэрэгтэй. Үүнийгээ Р.Амаржаргал хаанаас хайх вэ. Хамгийн гол нь хаанаас олох вэ гэхээр хамгийн түрүүнд МАН нүдэнд нь харагдаж сэтгэлд нь багтаад байгаа бололтой юм.

Гэтэл МАН-ынхан Н.Алтанхуягаар даргалуулсан АН-тай хамтрахгүй гэчихсэн байдаг. Харин Р.Амаржаргалаар даргалуулсан АН-тай хамтрах эсэхийг таашгүй. Гэсэн ч хамтарлаа гээд МАН сөрөг хүчин байхаа больчихгүй. Хамтарна ч, сөрнө ч гэж л үзнэ. Сөрөхөөрөө өмнөх Засгийн газрын алдааг, “хог, новшийг” цэвэрлэ гэж шаардана. Ингээд бодохоор Р.Амаржаргал гэдэг хүн ямар гээчийн үйл лайгаар хоёр удаа Ерөнхий сайдаар сонгогдохдоо /хэрэв сонгогдвол шүү дээ/ өмнөх Засгийн газруудынхаа “зуурсан кашны аягыг цэвэрлэх” /өөрийнх нь нэгэнтээ хэлснээр тавилантай юм бол доо.

Ямартай ч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд өрнөөс гаргах менежментийг гадарлаж буй Ерөнхий сайд эхний ээлжинд хэрэгтэй. “Бүсээ чангал” гэж загнаж байгаад ч атугай инфляци, ам.долларын ханш хоёрыг буулгаад ирвэл сайн байна. Цаашилбал авлига, ахан дүүсийн албан тушаалын сүлжээнээс холуур тэр ад үзэгддэг хэдэр ёдор ааш, найраанд ордоггүй хэгжүүн, төрийн хар хүний гүдэс шулуун авир үгүйлэгдэх аж.

Энэ бүхнийг нь Р.Амаржаргал гэдэг улстөрчөөс “ашиглаж” байгаад улсынхаа нэр хүндийг эдийн засагтай нь хамт сэргээгээд авах боломж олдох болов уу гэж горьдож буйгаа нуух юун. Түүнтэй баг болж ажиллах хэцүү гэж ярих улстөрч олон байдаг юм билээ. Гэхдээ төрийн институци хоорондын харилцаа, Засгийн газар, УИХ-ын тус, тусын үүрэг функцийн тухай түүний онол, зарчмыг ихээхэн сайшаадаг. Магадгүй УИХ-ын гишүүнээс татгалзаж байсан түүнийг Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилсноор “арай бага алдах, эсвэл том алдаанаасаа хэсэгхэнийг нь ч болов засах” боломж олдож мэдэх юм.

Хатуурхаж л байг, хат суух цаг нь болсон улстөрчид. Харамч л гэж байг, хүний халааснаас гарч амьдрах цаг нь болж долдой нар.  Яг өнөөдөр нэг л хүнд хэтэрхий олдсон гэмээр Р.Амаржаргалд “орших” сайн чанарууд, тухайлбал төрийн ажлын туршлага, улстөрчийн нэр хүнд, шуналгүй төрх, жудаг чанар, эдийн  засгийн өндөр мэдлэг боловсрол, гацаанаас гарах арга замыг олох чадвар нь хэрэгтэй байна. Түүнээс биш гурван сая орчим хүнд таалагдах гэж далдагана гээгүй шүү, Р.Амаржаргал аа! Түүнийг Ерөнхий сайдаар томилчихвол эрх ашгийн эрэмбээр эхнийх болох улс орны нийтлэг эрх ашигт л хэрэгтэй байна санж…

Эх сурвалж:

Нийтлэлч У.Оргилмаа

http://orgilmaa.niitlelch.mn/content/6535.shtml

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *