Бид маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргаашийг яаж туулах вэ

Шинэ Засгийн газар эдийн засгийн хямралыг сааруулна, тулгамдаж буй олон чухал асуудлыг шийднэ гэвэл сайд нараа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлээд, хэрэгжүүлэх гэж байгаа бодлогоо нээлттэй болгох нь зүйтэй. Ингэж чадвал төр засагт, Засгийн газарт итгэх олны итгэл сэргэнэ. “Сайдын албан тушаалд юуг, яаж хийхээ мэдэхгүй, зүгээр нэг өдөр өнгөрөөсөн хүмүүс томилогддог” гэсэн ойлголт Засгийн газрын нэр хүндийг хамгийн ихээр унагааж байгаа. Үүнийг эхлээд засчих ёстой юм. Нөгөө талаар танхимаа УИХ дотроос биш, гаднаас томилбол илүү эрүүл харагдах байх. Шинэ Засгийн газар эрдэмтэд, судлаачдаа түшиж ажиллаасай гэж бодож байгаа. Сүүлийн жилүүдэд судалгаа, шинжилгээнд тулгуурласан шийдвэр огт гарахаа больсон. Маш сайн судалсан эрдэм шинжилгээний экспертүүдийн түвшинд хэлэлцсэн бодлогыг ажил хэрэг болгоход анхаараасай.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

Шинэ Ерөнхий сайдыг томиллоо. Эдийн засгийн хямралыг зогсоож чадахгүй бол сөрөг хүчний шүүмжлэл тасрахгүй, намын фракц хоорондын зөрчил саарахгүй. Энэ бүхнээс сэргийлж, тогтвортой ажиллах гарц шинэ Засгийн газарт бий юү?

Шинэ Засгийн газар эдийн засгийн хямралыг сааруулна, тулгамдаж буй олон чухал асуудлыг шийднэ гэвэл сайд нараа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлээд, хэрэгжүүлэх гэж байгаа бодлогоо нээлттэй болгох нь зүйтэй. Ингэж чадвал төр засагт, Засгийн газарт итгэх олны итгэл сэргэнэ. “Сайдын албан тушаалд юуг, яаж хийхээ мэдэхгүй, зүгээр нэг өдөр өнгөрөөсөн хүмүүс томилогддог” гэсэн ойлголт Засгийн газрын нэр хүндийг хамгийн ихээр унагааж байгаа. Үүнийг эхлээд засчих ёстой юм. Нөгөө талаар танхимаа УИХ дотроос биш, гаднаас томилбол илүү эрүүл харагдах байх. Шинэ Засгийн газар эрдэмтэд, судлаачдаа түшиж ажиллаасай гэж бодож байгаа. Сүүлийн жилүүдэд судалгаа, шинжилгээнд тулгуурласан шийдвэр огт гарахаа больсон. Маш сайн судалсан эрдэм шинжилгээний экспертүүдийн түвшинд хэлэлцсэн бодлогыг ажил хэрэг болгоход анхаараасай. Улс төрийн намуудын итгэлийг даах хэмжээнд ажиллаж байж Засгийн газраа тогтвортой байлгана. Ажлаа хийж чадахгүй байгаа нөхдөд хариуцлага тооцож, болохгүй бол халж, солих хүртэл арга хэмжээ авах ёстой юм. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентын суудлыг нэг, хоёр биш, улс төрийн олон нам хувааж авдаг болсноос хойш маш хэврэг Засгийн газар бүрэлддэг болсон. Үүнийг Улс төрийн намуудын болон УИХ-ын сонгуулийн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж байж шийдэх ёстой. Ер нь бол УИХ-д улс төрийн аль хүчин хэдэн суудал авсан байна, түүнээс шалтгаалж Засгийн газарт автоматаар квот өгдөг эрх зүйн орчинтой болбол хэврэг байдал саармагжина л даа. Үүнийг би 2004 онд ярьж байсан. Одоо бас ч гэж ойлгодог болсон байна.

Засгийн газар солигдсоноор эдийн засгийн хямрал зогсоно гэж байхгүй. Ийм цаг үед ямар шийдэл хэрэгтэй вэ?

Өнөө маргаашгүй эдийн засгийн хямралаас гарна гэж байхгүй. Яаж ийж байгаад гарсан ч бид маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргаашийг яаж туулах вэ гэдгээ тооцох ёстой. Тийшээ харвал санаа зовоосон олон асуудал бий. Монгол Улс өнгөрсөн 24 жилийн турш хөгжлийн нэг том түүхэн үеийг туулаад цоо шинэ үе рүү орж байна. Одоо бид шинэ цаг үе, шинэ хөгжилд нийцсэн засаглалын тогтолцоо, төрийн механизм, санхүү, эдийн засгийн бүтэц бий болгож, хүн ам зүйн бодлого хэрэгжүүлэх ёстой. Монголын ирээдүйг ийм асуудлууд зовоож байна. Энэ бол өнөөдөр бий болсон зүйл биш. Олон жил хуримтлагдсан, шийдэх хүсэлгүйгээс болж ужгирсан, шийдэх гэж хичээгээд чадахгүй байгаа асуудлууд юм.

Тодруулбал?

Эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай болсон. Үүний сөрөг тал нь бид голланд өвчинд нэрвэгдсэн. Бид бас ийм өвчин тусах гэж байна уу, гайгүй өнгөрчих болов уу гэж их горьдсон. Гэвч өнөөх голланд өвчин нэрвээд авлаа. Одоо үүнээс яаж гарах вэ гэдгээ сайн ярих хэрэгтэй. Уг нь үүнээс гарах маш ойлгомжтой шийдлүүд бий. Хамгийн гунигтай нь барьж аваад, зоригтой шийдэж чадахгүй байгаа юм. Нөгөө талаар уул уурхайн хөгжлийг дагаад том гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил илэрч байна. Тухайлбал, ОХУ манай уул уурхайн салбарт ямар сонирхолтой билээ. Цаашлаад БНХАУ, АНУ, Япон, БНСУ хүртэл манай уул уурхайн салбарт өөрийн сонирхлоо илэрхийлээд явж байна. Гэхдээ тэдний сонирхол зүгээр илэрдэггүй. Улс төрийн тодорхой хүчин, улстөрч, бизнесийн тодорхой группээр дамжин гарч ирдэг. Ийм учраас Монголын төр, эдийн засаг хэврэгшээд байна. Эдийн засаг хэдий чинээ хэврэг, төрийн тогтолцоо нь улстөржиж томорч байна, төдий чинээ гаднынханд ашигтай байх нь тодорхой. Тийм тохиолдолд тэд өөрсдийн байр суурь, ашиг сонирхлоо бидэнд тулгах, шаардах хүч нь нэмэгдээд байгааг анхаарах ёстой. Энэ бүхэн эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй, төр, төрөөр дамжуулж үндэсний болон тусгаар тогтнолын аюулгүй байдалд заналхийлсэн хүчин зүйл болох вий. Энэ бүхэн Монголыг дорвитой хөгжихөд саад болж байна. Эхний ээлжинд үүнд тулгуурлаж бид цааш яах ёстой, юу хийх ёстой вэ гэдгээ тал бүрээс нь хэлэлцэх хэрэгтэй байна. Асуудлаа олж тодорхойлоод УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрт тусгаад цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой.

Таны зөвлөгөөг шинэ Засгийн газар хүлээж авах болов уу, Та юу гэж бодож байна?

Засаглалын тогтолцоо тэнцвэрийн хувьд бид зүг чигээ алдчихсан. Үүнийг барьж авч шийдээд, цэгц замбараатай болгохгүй бол Засгийн газрын тогтвортой байдлын талаар яриад нэмэргүй. Улс төрийн энэ хэдэн нам алийн болгон бие биеэ гуйж, царай алдаж, аялдан дагалдаж явах юм бэ. Үүнийгээ шийдээд нөгөө талдаа төрийн албыг бэхжүүлэх ажлыг системтэй, өргөн цар хүрээтэй хийцгээе. Энэ бол тэргүүн зэргийн зорилт. Монголд хамгийн ховор, нандин зүйл бол хүн. Ялангуяа мэдлэг боловсролтой, ур чадвартай, ёс суртахуунтай, өндөр сахилга бат, хариуцлагатай боловсон хүчин. Хамгийн үнэтэй капиталуудаа улс төрийн намууд нь үзэл бодол, намын батлахаар нь ялгаварлан гадуурхаж “гудамжинд” гаргадаг байдлаа орхих ёстой. Энэ бол Монголын хувьд хэтэрхий тансаглал. Одооноос намын харьяаллаас үл хамааран чадалтай хүнийг бүрэн хэмжээгээр ашиглах тогтолцоо бий болгох нь гуравхан сая монголчуудын хувьд орших, эс оршихын асуудал шүү. Нөгөө талаар Монгол Улс хүн ам зүйн асуудлаа одоо анхаарахгүй бол оройтно. Одоогийн байдлаар хүн амын өсөлт 2.8 хувьтай байгаа. Гэхдээ энэ өсөлтийг ажиллах хүчний эрэлт, эдийн засгийн өсөлттэй харьцуулахаар асуудал үүсэж байгаа юм. 2023 он гэхэд 1960-1970 оныхон тэтгэвэрт гарна. Энэ үед ажиллах хүч багасна. Гаднаас ажиллах хүч авна гэвэл хүн амын гурваас илүү хувийг эзлэхээр байгаа. Ажиллах хүч хүрэлцэхгүй болохоор цалин нэмэгдэнэ. Цалин нэмэгдэх нь хувь хүнд сайн хэдий ч аж ахуйн нэгжийн зардал өснө. Үйлдвэрлэгчид зардлаа дагаад бүтээгдэхүүний үнээ нэмнэ. Ингээд өрсөлдөх чадварын тухай ойлголт байхгүй болно. Үүнээс үүдэж алдагдалд орсон аж ахуйн нэгжүүд эдийн засгаа доош нь татна. Ийм сөрөг гинжин урвал үүснэ. Биднийг чиглэж яваа ийм хүндрэлүүдийг бид яаж шийдэх вэ гэдгээ одоо л хэлэлцэх ёстой юм. Хуримтлагдаж буй эдгээр бэрхшээлийг шийдэх эхлэл, суурийг шинэ Засгийн газар тавьж чадвал сайн.

Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг Таны тэргүүлсэн Засгийн газар, цаг үетэй харьцуулшгүй. Ерөнхий сайд байхдаа хийх ёстой гэж үзэж байсан, үүнээс хойш аль ч Засгийн газар амжуулж чадахгүй яваа, хийчихээсэй, шийдээсэй гэсэн бүтээн байгуулалт Таны бодолд бий юү?

Монголын эдийн засгийн аюулгүй байдлын амин сүнс бол түлш, эрчим хүч. Үүнийг би Ерөнхий сайд байхдаа, 2000 онд УИХ-ын чуулганд хэлж байсан. Энэ асуудал 14 жилийн дараа ч шийдэгдээгүй, ач холбогдлоо алдаагүй явж байна. Монгол Улс өөрсдөө ганц литр бензин, шатахуун үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг техник технологи эзэмшээд, цахилгаан эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихмоор байна. Энэ хоёрыг хийж чаддаг болсон цагт Монгол Улс хэнтэй ч, юу ч ярих хэмжээнд хүрнэ.

Д.Отгонжаргал

Эх сурвалж: http://mongolnews.mn

2 Comments

  1. Эрхэм багш таны бичсэн нийтлэл, өгсөн ярилцлагыг шимтэн уншдаг. Гагцхүү мэргэдийн үгийг сонсохгүй ийм цаг үед таны үг хэл санаашрал дэмий салхинд хийсч байна даа гэж зовних юм.Таньд чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсий.

  2. Толгой нь эрүүл байвал хөл нь зөв тийшээ явна гэж боддог, гэтэл одоо толгойд эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүн гарч ирээд байгууллагыг самарч бна. Энэ түгээмэл үзэгдэл боллоо. Нам дагасан цүнх баригчдыг яаж байранд нь тавих вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *