Beautiful Plants For Your Interior
Үнэндээ Бат-Үүлээс өөр хүн харагдахгүй байна
Та сүүлийн үеийн тоо харсан уу. Нэгдүгээр улирлын дүн гарсан байх. Эдийн засгийн өнөөгийн дүр төрх ямархуу байна вэ?
Төсвийн гүйцэтгэлтэй холбоотой нэгдүгээр улирлын Сангийн яамны мэдээг харсан. Зардал талдаа 15-20 хувийн дутагдалтай яваа. Санхүүжилт тэр хэмжээгээр хийгдээгүй хэрэг. Орлогын гүйцэтгэл ч мөн 20 орчим хувиар дутуу байна. Ер нь өнгөрсөн оны төгсгөлд байсан эдийн засгийн хандлага тэр чигтээ байна. Дээрдсэн юм харагдахгүй байгаа. Санаа зовоож байгаа нэг асуудал бий. Засгийн газар Олон улсын валютын сантай хамтарч нэг хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байх шиг байгаа юм.
“Стэнд бай” гэж үү?
Тийм, тэрний сценарийг харахаар жаахан гунигтай, гунигтай юм бий. Тэнд, эдийн засгийн өсөлтөө бууруулж, үнийн өсөлтөө өсгөж тооцчихож байгаа юм. Зардлыг 30 хувь гэж бидний тооцож байсныг бүр багасгаад 26 хувь болтол бууруулна гэсэн байна. Нэлээд хатуухан арга хэмжээнүүд төлөвлөсөн байна лээ шүү.
Гэхдээ шийдээгүй байгаа биз дээ?
Шийдэх юм байна гэж би ойлгоод байгаа.
Шийддэг эрх нь Засгийн газарт байна уу, УИХ-д байна уу?
Засгийн газарт.
Төв банк болохоор “хэрэггүй” гэж байгаа гэсэн.
Миний сонссоноор “Стэнд бай” руу орох хэрэггүй гэж Төвбанк анх хэлсэн юм билээ. Гэхдээ яаж ч магадгүй, одоо байгаа Монголбанкны ерөнхийлөгч ч бас л хувирамтгай товарищ шүү дээ.
Хэрвээ энэ хөтөлбөрт орвол доллар 2045 төгрөгтэй тэнцэнэ гэж Монголбанк мэдэгдсэн байна лээ. Үнэхээр тийм эрсдэл бий юү?
“Стэнд бай”-д орох зорилгоо юу гэж тодорхойлж, яаж төлөвлөхөөс л хамаарна. Улсын төсвийн алдагдлыг барьж байхын тулд орлогыг нь нэмэгдүүлэхэд ийм ийм арга хэмжээнүүд авна, зардлыг ингэж ингэж бууруулна, энэ тохиолдолд улсын төсвийн алдагдал “х” гэсэн тоон дээр ирнэ, ингэснээр долларын ханшийг “у” гэсэн хязгаарт барина гэсэн хэд хэдэн хувилбарууд гаргаж ирээд тэдэн дундаасаа хамгийн ашигтайг сонгох учиртай юм. Шууд Олон улсын валютын сантай хамтарч ажиллана, “Стэнд бай” руу орно гэдэг маань саяын хэлдэг тооцооллыг монголчууд бид өөрсдөө биш, валютын сангийнхан өөрийнхөө тооцоон дээр тулгуурлаж тогтоож өгнө гэсэн үг. Бид Монголбанк, Сангийн яамаа гадаадынхны мэдэлд өгчихөж байгаа юм. Бүдүүн тоймоор хэлбэл, уучлаарай, бид нар удирдаж, залж чадахгүй байна, мэдэхгүй байна, бидэнд мөнгө хэрэгтэй байна, тийм учраас Монголбанк, Сангийн яамныхаа эрх мэдлийг та нарт өгч байна, манай эдийн засгийг залж зохицуулаад өгөөч гэж байгаатай л адилхан.
Та бол энэ хөтөлбөрт орохыг буруу гэж үзэж байгаа юу?
Буруу гэж байгаа. Яагаад гэвэл нэгд, эдийн засгийн өсөлт сайн муу ч, таван хувь орчимд эргэлдэж байна. Хасах руугаа арай ч орчхоогүй байна. Хэрвээ хасахтай гарч байхад “Стэнд бай”-д орно гэвэл арай өөр сонсогдоно. Хоёрт, “Стэнд бай”-д орохын нэг сул тал бол манайд хэрэгжүүлэх хөтөлбөр нь ард түмний нуруун дээр яаж буухыг гаднынхан ерөөсөө тооцдоггүй. Тэд нарт пад байхгүй. Захын сумын малчдад, зүүн аймгуудын иргэдэд энэ хөтөлбөр яаж нөлөөлөхийг огт тооцдоггүй. Тэд цэвэр технократик талаас авч үзээд л улсын төсвийн орлогоо ингэж нэмэгдүүл, үүний тулд ийм ийм татвараа нэм, зардлаа ингэж хас гэж тулгадаг. Үүнийх нь цаана иргэдийн амьдрал ямар байгааг, яаж нөлөөлөхийг гаднынхан тоодоггүй, тоох ч албагүй. Энэ утгаар нь харвал эдийн засгийн хүндрэлээс гарах ачааны хүндийг энэ Засгийн газар иргэдийнхээ нуруун дээр үүрүүлье гэж шийдэж байна гэж ч болох юм. Албан ёсоор тэгж зарлаагүй, хэлээгүй боловч тэгж хэлж байгаатай яг адилхан. Гуравт, сайн ч, муу ч манай хувийн хэвшлийнхэн эрвийх дэрвийхээрээ зүтгээд эдийн засгийн өсөлтийг 0 дээр авчирчхаагүй байна. Ийм ийм өгөгдөхүүн байхад эдийн засгаа удирдах эрх мэдлээ гаднынханд өгч, иргэдийнхээ нуруун дээр хүндийг нь үүрүүлье гэдэг нь гунигтай бөгөөд муу хувилбар.
Та бол энэ хөтөлбөрт орохгүйгээр явахад таван хувь тойрсон өсөлтөөр эдийн засгаа удирдах, босгох боломжтой гэж үзэж байгаа юу?
Энэ дээрээ суурилаад цаашаа явах бололцоотой. Үүний тулд эхлээд эдийн засгийн бүтцээ хоёр хувааж үзэх хэрэгтэй. Нэг нь уул уурхай, нөгөөх нь бусад гэж. Уул уурхайгаас ангид байх эдийн засгийн өсөлт бол бидний өнөөдрийн бодит нүүр царай. Бид юу бүтээж чадаж байгаа билээ, хаахна яваа билээ гэдгээ уул уурхайн оролцоогүйгээр бодитой харах боломжтой. Харин уул уурхай бол гэнэтийн, тохиолдлын чанар нь илүү байна. Дэлхийн зах зээл дээр үнэ өсөхөөр дагаад өсдөг, үнэ унахаар дагаад уначихдаг. Тэгээд ч уул уурхайн бол голланд өвчнийг сэдрээгч, өөгшүүлэгч болдог л доо. Нөгөө талаас нарийн яривал уул уурхай бол газар шороогоо л ухна. Энэ бол монгол хүний хүсээд байдаг сэтгэхүй бас биш. Энэ олон хүн өлсч жагсаад байна гэдэг маань тэд хүсэхгүй байгаа л хэрэг. Тэгэхээр бид аль болох хурдхан шиг эдийн засгийн бүтцээ өөрчлөх хэрэгтэй. Уул уурхайгаас гаднах салбаруудаа барьж ажиллах нь зөв юм. Уул уурхайн үнэ дагасан баталгаагүй, тогтвортой бус өсөлтөд хууртаж удаан явж болохгүй.
Та түрүүн, таныг Ерөнхий сайдад өрсөлдөж байх үеийн эдийн засаг тэр хэвээр, хэмжээндээ байна гэлээ. Гэтэл та нам дээрээ Ерөнхий сайдад өрсөлдөхдөө цалин, тэтгэврийг нэмэх бололцоотой гэж байсан. Тэр боломж одоо ч байгаа гэсэн үг үү?
Тэр үед би цалингийн тухай яриагүй. Тэтгэвэр бол бололцоотой. Би намын ҮЗХ дээр эдийн засгийн хямралаас гарахдаа нэг л зарчим баримтална, хүндрэлийг ард иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэхгүй л гэсэн. Үүнийхээ баталгаа болгож хамгийн түрүүнд, тэтгэврийг нэмэгдүүлж болно гэсэн. Бид тэтгэвэрт үндсэндээ нэг триллион төгрөг зоодог. Тэр нь байсан. Дээр нь нэмэгдэлд зориулж 320 орчим миллиард төгрөг төсөвлөсөн байсан. Тэгэхээр тэтгэврийн санг 50 хувь нэмнэ гэж үзвэл дахиад 200 миллиард төгрөгийн л дутагдал гарна. Энэ бол олж болох мөнгө. Тэр бололцоо одоо байна уу, үгүй юү гэдгийг би нарийн мэдэхгүй байна. Төсөвт их л өөрчлөлт боллоо шүү дээ. Гэхдээ л тэтгэврийг 50 хувь нэмчхэд асуудал нэг их гарахгүй, сүртэй ч их мөнгө орохгүй. Цалин бол хэцүү, одоогийн нөхцөлд бараг боломжгүй.
АН ер нь яах гэж МАН-ыг засагт урьсан юм бэ. Хамтарсан Засгийн газар байгуулсны үр дүн одоогоор гарч байна уу?
Улс төрийн талаасаа их ойлгомжтой байсан. Яах гэж хамтарсан Засгийн газар байгуулсан бэ гэхээр тэвэрч аваад хамт уная л гэсэн. Ний нуугүй хэлэхэд улстөрийн тэр зорилго биелсэн байх. Бас томоохон төслүүд дээр саад болгохгүйн үүднээс татан оролцуулъя гэсэн. Эдийн засгаас гадна улстөрийн зөвшилцөл шаардсан Сонгуулийн болон Улстөрийн намуудын тухай хууль дээр хамтраад явъя гэсэн. Эдгээрээс гадна улс орноо бодсон том эрх ашиг дээрээ хамтарч ажиллаж чадах болов уу гэсэн горьдлого бол байсан.
Тэгээд горьдлогын шинж тэмдгүүд эерэгээр гарч байна уу?
Маш товчоор хэлэхэд хамтраад хийж байгаа ажлууд маань их сонин болчихлоо. Тухайлбал, сая төсвийн тодотгол орж ирэхэд Засгийн газрын бараг бүх саналыг УИХ унагаасан. Одоо Засгийн газарт төсвөө батлуулчихсан сайхан байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ оруулж ирсэн төсөв нь унасан. Нөгөө, одонгийн мөнгө, хүүхдийн мөнгөө зорилтод бүлэгтээ өгч байхаар хуульчилж чадаагүй. Малын хөлийн татвараа нэмж чадаагүй, Приус машинаас татвар авна гэсэн нь батлагдаагүй. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газрын реформ гэж нэрлээд оруулж ирсэн төслүүд нь батлагдаагүй. Батлагдахгүй байхад засагт хамтарч байгаа МАН их идэвхтэй зүтгэсэн. Энд, нөгөө хамтраад явахын ид шид нь сүрхий гарч ирээгүй. Техникийн шинж чанартай алдаанууд байсан юм болов уу гэж би боддог юм. Үнэнийг хэлэхэд одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг байхгүй болгоё гэсэн үг Ерөнхий сайдын амнаас гараагүй юм ш дээ. Зорилтод бүлэгтээ өгч байя гэсэн санаа нь зөв байсан ч, тэрийгээ олон түмэнд ойлгуулж ухуулж чадаагүйгээс болоод эргээд засагт хамтарсан намынхаа улстөрийн чанга дуунд нам цохиулчихсан. Энэ нь засагт хамтарсны утга, бас Засгийн газрын хүч жаахан сул байгаагийн шинж л дээ.
УИХ Өрийн удирдлагын хуулийг баталснаар гаднаас зээл авах бололцоотой болсон гэж байгаа. Бүр 650 сая доллартай тэнцэх зээл авах бололцоо гарч ирсэн гэж тоо хэлж байна. Тэгэхээр засаг мөнгөтэй боллоо гэж ойлгож болох уу?
Ер нь жаахан хэцүү талдаа байгаа. Яагаад гэвэл Монголын эдийн засагт итгэх итгэл өнөөдөр уначихсан. Тэр нь юугаар илэрч байна гэхээр Standart & Poor”s, Moody”s зэрэг зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын байгууллагууд манай эдийн засгийн рейтингийг навс унагаад дэлхийд зарлачихлаа. Үүнээс гадна арилжааны банкуудын рейтингийг жаахан бууруулсан. Ийм нөхцөлд гадна, дотноос санхүүгийн эх үүсвэр олж ирэхэд хэцүү. Бонд босгоё гэхээр 10-аас бага хүүтэй олдохгүй. 10-аас дээш хүүтэй авъя гэхээр буцаагаад төлж дийлэхгүй. Тэгэхээр хөнгөлөлттэй зээл, тусламжийн мөнгө л гарч ирнэ. Энийг хэн, ямар зорилгоор өгөх үү гэдгийг бас бодох учиртай. Тусламж, тусламж гэдгийг би хашилтан дотор хэлж байна шүү, хөнгөлөлттэй зээл өгч байгаа газрууд бол буяны байгууллагууд биш шүү дээ. Цаана нь өөрийн гэсэн улстөр, эдийн засгийн, магадгүй цэрэг стратегийн бодлого нь өгч байгаа мөнгөөрөө дамжиж илэрнэ. Энийг бодох л хэрэгтэй.
Том төслүүдээ хөдөлгөж хөрөнгө оруулагчдыг дуудах боломжгүй юу?
Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөж чадвал наад зах нь олон улсын том зах зээлд эерэг сигналь болж очно. Тэгэхдээ хөрөнгө оруулагчид тэр дороо мөнгөө бариад ороод ирнэ гэж байхгүй. Бас Оюутолгой өнөөдөр таг зогсчхоогүй. Ил уурхай нь явж байгаа. Нэг сая тонн зэс гаргалаа гэж зарлаж байна лээ, ирэх жил энэ хэмжээ жаахан нэмэгдэх байх. Гэтэл зэсийн үнэ санасан хэмжээнд өсөх нь үү, үгүй юү гэдэг нь хөрөнгө оруулагчдын өмнө асуулт, бас хүлээлт болж байгаа. Бусад ашигт малтмал дээр ч тийм нөхцөл байна. Эерэг дохио очлоо гэхэд нөгөө хүмүүс нь баярлаж угтаад л, мөнгөө чемоданд хийгээд Улаанбаатарт иртэл бас нэлээд хугацаа орно. Ороод ирэхэд нь нөхцөл байдал урьд өмнөхөөс нэлээд өөрчлөгдсөн байгаа. Хөрөнгө оруулагч хамгийн олноор орж ирсэн 2007, 2008 онд бол гаднынхан мөнгөө шууд цүнхлээд орж ирж байсан. Өнөөдөр тэгэх бололцоогүй, бэлэн мөнгөтэй ирэхийг нь бид нар хорьчихсон. Заавал бэлэн бус тооцоогоор, банкны гүйлгээгээр орж ирэх ёстой гэсэн. Одоо хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн бас нэг шалтгаан нь заавал олон улсын санхүүгийн хяналт дор банкны гүйлгээгээр мөнгөө оруулж ир гэдэг шаардлагаас бас үүдэлтэй л дээ. Тэгэхээр энд нэг асуулт зүй ёсоор гарч ирж байгаа юм. Тухайн үед тэгж их бэлнээр орж ирж байсан мөнгө ямар учиртай байсныг бид мэдэхгүй. Үнэхээр гаднын хөрөнгө оруулалт мөн байсан эсэхийг бас мэдэхгүй. Энэ бүгдийг орхиод хамгийн өөдрөгөөр бодъё, хөрөнгө оруулагч нарын хүссэн таатай шийдвэрийг өнөөдөр гаргалаа гэж бодоход хамгийн багадаа жил хагасын дараа анхных нь орж ирэх болов уу. Сүүлийн үед өрнөж байгаа зарим үйл явдал бас эерэг, сөргөөр нөлөөлж янз бүрийн дохио болоод байна л даа. Жишээ нь, татвараа төлөөгүй гадаадын гурван нөхрийг барьж хорьсон, Ерөнхийлөгч уучлал үзүүлж сулласан гээд л.
Шийтгэсэн нь сөрөг нөлөө үзүүлсэн гэж үү?
Шийтгэсэн нь байлгүй яах вэ, сөрөг нөлөө болсон.
Тэгвэл Ерөнхийлөгчийн уучлалаар сулласан нь эерэг нөлөө болох уу?
Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгч уучиллаа гээд “баярлалаа” гэж хэлэхгүй ш дээ. Би гэмт хэрэг хийчихсэн байсан чинь Ерөнхийлөгч нь уучилсан гэж тэр хүн ч ярихгүй. Би хэлмэгдсэн л гэнэ. Бусад нь ч гэсэн суллачихсан байна лээ гэж баярлаад л, суллачихдаг юм билээ гээд Монгол руу гүйгээд ирэхгүй.
Тэгэхээр энэ хэрэг дээр таны хувийн бодол ямар болж таарч байна вэ?
Үнэхээр хоригдох хэмжээний гэмт хэрэг үлдсэн, үгүйг би яг нарийн мэдэхгүй. Гэхдээ шүүх шийдвэрээ гаргасан бол шүүхийн шийдвэрээр л явах, ойлгох ёстой. Хэрвээ шүүхийн шийдвэрийг буруу гэсэн бол хянуулах хэд хэдэн боломж бий шүү дээ. Ерөнхийлөгчийн уучлал бас хоёр талтай. Монголд ихэнхдээ нэлээн хэнэггүй, танхайдуу маягийн хүмүүс эхэндээ орж ирж байсан. Одоо зарим нь манай хуулийг зөрчсөн гээд хоригдож байгаа байх. Тэднийг бас уучлах уу гэдэг асуудал гарна. Тэд нар биш юмаа гэхэд, дараа нь бас хэн нэгэн саяын уучлагддаг нөхрийнх шиг хэрэгт ял авлаа гэхэд улсынх нь Ерөнхийлөгч манай Ерөнхийлөгч рүү уучлаач гэсэн захидал бичээд л, энд нь хэвлэл жаахан ажиллачихвал уучилдаг жишиг тогтчих вий дээ гэдгээс болгоомжлох хэрэгтэй. Үүнээс гадна, гаднынхан орж ирээд татвараа баригдвал л төлнө, хоригдсон ч суллагдчих юм чинь гэсэн буруу жишиг үүсч болохыг тооцох хэрэгтэй. Тийм учраас татвараа заавал төлдөг байх, нуусан бол нуусан хэмжээг нь хэд дахин нугалж төлүүлж байж хорихоос өөр төрлийн шийтгэл оноодог ч юмуу, эсвэл уучилдаг байх хуулийн зохицуулалт хэрэгтэй боллоо л гэж би хувьдаа харж байгаа. Нарийн, нарийн ньюнсууд саяын үйл явдлыг дагаад гарна л даа. Энэ бүгдийн Ерөнхийлөгч давхар, давхар бодсон байлгүй дээ.
Та сая хөрөнгө оруулалт орж ирэх эхний хугацааг энэ мөчөөс гэж байгаад 1.5 жил гэлээ хэллээ. Тэгвэл энэ мөчөөс гээд тооцвол Монголын эдийн засаг яг хэдийд сэргэх бол, багцаа байна уу
Би 2016 оны сонгуулиас, түүнийг угтсан популизмаас л айж байна. Ажил хийлгэхгүй, ажил хийхгүй. Одоо үндсэндээ энэ зуны наадам өнгөрөөд л орилж эхэлнэ ш дээ. Тэгнэ гэвэл эдийн засаг өсөлт сэргэлт тал руугаа нэг их хөдлөхгүй. Хөрөнгө оруулагчид ч ирэхгүй. Миний ойлголтоор бол, хөрөнгө оруулагчид 2016 оны сонгуулийг дуустал ажиглах, хүлээх байх. Мэдээж, тэрний наана цөөн тооны хөрөнгө оруулалт орж ирэх л байх. Тэр нь Монголын эдийн засгийг сэв хийтэл өргөөд аваад явчих хэмжээний хөрөнгө оруулалт байж чадах нь юу л бол.
Хэрвээ ”Стэнд бай” хөтөлбөрт орчихвол энэ нь хөрөнгө оруулагчийг дуудах, хүлээлгэх хоёрын алинд илүү сигналь үзүүлэх бол?
“Стэнд бай”-д оруулах хэлэлцээр хийх гээд нэг хэсэг хүмүүс ирлээ гэж би дуулсан. Одоо явчихсан байна уу, үгүй юү мэдэхгүй байна. Хэрвээ хэлэлцээгээ байгуулчхаад явахад тэр нь олон улсын зах зээлд яах аргагүй дохио болно. Монгол Улс төсвийн нэлээд хариуцлагатай хэлбэр рүү орлоо, эдийн засгийг нь Дэлхийн банк, Валютын сан хянаж байгаа юм байна гэж. Байгуулж чадахгүй явсан ч бас л дохио болно. Дэлхийн банктай монголчууд тохирч чадсангүй гэдэг ч юмуу. Энэ хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр байгуулчихвал энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарт эерэг дохио болж очно. Гэхдээ тэр нь бид нарт харамсалтай, эдийн засгаа удирдах хамаг эрх мэдлээ гаднынханд өгчхөж байгаа л хэрэг. Хэрвээ байгуулахгүй бол хөрөнгө оруулагчдын эргэлзээ үргэлжлэх ч, наанаа бид нарт ашигтай буюу эрх мэдэл бидэнд үлдэнэ. Тэгэхээр “Стэнд бай”-д орох хэлэлцээр байгуулсан, байгуулаагүй аль аль нь ашиггүй, харин ийм байдалд хүргэсэн нь хамгийн том алдаа буюу бидний буруу. Нөхцөл байдлаа тооцохгүйгээр яаран сандран гүйж захиа занаа бичиж туслаач гэдэг нь алдаа байхгүй юу.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тантай Ерөнхий сайдад өрсөлдөхдөө “би энэ ажлыг өрсөлдөгчөөсөө илүү хийж чадна” гэж байсан. Одоо таны харж байгаагаар танаас илүү хийж чадаж байна уу?
Хэлсэндээ хүрч ажиллаж чадаж байна уу, үгүй юү гэдэгт би үнэлэлт дүгнэлт өгөхгүй л дээ. Аль ч утгаараа зохимжгүй. Ямарч гэсэн шинэ Засгийн газар байгуулагдсан, Ерөнхий сайдад тэгж ажиллана, ингэнэ гэсэн өөрийн бодол байгаа байх. Тэрэнд нь дэмжээд туслаад явах юмсан гэсэн бодол л надад бий. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газар өмнөх Засгийн газраасаа л ялгарах учиртай. Ялгаатай бай гэж л байгуулсан. Ялгарна гэсэн учраас л шинэ Ерөнхий сайдыг УИХ дэмжсэн гэж ойлгож байгаа. Гэтэл тэр ялгаа нэг их харагдахгүй л байгаа. Тэрэнд нь жаахан сэтгэл гонсгор байгаа.
Нам дээрээ Ерөнхий сайдын сунгаанд ялагдахад сэтгэл гонсгор байгаагүй юу?
Үгүй, үгүй. Яагаад гэвэл, тэнд санал миний эсрэг хайрцаглагдана гэдгийг би ерөнхийдөө мэдэж байсан.
Зарим фракц, хувь хүн тохиролцооноосоо буцсанд ч харамсаагүй юу?
Уур амьсгалыг, саналыг дүнг гадарлаж байсан учраас хэн нэгэнд гомдоогүй, тэр бол миний хувьд гучдугаар асуудал. Харин АН-ын улстөрийн шийдвэр гаргадаг байгууллагыг бүрдүүлдэг механизм маань нийгмийн хөгжил, цаг үеэсээ хоцорчихсон байгаад л асуудлын гол байгаа юм.
Таныг Ерөнхий сайдад бүлгийн 27 гишүүн дэмжсэн. Гэтэл УИХ дахь бүлгийн олонхи нь дэмжсэн хүнийг ҮЗХ нь унагана гэдэг эрүүл, зөв улстөр мөн үү?
Энэ бол нэлээн олон жил яригдаж байгаа, “сахал” нь их урт ургачихсан “хөгшин” асуудал л даа. Намын ҮЗХ бол хариуцлага үүрсэн хүмүүсийн нэгдэл байх ёстой. Ямар нэгэн шатанд хариуцлага хүлээж, ард түмнээсээ мандат авсан хүмүүс л энэ бүтцэд ажиллаж улстөрийн шийдвэр гаргаж явах ёстой. Ганц ч сонгуульд орж үзээгүй, ганц ч сонгуульд ялж үзээгүй хүмүүс ҮЗХ-ны тал нь болчхоод тэгээд улстөрийн шийдвэр гаргаад явна гэдэг бол явуургүйн дээр улстөрийн намыг хэзээ ч хариуцлагажуулахгүй. Тийм учраас намын дүрмийн өөрчлөлтийг маш яаралтай хийх ёстой. УИХ, аймаг, сумын ИТХ-д сонгогдсон буюу ард түмнээс мандат авсан л бол автоматаар ҮЗХ-ын гишүүн байж улстөрийн шийдвэр гаргахад оролцох ёстой. Одоогийн манай ҮЗХ-д бол ард түмнээс мандат авч сонгогдоогүй хүмүүс маш олон бий. Бас албан тушаалаараа ордог ч, энэ албан тушаалтайгаа огт уялдаагүй хүмүүс ч бий. Тэгээд дээр нь хайрцаглагддаг, фракцдаа идэгддэг буруу соёл илүү л хүчтэй болж байна. Хэрвээ тэр хүн ард түмнээс мандат авсан бол асуудлыг арай том өнцгөөс, улс орны, ядаж аймгийн төвшинд харна шүү дээ.
Ганц дүрэм гэлтгүй, АН өөрөө улстөрийн нам гэж институцийн хэмжээнд бүрдэж төлөвшиж чадахгүй яваа юм биш үү?
Санал нэг байна, чадахгүй байгаа. Одоо энэ МАН 90 жил явсан бүтэц шүү дээ. Тэгсэн хэрнээ л сонгодог утгаа олоогүй байхад 20 гаруйхан “нас”-тай АН-ыг буруутгах нь бас учир дутагдалтай л даа. Нарийн яривал парламент маань ч өөрөө төлөвшөөгүй явна. УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ татгалзах санал тавихад тэрийг нь яаж хэлэцэх бэлэн процедур байхгүй л байна. Дээр нь УИХ-ын гишүүн гэж бүгдийг мэддэг, бүх асуудалд оролцдог супер хүн болж хувирч байна. Ярих, ярихдаа бүр экспертийн төвшинд ярина гээч. Энэ буруу, тухайн асуудлаа ярьж байгаа шигээ сайн мэддэг хүн хэд байдгийг би мэдэхгүй. Өнөөдөр УИХ-ын гишүүн хүн бол чуулганы танхимд суугаад улстөрийн шийдвэрээ л гаргах ёстой. Бусдыг нь мэргэжлийн хүмүүс хийг. Цаашдаа тэгж явах, ингэж төлөвших ёстой. Бид 25 жилийн туршид урагшаа том алхсан, маш их шинэчлэл хийсэн, бүтээсэн. Гэхдээ энэ цаг хугацаандаа хүрч болох, хийж болох төлөвшлөө олоогүй байна. Товчхон хэлбэл, бид дээрээ суудлаа олохгүй яваа учраас л дороо гүйдлээ олохгүй байгаа юм.
АН өмнө нь олон намын нэгдэл байсан. Нэг хэсэг лидерүүдээ дагасан нэгдэл байлаа. Одоо бол эдийн засгийн эрх ашиг хамгаалсан фракцуудын нэгдэл болжээ. Энэ нь, фракц нь АН-ын дотоодын зовлон болоод байгаа юм биш үү?
Нэгэн үе АН-д фракцууд бол шийдэл байсан. Одоо бол чиний хэлснээр бэрхшээл үүсгэдэг гол зовлон болчхоод байна л даа. Энэнээс яаж гарахыг би сайн мэдэхгүй. Харин хэмжээндээ чи байр сууриа хэлээ гэвэл, ард түмнийхээ мандатыг авсан хүн л намын улстөрийн шийдвэр гаргахад оролцдог байх ёстой. Тэгж чадвал нэлээн юм өөрчлөгдөнө. Сайн ч, муу ч бай УИХ, аймгийн ИТХ-д сууж байгаа хүн нэлээд том зургаар нь асуудлыг харах үүрэгтэй. Түүнээс бус, хувийн компанийн захирал хийгээд нэг фракцын саналын тоог гүйцээж сууж байгаа хүн бол асуудлыг арай өөрөөр, төвшиндөө, харьяалагдаж байгаа фракцынхаа эрх ашгийн хэмжээнд хараад, шийдвэр гаргахад тэгж оролцоод байгаа нь төлөвшилд, зөв шийдвэр гаргахад бэрхшээл үүсгэж байна л даа.
Хэрвээ АН-д одоо дотоод зөрчил байна гэвэл тэр нь УИХ-ын сонгуульд нэр дэвших улстөрчдийнх үү, эсвэл 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх фракцуудын зөрчил илүү байна уу?
Хүн, хүний толгойд янз бүрийн л бодол бий байх. Би 2017 оныг маш тодорхой, бас ойлгомжтой харж байгаа. Нэгд, одоо байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусна. Хоёрт, АН-аас хэн нэгэн хүнийг осолтгүй нэр дэвшүүлж таараа. Тэр нь улсын Ерөнхийлөгчийн хэмжээнд ажиллах чадвар, зангарагтай хүн гэвэл надад өнөөдөр Э.Бат-Үүлээс өөр хүн үнэндээ харагдахгүй байгаа.
Бат-Үүл баатар өөрөө “би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гээд ярилцлага өгчихсөн байна лээ ш дээ?
Харин тэгсэн л байна лээ, би гайхаад л байгаа. Надад бол харагдаж байгаа нь Бат-Үүл. Яагаад гэвэл төрийг, улстөрийн намыг бэхжүүлэхэд эрэмбэ гэж байх ёстой. Тэр эрэмбэ алдагдахаар хаа хамаагүй хүмүүс хаанаас л бол хаанаас гарч ирээд бужигнуулаад байхаар улстөрийн нам төлөвшдөггүй юм байна, төр засаг ч цэгцэрч төлөвшиж өгдөггүй юм байна. Тийм учраас улстөрийн нам гэж институц байх л юм бол өөрийнхөө дотоод мөн чанараа хадгалж эрэмбийг хадгалж явах ёстой. Энэ утгаараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Бат-Үүл баатар нэр дэвших нь бүр үүрэг гэж би хэлэх байна.
Жишээ нь, танд боломж гарч ирвэл яах вэ?
Би тэр тухай битгий хэл, түүнээс наадахыг ч нэг их бодохгүй байгаа. Ний нуугүй хэлэхэд би 2016 оны УИХ-ын сонгуульд заавал дэвших ёстой юу, үгүй юү гэдгээ бодож явна.
Та бол ард түмний дэмжлэгээр Ерөнхий сайд хүртэл хийсэн хүн. Тэгэхээр тэдний ачийг хариулсан гэж үзсэн учраас улстөрөөс гарах гэж байгаа хэрэг үү?
Нэр дэвшихээр улс төрд байдаг, дэвшихгүй бол улстөрөөс гарчхаж байгаа хэрэг биш л дээ хө, нэгд. Хоёрт гэвэл, би өнөөдрийг хүртэл монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа. Одоо чамд ярьж хэлж байгаа зүйл маань ч адилхан. Монголын төр зөв, тунгалаг цэвэр яваасай, бат бэх байгаасай, тэнд зөв шударга эрүүл хүн ажиллаасай л гэж боддог. Цаашдаа энийгээ ямар хэлбэрээр илэрхийлж явах вэ гэдгээ бодож л байна. Жишээ нь, цэвэр эдийн засагтай холбоотой 25 жилийн түүхээ цэгцлэх, эргэж харах шаардлага байна гэж үзэж байгаа. Ер нь сүүлийн үеийн Засгийн газрууд дэндүү явцуу, бараг долоо хоногийн хугацаанд асуудлыг харж явна. Гэтэл төрийн ажил тэгж явдаггүй юм. Түүхээ бүхлээр нь харж чаддаггүй юмаа гэхэд сүүлийн 25 жилээ ямар нэгэн хэмжээнд багцлаад ч болов харж явах ёстой. Тэгж харж чадах хүнийг төрд гаргаж ирдэг тогтолцоо, механизм өнөөдөр үнэхээр үгүйлэгдэж байна.
Намууд, нам доторх фракцууд нь гаргадаггүй юм биш үү?
Ер нь бол тийм. Тийм учраас би 2016 оны сонгуулиар намуудад биш, ард түмэндээ илүү найдаж байгаа. Олон түмэн маань одоо арай илүү ухаан сууж, 25 жилийн сонгуулийн туршлага дээрээ ухаан сууж, арай илүүг нь олж гаргаасай л гэж найдаж байгаа. Одоо манайхан УИХ-ын гишүүн хүн сайдаар давхар ажиллаж болох уу, үгүй юү гэж маргаад л байх юм. Ярих ёстой сэдэв мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ УИХ-д намын жагсаалтаар орж ирсэн, ард түмнээсээ мандат аваагүй хүн төрийн сайд хийж болох уу, үгүй юү гэдгийг илүү чухалд тооцож ярих хэрэгтэй. Яагаад гэвэл, төрийн хүнийг ард түмэн л олж сонгож гаргаж ирдэг. Нам биш шүү. Өмгөөлөгч Нарангэрэл багшийн нэг ном бий. Чингисийн сүр хүч гэж. Тэрийг уншихаар төрийн хүний чанаруудын тухай маш тодорхой бичсэн байдаг. Чингис хаан яагаад хүчтэй байсан юм бэ гэдгийг. Чингис хаан бол биеийн хүчээр Хасараасаа дутуу. Оюун ухааны чадавхаар бол Шихихутаг нь хамаагүй илүү. Сэтгэлийн тэнхээ гэвэл Боорчи нь илүү байсан шиг байгаа юм. Гэтэл Чингис хааны сүр, хүч нь юундаа байсан гэхээр төрийн хүний ухаанаар бусдаасаа илүү байсан байгаа юм. Аливаа юмыг углуургаар нь харж чаддаг, хамгийн гол нь аливаад шударга ханддаг чанар нь илүү байсан байгаа юм. Ер нь асуудалд шударга ханддаг хүнийг буруу нь ч, зөв нь ч дагадаг л байхгүй юу. Өнөөдөр бол шударга ёсны үнэр ч байхгүй болсон байна. Амнаас бол гарч байгаа, үйлдэл, амьдрал дээр шударга ёс огт байхгүй болчихсон. Яагаад гэвэл төрийн хүнийг бид тэр бүр олж гаргаж чадахгүй байна. Олоод гаргахаар тогтолцоо, орчин нь тэр хүнийг баллаад, боомилоод хаячихаж байна. Жишээ нь, би 1990-ээд оны Улсын Бага Хурал, УИХ-д ашиглах ёстой олон хүн байснаас тэр үеийнхээр бол дөрвөн сайхан шижигнэсэн залууг Монголын төр ашиглаж чадаагүйд харамсдаг. Одоо ч оройтоогүй байна л даа.
Тэр нь хэн хэн бэ?
С.Баяр, Да.Ганболд, М.Энхсайхан, Баабар дөрөв. Энэ дөрвөн хүний толгойг ашиглах ёстой. С.Баярынхыг бол бид тодорхой хэмжээгээр ашигласан байх. Гэхдээ ийм хүмүүсийн чадавхи амархан дуусдаггүй учраас С.Баярын, Да.Ганболдын, ер нь чадалтай хүний толгойг ашигладаг, төр сэтгэлтэй хүний үгийг сонсдог механизм байх ёстой л гэж би боддог.
Та одоо явж байгаа Тавантолгойн төслийг юу гэж харж байгаа вэ?
Нэг л юм бодож байгаа. Эдийн засгийн төслүүдийн аль нэг нь урагшаа яваасай л гэж. Явбал эерэг дохио болно. Тавантолгойн асуудал дээр манай зарим хүмүүс деталь руу нь орчхоод байна лээ. Зөв, буруу, хятад нь байх ёстой, америк нь байх ёстой гээд л. Энэ буруу, улстөрчдийн ярьдаг сэдэв биш. УИХ ямар байр суурьтай байх ёстой вэ гэхээр Тавантолгойг ашиглах, төслийг явуулах ёстой юу, үгүй юү гэдэг улстөрийн шийдвэрээ л гаргах ёстой. Гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар хийг. Засгийн газар бол УИХ-ын өөрийнх нь байгуулсан гүйцэтгэх байгууллага. УИХ өөрийнхөө байгуулсан Засгийн газарт итгэх ёстой, итгэж байгаа бол тэр нь Монгол Улсын төлөө л ажиллах ёстой. Чадахгүй бол доошоо орж Тавантолгойн ажлын хэсэгтэй зууралдаж байхаар томилсон Засгийн газартайгаа л хариуцлага ярь.
Яагаад Тавантолгойг асуусан гэхээр та түрүүн би Бат-Үүлд итгэж байгаа гэдэг шиг энэ төсөл дээр та Энхсайхан сайдад итгэж байгаа юу?
Энхсайхан бол их ч нухлуулсан, их ч юм үзсэн хүн. Тэр хэмжээгээр ухаан суусан. Одоо бол мань эр сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахаа больсон байх. Нас нь ч одоо юу билээ. Энэ бүгдийг нь эргэцүүлээд харвал Энхсайхан шиг туршлагатай хүн энэ Засгийн газарт байхгүй. Тийм учраас би Энхсайханд итгэж байгаа. Тэгээд ч Монгол Улсын сайд хүн чинь хэн байхаас үл хамааран шударга л ажиллах ёстой биз дээ.
2015.03.04
Ярилцсан: Гомбожав ОТГОНБАЯР
Эх сурвалж:
www.itoim.mn
yu gebev bayr ulsad yu hiiv hedenzuun sayiin urund oruulaad uuruu alga enh saihan yu hiisiin yu ch hiigeegvi roimtoi yum bich ee amarjargalaa chi uuruu yu hiisiin odoo l huluu oloh gej baigaa huuhed shig baihiin bidend huuhed bish eh oronch turiin har hun heregtei baina