Beautiful Plants For Your Interior
Засгийн газар огцрох ёстой
-Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ их ярвигтай асуудал. Монголын нийгмийг хоёр хуваачихлаа шүү дээ. Зарим нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж байхад нөгөө хэсэг нь явуулах нь зүйтэй гэж байна. Би Монгол Улсыг хувааж талцуулсан ямар ч асуудлыг дэмждэггүй. Талцуулаад, хэрэлдүүлээд, наана цаана нь оруулж байвал шийдэл биш, асуудал болж буйн илрэл. Төр засгийн тэргүүнд сууж байгаа хүмүүс шийдэл олж, түүнийх нь дагуу улс нийгэм нь явах учиртай. Гэтэл шийдэл болж байгаа юм алга. Харин ч асуудал нэмж байгаа нь харамсалтай. Би сүүлийн 20 гаруй жилд батлагдсан Өршөөлийн хуулиудын ихэнхд нь гар бие оролцсон. Энэ удаагийн Өршөөлийн хууль шиг ийм замбараагүй, дуулиан шуугиантай хууль гарч байсныг санахгүй байна. Урд нь асуудлыг маш чанд үзэж харж, судлаад шийдвэрээ гаргачихаад, УИХ-д оруулж албажуулдаг байсан. Тиймээс хэл ам багатай, бүтэц зохион байгуулалтын хувьд ч маш хурдан шуурхай хийж хэрэгжүүлж болдог байсан. Харин өнөөдөр оруулж ирсэн зүйлийг хар. Нэг л их хууль баталлаа гэдэг. Үүн дээр хориг тавьчихсан, хоригийг нь хэзээ хэлэлцэх гэж байгаа юм бүү мэд.
-Хүлээлт үүсгэчихлээ?
-Өнөөдөр энэ хууль явж байгаа юм уу, үгүй юу. Нийгэмд асар их хүлээлт байна. Үнэхээр төрийн өршөөл хүртэх ёстой нэг хэсэг байж болно шүү дээ. Тэр хүмүүс горьдлого тавиад л сууж байгаа. Гэтэл хууль нь хэрэгжих үү, үгүй юу бүү мэд. Нэг хэсэг нь төрийн өршөөлөөс бүр хол байх ёстой юм. Огт хамрагдах ёсгүй. Гэтэл тэр хүмүүс нь завших гээд сууж байдаг. Үүнийг туйлын зохион байгуулалтгүй, туйлын хариуцлагагүй, туйлын замбараагүй хэрэгжүүлсэн. Энэ бол манай өнөөгийн төрийн байж байгаа нүүр царай. Бид иймэрхүү л нүүр царайтай байгаа юм. Аливаа асуудал нийгмийг бужигнуулах учиргүй, нийгмийг нягтруулж байх ёстой. Та нар ажигласан бол 2012 оны сонгуулиас хойш УИХ-аас гаргаж байгаа шийдвэрүүд дандаа нийгмийг бужигнуулж байна. Шоргоолжны үүрийг эвдэж байгаатай адил юм хийгээд байна шүү дээ. Цэвэрлэж цэгцлэх, янзлах юм байдаг л байх. Гэхдээ дандаа дутуу дулимаг бодсон, хагас дутуу үсчиж харайсан, өнгө мөнгө дагуулсан болоод байна. Тэр утгаараа Өршөөлийн хууль бас л ийм дүр төрхтэй болчихлоо. Энэ бүгдэд би үнэхээр сэтгэл дундуур яваа. Би цаад агуулга руу нь орохгүй, зөвхөн хэлбэр, зохион байгуулалт талаас нь харахад иймэрхүү байна. Цаашаа орвол зөндөө юм бий байх. Миний мэдэрч байгаагаар энэ асуудал УИХ дээр нэлээн ярвигтай, төвөгтэй болох юм шиг байна.
-Тэгэхээр та Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ гэсэн үг үү. Хоригийг дэмжвэл АН ирэх сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж гишүүдээ барьцаалж байгаа сураг дуулдана лээ?
-Би тийм зүйл тоодоггүй шүү дээ. Хэн нэг хүн намайг иймэрхүү зүйлээр барьцаалдаг нас, цаг өнгөрсөн. Би хэн нэгнийг ингэлээ, тэглээ гээд түүнээс нь айгаад явдаг хүн биш. Миний хувийн байр суурь бол Ерөнхийлөгч хоригоо тавьчихсан байгаа юм байна. Асуудал нь ороод ирэг, тал бүрээс нь нухацтай хэлэлцье. Тэгээд эцсийн дүндээ Монгол хожих ямар арга зам байна. Түүнийг хайя. Хэн нэгэнд таалагдах гээд мэдэгдэл хийгээд байх сонирхол алга.
-Далд эдийн засгийг ил болгоно гэж ярьсаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталчихлаа. Үнэхээр далд эдийн засаг ил болох юм уу?
-Энэ хуулийг анхны хувилбараар нь хэлэлцэж байхад би “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль чинь тун цөөхөн хүний эрх ашгийн асуудал шүү. Хэсэг нөхөд энд тэнд баахан хөрөнгө нууж хаасан, “хулгайлсан” мөнгөө ил гаргах гэж байна. Түүнийг нь гаргачихаад дараа нь ямар нүүрээрээ олны нүүр рүү харж шударга ёс ярих вэ” гэж хэлж байсан. Татварын өршөөлийн хууль нь хамаагүй дээр байсан юм. Ядаж тооны хувьд ч олон хүнийг хамарна, жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой байсан. Би Эдийн засгийн ил тод байдлын тухай биш, татварын өршөөлийн хуулийг гаргахыг дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр татварын өршөөлийн хууль нь Эрүүгийн өршөөлийн хууль болж хувираад, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн нэрээр их олон хүний нүглийг дарж өгөх гэж байна. Өчнөөн хариуцлагагүй үйлдэл хийчихээд хариуцлагаас бултсан хүмүүсийн толгойг илж, та нар ингээд хулгай хийгээд, нуугаад, хаагаад, луйвардаад, шулаад, дээрэмдээд бай. Тэр бүгдийг чинь ил тод гэдэг гоё нэр томьёогоор өршөөгөөд өгчихдөг юм. Санаа зовох зүйлгүй, үргэлжлүүл гэж хэлж байгаатай адил болчихож байгаа юм. Манай нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол хариуцлага. Миний сүүлийн жилүүдэд ярьж байгаа зүйл ч энэ. Ямар сайндаа та нар хариуцлага тооцож чаддаггүй юм бол би хариуцлагыг чинь үүрье гээд УИХ-ын гишүүнээс татгалзъя гэж хүртэл мэдэгдэж байсан шүү дээ.
-Ерөнхийлөгч Эдийн засгийн ил тод байдлын хуульд хориг тавиагүй байж Өршөөлийн хуульд хориг тавьсан нь шударга биш байна гэх шүүмжлэл ч гараад байна.
-Би Ерөнхийлөгчийн юу бодож байгааг мэдэхгүй учраас өмнөөс нь ярьж чадахгүй. Түүнийг зөв асуудал тавьсан гэж бодож байгаа. Гэхдээ цаг үе нь, тавьсан хэлбэр нь хэр оновчтой байсан бол гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд Ерөнхийлөгч саран дээрээс бууж ирсэн хүн биш шүү дээ. Үнэхээр энэ асуудлыг шийдье гэж бодож байсан бол Өршөөлийн хууль гаргах гэж байна, татварын өршөөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай гээд сүүлийн нэг жил ярьж байхад шийдлийг нь олоод нийгмээ хагалж бутаргачихгүйхэн шиг явуулах ёстой байсан. Өршөөлийн хууль бол бүр 2012 оноос энэ хэсэг нөхөд УИХ-д орж ирснээс хойш ярьсан асуудал. Ерөнхийлөгч үүнийг мэдэж байсан. Одоо ийм болчихсон хойно нь гэнэт гарч ирээд, юу болсон бэ гэсэн маягтай байгаа нь олон нийтэд итгэл төрүүлэхгүй байгаа юм л даа. Асуудлыг шийдье гэсэн сонирхол байна уу, эсвэл популизмаа хийгээд байна уу гэж хараад байна. Тэр хэмжээгээрээ ярьж, хэлж байгаа зүйлийнх нь үнэ цэнэ унаад байна.
-Монгол Улс өрийн дарамтад орлоо. Гадаад нэр хүнд навс уналаа. Валютын ханш, төсвийн алдагдал гээд аюулын харанга дэлдсэн асуудлууд олон байна. Эдийн засгийг сэргээхийн тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Эдийн засаг хэцүү байна гэж бүгд ярьж байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших хугацаанд би эдийн засаг, төр засагтай холбоотой асуудлаар бараг яриагүй. Энэ нь аминдаа дэмжиж байгаа хэрэг байсан. Сайн, муу ч бай шинэ засаг гараад ирлээ, бас яадаг бол гэсэн горьдлого төрж байна шүү дээ. Залуу хүн арай өөрөөр ажиллаж магадгүй гэж харсан. Түүнээс хойш зургаа долоон сар өнгөрлөө. Итгэл байхгүй болсон. Би эднээс юм горьдохгүй байгаа. Яаж ийж байгаад салгануулаад сонгуульдаа хүргэчих юмсан гэх бодол төрж байна. Түүнээс сүрхий юм хийгээд өөрчлөөд аваад явна гэж байхгүй байх. Зургаа, долоон сарын хугацаанд юу хийсэн бэ гэхээр Ч.Сайханбилэг унаган мэргэжлийнхээ дагуу л ажлаа хийлээ шүү дээ. Ерөнхий сайд маань пиараа л хийлээ. Бодит ажил бол явсангүй. Зургаа долоон сарын дараа үүнийг нь хэлэхэд болно байх гэж бодож байна. Ажил явахгүй байгаа бол буг болж суух хэрэг юу байна. Үнэхээр л эх орондоо хайртай, тийм л өндөр ухамсартай юм бол хурдхан явах хэрэгтэй. Урьд нь ч би хэлж байсан. Ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг нэг өдөр, нэг цаг ч бүү байлга. Хурдан явуул. Чаддаг хүн нь орж ирэг. Ердөө л энэ. Өөр асуудал байхгүй.
-Урсгалаараа яваад байхаар эргээд ард иргэдийн амьдрал хүндэрнэ. Ирэх сонгууль хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй бол валютын ханш өсдгөөрөө өсч, эдийн засаг улам дордоно шүү дээ?
-Юм эзэнтэй байх ёстой. Хэн нэг хүн тодорхой ямар нэг ажлыг хариуцах ёстой. УИХ хууль тогтоох ажлаа хариуц. Хуулийнхаа хэрэгжилтийг хангаад сууж бай. Гүйцэтгэх засаглал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн хэрэгжилтийг хариуцна гээд Үндсэн хуульд заасан байгаа. Энэ ажлаа л хий. УИХ, Засгийн газар өөр өөрсдийн хийх ёстой ажлаа л хий. Аль алиндаа шаардлага тавь. Үүнээсээ эхэл. Маш энгийн зүйл. Гэтэл УИХ шаардлагаа тавьж чадахгүй байна шүү дээ. Одоо байж байгаа байдлаа хар. Энэ УИХ юу хийгээд сууж байгаа юм бэ. Зун хуралдаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Ээлжит бус чуулган зарлаад байгаа ч юм шиг зарлахгүй байгаа ч юм шиг. Зарлаад хуралдуулахдаа Эрүүгийн хуулийг өөрчилнө гэж байсан ч сүүлдээ больчихлоо шүү дээ. Эцэстээ зургаан сайдыг явуулсан, явуулаагүй гэсэн байдалтай тулгарч үлдлээ. Засгийн газар юу хийгээд байгаа юм бүү мэд. Эдийн засгийн өнөөдөр тулгамдаад байгаа асуудал гэхээсээ хамгийн наад зах нь хүн бүр суурь суурин дээрээ байх ёстой. Суудал суудал дээрээ суух ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо хэзээ ч гүйдлээ олохгүй. УИХ, Засгийн газар нь байр суурин дээрээ байж чадахгүй байхад ажил хийж байгаа яам гэж байхгүй шүү дээ.
Зургаан сайдыг нөхөн томилоод асуудал шийдэгдэх үү. Маш эргэлзээтэй. Шинээр гарч ирэх зургаан сайд явсан зургаан сайдаасаа илүү байх уу гэдэг нь бүр эргэлзээтэй. Зургаан сайдыг нөхөөд нөхөөстэй Засгийн газар явлаа гэхэд энэ нь хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг хүмүүс яриад эхэлчихлээ. Үүнд хүлээлт бий болчихсон төр засгийн нэр хүнд байхгүй болчихсон, гүйцэтгэх засаглалын нэр хүнд шалдаа уначихсан тохиолдолд юун эдийн засгийг босгох асуудал яриад байна вэ. Тэр чинь байхгүй.
-Тэгэхээр одоо яах ёстой юм бэ. Гарц нь юу юм?
-Хамгийн түрүүнд хийх асуудал бол бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэхээс гадна олны итгэл даах чадвартай зангарагтай хүн гарч ирэх ёстой. Тэгж байж хаана, хэн нь эзэн юм, хэн юуг хариуцаж байна вэ гэдгээ маш тодорхой болгож байж дараа нь макро микро эдийн засгийн асуудлуудыг ярих ёстой. Ний нуугүй ярихад энэ замбараагүй эцэс төгсгөлгүй байдал элдэв янзын ашиг сонирхолтой хүмүүст маш хэрэгтэй байна. Үүний цаана яагаад ийм байдалд орчихоод байна, асуудал нь зургаан сайдыг явуулахдаа байгаа юм уу эсвэл өөр ямар нэг учир шалтгаан байна уу гэдгийг бид харах ёстой. Тэр учир шалтгаан нь үндсэндээ Тавантолгой шүү дээ. Тавантолгой дээр бизнесийн улс төрийн бүлэглэлүүд бий болчихоод хоорондоо үзэлцээд байна. Хамгийн том зүйлээ хэн нь эзэмших вэ гэдэг дээр үзэлцээд байна. Ердөө л энэ. Хэрэв би эзэмшихгүй бол чамайг эзэмшүүлэхгүй гэж нэг нэгнийгээ барьцаалаад хаагаад боогоод чөдөрлөөд явж байна. Ийм зүйл энэ нийгмийг явуулахгүй л дээ. Чоно борооноор гэгчээр том том бүлэглэлүүд хоорондоо үзэлцэж байхад дундуур нь жижиг жижиг цөөвөр чононууд хажуунаас нь орж ирж хазаж, жаахан юм авч сайд болох гээд үзээд байна. Жижиг луйварчдын л асуудал. Амаржаргал өнөөдөр шүүмжлээд сууж байна гэх байх. Гэхдээ би шүүмжлээд байгаа юм биш гарцыг нь хэлж байна. Гарц нь юу юм бэ гэхээр энэ улс эзэнтэй болох ёстой. Энэ засаг чинь эзэнтэй болох ёстой. Чадаж байгаа хүнээ ажиллуул, чадахгүй байгаа бол хурдхан шиг зайлуул. Ингэж байж юм эхэлнэ. Ингэж байж төсвийн бодлогоо тэлэх үү, хумих уу, мөнгөний бодлогоо нэмэх үү хасах уу, ханш, инфляцыг яах вэ гэдгээ ярина. Би шийдлийг нь маш тодорхой хэлж байна. Чадахгүй байгаа бол нэг минут ч битгий байлга. Үүнийг Засгийн газрын хэмжээнд хүртэл ярих ёстой.
-Засгийн газар огцрох ёстой гэсэн үг үү?
-Би бол тэгж л үзэж байна.
-Одоо Засгийн газар огцроод байдал дээрдэх үү?
-Энэнээс дордуулах юм уу.
-УИХ тарах талаар яриа гараад байсан. Ажил хийж байгаа хүн алга учраас л ийм яриа гарсан болов уу?
-УИХ тарах талаар хэд хэдэн хүн мэдэгдэл хийсэн байсан. Төрийн тогтолцоогоо та нар хэр зэрэг сайн ойлгодог эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Хамгийн тогтвортой байх ёстой институц нь УИХ. Засгийн газар хэд ч өөрчлөгдөж болно. Тэр чухал биш. Төрийг тогтвортой байлгаж байгаа УИХ бүрэн хугацаагаараа ажиллаж байж дараа дараагийн УИХ руу шилждэг зарчим байвал сайн. Тиймээс УИХ-ыг тараая гэж түүн рүү түлхэж буй хүмүүсийг би сайшаахгүй байгаа. УИХ-ын ажиллагаа төгс төгөлдөр бус шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Миний шүүмжилж ярьсан зүйлүүдийн гол төлөөлөгч нь УИХ дотор сууж байгаа. Напоелоны хэлсэн нэг үг байдаг. “Мөнгө бол үнэртдэггүй юм. Мөнгөнд эх орон байдаггүй юм. Тиймээс мөнгөтэй хүнийг улс төр рүү битгий оруулж бай” гэж. Мөнгөтэй хүмүүс эх оронгүй хүмүүс тийм ч учраас зарим нь цээжээ маш их дэлддэг байх. Би эх орондоо хязгааргүй их хайртай гэж. Үнэн хэрэг дээрээ мөнгөнд эх орон байхгүй. Тэр хүмүүс энд орж ирэхээрээ ямар гай болдгийг эрх биш харсан байх. Манай ард иргэд 25 жил сонгуульд оролцлоо эрх биш гадарлах хэмжээнд хүрсэн байх гэж бодож байна. Тэгэхээр 2016 оны сонгуулиар зөв сонголт хийх байх гэж горьдож байгаа. Ямар ч байсан УИХ-ыг тараая гэдэг гайхамшигтай шийдэл биш. Үүнийг дэмжээд өөгшүүлээд байх зүйл ч биш.
-АН Монгол төрийг уландаа гишгэж байна. Сонгогчдын итгэл ч навс унаж байх шиг?
-Ганц АН биш. Энэ улс төрийн намууд бүгд шүү дээ. 2000 оноос хойших үйл явдлыг аваад үзвэл нэг хэсэг үндсэндээ 76:0 байсан шүү дээ. 72 нь МАХН, нөгөө намууд нь нэг суудалтай байсан. Тэгэхэд л гишгэж эхэлсэн. Төрөөр тоглож эхэлсэн. Дэд сайд гэдэг албан тушаалыг 500 сая төгрөгөөр үнэлээд энэ албан тушаалуудыг бий болгож эхэлсэн. Бүх зүйлийг мөнгөн хэлбэрт оруулсан. Үүнийг өнөөдөр хүмүүс ярихгүй л байгаа болохоос маш их зүйл тэр үеэс эхэлсэн. Манайхан муу зүйлийг төгөлдөржүүлэхдээ сайн хүмүүс. Тиймээс одоо төгс төгөлдөр рүү оруулаад явж байх шиг байна. Тиймээс би ганц АН-ыг хэлэхгүй. Аль алиныг л хэлнэ. Улс төрийн намын том том дарга нар дээд зэргээр хувь нэмрээ оруулсан.
-Одоогийн нөхцөл байдал АН-ын нэр хүнд илүү унасан харагдаж байна. Та ч намынхаа үйл ажиллагааг шүүмжилж байна. Тэгвэл та намынхаа гишүүнээс татгалзчихаж болдоггүй юм уу?
-Түдгэлзэж болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд би энэ намыг босгох гэж их зүтгэсэн. 2000 оны сонгуулийн өмнө би МҮАН-ын дарга байж байгаад тараад 5-6 болсон байсан намыг нэгтгээд орчин цагийн нам болгоод өглөө. Үүнд нам буруутай гэхээсээ илүүтэй субъектив талын асуудлуудыг хөндөх ёстой. Намын хэдэн мянган гишүүд чин сэтгэлээсээ үнэлэмжийн араас явж байгаа. Болгохсон, бүтээх юмсан энэ улс орныг, үр хүүхдээ аятай тухтай амьдруулахсан гээд чин итгэл үнэмшлээрээ явж байгаа. Тэр хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, үгүйсгэж болохгүй. Намын нэрийг барьж арчаагүй аашилж байгаа хүмүүст бид өнөөдөр хариуцлага тооцож чадахгүй байна. Манай намын ҮЗХ ямархуу байгааг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бусад улстөрийн намуудыг ч гэсэн хар л даа. Сая жаахан юм болонгуут МАН дотор бужигнаж эхэлж байна. Гол нь нягтрах ёстой. Улс төрийн намуудаар дамжин төрийн үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд улс төрийн намууд цөөхөн байх ёстой. Би хоёр улс төрийн нам давамгайлсан байх ёстой гэж үздэг хүн. Манайд 20-30 нам огт хэрэггүй. Хоёр нам бие биендээ хяналт тавьж чаддаг байх ёстой. Нэг нь засгийн эрх барьж байхад нөгөөх нь ажил хэрэгчээр шүүмжлээд шударгаар явах хэрэгтэй.
-Та АН-аас хөөгдөж бас уригдаж дарга болж үзсэн хүн. Айх зүйл одоо байхгүй. АН-ын фракцуудын зөрчлөөс болоод намын дотоод хүч маш их суларч байна. Ийм үед намаа аврахын тулд удирдлагуудтайгаа тулж ярьж үзэв үү?
-Фракцууд тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл гүйцэтгэсэн. Үүргээ гүйцэтгэсэн бол одоо үеэ өнгөрөөгөөд явах л хэрэгтэй. Өнөөдрийн фракцууд шийдэл биш. Дандаа асуудал үүсгэж байна. Үүнээс татгалзана гэдэг зөв санаа. Яг цагаа тулахаар татгалзаж чадахгүй байна. Хэдийгээр албан ёсоор зарлаад байгаа ч татгалзаж чадахгүй л байна. З.Энхболд даргыг фракцаас татгалзана гэж байхад нь би “За юу л бол” гэж бодож байсан. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, гайгүй явчих ч болов уу гэсэн чадахгүй байна. Өнөөдөр хэдэн сайд, дэд сайд нарын асуудал дээр наймаа хийгээд өөрөө дунд нь орчихсон, наймааны гол эзэн болчихсон явж байна. Үүнийгээ том том ухаантай зүйлээр тайлбарлаад явж байна. Бас л болоогүй л байна. Бэлтгэгдээгүй л байна. Нялцгай л байна гэж хэлэх гээд байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:
Сэтгүүлч С.Батзаяа
www.eagle.mn
http://politics.eagle.mn/content/read/34962.htm