Beautiful Plants For Your Interior
САЙН АНДЫН АЙЛЧЛАЛ
Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров саяхан Монголд айлчлав. Айлчлалын албан ёсны мэдээ, бас бус асуудлыг давталгүйгээр хувийн санал бодлоо хуваалцая.
Дэлхий дахины улс төр, олон улсын харилцаанд нэр хүндтэй ийм хүн Монголд айлчилж ирсэн нь чухал үйл явдал. Сергей Лавров бол 2004 оноос Оросын дипломат албыг толгойлж, Ерөнхийлөгч В.Путиний гадаад бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж ирсэн туршлагатай стратегич хүн юм.
Шинэ хүйтэн дайны үнэр ханхалж, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа энэ хүнд үед Сергей Лавров өнөөгийн олон улсын харилцаа олон туйлт тогтолцоо руу шилжиж байгаа бодит байдлыг дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө бусдад таалагдсан ч, эс таалагдсан ч идэвхтэй, тууштай ажиллаж байгааг нь үнэлэх хэрэгтэй. Үнэндээ ОХУ-гүйгээр олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.
Сергей Лавров Монголд ирэхдээ хуучин сайн найзындаа ирж байгаа гэж бодож ирсэн байдал ажиглагдсан. Тэрбээр Москвад сурч байхаасаа эхлээд олон жил монголчуудтай нөхөрлөж ирсэн нь ойлгомжтой. Угаасаа ч монгол, орос хоёр бие биенийгээ сайн ойлгож чаддаг төрөлхийн онцлог зан чанартай гэж би хувьдаа боддог.
1990-ээд онд ЗХУ задарч, Оросын Холбооны Улс шинэ нөхцөл байдалд дасч зохицох гэж дотогшоогоо илүү анхаарч байсан үед бид барууны орнуудын дэмжлэгт тулгуурлан хөгжиж ирсэн нь үнэн. Барууны тусламж дэмжлэг манай хөгжил дэвшилд чухал үүрэгтэй хэдий боловч бид хоёр хөршгүйгээр урагшлах боломжгүй.
Хоёр хөрш болон «гуравдагч хөрш»-ийн бодлогыг хооронд нь маш нарийн тэнцвэртэй баримталж ажиллах нь манай гадаад бодлогын тулгын чулуу мөн юм. Тийм ч учраас ОХУ-тай зовлон жаргалаа илэн далангүй, харилцан ярилцаж ажиллавал биднийг ойлгохгүй гэх зүйлгүй. ОХУ, эсвэл БНХАУ Монголд өөрийн бодлоо тулган хүлээлгэх гээд байна гэж хардах үндэсгүй. Тэд саналаа хэлж, бид боломжгүйгээ хэлж болно. Олон улсын харилцааны хэм хэмжээ тийм юм.
Гагцхүү яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тойрч давхиад байх биш, шулуухан яриад явчихвал биднийг ойлгоно. Харин нэгэнт ам гарсан бол заавал хэлсэндээ байх явдал чухал.
Орос нөхөд бол «за гэвэл ёогүй» байдаг ард түмэн. Бид бас тийм байж харилцан итгэлцэл олж авна. Сергей Лавровын айлчлал манай хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой байсан шиг санагдлаа. Орос нөхдөө ойлгож мэдрэхэд дахин суралцах шаардлага бидэнд ч бас байх шиг байна.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал
2016.04.22
Тантай санал нэг байна.