Beautiful Plants For Your Interior
Эдийн засагч байна гэдэг бол…
Санхүү эдийн засгийн их сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үг
Сайн байцгаана уу?
Нэгдүгээрт
Та бүхэнд үнэхээр баяр хүргэмээр байна. Их сургуулийн оюутан болно гэдэг бол өөр зүйл юм. Сургууль маань өнгөрсөн хавар ИХ сургууль гэсэн тодотголтой болсон. Их сургууль гэсэн статустай явж байгаа анхных нь хичээлийн жилд, энэ түүхэн үйл явдалд оролцож байгаа хамгийн анхных нь оюутан шүү бид чинь. Ийм түүхэн үйл явдлыг эхлүүлж байгааг тохиолдуулан сургуулийн удирдлага, сургуулийн удирдах зөвлөл хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэе!
Эдийн засагч байна гэдэг бол их чухал. Гэхдээ чухам юу юм вэ гэдгийг хүмүүс мэддэггүй юм. Юуны тухай ч яриад байгаа юм? Яах гэж ч яриад байгаа юм? Осолдолгүй нэг орлого, зарлага гэж байдаг, тэр хоёрын баримжааг нь хараад байж байвал эдийн засагч гэж бодоод байх шиг. Үнэндээ үгүй л дээ, эдийн засагч байна гэдэг бол миний ойлгож байгаагаар юуны өмнө эх орон, ард түмэн, нийгмээ гэсэн том сэтгэл байх ёстой. Яавал энэ улс орны амьдралыг аятайхан авч явах вэ? Яавал энэ нийгмийг зөв голдирогод нь оруулж, зөв чиглүүлж явах вэ? Яавал ард иргэдийн амьдрал ахуй дээшлээд байх вэ? Яавал нийгэмд тэр шударга ёс гэдэг нь байх вэ? Энэ бүх юм бол үндсэндээ эдийн засаг гэдэг ойлголтын үндсэн ухагдахуун юм. Бид нар бол макро эдийн засаг, микро эдийн засаг, эрэлт, нийлүүлэлт гэсэн ийм томьёонуудыг л эдийн засаг гэж ойлгодог. Үгүй ээ, нэр төр гэдэг бол эдийн засгийн ойлголт, үнэнч байна гэдэг бол эдийн засгийн ойлголт, шударга байна гэдэг нь бас эдийн засгийн ойлголт юм. Энэ бүх юмыг бид нар эдийн засгийн хэл рүү хөрвүүлж ойлгож, уншиж чадна гэдэг бол эдийн засагч болж байгаагийн шинж юм шүү!
Хоёрдугаарт
Эдийн засагч болно гэдэг бол өөрийн гэсэн лаборатори, өөрийн гэсэн судалгааны арга зүйтэй болно гэсэн үг юм. Том тоо ч байж болно, жижиг тоо ч байж болно, их өгөгдөхүүн ч байж болно, бага өгөгдөхүүн ч байж болно. Гэхдээ ямар нэг өгөгдөхүүнийг аваад түүнийг эргүүлж тойруулаад, наана цаанаас нь ухаж, төнхөж байгаад ямар нэг юм олж харж чадна гэдэг бол эдийн засагч болж байгаагийн нэг гол шинж чанар юм. 1991 онд бид нар дөнгөж шинэчлэн зохион байгуулагдаад Эдийн засгийн коллежийн захирлаар намайг томилсон юм. Тэгээд бид нар анхны элсэлтээ авч байхад элсэж байсан хүүхдүүдийн бараг 70-80% нь охидууд байсан. Тэгээд би аргаа ядаад “болилдоо та нар, эрчүүд нь хааччихсан юм бэ?” гэж асууж байлаа. Сүүлдээ би бүр сургуульд элсэж байгаа хүүхдүүдийн ядаж 40% нь эрэгтэй хүүхдүүд болго гэж хүчээр захирлын тушаал гаргасан, тэгээд нөгөө эрэгтэй хүүхдүүд чинь шалгалт өгөөд л уначихна. Бодлогын чанартай оруулж байж л эрэгтэй хүүхдүүдийн тоог овоо болгосон юм. Энэ жилийн элсэлтийг харсан бас дахиад 70, 80–аад хувь нь охидууд байна. Би охидуудыг муу гэж байгаа юм биш, та нар үнэхээр мундаг оноогоороо зодоод ороод ирдэг. Эрчүүд нь хаана байна? Хаагуур юу хийгээд яваад байна? гэсэн асуултууд гарч ирж байна.
Би яагаад энийг яриад байна вэ гэхээр судалгааны арга зүй гэж зүйл бий. Хүн зүгээр өөрийн гэсэн лабораторитой байх ёстой. Манай Санхүү эдийн засгийн их сургуулийн 1924-2016 он хүртэлх элсэлтийн динамикийг боловсруулаад үз, их том ухаантай загвар боловсруулдаггүй юмаа гэхэд эрэгтэй эмэгтэйгээр нь, нас хүйсээр нь, байршлаар нь аваад үзчих тэгээд тэрийгээ хамгийн энгийн загварт оруулаад сурчих. Хэрвээ тэгээд харах юм бол Монгол улсын эдийн засгийн түүх харагдана. Орчин цагийн Монгол улсын эдийн засаг ямархуу янзтай байсан, ямар онуудад хүнд байсан, ямар онуудад өсөж дэвжиж байсан, юу нь болж байсан, юу нь болохгүй байна гэдгийг энэ зүй тогтлоор гаргаад ирнэ. Ийм учраас эдийн засагч болно гэдэг бол улс орныхоо түүхийг үзэх асуудал, өөрийн гэсэн лабораторитой болох асуудал шүү гэдгийг би дахин хэлье.
Гуравдугаарт
Хамгийн гол хэлэх гэсэн зүйл бол оюутнууд та нар сурах аргад суралцах ёстой. Сурах аргад сурч чадсан хүн л цаашаагаа явна. Тэр хүн Монгол улсын Төрийг удирдана, Монгол улсын эдийн засгийг удирдана, Монгол улсын эдийн засгийг атгана. Сурах аргад сурч чадаагүй бол дөрвөн жил энд тонгочоод тонгочоод юу ч олохгүй, юунд ч хүрэхгүй. Хайран дөрвөн жил, хайран мөнгө л болно. Тийм учраас энэ 9-р сар дуусах хүртэл хийх үндсэн ажил чинь сурах аргад суралцах юм. Яаж ном унших, яаж лекц сонсох, яаж лекцийн тэмдэглэл хөтлөх, яаж тэр цахим ертөнцөөс хэрэгтэй мэдээллээ олж авдаг юм энэ үндсэн аргыг сураад авчхаарай. Энийг сурчих юм бол та нар дөрвөн жил дажгүй явчихна. Харин энийг эзэмшээгүй бол тэгээд хэцүү дээ.
За амжилт хүсье!