Beautiful Plants For Your Interior
Хөгжлийн стратегид нэмэрлэх хувийн хэдэн бодол
Р.Амаржаргал
Эдийн засгийн ухааны доктор
Асуудлыг шийдэх, бодлого боловсруулахад төр засаг нь системтэй хандах учиртай
Удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, 2017 оны төсөв орж ирнэ. Ялангуяа үндсэн чиглэл гэж авахад, хаяхад ч хэцүү баримт бичиг бий. Хэлэлцсэн төдий л болно. Хүслийн жагсаалт мэт нэг зүйл эцсийн дүндээ гарах байх. Эрхэм гишүүн бүр мундаг хүн болж, нэг өгүүлбэр шингээх гэж оролдоно. Дараа нь эрхэм гишүүд тойрогтоо очоод нэг л их мундаг үзэлцэж байгаад “нөгөө … ажлыг үндсэн чиглэлд (Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв г.м.) суулгасан шүү” хэмээн сайрхан ярих болно. Мажоритар тогтолцоотой нөхцөлд өөр аргагүй шахуу, тойрог, жалга довруугаа татаж чангаасан үйлдлүүд улам л нэмэгдэх байх даа.
76 тийш нь татаж чангааж байгаа нөхцөлд улс орны хөгжлийн стратеги, төлөвлөлтийг хэрхэн хангах вэ гэдэг бодит асуудал үүсдэг. Улс орны хөгжлийн чиг хандлага, стратеги, бодлогыг хэчнээн ухаантай ч гэсэн 76 хүн чуулганы зааланд тодорхойлно гэж байхгүй л дээ. Энэ бол нөр их тэсвэр оюуны тэвчээр, өдөр тутмын хар бор ажил шаардсан шинжлэх ухааны процесс байх ёстой юм.
Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл гэсэн баримт бичиг нь чухам ямар хэлбэртэй байх талаар УИХ дээр олон жил маргалдаж байгаа. Шинжлэх ухааны процесс тал нь орхигдсон, бараг үгүй учраас аргаа бараад миний бие тухайн үед: Макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүдийг тусгасан 1-2 хуудас материал байхад хангалттай гэж хэлдэг байсан. Монголын өмнө нийгэм эдийн засгийн сорилтууд илт нүүрлэсэн. Гунигтай нь тэдгээрийг шийдэх урт хугацааны, тал бүрийн уялдааг хамарсан, хангасан стратегийн шийдэл олох, хэрэгжүүлэх чадавх бүрдүүлж чадсангүй өдийг хүрлээ.
Асуудлыг шийдэх, бодлого боловсруулахад төр засаг нь системтэй хандах учиртай. Ингэж хандахад идэвхтэй оролцох субъектүүд юү билээ, тэд ямар байх ёстой, стратеги боловсруулах үйл явц яаж явах ёстой, түүнд ямар шаардлага тавигддаг, мэдээллийн бааз нь юу байна, ямар байх ёстой, эцсийн үр дүн, бүтээгдэхүүн чухам юу байх, зөвхөн боловсруулаад орхихгүй харин хэрэгжилтийг нь хангах арга зам гэх мэт өчнөөн асуудлыг нягтлан судалж, хаана юу дутууг илрүүлж, засаж залруулах замаар формаль стратеги томъёолох учиртай. Стратеги тодорхойлсон баримт бичгээ байнга Update хийж байх ёстой юм. Шинэ УИХ нь урт хугацааны хөгжлийн ээлжит “шинэ стратеги” тодорхойлдог нь гэм биш зан болсон. Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын амбийцаар нэг иймэрхүү баримт бичиг гардаг байсан бол өнгөрсөн парламентад бүлгийн дарга нарын амбийцаар ээлжит бүтээл батлагдсан. Дээд боловсролын талаар ганц ч үг дурдаагүй хөгжлийн үзэл баримтлал нэртэй баримт бичгийг тун ч ухаантай царайлан хэлэлцэж баталсан л даа. Ер нь шууд санал болгоход УИХ-аар баталсан арай гайгүй нэг баримт бичгээ тогтмол Update хийгээд явдаг болмоор байна. Бодлого төлөвлөлтийн хуульд үүнийг заасан байгаа.
Үндэсний хөгжлийн асуудал хариуцсан агентлагийг Ерөнхий сайд өөрөө биечлэн үлгэрлэх хэрэгтэй
Хөгжлийн ерөнхий стратегийн тухай дээр дооргүй дэмжин ярьдаг хэдий ч нэг л урагшлахгүй байгаа учир шалтгааныг дараах байдлаар дүгнэж байна. Үүнд:
1. Дээд зиндааны дарга нар, боссууд биечлэн өөрсдөө оролцдоггүй. Уг нь Засгийн тэргүүн улс орны хөгжлийн ирээдүйг тод томруун харж, алсын хараагаараа стратеги төлөвлөлтийн бүтцийг зангидах учиртай юм. Харамсалтай нь зохих ач холбогдол өгч, манлайлах лидер алга.
2. Сорилтуудад гал унтраах маягаар хандаж ирлээ, сөрөөд стратегийн чанартай шинэ санаа санаачилга дэвшүүлж чадахгүй байна. Зарим нэгэн гайгүй гэмээр зүйлсээ биеийн амар, улс төрийн хожоондоо хөтлөгдөн нурааж байна. Жишээ нь, ипотекийн зээл, зарим нэгэн “сайн хөтөлбөр” стратегийн шинжтэйг олж харж чадалгүй үгүйсгэв.
3. Бодлогын уялдаа яамдын түвшинд “0”. Стратегийн бодлого төлөвлөлтийг хариуцсан дарга, мэргэжилтэн нь уг асуудлаас дэндүү хол “төөрсөн” хүмүүсээр дүүрсэн нөхцөлд чанарын тухай дурсаад ч яах вэ дээ.
4. Уг асуудлыг сонирхсон багуудын оролцоо бараг үгүй. Сонирхсон гээд байгаа зарим нэгэн ТББ нь шантааж хийхээс хэтрэхгүй байдаг нь нийтлэг болсон.
5. Бодлого боловсруулахад шаардлагатай мэдээ материал, эх үүсвэрийг бүрэн гүйцэд ашиглаж мэдэхгүй, чадахгүй байна. Миний мэдэхээс 2000, 2010 оны хүн амын тооллогын дүнг ашиглан, чиглэлийн бодлогодоо дурдсан баримт бичиг УИХ-д 2000 оноос хойш орж ирсэн тохиолдол ой санаанд орж ирэхгүй байна. Уг нь ашиглаж чаддаг бол тун ч хэрэгтэй түүхий эд л дээ. Нөгөө талаас байгаа материал өгөгдөхүүнээ нийтэд нэн ялангуяа судлаачид, оюутнуудад ил болгохгүй байна.
6. Шинэ бодлого, үйл ажиллагааг эхнээс нь жадлан эсэргүүцдэг нь гэм биш зан болсон. Дандаа улстөржсөн өнцгөөс, хардаж сэрдсэн байдаг учраас томоохон стратеги эхлүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй, консенсус бүрдүүлэхэд суралцаагүй, тийм механизм бүрдүүлээгүй.
7. Төрийн зүгээс, ялангуяа төсвөөс хөрөнгө мөнгө гарган хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны үр өгөөж, үр дагаврыг нь хэмжих, хянах мониторинг тун хангалтгүй. Жишээ нь, 77 сая толгой малтай гэдэгт итгэдэг нь хэд бол.
Үндсэн чиглэл гэсэн баримт бичгийн талаар УИХ дээр олон жил маргалдаж байгаа
Бусад улсын туршлагаас үзэхэд мэдээжийн тун өндөр ур чадвартай, хараат бус нэгжээс мэдээлэл, боловсон хүчин татан дайчилдаг, Ерөнхий сайдын шууд хараа хяналтаар ажиллах стратегийн нэгж байгуулдаг. Манайхан нэг хороо, нэг яам байгуулаад үзсэн. Одоо дахиад Үндэсний хөгжлийн асуудал хариуцсан агентлаг байгуулсан. Энэ нэгжийг Ерөнхий сайд өөрөө биечлэн үлгэрлэж, 1000 хувь дэмжихээс гадна сайд нар нь шийдвэр гаргахдаа энэ хорооны саналыг заавал сонсдог, яамдын бодлого төлөвлөлт хариуцсан дарга нар нь долоо хоногт нэг удаа, тогтсон цагт бүгд нэгэн зэрэг энэ хороонд морилон ирж, хагас өдрийн турш бодлогын уялдаа холбоо стратеги төлөвлөлтийн талаар санал солилцож зуршихгүй л бол элдэв хөгжил мөгжил гэж горьдоод хэрэггүй.
Үндэсний хөгжлийн газар нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжихүйц, үр дүн нь харагдахуйц, тодорхой стратеги боловсруулах үүрэгтэй. Энэ бол хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй мөрөөдлийн чанартай баримт бичиг боловсуулахаас хэцүү л дээ. Гэсэн ч Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа богино байх тусам уг нэгж нь стратегийн ирээдүйг тогтмол, улам бүр Update хийж, урт хугацааны стратеги, альтернатив стратеги, урьдчилан сэргийлэх стратеги боловсруулах ёстой. Ер нь тэгээд Ерөнхий сайд, түүнээс дээш зиндааны хүмүүс стратегийн хараатай, “эрэлт” хэрэгцээ гаргахгүй аваас юу ч урагшлахгүй.
» Монголын өмнө нийгэм эдийн засгийн сорилтууд илт нүүрлэсэн.» Стратеги тодорхойлсон баримт бичгээ байнга Update хийж байх ёстой юм.» Зарим нэгэн гайгүй гэмээр зүйлсээ биеийн амар, улс төрийн хожоондоо хөтлөгдөн нурааж байна.» Татвар төлдөг гишүүнчлэлтэй Үндэсний эдийн засгийн зөвлөл байгуулах хэрэгтэй.» Стратеги төлөвлөлтөд зохих ач холбогдол өгч, манлайлах лидер алга.» Үндэсний хөгжлийн асуудал хариуцсан агентлагийг Ерөнхий сайд өөрөө биечлэн үлгэрлэх хэрэгтэй.
Энэ нэгжээ хүн хүчээр ч бэхжүүлэх хэрэгтэй. УИХ нь дэргэдэх судалгааны төв, удирдлагын академиа (бас бусад нэгжийг) нэгтгэж Үндэсний хөгжлийн газрын мэдэлд өгөх хэрэгтэй. Ингэснээр тус газрыг татан буулгах гэж буй бус, харин хүчийг нь төвлөрүүлж байгаа юм.
Дээр нь яамдын стратегийн шийдвэр гаргах чадварыг эрс нэмэгдүүлэх, стратегийн шийдлийн эрэлт хэрэгцээг тогтмол үүсгэх, мөн статистик зохих баримт бичгийг ил тод, хүртээмжтэй болгох хэрэгтэй. Татвар төлдөг гишүүнчлэлтэй Үндэсний эдийн засгийн зөвлөл байгуулан үйл ажиллагааг нь нэг хэсэгтээ төсвөөс санхүүжүүлэн, зүгшрүүлэх. Энэ зөвлөлийн гишүүдийн хүч, тархи толгойг бүрэн ашиглах хэрэгтэй байна.
https://ubinfo.mn/read/2759
Үнэхээр тийм шүү. Тогтвортой хугацаанд хэрэгжих, баримтлах хөгжлийн бодлого, үндсэн чиглэл байхгүйн улмаас салбарын яамд тус бүр өөрийн дур зоргоор бодлого нэртэй хоорондоо уялдаа холбоогүй баахан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, тэрнийхээ үр ашгийг тооцсон юм байхгүй, төслийн үр дүнд бий болсон хөрөнгө нь үнэхээр тухайн бүс нутаг, орон нутагт хэрэгтэй эсэх, зүгээр л нэг хэн нэгний хэлсэн үг, саналаар ийм төсөл хэрэгжүүлмээр байна гэхээр нь тэрийг нь дэмждэг, дээд байгууллагаас нь тэрийг нь тооцоо судалгаанд үндэслэж хийдэггүй, зүгээр л төсвөөс хэдэн төгрөг салгах санаатай хийдэг, тэр төслийнх нь өртөг бодит өртгөөс хэд дахин өндөр, ямар ч ТЭЗҮ, зураг төсөл, төсөвгүй зүгээр нэр төдий төслийг батлуулдаг, тэрийг хэрэгжүүлэх гэхээр бүх юм нь дутуу, дулимаг. Ийм ийм байна гэхээр дээрээс нь дарамтална, зураг төсөлгүй ажлыг яаж хугацаанд нь багтааж хийхийн, хугацаандаа багтахгүй болохоор хугацаа алдсаны улмаас эргээд төсөв өслөө гэнэ, өссөн төсвийг нь өгөхгүй гэхээр ажлаа хийхгүй, тэгээд л энд тэнд баахан дутуу төсөл, ашиглалтанд ордоггүй эх үүсвэргүй баахан төсөл, тэрийгээ ашиглахгүй удахаар элэгдэнэ, хорогдоно, яг ашиглах үед нь стандарт хангахгүй болчихсон, тэгээд ахиад л засварын мөнгө гээд л асуудал зөндөө байх юм даа. Эргээд хариуцлага тооцно гэхээд шийдвэр гаргасан нөхдүүдэд хэзээ ч хариуцлага тооцдоггүй, тэрийг гүйцэтгэсэн нөхдүүдэд хариуцлага тооцох гээд байдаг.
Хэзээ нэгэн цагт засагдана гэдэгт итгэнэм.