Beautiful Plants For Your Interior
Р.Амаржаргал: Хэн илүү зарчимч, шударга байна тэр намын дарга болно
Бид орчин цагийн намын дүр төрхөө олж чадахгүй байна
Ардчилсан нам шинэчлэгдэж чадах болов уу. Энэ талаар нэлээн удаан яригдаж байх шиг?
Чадах, чадахгүйн талаар ярих ёсгүй. Чадах ёстой. Намын шинэчлэлт гэдэг байнга явагдаж байх ёстой. Гэтэл цаг үетэйгээ хамт өөрчлөгдөн шинэчлэгдэж чадахгүй болохоор л асуудал үүсээд байгаа юм. Дотоод ардчилалтай үед шинэчлэгдэх механизм ажилладаг. Өнөөдрийн хувьд Ардчилсан намын шинэчлэл гэдэг нь дотоод ардчиллаа л бэхжүүлэх. Магадгүй таван жилийн дараа энэ агуулга өөрчлөгдөж болно. Ардчилсан нам бол монголын улстөрийн тогтолцоонд өөрийн байр сууриа эзэлсэн хоёр дахь том нам. Монголын улстөр, нийгмийн аль ч салбарыг энэ намгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс шинэчлэл нь зөвхөн намын дотоод асуудал бус, Монгол төрийн болон улстөрийн намын тогтолцоотой хамаатай. Шинэчлэлтэд бүтэц зохион байгуулалтаа орчин үеийн хэлбэрт оруулах, алсын хараагаа илүү тодорхой ойлгомжтой болгох, цоо шинэ нүүр царайг гарган олны итгэлийг дагуулна гэдгээ харуулж чадах зэрэг нь багтана. Хэрвээ ингэж өөрчлөгдөж чадвал түүнийг дагаад бусад улстөрийн нам бас шинэчлэгдэнэ. Төрийн тогтолцоо нь чанарын шинэ түвшинд гарна.
Тэгвэл Ардчилсан нам ямар шийдвэрийг гаргаасай гэж та хүсч байна?
Гаргах гэж байгаа шийдвэр нь, дүрмэнд оруулах гэж байгаа өөрчлөлт шинэчлэлт нь дотоод ардчиллыг бэхжүүлж чадах уу гэдгийг л харах хэрэгтэй.
Бэхжүүлэх гэхээр та байгаа зүйлийг сайжруулах талаар ярьж байх шиг. Ардчилсан намд дотоод ардчилал бий юу?
Байхгүй гэж хэлээд би загнуулаад байгаа. Андуураагүй бол хоёр, гурван жилийн өмнө Сант маралаас хийсэн судалгаагаар хамгийн дотоод ардчилалгүй намаар манай Ардчилсан нам шалгарсан. Тун гунигтай. Түрүүнд нь бид дотоод ардчилал илүү гэдгээрээ л аархдаг байлаа шүү дээ. Гэтэл тэр нь байхгүй болчихсон. Гэхдээ энэ нь ҮЗХ нь хуралдахгүй найм, есөн жил болчихсон, Их хурал нь ч хуралддаггүй, дарга болохоороо л хурлаа хийхээ больчихдог гээд олон зүйлээр илэрч байсан. Тэр бүгдийг хэлээд байхаар шүүмжилсэн болчихдог.
Ардчилсан нам дотоодын шинэчлэлээ хийхгүй, шинэчлэлийг хөдөлгөхгүй, ҮЗХ-оо хуралдуулахгүй байгаа гээд харахаар цөөн хэдэн хүний гарт л энэ бүх асуудал төвлөрчихөөд байх шиг?
Орчин үеийн улстөрийн намын үүрэг функцыг эхлээд ярья. Одоо манай улсын намын тогтолцоо нь 1900-д оны үеийнхтэй адил. Тэр үеийн намын тогтолцоо нь хувьсгал хийхэд зориулагдсан, босоо бүтэцтэй, маш хатуу сахилга, дэг журамтай. Тэгэхээр XXI зууны нам ямар байх ёстой юм. Бид хувьсгал хийх гээгүй, засгийн эрхийг хүчээр авахгүй, зэвсэгт тэмцэлд уриалаад байгаа юм алга. Бид парламентын намын тогтолцоо, дүр төрх рүү орох ёстой. Хоёр, гурван сарын өмнө би твиттер хуудсандаа “яаж ч өөрчилсөн МАХН л болчихоод байна шүү дээ” гэж жиргэсэн. Өөрөөр хэлбэл хуучин большевик намын тогтолцоо руу орчихоод байна гэдэг санааг хэлээд байгаа юм. Бид орчин цагийн намын дүр төрхөө л олж чадахгүй байна. Миний шүүмжлээд байгаа агуулга ердөө л энэ.
Тэгэхээр XXI зууны нам нь ямар үүргийг гүйцэтгэх ёстой юм бол?
Миний уншиж, мэдэж байгаагаар улстөрийн нам платформын үүрэг гүйцэтгэж байна. Заавал хатуу гишүүнчлэлтэй байх албагүй. Ардчилсан намын гишүүн болсон л бол үхэн үхтлээ тамга даруулчихсан мэт байхгүй. Ардчилсан намын дэвшүүлээд байгаа түмэн асуудалтай санал нийлж болох ч, заримдаа санал нийлэхгүй байж болно. Тухайлбал, цэвэрлэх байгууламжийг өөрчлөхөд би намтайгаа санал нийлэхгүйгээр хөдөлгөөнд оролцоод, тэднийг дэмжээд явж байж болно.
Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах дээр та өөр байр суурьтай байсан?
Тийм. Тухайн асуудлаасаа хамаараад улстөрийн нам гэхээсээ илүү хөдөлгөөн рүү татагдан орох боломжтой. Ийм байдал цаашдаа давамгайлах биз. Уяулж, чөдөрлүүлчихсэн хүмүүс ховор болох байх. Өнөөдрийн Хувьсгалт намын тогтолцоо нь зөрчлийг бий болгоод байна. Нэг тал нь бүтээлч байж урагшилмаар байдаг, нөгөө талд сахилга, дэг журам, эв нэгдэл яриад байдаг. Гэтэл намын эв нэгдлийг хадгална гэдэг нэр томъёо нь өнөө цагт хэр агуулгатай юм бэ.
Ардчилсан нам тогтолцооны хувьд өөрчлөгдөх ёстой боловч харамсалтай нь өнөөдөр намын дарга болох, эсвэл 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай илүү хамааруулж ойлгоод байх шиг?
Байгаа нь л тэр. Сэтгэж, харж байгаа нь тэр хэмжээнд байна.
Тэгвэл ойрын дөрвөн жилдээ Ардчилсан намаас шинэчлэлт хүлээх шаардлагагүй болж байна уу?
Та нар дахиад л механик зүйл яриад байна. Өнөөдөр байсан зүйл маргааш өглөө болоход л өөрчлөгдчих юм шиг. Нам шинэчлэгдэх процесс гэдэг удаан үргэлжилнэ. Заримдаа урагшилна, заримдаа ухарна. Тийм учир энд хэн илүү тэвчээртэй байж, холыг харж чадсан, ухарч буцаж байгааг “түр зуурын юм шүү, ирж байгаа цаг нь шал өөр шүү” гэж харж байгаа хүмүүс л цаашдаа явна.
Та Ардчилсан намын даргад өрсөлдөх үү?
Үгүй, үгүй.
Тогтолцооны өөрчлөлтийг хүсч байгаа хүмүүс нь өрсөлдөхгүй болохоор “нөгөө хэд” нь өрсөлдөөд, нэг нь гараад явчих юм биш үү?
Заавал намын дарга болж байж энэ бүхнийг хийнэ гэсэн юм байхгүй. Хүн бүхэн өөрийнхөө хийж чадахыг харж, суудал суудлаа олох нь чухал. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг чинь энэ шүү дээ. Би энэ дээр л хамгийн их үр өгөөжтэй байж чадна гэдгээ олж харах хэрэгтэй. Би илүү үзэл баримтлал, зарчим, философийн шинж чанартайг нь бодож, тэрэн дээр нь ганц хоёр үг дуугарч байвал илүү тустай юм байна гэж бодож байна.
Та ҮЗХ-ны гишүүн. АН-ын ҮЗХ сонгуулиар ялагдсаныхаа дараа хуралдах гээд чаддаггүй ээ. Орон нутгийн сонгуулийн дараа 16-нд хуралдана гэсэн боловч бас л болохгүй байх магадлалтай. Хуралдахгүй байгаа шалтгаан нь юу вэ?
Сонгуулийн дараахан би яг энэ процессыг ярьж байсан. УИХ-д сууж байгаа зарим нэгэн хүнд “сонгууль дуусангуут хариуцлага тооцно гээд бөөн шуугиан явна. Шуугиад эхлэнгүүт л хурлаа хийнэ гэж шахаж шаардана. Тэгэхээр нэг хэсэг хүмүүс наадам болох гэж байна, наадмаар хурлаа хийгээд яахав гэнэ. Дараа нь АСЕМ болох гэж байна, гадныхны дэргэд муухайгаа дуудалцаад яахав гэнэ. АСЕМ дуусангуут амарч эхлээд намар болъё гэнэ. Тэгж явсаар арав, арваннэгдүгээр сарын үес л хийх байх даа” гэж ярьж байсан. Хоёрдугаарт, сонгуулийн ялагдалд хүргэсэн, хариуцлага хүлээх ёстой хүмүүс хамгийн мундаг шинэчлэгчид болж хувирна гэж хэлж байсан. Тэгэхээр энэ болж буй бүхэнд нэг их гайхахгүй байна. Би улстөрд ороод 27 жил болж байна. Хаана юу болдог, ямар шуугиан юугаар дуусдаг билээ ерөнхийдөө гадарлана. Өнөөдөр болж байгаа бүхэн надад шинэ зүйл биш. Эргэж буцаад, үзэлцээд, хурлаа хийж чадахгүй байгаа бүхэн чинь нам дотор болж байгаа амьд процесс. Эрэл хайгуул хийгээд байна ш дээ. Энэ явах ёстой, тодорхой цаг хугацаа туулах ёстой. Зохиомлоор хурдасгах гээд байгааг харин буруу гэж харж байна. Манай Ардчилсан нам бол Монголын нийгмийг бүхлээр нь өөрчилсөн нам. Зохиомол биш төрмөл нам юм. Тийм учир манай нам бол устаж үгүй болно гэж байхгүй. Улам л өөрчлөгдөж, шинэчлэгдэнэ. Улам л чанаржина.
Танай намынхан залуус, хөгшчүүд гэсэн хоёр хэсэгт хуваагдчихаад залуус нь “бид шинэчлэнэ, та нар зайгаа тавьж өг” гээд…
Залуучууд нь 40-тэй.
Хөгшчүүд нь болохоор “та нар чадахгүй, бид хийнэ” гээд…
Хөгшчүүд нь 50-тай.
Та яг хаахна яваа бол?
Би ч уг нь өөрийгөө хөгшин болгох сонирхол их л бага байна. Зарчмын хувьд нэг л асуудал байгаа юм. Нэгэнт л сонгуулийн дүн гараад маш тодорхой болчихсон. Тэгэхээр ҮЗХ-ны гишүүд, ялангуяа сонгуульд нэр дэвшсэн хүмүүс хариуцлагаа хүлээх л ёстой гэж бодож байна. Дахиад л нэг буруутныг олох ёстой байх. Тэгээд олох олохдоо хаа байсан нэгнийг л олох байх. Аягүй бол Амаржаргал бүхний буруутан болох биз /инээв/.
Л.Гантөмөр, Х.Тэмүүжин гээд хүмүүс “бид л шинэчлэлийг хийнэ” гээд байгаа. Та энэ хүмүүст хэр итгэж байна?
Хийг. Зүйтэй. Дэмжинэ. Асуудал алга.
Сэтгүүлчдийн хүсээд байгаа шиг шуугиантай зүйл болохгүй
Намын даргын гаргасан шийдвэрээр ҮЗХ хуралдана, тийм үү?
Тийм. Гэхдээ намын дүрмэнд зарим нэгэн тодруулах зүйл бий. Одоо бол намын дүрмийн шинэчлэлт хамгийн гол нь. Хэрвээ би зөв ойлгож байгаа бол ҮЗХ хуралдаад хоёр л асуудал ярина. Сэтгүүлчдийн хүлээгээд байгаа шиг шуугиантай зүйл юу ч болохгүй. Нэгдүгээрт, Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулагдана. Хоёрдугаарт, намын дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдах ёстой. Түүнээс дарга байх уу, үгүй юу гэдэг асуудал огт яригдахгүй. Эрхбиш хоёр ажлын хэсэг байгуулчих байлгүй дээ. Намын дүрмийг шинэчлэх төсөл орж ирнэ. Миний ойлгосноор, намын дүрмийг шинэчлэх таван төсөл байна гэсэн. Бүгдийг нь харахаар хоорондоо зарчмын тийм ч их ялгаатай зүйл гарч ирэхгүй гэж бодож байна. Мөн одоо мөрдөгдөж байгаа дүрмээс гайхалтай өөрчлөгдсөн, хүн шагшраад байхаар зүйл гарч ирэхгүй. Тэгэхээр одоо мөрдөгдөж байгаа дүрмээ илүү боловсронгуй болгоод, чанаржуулаад явах нь арай дөхөмтэй байж магадгүй. Үүн дээр харин өөрийн чинь асуугаад байгаа зарим өөрчлөлтийг оруулаад өгөх хэрэгтэй. Жишээ нь, ҮЗХ хуралдахгүй бол яах вэ гэдгийг шийдээд өгчих хэрэгтэй. Бас ҮЗХ яагаад сонирхолтой байдаг вэ гэхээр намын даргын асуудлыг хэлэлцдэг болохоор л тэр. Тэгвэл энийг болиулчих.
Шинэчлэлийг хийхийн тулд багтай байж, хамтран ажиллах ёстой байх. Улстөр гэдэг өөрөө багийн тоглолт байдаг. Харин таны ард баг бий юу. Таныг багаар “тоглож” чаддаггүй гэх юм билээ?
Монгол улс тэр аяараа миний баг байхад /инээв/. Хэрвээ чи зөв зүйл ярьж байгаа бол бүгдээрээ л чамайг дэмжинэ. Түр зуурын болоод, дутуу дулимаг хараад байхаар явцуу хүрээнд орчихдог. Тоглоомын болоод явчихдаг. Шийдвэр гаргахдаа зарчмаа л гаргаад явчих хэрэгтэй. Надад тэр нь амар байдаг. Намын дотоод ардчиллын асуудал бол хамгийн чухал. Тийм учраас, хурал дээр үг хэлэхдээ, гишүүдтэй уулзахдаа, орон нутагт явахдаа “миний хэлж байгаа үг, үйлдэл, санал болгож байгаа зүйл намын дотоод ардчиллыг бэхжүүлж чадаж байна уу, үгүй юу” гэдэг зарчмын шалгуурыг тавьдаг байх хэрэгтэй. Үүнтэй адил миний хэлж байгаа үг монголын ардчиллыг бэхжүүлж байгаа юм уу, гүнзгийрүүлж, урагшлуулж байна уу, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж байгаа юм уу. Эсвэл эрх мэдэл, албан тушаалыг л нэгдүгээрт гаргаж ирчихээд түүнийхээ хойноос хөөцөлдөөд яваад байгаа юм уу. Гэх мэт ёс суртахуун, зарчим, чиг шугам бүхнийг тавиад яваад байх юм бол ганцаараа гэнэ үү, ганцаараа биш гэнэ үү тэр бол бүр хойно тавигдах асуудал.
Оросыг зарчихлаа гээд байгаа юм уу, Америкийг авсангүй гэж гоморхоод байгаа юм уу?
Та зарчимтай улстөрч. Танай намынхан Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлэх үйл ажиллагааг хийж байх үед та хаана байсан бэ?
Хүмүүс бүгдээрээ нэр дэвшээд явчихсан л байсан биз дээ. Би бол нэр дэвшээгүй, нэр дэвшсэн хүмүүсийн тойрог дээр очоод ухуулга хийгээд явж байсан. Дараа нь харин тийм юм боллоо л гэсэн. Үүнийг ямар өнцгөөс нь харах вэ гэдэг асуудал. Сүүлийн 27, 28 жилийг харах юм бол, анх ямар хөрөнгөөр боссон билээ, өмч хөрөнгийг нь албан ёсоор хэн мэддэг байлаа, албан бусаар хэн ямар хяналт тавьж байлаа. 50/50 байсан үе бий. Танай үеийнхэн бол мэдэхгүй байх. 51/49 болгох гэж мөн ч их зовсон доо. 51/49 болгоход монголын эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн, монголд орж ирдэг нь яаж өөрчлөгдсөн гээд түүх ярьвал түмэн юм бий. Монголын үе үеийн төр засгийн удирдлага, зүтгэлтнүүдийн асар их хүч хөдөлмөр орсон. Харин өнөөдөр 100 хувь монголын мэдэлд шилжлээ. Тэр утгаар нь харвал их л олзуурхаж байна. Нэгэнт монголд ороод ирчихсэн, саяхан ТУЗ нь байгуулагдсан юм чинь ТУЗ нь шийдвэрээ гаргаад стратеги, тактикаа боловсруулаад явна биз. Гүйцэтгэх захирлынхаа ажлыг хянах гэх мэтээр ажлаа хийгээд явах биз дээ.
Мэдээж монголын талд 100 хувь шилжсэн нь таатай мэдээ. Харин тэрхүү шилжих процесс нь ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл болчихсон юм биш биз дээ л гэж хардаад байгаа хэрэг?
Хууль биш юм бол шүүхдэж асуух хэрэгтэй.
Танай намынхан тэгээд яг сонгуулийн санал авахын урд өдөр зарлаад л…?
Манай намынхан ч биш л дээ. Энэ бол цэвэр улстөрийн зорилготой гаргаж ирсэн. Эрдэнэтийг хувьчилчихлаа гэж шуугиан дэгдээсэн. Гэтэл хувьчилсан юм байхгүй. Тэгээд юун дээр нь шуугиан дэгдээгээд байгаа юм. Оросыг зарчихлаа гээд үү, америкийг авсангүй гэж гоморхоод байгаа юм уу. Би тэгж харахгүй байна. Өнөө маргаашийн хоёр нөхрийн хоорондоо маргалдах, тэнд нэг нөхөр улстөрийн оноо хийх эсэх нь ёстой инээдтэй санагдаж байгаа. Би байр сууриа тодорхой илэрхийллээ. 90 оноос хойшх Эрдэнэт юу боллоо. Яаж зовж байж нэг хувийг нь авлаа.
Та Ерөнхий сайдын албыг хашиж байсны хувьд нэг зүйлийг асууя. Эрдэнэт үйлдвэр тухайн сонгуулиар засгийн эрх авсан намын “саалийн үнээ” болдог уу. Тэгээд Эрдэнэтээс “зулгаах юм” нь байхгүй болчих гээд зарим хүн айгаад байгаа юм болов уу гэж хардаад байна?
Ер нь Эрдэнэт 51/49 хувийн харьцаатай байхад төрийн өмчөөс маш их хүн тэжээлгэдэг байсан. Тэр бол нуух юм байхгүй.
Маш их хүн гэдэгт ямар хүмүүс орох вэ?
Төр засагт ойрхон байдаг хүмүүс, эрх мэдэлд ойрхон байдаг, дарга цэргийг нь томилдог хүмүүс бүгд л тэжээлгэдэг байсан. Ямар сайндаа л хэдэн мянган жилийнх нь хэрэгцээг хангах хэмжээний бэлгэвч, принтер зэргийг “шахчихсан” гэж ярьж байгаа биз дээ.
Агуулахыг нь шатааж байсан тохиолдол ч гарсан.
Одоо сэгсэрнэ. Сэгсэрхээр өчнөөн юм гарч ирнэ дээ. Түүнээс нэг хэсэг нь айж, сандарч л байгаа байх. Тэжээгчээ алдсантай адил болж байгаа нь ч бий байх. Шүүх гэж шударга, зарчимтай байдаг бол энэ асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Гэхдээ сүүлийн 27 жилийн дүнд гарч ирсэн нэг сайн чанар энд харагдаад байгаа юм. Энэ бол хэвлэл мэдээллийн байгууллага аливаа асуудалд дуугардаг, шуугиан дэгдээдэг болсон. Шуугиан дэгдээгээд орилж чарлаад байхаар бас тэгээд орхичихож болдоггүй. Тухайн асуудлыг тодруулаад, гэрэл тусгаад өгдөг. Тийм болохоор цаашид ч дур зоргоороо авирлах байдал эрс багасна гэж бодож байна.
“Энэ ч чадах байх шүү” гэдэг итгэл төрүүлэх боломжийг энэ засаг алдчихсан
Та “улсын макро эдийн засгийн нөхцөл байдлыг хоёр хүн толгойгоороо хариуцах ёстой нэг нь Монголбанкны ерөнхийлөгч, нөгөө нь Сангийн сайд” гэж хэлсэн. Өнөөдөр бид тун хэцүү нөхцөл байдалд орчихоод байна. Гэтэл энэ хоёр хүн ердөө суудлаа тавьж өгөх төдийхнөөр хариуцлага үүрэх нь хэр шударга вэ?
Улстөрийн хариуцлага хүлээх нь гарцаагүй. Нэг өдөр, нэг цагийн ч болов өмнө хариуцлага хүлээх ёстой. Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нарын засгийн үед би хариуцлага хүлээнэ шүү гэдгийг нь хэлж байсан. 2013 оны төсвийн талаар ярьж байх үед “та нар хариуцлага хүлээхгүй бол би хариуцлага хүлээе” гэж байсан үе ч бий. Өнөөдөр үүсчихээд байгаа нөхцөл байдалд бид хэд хэдэн зүйлийг анзаарах ёстой. Бизнес эрхэлж байгаа хүмүүс, дотоод гадаадын хөрөнгө оруулагч нар итгэл олох ёстой. Итгэл нь бий болохгүй байгаа юм. Итгэл эхлээд гадна талаас төрнө. “Энэ ч чадах байх шүү, хийчих байх” гэдэг итгэл төрөх тэр боломжийг энэ засаг алдчихсан. Уг нь хүлээлт маш их байлаа. Сонгуулийн дараа 65 суудал авчихаад, хүссэн юмаа хийх байх гэж горьдсон. Тэгээд засгаа бүрдүүлж байгаагаас эхлээд л “за юу болох бол” гэдэг байдал бий болсон. Төсвийн тодотгол хийгээд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна, татвар нэмнэ гээд л ярьсан. Гэтэл Засгийн газар асуудлаа УИХ-д оруулчихаад түүнийгээ хамгаалж чадаагүй. Асуудлаа өөрөө мэдэж, ойлгосон, итгэл үнэмшилтэй орж ирэх ёстой. Эсвэл зүгээр хүн бичээд өгсөн юмыг бариад орж ирсэн бол ажлаасаа огцор. Үнэхээр мэдэх зүйлээ оруулсан бол яагаад түүнийгээ хамгаалж чаддаггүй юм. Энд нэг гишүүн орилоод, тэнд загнаад эхлэхээр л “за больё больё” гээд гараад явчихаар энэ засаг өөрийгөө хамгаалж чаддаггүй, тууштай байж чаддаггүй “сул засгийн газар” гэдэг нь харагдаад эхэлж байгаа юм. Ингээд эхнээсээ дүр төрх нь буруудаад эхэлсэн. Тэгээд дээрээс нь хэр мэргэжлийн түвшинд асуудлаа мэдэж байгаа юм. Зохиомлоор хүлээлт үүсгэх гэж оролдоод өнөө маргаашгүй л бүх юм болчих юм шиг яриад байсан. Саяхан Ц.Мөнх-Оргил сайд цагаан сараас нааш Олон улсын валютын сантай тохироонд хүрч чадахгүй гэж ярьсан байна лээ. Тэгэхээр цагаан сар хүртэл горьдох юмгүй гэсэн үг. Валютын сантай тохироогүй байна гэдэг чинь Японтой, бусад гуравдагч, дөрөвдөгч хөрштэй бүр тохирохгүй байна гэсэн үг. Нөгөө нэг хувилбар нь М.Энхболд дарга урд хөршөөс гэрээ хэлэлцээр хийж мөнгө авч ирнэ гэсэн. Нөгөөдүүл нь юу гэж зүгээр мөнгө өгөх вэ дээ. Би чамд мөнгө өглөө гэхэд юунд зарцуулах вэ, хамтарсан ажлын хэсэг байгуулъя, судалъя гээд л эхэлнэ шүү дээ. Бас л цагаан сар хүртэл яригдах байх. Гэтэл тэр хүртэл яаж амьдрах вэ. Үүний үр дүн нь найман шарга валютын зах дээр гарч байгаа үр дүн шүү дээ.
Энэ чинь миний байгуулсан нам
Та энэ засгийн газрыг яаж ажиллаасай гэж хүсч байна вэ?
Мэдээж байдал хүнд байна гэдгээ хэлнэ. “Надад юм байхгүй, гэхдээ ийм ийм арга хэмжээ авна” гээд ард түмнээсээ итгэлийг нь авч, зоригтой байх хэрэгтэй. Валютын ханшийн хөдөлгөөнийг л өнөөдөр аваад үз дээ. Өчнөөн аж ахуйн нэгжүүд долларын зээл авсан. Анх авч байхад ханш нь 1600-1800 төгрөг байсан бол өнөөдөр 2400. Ханшийн зөрүүнээс болж тэр байгууллагууд бүгд хаалгаа барьж байна. Үүн дээр засаг төр ямар бодлоготой байгаа юм. Нэг талдаа банкуудын хувьд гэнэтийн ашиг байхгүй юу. Зүв зүгээр сууж байгаад ханшийн зөрүүнээс ашиг олчихсон. Гэтэл нөгөө талдаа баялаг үйлдвэрлэгчид чинь дампуураад байна. Тэгэхээр үүн дээр засаг юм хийх хэрэгтэй. Олны итгэл даахуйц, жинтэй, эдийн засгийн хувьд зөв зүйтэй алхам хийх хэрэгтэй байна. Гэхдээ яриад ч нэмэргүй л дээ.
Та “тэр хүртэлх хугацаанд аргацаах ёстой” гэж хэллээ. Танай намын эрх барьж байсан засаг төр аргацаагаад л ар араас нь тэр олон бондын өрийг тавиад байсан юм биш биз дээ?
Үгүй ээ, би яг энэ тохиолдолд л ярьж байна. Гэрээ хэлэлцээ хийх хүртэл нэг юм хийх ёстой. Итгэлийг олж чадах. Ардчилсан намын хувьд тэртэй тэргүй тухайн үедээ авдаг арга хэмжээгээ аваад явсан. Оносон зүйлс ч бий. Оноогүй нь ч бий. Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэг бодлын зөв юм шиг атлаа өнөөгийн үр дагавар тэнд ч бас байгаа. Ипотекийн зээл гэхэд л бас зөв юм шиг боловч зүгээр байсан барилгын салбарыг зогсоогоод, өчнөөн хөрөнгийг тэнд түгжчихлээ гэж шүүмжлэх хүн ч байна. Энэ бүгд маргах асуудал.
Та 2013 онд УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдөл өгч байсан, Н.Алтанхуяг засгийн газрыг огцруулахад дэмжих кнопыг дарж байсан. Би таныг намдаа гомддог болов уу, өөр нам байгуулах тийм бодол төрдөг болов уу гэж асуумаар байна?
Энэ нам чинь миний байгуулсан нам. Олон хүн энэ намын эцэг болох гэж оролдоод байдаг юм. Ардчилсан намууд дотроосоо хамгийн том нам болох МҮАН гэж 2000 онд байсан. Энэ нам Социал демократ болон бусад таван намтай нэгдэн Ардчилсан намыг байгуулсан. Тэгэхээр нэгдэн нам байгуулах шийдвэрийг хамгийн том намын дарга нь гаргана биз дээ. Хамгийн том намын дарга нь би байсан болохоор миний байгуулсан нам. Би бардам хэлээд байна. Тэр үед МАХН тийм сүрхий тогтолцоотой байхад, ардчилсан хүчнийхэн нэгдэн нягтарч, төдий хэмжээнд босч байж өрсөлдөх чадвартай болох шаардлага тулгарсан. Тэгэхээр улстөрийн намуудыг нэгтгэх нь нийгмийн захиалга байсан. Амаржаргал мундагтаа ч нэгтгэсэн юм биш. Би нийгмийн захиалгыг гүйцэтгэсэн хэрэг.
Тэгвэл өөр нам байгуулах хүсэл бодол байхгүй юм байна, тийм үү?
Өөр нам байгуулж болно. Тийм бодолтой хүн зөндөө л байдаг. Гэхдээ дахиад хэлэхэд улстөрийн нам байгуулаад, эрийн цээнд хүргэнэ гэдэг их цаг хугацаа орно. Манай нам байгуулагдаад өдий хүрэхэд л та нар өчнөөн шүүмжилж байгаа биз дээ. 27 жил явж байж өдий зэрэгт хүрч байна. Дахиад нам байгууллаа гэхэд 27 жилийн дараа л энэ хэмжээнд хүрнэ.
Заримдаа танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр
Ардчилсан намыг муухай харагдуулж байгаа зүйл фракцууд мөн үү?
Яах аргагүй л муухай харагдуулж байгаа. Би дотроо фракцууд ардчилсан намыг хагалдаг биш бэхжүүлдэг хүч болоосой гэж хүсч байна. Өөрийн гэсэн давуу тал, үнэлэмж байгаа. Зарим нь сайн зохион байгуулалттай, зарим нь харахад назгай мөртлөө шинэлэг санаа гаргаж чаддаг. Нэг хэсэг нь дайчин зохион байгуулагч, уриалан дуудагч байдаг гэх мэт фракц бүр давуу талтай.
ҮЗХ-оос таны хүсч байгаа зүйл ойлгомжтой болсон. Хоёр ажлын хэсэг гарах хэрэгтэй гэсэн. Харин Их хурал нь нэлээд айхтар болох шинжтэй?
Битгий л айхтар болоосой гэж бодож байна. Болдгоороо болох л байх даа. Гэхдээ миний ойлгож байгаагаар намын дүрмээ л баталж авна. Өөрөөр хэлбэл, бид цаашдаа өөрсдийгөө авч явах, өрөөл бусдад үлгэр болох дүрмээ л батална. Түүний дараа бол нам шинэ дүрэмтэй болчихно, түүнийхээ дагуу л ажил төрлөө зохицуулаад явчих хэрэгтэй байх.
Өнөөдрийн байдлаар АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа хүмүүс танд хэр дэмжүүштэй санагдаж байна?
Хэн хэн байгаа билээ?
П.Цагаан, Н.Алтанхуяг гээд л.
Чи сайн санахгүй байна ш дээ. Тэгэхээр олонд хүрсэн хүн алга байгаа биз. Угаасаа намын лидер болох хүний нэр бол өөрөө “аманд” ороод ирдэг юм.
Таны “аманд” хэн байна?
Өөрөө санахгүй байгаа болохоор нийгэм тэр хэмжээнд л байна гэсэн үг. Би байр сууриа илэрхийлээд, хэн нэгнийх нь талд ормооргүй байна. Хэн илүү шударга байж чадах, хэн илүү чанартай зарчимч байж чадах тэр хүн л намын дарга болно. Монголын улстөрд шударга зарчимч тийм л улстөрийн хүчин, улстөрч цаашаа явна. Одоо 25 жилийн дараа хэр баргийн юманд хууртагдаад байх нь өнгөрсөн.
Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
Үгүй, үгүй. Надад тийм бодол огт алга.
Монголын лидер болсон хүмүүс ингээд хойш суугаад байхаар энэ улс яаж хөгжих юм бол гэж боддог шүү?
Яагаад хойшоо суудаг гэж. Би юмнаас татгалзаж байгаа юм биш. Намайг намын дарга болох уу, үгүй юу гээд олон хүн хандсан. Дахиад түрүүний л асуугаад байсан юм чинь шүү дээ. Чи өөрөө “энэ нэг хөгшин юм яагаад залуу хүмүүсийг ажил хийлгэхгүй байна” гээд намайг хоёр цаг загналаа шүү дээ. Тэгээд одоо болохоор “яагаад хойшоо суугаад байна” гээд загнаад байгаа, яг энэ чинь л байхгүй юу. Орон зайг нь гаргаад өгье, үнэхээр чаддаг мэддэг хүмүүс байвал аваад яваг, хийг гэж бодож байна. Хэрвээ тийм бололцоо байхгүй бол тулалдаанд шонхрууд орно ш дээ. Бид дуудах юм бол орно. Бусдаар ажлаа хийлгэдэг хүмүүс биш. Жагсвал өөрсдөө жагсчихна, хэлэх үгээ өөрсдөө очоод хэлчихнэ. Би бол яг тийм л хүн. Элдэв янзын фракц гэхгүй, миний өмнөөс хэн нэгэн хүн хохирох ёсгүй л гэж боддог. Надаас хувийн ашиг хонжоо олох гэж байгаа хүн бол холхон бай гэсэн байр суурьтай. Өнөөдөр АН-д арай гүнзгий, холыг хараад явж байгаа хүмүүс байвал би дэмжихэд бэлэн. Хэн байхыг нь мэдэхгүй байна. Заримдаа ч бас танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр байдаг тал ч бий.
Урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирж ярилцлага өгсөн танд баярлалаа.
Эх сурвалж: www.gogo.mn
2016.11.16