Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

1998 оны 6-р сарын 29-нд буюу одоогоос 19 жилийн өмнө ийм зүйл яригдаж байжээ. Хүндхэн он жилүүд байжээ. Гэхдээ одоо ч гэсэн зарим санаа нь ач холбогдолоо алдаагүй л байна.

“ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Р.АМАРЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮГ

Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүд тодорхой. Эдгээрийг ГХЯ, түүний системийн байгууллагуудад ажиллаж буй бид бүгдийн ажлын зорилго, удирдамж, үүрэг гэж ойлгож байна. Иймээс Монголын нэр хүнд, Монголд итгэх итгэл, Монголыг сонирхох сонирхол, гадаад бодлогын зорилтын хэрэгжилт нь бидний үйл ажиллагаа, хариуцлага, идэвх зүтгэл, санаачилга, чадавхи, мэдлэгээс шууд хамаарна.

Манай гадаад харилцаа идэвхтэй өрнөж, гадаад бодлогын шинэтгэл гүнзгийрч, яамны үйл ажиллагаа зохих түвшинд явж ирсэн. Үүнд яамны төв аппарат, дипломат болон консулын төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа нийт ажилтны идэвх зүтгэл шингэсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч бид шилжилт, дэвшил, эрчимтэй өөрчлөлтийн эрин үед амьдарч байгаа билээ. 21-р зуунд шилжин орох мөч хаяанд тулан ирээд байна. Улс орон бүр шинэ орчин, шинэ нөхцөлд зохицохыг эрмэлзэж байна.

            Саяхан болтол Монголын үндэсний аюулгүй байдал, гадаад, дотоод бодлого, төр засгийн бүтэц, зохион байгуулалтыг хоёр системийн өрсөлдөөн, хоёр туйлт ертөнц тодорхойлж байсан. Өнөөдөр дэлхий ертөнц маань өөрчлөгдөн цоо шинэ өнгө аястай болжээ. Өнөөдөр цоо шинэ орчин, шинэ дуудлагууд биднийг хүлээж байна, тухайлбал:

  • Монголын эдийн засгийн хувьд оршин тогтнох, түүнийг хөл дээр нь зогсоох, цаашид эрчимтэй өсөн хөгжих хөрс суурийг тавих, олон түмнийхээ аж байдлыг сайжруулах зорилтыг шийдэх хэрэгтэй байна, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь өнөөгийн хэдэн жилд эдийн засгийн салбарт байна,
  • Зах зээлийн харилцааг төлөвшүүлэх, улс төрийн ардчилсан тогтолцоог хөгжүүлэх нь өнөөгийн нөхцөлд Монголын үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байгаа юм.
  • Тив дэлхийг хамарсан глобал болон бүс нутгийн асуудлуудыг олон талын хүчин чармайлтаар л шийдэх бололцоотой бөгөөд түүнд идэвхтэй оролцох нь өнөөдөр Монголын аюулгүй байдлын баталгаа болж байна.

Энэ нөхцөлд гадаад харилцаа ямар утга агуулгатай байх, ямар бүтэц зохион байгуулалт бидний зорилтыг хангах, боловсон хүчинд ямар шаардлага тавигдах, байгаа материалаа /хүмүүс/ хэрхэн боловсруулах талаар тодорхой бодлого үнэхээр хэрэгтэй байна.

Энэ утгаар ч гадаад бодлогын нэгдсэн шинж чанарыг хангах ёстой. Өөрөөр хэлбэл гадаад бодлогыг хэрэгжүүлдэг институтийн бүтэц шинэ нөхцөл байдлыг илэрхийлэн цаг үеийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг эргэн харах хэрэгтэй байна. Өнөөгийн шаардлагыг хангаж  чадахгүй зүйл маргаашийн ирээдүйн хэрэгцээг хангаж чадахгүй. Гадаад бодлогын нэгдсэн шинж чанарыг хангахгүй бол өөр хоорондоо уялдаагүй, зарим тохиолдолд зөрчилдсөн дохиог дотоод гадаадад түгээх бөгөөд ямар үр дагаварт хүргэхийг хэлэхэд хэцүү билээ.

Гадаад бодлогын нэгдсэн шинж чанар гэдэгт-нийгэм, улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэргийн уялдаа, өөрөөр хэлбэл дотоод, гадаад бодлогын уялдаа холбоог ойлгож байна. Манай гадаад бодлого дотоод бодлогоос урган тэр нь өөрөө гадаад бодлогоор нөхцөлдсөн зоосны хоёр тал гэж ойлгож байна. Гадаад, дотоод бодлогын нэгдэл уялдаа харилцан шүтэлцээг илэрхийлсэн үндэсний бодлого бидэнд хэрэгтэй байгаа юм. Энэ утгаар ГХЯ-ны албан тушаалтнуудад тавих миний нэгдүгээр шаардлага Монголын үндэсний бодлогын хэмжээнд харж ажиллах явдал билээ. Үндэсний бодлогыг томьёолж хэрэгжүүлэх, хөрөнгийн зохистой хуваарилалтад ГХЯ хувь нэмрээ оруулах ёстой, тийм чадавхитай байх ёстой.

            Ингэх нь биднээс өөрчлөгдөн шинэчлэгдэхийг шаардаж байгаа юм. Гадаад бодлогын уламжлалт чанар гэдгийг дутуу ойлгон, байнга өөрчлөгдөн  шинэчлэгдэж буй орчин ертөнцид байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байж л оршин тогтноно гэдгийг ухамсарлахгүй бол бид түүхийн гадна үлдэнэ.

            Өнөөдөр дэлхий даяар өрнөж байгаа үйл явц нь шинэ зууны өнгө, нүүр царайг тодорхойлж байгаа билээ. Гадаад бодлого нь цэрэг, эдийн засгийн эрх ашгаар нөхцөлдөж байсан бол одоо мэдээлэл, шинэ технологи, байгал орчин, цаг уур зэрэг цоо шинэ хүчин зүйлсээр баяжин тодорхойлогдож байна. Энэ чиглэлийг анхааралтай судлах, шинэ хандлагуудыг цаг тухайд нь олж харан Монголын үндэсний эрх ашигт нийцүүлэн ашиглах талаар шуурхай ажиллах хэрэгтэй байна. Стратегийн болон төслийн судалгааг өргөжүүлэх, гадаад бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг нэмэгдүүлэх зорилгоор Сургалт, судалгааны төв байгуулах шаардлагатай байна.

            Гадаад харилцаа өргөжин төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамарч байгаа өнөө үед ерөнхий зохицуулалт онцгой ач холбогдолтой болж байна. ГХЯ бүхнийг өөртөө төвлөрүүлнэ гэвэл үлгэр. Энэ тохиолдолд ерөнхий зохицуулалт гэж чухам юуг ойлгох, яаж хэрэгжүүлэх талаар бодох хэрэгтэй байна. Засгийн газрын хүрээнд ч нэгдсэн тогтолцоо алга, Засгийн газар 1996 онд 321 дүгээр тогтоол гаргасан ч хэрэгжилт нь хангалтгүй байна. Бүхнийг төвлөрүүлэх санаа явахгүй, иймээс зохицуулалт, мэдээллийн баазтай болох нь чухал юм. Нөгөө талаас байгаа мэдээллийг боловсруулах, гар доороо байлгах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

            Энд бас нэг зүйлийг хөндөхгүй байж чадахгүй байна. Идэвхтэй гадаад бодлого явуулсан гэж үндсэн баримт бичгүүдэд томьёолсон байдаг. Чухам юуг идэвхтэй гээд байгаа юм бэ? Энэ техникийн чанартай зүйл гэж би нэг баримт бичигт үзсэн, гэхдээ хэтэрхий явцуу ойлгож байгаа мэт надад санагдсан. Том дарга нар гадаадад олон айлчлахыг идэвхтэй гэж ойлгохгүй байх гэж бодож байна. Дайчин давшингуй, бусдад байр сууриа тодорхой хэмжээгээр хүлээлгэсэн ажиллагаа үгүйлэгдэж байна. Тухайлбал олон улсын харилцааны түгээмэл зарчим, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хохироож байгаа үйлдлийг шүүмжилж эсрэг байр сууриа илэрхийлэх чадвар хэрэгтэй байна. Өөр жишээ гэвэл гадаад арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахдаа туйлын механик ханддаг бололтой, өнгөрсөн жил айлчлал хийсэн тул энэ жил өөр оронд айлчилна гэх мэтээр. Гэтэл тухайн жилийн дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл явц яаж ч эргэж болзошгүй, тэр нь манай төлөвлөсөн зорилттой тэр болгон нийцэхгүй байх жишээтэй. Энэ бүгдийг эргэж харах хэрэгтэй, ГХЯ бодлогын төлөвлөлт хариуцдагийн хувьд дуу хоолойгоо сонсгох хэрэгтэй гэж үзэж байна.

Тэргүүлэх чиглэлийн улс орнуудтай харилцах талаар

ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Энэ талаар өнгөрсөн хугацаанд ахиц гарч байгаа ч асуудал олон байна. Өмнөх үеэс өвлөж үлдсэн олон асуудал шийдэгдэхгүй сунжирсаар байна. Энэ улстай хамтын ажиллагааны механизм тогтсон. Харин хамтран гаргаж байгаа шийдвэр тохиролцоо тэр бүр хэрэгжихгүй байна, тухайлбал өндөр, дээд хэмжээний уулзалт, айлчлалын асуудлыг ам дамжуулан ярихаас цаашгүй байна.

Монгол, Хятадын харилцаа шинэ шатанд гарах цаг болсон. Өөрөөр хэлбэл хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, итгэлцлийг төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлсэн. Одоо хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа эдийн засгийн салбарт өргөжүүлэх талаар ажиллах хэрэгтэй байна.

Энэ онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үндсийг тодорхойлсон тулгуур баримт бичгийг тэргүүлэх чиглэлийн орнууд- АНУ, Японтой байгуулсанд бид чухал ач холбогдол өгч байгаа. Цаашид ч Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн орнуудтай харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар чармайн ажиллах нь зүйтэй.

Энэ онд ОХУ, Хятад, АНУ, ХБНГУ, Британи зэрэг орны ЭСЯ-тай зөвлөлдөх уулзалт зохиож хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд бүс нутаг, олон улсын харилцааны хөгжлийн хандлагын асуудлаар санал солилцсон нь шинэлэг үр ашигтай, чухал арга хэмжээ боллоо. Үүнийг цааш нь хэвшүүлэх нь зүйтэй. Ер нь стратегийн түнш орнуудтай улс төрийн яриа хэлэлцээ, зөвлөлгөөн хийх, мэдээлэл солилцох байнгын механизмтай болох нь чухал байна. Эл зорилгоор олон улсын болон бүс нутгийн байгууллагуудыг өргөн идэвхитэй ашиглах хэрэгтэй байна.

Европын  холбооны орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх салбарт сүүлийн жилүүдэд гарсан ололтыг бататгах нь бидний гол зорилтын нэг байх ёстой. Улс төрийн харилцааны хүрсэн түвшинг бэхжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрнгө оруулалтыг татах талаар онцгой анхаарч ажиллах шаардлага манай ЭСЯ-дын өмнө тавигдаж байна.

Ойрхи Дорнод манай гадаад бодлогын үйл ажиллагааны шинэ чиглэл. Монголын Ерөнхийлөгчийн энэ онд Кувейтед хийсэн айлчлал эл бүс нутагт үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг өргөтгөх замд чухал алхам боллоо. Айлчлалын үеэр тохирсон зүйлсийг хэрэгжүүлэх, тус бүс нутгийн нөлөө бүхий орнуудтай тогтоосон харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэх чиглэлийг барих нь зүйтэй.

Түүнчлэн Австрали, Шинэ Зеландын чиглэл, Итали, Вена, Латин Америк зэрэг газарт төлөөлөгчийн газар байгуулах, заримыг нь хаах асуудлыг судлаж зохих чиглэлээр ажиллаж эхлэх хэрэгтэй байна.

Хуучин нөхрөө мартахгүй байх талаар Ерөнхийлөгч та бидэнд анхааруулсан. Энэ чиглэлээр идэвхтэй ажиллах бололцоо бий. Тухайлбал хуучин социалист орнуудтай байгуулсан хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх талаах холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй байна.

НҮБ болон олон улсын бусад байгууллагатай харилцах талаар

            Манай гадаад бодлогод НҮБ болон түүний системтийн байгууллагуудтай харилцах явдал чухал байр суурь эзэлж ирсэн билээ, өнөөдөр ч хэвээр байгаа. Энэ чиглэлд явуулж буй манай үйл ажиллагаа НҮБ-ыг өөрчлөн шинэчлэх  үйл явцтай уялдах ёстой.

НҮБ болон олон улсын бусад байгууллагатай ажиллахдаа юуны түрүүнд улс орны өмнө тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд нөөц боломжийг нь ашиглаж, тэдгээрийн шугамаар авч буй зээл тусламжийн хэмжээг нэмэгдүүлэн шинэ эх үүсвэр эрэлхийлж прагматик байдлаар ажилламаар байна. Нөгөөтэйгүүр олон улсын байгууллагуулын өмнө хүлээсэн үүргээ ширхэгчлэн биелүүлэх нь бидний хувьд онц чухал билээ. Түүнчлэн ДХБ, ДОӨБ, Хүний эрхийн дээд комиссарын газар, ДЭМБ зэрэг байгууллагад монгол иргэдийг ажиллуулах талаар тодорхой ажил зохиох хэрэгтэй.

Далайд гарцгүй газар зүйн таагүй нөхцлийг хөнгөвчлөх үүднээс НҮБ-ын хүрээнд тавьж буй  хүчин чармайлтын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг туслалцаа авах, транзит тээврийн асуудлаар хөрш орнуудыг оролцуулан Зүүн хойд Азийн бүсийн хэлэлцээр байгуулах чиглэлд тавигдсан эхлэлийг бататгаж тодорхой үр дүнд хүргэх нь манай улсын хувьд чухал юм. Энэ талаар БТГ-аас гадна хөрш орнуудад суугаа ЭСЯ идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр Монгол өөрийн гэсэн далайн боомттой болох асуудлыг тавьж ажиллах цаг болсон гэж би үзэж байна.

НҮБ-ын чиглэлд явуулж буй манай үйл ажиллагааны нэг томоохон зорилт бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 2009-2010 оны суудалд сонгогдох явдал мөн, үүний ач холбогдлыг тайлбарлах хэрэггүй биз. Сонгуульд амжиллтай оролцохын тулд бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй бөгөөд энэ ажилд манай нийт ДТГ ямар нэгэн хэмжээгээр татагдан оролцох болно. Наад зах нь, Аюулгүйн зөвлөлд сонгогдохтой холбоотой ажлыг бусад орон, ялангуяа манайх шиг жижиг улсууд хэрхэн зохион явуулсан туршлагыг судалж мэдээлж байх хэрэгтэй.

Эдийн засгийн гадаад харилцааны талаар

Монголын эдийн засгийн гадаад харилцааны үндсэн зорилго нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндсэн дээр тус улсын эдийн засгийн цаг үеийн болон хэтийн зорилтыг зохистой шийдвэрлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаад хүчин зүйлийг оновчтой ашиглах, улмаар улс орны эдийн засгийг бүс нутаг, дэлхийн эдийн засгийн интеграцид ойртон нягтруулахад оршиж байна.

Гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөгжлийн албан ёсны тусламжийн нэгдсэн бодлого хэрэгтэй бөгөөд эдийн засгийн гадаад харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгон дотоод зохицуулалттай уялдуулах үүднээс Засгийн газар, УИХ-д санал тавьсны дагуу нэлээд арга хэмжээ авсан буюу авах гэж байгаа.

Хуулиар гадаад худалдааны асуудал энэ яаманд харъяалагдаж байгаа, энэ нь ч зүйтэй. Гэхдээ Монголын гадаад худалдааны бодлого гэж юу байна? Мал амьдаар гаргах, мод экспортлохыг хорих, эсвэл зөвшөөрөх талаар энэ тэнд зөндөө ярих юм. Эдгээр асуудал нь ямар бодлогоор уялдан зохицуулагдаж байгаа юм бэ? Гадаад худалдааны бодлого бүс нутгийн болон дэлхийн хэмжээний эдийн засаг, худалдааны байгууллагуудаар дэмжин хэрэгжих юм уу? Гааль, тарифын бодлогоор дамжин хэрэгжих юм уу? Эсвэл тарифын бус аргад тулгуурлах юм уу? Маш олон асуулт нээлттэй байна. Товч хэлбэл, гадаад худалдааны бодлогыг тодорхойлж томъёолох хэрэгтэй байна. Энэ ажлыг бид хийнэ.

Гадаад харилцааг эдийн засагжуулах талаар тодорхой санал хэлэхэд:

  • ГХЯ болон ДКТГ-уудад тодорхой хугацаагаар бизнесийн төлөөлөгч томилж ажиллуулах, зах зээл судлах, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж борлуулах зэрэгт нь туслах чиглэлээр ажил зохион байгуулах хэрэгтэй юм. Бусад оронд ийм практик өргөн байдаг.
  • Гадаадад Монголыг төлөөлж буй ДКТГ-ууд нь мини засгийн газар гэж ойлгоддог бол бололцоот хэрэгслээ ашиглан Монгол бизнесмэндүүддээ тусалж дэмжих үүрэгтэй. Яваад очиход нь бэлэн мэдээллээр хангаж чадахгүй бол ядаж хамтарч мэдээлэл хайж, судлаж, нэгтгэн дүгнэж ажиллах хэрэгтэй. Ер нь нэг зүйлийг анхааруулахад хүний газар Монголчуудаасаа залхсан ДКТГ байна гэдэг шившиг. Тэнд ажиллаж буй түвшмэд ажиллаж мэдэхгүй, ажлаа зохион байгуулж чадахгүй байна гэсэн хэрэг.
  • Гадаад томилогдсон дипломатуудыг явахаас нь өмнө хамруулдаг сургалтын хөтөлбөрт тодорхой өөрчлөлт оруулан зохион байгуулахыг Тамгын хэлтэст үүрэг болгож байна. Томилогдсон дипломатууд Монголоо, түүний хэрэгцээ шаардлагыг сайн мэддэг байх ёстой. Үүний тулд үндсэн баримт бичгээс гадна хөдөө орон нутаг, яам ягентлагуудар явж ажилтай нь танилцах хэрэгтэй байна. Амьдралаас тасархай дипломат ажиллагаа гэж байхгүй. Өөрсдийгөө мэдэж байж гадныхантай зөв ярьж, оновчтой санал гаргана.
  • Хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж байгаа нэг хүчин зүйл бол технологи, мэдээлэл билээ. Технологи, мэдээлэлийн сан бүрдүүлэн баяжуулах асуудал хамгийн гол асуудлын нэг. Иймээс хичнээн технологи авчирсан, түүнээс хэд нь хэрэгжсэн гэдгээр ДКТГ-ын ажилтнуудыг дүгнэх болно гэдгийг энд анхааруулъя.

 

Ер нь ДКТГ-ын ажлын үр дүнг чухам юугаар хэмжих талаар ч шинээр хандах болно гэдгээ шууд хэлье. Монголд оруулж байгаа бодит хөрөнгө оруулалт, хоёр орны худалдааны баланс, Монгол иргэдийг сургалтанд хамруулсан байдал, олон улсын болон бусад байгууллагад ажиллаж байгаа манай иргэдийн тоо зэрэг зүүлэлтийг уламжлалт шалгуурууд дээр нэмэн хэрэглэх болно.

Гадаад сурталчилгааны талаар

      Гадаад харилцааны нэг гол чиглэл нь Монголоо сурталчилж дэлхийд таниулах явдал билээ. Монголоо сурталчлахад бүх л бололцоог ашиглах хэрэгтэй. Энэ хэрэгт ардын дипломат ямар их хэрэгтэй үр өгөөжтэйг цаг хугацаа, бэлэн практик харуулж байна. Тухайлбал, сумо бөхчид, урлагийнхан ажилд их тус дэм болж байгааг анхаарах хэрэгтэй. Иймээс эл чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын талаар иж бүрэн судалгаатай байж хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь тус дөхөм үзүүлэх чиглэлээр тодорхой ажиллах хэрэгтэй байна. Юуг яаж сурталчилах, орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны хэрэгслийг хэрхэн ашиглах талаар арга зүйн зөвөлгөө өгөх талаар яамны аппарат анхаарах хэрэгтэй.

      Нөгөөтэйгүүр дотоод сурталчилгаа туйлын хангалтгүй байна. Монголын иргэд яагаад гадаад харилцааг санхүүжүүлж байгаа, тэр мөнгө нь хэрхэн юунд яаж зарцуулагдаж байгаа, ямар дүнд хүрч байгааг мэдэх эрхтэй. Гадаад харилцааны үйл ажиллагааны талаар бодитой мэдээлэл өгч байж л бидний ажлыг татвар төлөгчид маань дэмжинэ.

      Товч хэлэхэд хамгийн бололцоотой энэ яаманд “public relations” гэдэг зүй алга. Энэ талаар ёстой хувьсгал гаргах хэрэгтэй. Үүнийг Очиржав онцгой анхаарч 2 долоо хоногийн дараа тодорхой хөтөлбөр танилцуул.

 ГХЯ, ДКТГ – уудын дотоод амьдрал, ахуйн талаар

      Аливаа байгууллагад уян хатан чанар, бүрэлдэхүүний хамтын ажиллагаа, нэг нэгийгээ нөхөх чадавхи нэн чухал. Хэн нь дипломат ёсоо сайн мэдэж байна, тэр нь бусдыгаа сургах, эдийн засгаа мэддэг нь нөгөөдөө заах, дагалдан сурах г.м  хамтын ажиллагаа ДКТГ-уудад дутагдаж байна. Та нар татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байгаа учраас ДКТГ-ыг хувийн монополь болгох эрхгүй шүү. Эдгээр ажлыг зохион байгуулж чадахгүй бол ДКТГ-ын тэргүүн үүргээ биелүүлж чадахгүй байгаа хэрэг.

            Олон улсын худалдаа, менежмент, эдийн засгийн суурь ухаан, олон улсын харилцаа, ёслол зэрэг асуудлаар иж бүрэн сургалт явуулах ёстой. ГХЯ сургалтын газар биш, гэхдээ нэгэнт тавигдаж байгаа шинэ шаардлага, шинэ мэдээлэл, шинэ мэдлэг шаардаж байгаа учраас эл ажлыг өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан үр өгөөжтэй зохион байгуулах хэрэгтэй байна. Дипломат албаныхан хаа яваа газраа сурч боловсорч байх ёстой. Бусад оронд нийтийн болон их дээд сургуулийн номын сан чөлөөт байдаг, үнэ төлбөргүй лекц сургалт бишгүй байдаг. Өөрөө суугаад ойлгохгүй бол ядаж сургалтын хөтөлбөр, гарын авлага зэргийг Монголын их дээд сургуулийн багш нарт илгээж байх хэрэгтэй. Эл системд хамрагдаж байгаа ажилтнууд ажлын англи хэл эзэмших үүрэгтэй бөгөөд дэлхийн зах зээлийн хандлага, үндэсний статистикийн тоо мэдээ зэрэгт анализ хийх чадвартай болох нь чухал болохыг тэмдэглэж байна.

            Яаманд ч дотоод сургалт, давтан сургалтыг тасралтгүй явуулах хэрэгтэй. Ажлын байрны зохион байгуулалт, санамж зэрэг бичгэн харилцаа, компьютер эзэмших зэрэг хамгийн энгийнээс эхлэн Монголд ажил төрлөөр ирж байгаа гадаадын албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулах , мэдээлэл хийлгэх, лекц уншуулах зэрэг асар их бололцоог ашиглаж сурья. Энэ ажлыг тогтмолжуулах хэрэгтэй байна.

            Яамны хүрээнд дотоод зохион байгуулалтын ажил хангалтгүй байна. Гол зорилго нь хүн бүр юу хийх ёстойгоо маш тодорхой ойлгож байх ёстой. Энэ утгаараа газар, хэлтсүүд тогтмол “шуурхай” (летучка) хийж сурах хэрэгтэй. Энэ яаманд гаргаж байгаа бүх шийдвэр, явуулж буй хурал зөвлөгөөн, шуурхай, уулзалт зэрэг нь стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө байх ёстой.

            ”Сайд бол бодлогын байх ёстой, энэ хүн юу яриад байна” гэж сонирхож болох юм. Би ганцхан зүйл хэлж байна, хэрэгжүүлж,зохион байгуулж чадахгүй бол хэчнээн сайн сайхан зөв бодлого байгаад ямар ч хэрэггүй шүү.

            Баримт бичиг боловсруулах ажил манай албанд магадгүй бусдаас чухал билээ. Нэг үг, таслалын ач холбогдлыг бид бусдаас илүү мэднэ. Иймээс баримт бичиг боловсруулах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр газар, хэлтэс бүр тодорхой ажил зохиох хэрэгтэй байгаа. Энэ ажлыг хийхгүй байгаа хүн зэвэрдэг гэдгийг ахмад дипломатууд надад сануулж байсан юм. Тэдний тусалцгааг энэ чиглэлээр авах талаар ч ажиллах хэрэгтэй.

            Нэгэнт ахмадуудыг дурдсан болохоор хэдэн зүйл хэлье. Алтыг нь аваад авдрыг нь хаядаг явдал ГХЯ-нд байж болохгүй. Миний ойлгосноор ахмадын байгууллага, ГХЯ-ны харилцаа гэвэл жилд 2 удаа цугларч цайлах, хэдэн төгрөгөөр гар цайлгахаар хязгаарлагддаг бололтой. Дипломат ажлын арга барилд суралцах, өмнөх үеэс хуримтлагдсан үнэтэй сургамж туршлагыг хойт үедээ өвлүүлэх үүднээс ахмад болон залуу дипломатчдын уулзалт ярилцлагыг тодорхой хөтөлбөр, сэдвээр зохиох, зарим нэгэн асуудал боловсруулах болон яриа хэлэлцээнд тусгайлан оролцуулах, санал зөвлөгөөг нь сонсох, гадаад харилцааны түүхийн судалгаанд хамруулах, ажил шалгах, ёслолын журмаар лекц семинар хийлгэх зэрэг олон чиглэлээр ашиглах бололцоотой юм. Ахмадууд маань ч үүнийг хүсэж байгааг анхаарах хэрэгтэй.

            Улсын төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах нь хамгийн гол. Би энд төсөв хэмнэх тухай огт яриагүй байна. Төсвөө бүрэн гүйцэт санхүүгийн жилдээ багтаан зарцуулах хэрэгтэй. Гэхдээ гадаад харилцаанд зарцуулж байгаа төгрөг бүр бидний тодорхойлсон зорилтыг хэрэгжүүлэхэд, бидний стратегийг баталгаажуулахад зарцуулагдаж байх ёстой. Үүнийг би төсвийн үр ашигт зарцуулалт гэж хэлж байгаа юм. нэгдсэн бодлогын газар төсвийн төлөвлөлт хуваарилалтад оролцох ёстой гэж үзэж байна.

            ДКТГ-т ажил цалгардуулах, архидан согтуурч элдэв хэрэг төвөг тарих нь элбэгшиж байгааг анхааралгүй өнгөрч болохгүй. Ажилгүй хүмүүс л ийм завтай байгаа. Нөгөө талаас томилолт хүлээж байгаа хүнийг шилж сонгох асуудлыг зохион байгуулж чадаагүйн илрэл биз. Ямар ч байсан иймэрхүү зөрчил дутагдал гаргаж байгаа этгээдийг өчиггүй татаж, яаманд ажиллуулахгүй байхыг анхааруулж байна. Нээгдэж байгаа орон тоог албан ёсоор ил тод зарлаж сонгон шалгаруулалт, ротаци хийх замаар томилдог системд шилжих хэрэгтэй байна. Дипломатын албыг сонгосон хүн мэргэжлийн карьер хийх бололцоог бүрдүүлэх, шинэ санаа болон шинэ хүнд нээлттэй байх зарчмыг хослуулах хэрэгтэй. Дипломатуудад тавих ёстой ёс суртахууны шаардлагыг сулруулж яасан ч болохгүй гэдгийг дахин хатуу анхааруулъя. Эдгээртэй уялдаад хөдөлмөрийн гэрээнд онцгой анхаарч тавигдах шаардлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна. Ажилтнуудын мэдлэг, чадавхи, авьяас, идэвхи зүтгэлийг үнэлэх үнэлгээний шинэ тогтолцоо хэрэгтэй байна.

Энэ асуудалтай уялдуулан дараах зарим тодорхой санал байна:

  • Яамны төв аппаратын ажил үүргийн хуваарийг шинэчлэн, ачааллыг нягтруулах, ажилтнуудыг аттестатчилах замаар одоогийн цалингийн сандаа багтаан нэг ажилтны сарын цалинг 3-4 дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Саяхан гарсан Засгийн газрын тогтоол нь энэ арга хэмжээний эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм.
  • Төвд болон ДКТГ-т ажиллах байгаа ажилтнууд давхар орлогын ажил хайн хийж, түүндээ ихээхэн цаг анхаарлаа хандуулж байгаа нь нууц биш билээ. Нөгөө талаас тэд мэргэшсэн ажлаасаа бүрмөсөн халагдахаас эмээдэг. Иймээс ажилтнуудад 2-3 жилийн “бизнесийн чөлөө” өгч ажлаас нь чөлөөлөх санал тавих, эхлээд амьжиргаа сайжруулаад дараа нь зохих шалгалт өгсний үндсэн дээр эргэж ажилдаа орох бололцоо олгох нь зүйтэй. Ямар ч байсан шаардлагатай цалин хангамжгүйгээр ажил хариуцуулан шаардах нь амьдралд нийцэхгүй байгаагаас гадна элдэв сөрөг үр дагаварт хүргэж байгаа юм.

Эцэст нь нэг зүйлийг сануулья. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хариуцаж байгаа нь Монголын төрийн тогтолцоонд улс төрийн албан тушаалтан, төрийн хар хүмүүсийг ялган салгасан, ямар ч нөхцөлд төрийн машин тасралтгүй ажиллаж байх зарчмыг хэрэгжүүлж баяжуулахад нэг алхам болсон гэж үзэж байна. Эл тохиолдолд төрийн нарийн бичгийн дарга, тамгын хэлтсийн үүрэг роль эрс нэмэгдэж байгааг бүгд анхаарах ёстой. ГХЯ-ны дотоод ажил үлгэр жишээ зохион байгуулагдан тасралтгүй үр бүтээлтэй явагдахыг төрийн нарийн бичгийн дарга миний өмнө биечлэн хариуцна. Бусад газар, хэлтсийн дарга нар төрийн нарийн бичгийн даргын  өмнө хариуцсан ажлынхаа үр дүнг биечлэн хэнтэй ч хуваалцахгүй хариуцах, өөрөөр хэлбэл нэгэн удирдлагын зарчим үг дуугүй хэрэгжих ёстой. Би газар, хэлтсийн дарга, ДКТГ-ын тэргүүн нартай л ярина. Тэд ажилтнууддаа тодорхой үүрэг тавьж биелэлтийг хангуулах хяналтын системтэй байх ёстой.

Бид чухам ямар салбарт зайлшгүй манлайлагч байх ёстой вэ, тэр салбартаа манлайлагч байя. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, стратегийн удирдлага, байгууллагын менежмент зэрэг асуудлаар бид манлайлах чадвартай байх ёстой гэж үзэж байна. ГХЯ өөрийн гэсэн өнгө царайтай, төрийн байгууллагууд дотор ажлын зохион байгуулалт, сахилга, соёл зэрэг бүх зүйлээр үлгэр жишээ байх ёстой, тийм бололцоотой гэж би үздэг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *