Beautiful Plants For Your Interior
Чиг хандлага, хүлээгдэж буй өөрчлөлт
Монгол орон улс төр, эдийн засгийн бүхий л талаараа шинэ бодит байдалтай тулгарч байна.
Арваад жилийн өмнөөс дэлхий дахинд эргэлтийн шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь өнөөдөр аль ч тивийн том жижиггүйулс орнуудад шууд мэдрэгдэх боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд тогтсон геополитикийн тэнцвэрийг1989-1990 оны социалист систем, ЗХУ-ын задрал “сүйрэл” эвдсэн. Энэхүү задралыг өдөөсөн “өөрчлөн байгууллалтын” он цагаас тоолбол даруй 30 гаруй жил өнгөрчээ. Энэ эрин үеийг “глобалчлал” буюу ганц туйлт ертөнцийн үе гэж нийтлэгээр нэрлэж заншсан.
Эдүгээ глобалчлалын хямрал ил тод харагдаж байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, түүнээс хойш сэхээгүй дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал уг хямралын шинж тэмдэг болсоор байна. Глобалчлалын үед хэт давамгайлах болсон санхүүгийн капиталын даврал “хөөсрөл” хэт ашгийг бий болгож, баян хоосны ялгааг гааруулахаас гадна үзэл суртал, намын ялгаагүй “олигархи элит ангийг” төрүүлсэн. Бодит эдийн засгийг хэд дахин нугалсан, баялгаар баталгаажаагүй “санхүүгийн бүтээгдэхүүнийг” асар ихээр “үйлдвэрлэсэн” нь нэгэн үедээ инновац мэт байсан ч яваандаа зах зээл, ардчилалд үзүүлэх сөрөг үр дагавар нь түлхүү мэдэгдэх болсон.
Аж үйлдвэрийн капиталыг шахан зайлуулснаар ажилгүйдэл, бүтээмжийн хямрал дэлхийн хамгийн баян орны сонгогчдод ч мэдрэгдэж АНУ-д “системийн биш” ерөнхийлөгч гарч ирлээ. Ерөнхийлөгч Трамп албан тушаалаа хүлээн авах ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ ардчилал хэмээх үгийг ганц ч хэрэглээгүй бөгөөд олигархийн дэглэмийг бут шүүмжилсэн билээ.
Орчин үеийн капитализмын глобал хямрал ардчиллын хувь заяанд ч сөрөг нөлөө үзүүллээ. Улс үндэстнийг давсан “дэлхийн засгийн газар” байгуулах сонирхол, хандлага бүхий л бүс нутагт сөрөг хариу үйлдэлтэй тулгарч байна. Интеграцчлалын үлгэр жишээ болж байсан Европын холбоонд энэ зөрчил нэн хурцаар илэрч байна. Энэ онд болох Европын тэргүүн орнуудын ээлжит болон ээлжит бус сонгууль хандлага чиглэлийг тогтооно. Капитализм, социализм болон баруун, зүүний үзэл суртал гэхээсээ илүү глобалчлал, үндэстний улс орны бие даасан байдлын хоорондох зөрчил өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлох ажгуу.
Өөр өөр соёл иргэншлийн үндэстэн улс, ард түмний ахуй сэтгэлгээнд тэр бүр тохироогүй протестант христийн шашны нөлөөнд бойжсон ардчиллын “жорыг” бүх улс орнуудад тулган хүлээлгэх гэсэн оролдлого “хөгжиж буй орнуудын” ард иргэдийн хүлээлтийг гүйцэлдүүлж чадахгүй нь тодорхой боллоо. Ялангуяа исламын шашинт бүс нутаг, улс орнуудад “шахсан” ардчилал бүтэлгүйдэхийн хэрээр эдгээр орноосэх үүдэлтэй терроризм, цагаачлал Өрнөдийн аюулгүй байдалд занал учруулж эхэллээ. Олон мянган жилийн төрт ёсны түүх, шашин шүтлэгийн хосгүй онцлогоос үүдэлтэй нийгмийн зохион байгуулалтын хэлбэр, нийгмийн капиталыг хичнээн их мөнгөн хөрөнгө капиталын гадны хөрөнгө оруулалтаар амар хялбар өөрчилж чадахгүй ажээ.
БНХАУ социализмын эдийн засгийн хямралыг даван туулах алсын хараатай шинэчлэлээ бүр 1979 оноос эхлүүлж хэрэгжүүлсний үрээр эдүгээ дэлхийн дахины хүчний нэгэн төв болж хувирлаа. Ингэхдээ социализмын улс төрийн альтернатив тогтолцооны амьдрах чадварыг нотлон харуулж чадлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг өөрийн улс үндэстний модернизацын эрх ашигт захируулан ашиглаж чадсан ховорхон жишээ болж байна. Хятадын соёл иргэншлийн өв уламжлалд суурилсан улс төрийн эрх мэдлийг шилжүүлэх өөрт тохирсон механизмыг тогтоож, эдийн засгийн өсөлтийг улс төрийн тогтвортой хөгжлөөр дэмжсэн загварыг тасралтгүй хөгжүүлж байна. Эдүгээ “Нэгдмэл бүс-нэгдмэл замын” стратегиэр дамжуулан дэлхийн эдийн засгийн хөгжлийн алс ирээдүйг дэмжих хүчин чадавхийг бүрдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх төлөвтэй:
ОХУ юуны өмнө ард түмнийхээ итгэл үнэмшилд тохирсон нэгдмэл төрт улсаа бэхжүүлэх үндсэн дээр дэлхий дахинд алдсан байр сууриа сэргээн тогтоолоо. Аливаа улс орны адил нийгэм эдийн засгийн хүчтэй бэрхшээл хямралтай тулгарч буй хэдий ч гадаад бодлого, цэрэг стратеги, аюулгүй байдлын хүрээнд өрсөлдөх чадвараа харьцангуй богино хугацаанд сэргээж хүлээн зөвшөөрүүлж чадаж байна. ОХУ нь евразийн бүс нутгийн хөрш орнууд, БНХАУ болон шинээр гарч ирж буй бүс нутгийн хүчний төв БРИКС-ийн орнуудтай хамтран түншлэл хамтын ажиллагааны бүхий хэлбэрийг эрэлхийлж идэвхтэй ажиллаж байна.
Дэлхийн ертөнцийн цаашдын хандлага ямар байх талаар маш олон прогноз, таамаглал хийгдэж байна. Эдгээрийг үндсэнднь авч үзвэл 3 хувилбар яригддаг. Үүнд:
- Глобалчлал 2.0
- Атомжилт буюу Сарнил задрал
- Олон туйлт дэлхий
Глобалчлал 2.0 буюу АНУ-ын нөлөөн дор дэлхий даяараа интеграцчлагдах хувилбар эргэн ирэх нөхцөл өнөөгийн байдлаар харагдахгүй байна. Ийм байдал хэрэгжвэл дэлхийн дайнд хүргэх нөхцөл үүсэх аюултайг аль аль талын аюулгүй байдлын шинжээчид мэдэглэж байна.
Улс орон, бүс нутгийн өөрийгөө тодорхойлох бодлого, төвөөс зугтах хүчний нөлөөгөөр задарч үй олон жижиг сарнисан ”арлууд“ үүсэх үзэгдэл байж болзошгүй.
Өнөөгийн ноёрхогч, шинээр үүссэн болон сэргээн тогтоосон их гүрнүүдийн хоорондын хүчний харьцаа өөрчлөгдөж, өрсөлдөөн ширүүсч 2 буюу 3 туйлт харилцаа үүсэх нь илүү магадлалтай харагдаж байна.
Ийм нөхцөлд бид яаж байна вэ?
Сонгодог маягийн парламентын улс төрийн сонгуулийг явуулж сурчээ. Голлох хоёр намыг ээлжит сонгуулиар сольж сурчээ. Эрх баригчид сонгогчдоо амлалтаар хуурч сурчээ. Сонгогчид ч бас намуудыг “хуурч” сурчээ. Засаг солигдох бүр хэдэн мянган төрийн албан хаагч ажлаа өгч авч сурчээ. Өмнөх засгийн газрын хэрэгжүүлсэн төслүүдийг зогсоож, өөр төсөл хөтөлбөр гаргаж сурчээ. Засгийн газартаа чамин гоё нэр хайрлаж сурчээ. Харин ард түмэн ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй ижил байгааг мэдэрч байна.
Төр, засгийн газраас өгсүүлээд бизнес эрхлэгчид гадаад улс орнууд, тэдний компани, хөрөнгө оруулагчдыг “хулхидаж” сурчээ. Түнш орнуудынхаа хооронд ч “яс хаяж” сурсан.Компаниуд тендер, концесс авч “өрсөлдөж” сурчээ. Иргэд, төрийн бус байгууллагууд “төсөл” бичиж халамж, буцалтгүй тусламж авч сурчээ.Дээр дооргүй, шат шатандаа, баян ядуу хэнбугай нь ч “зээл”, “ипотек”, “хүүхдийн мөнгө”, “цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт” авч сурчээ. Улс орноосоо эхлээд хэн хүнгүй “Өрөө “тэглүүлж”, “өршөөлд” хамрагдаж сурчээ.
УИХ-ын гишүүнээс эхлээд гэмт хэрэгтэн хүртэл телевизээр хэвлэлийн бага хурал хийж өөрийгөө “өмгөөлж” сурчээ. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр хэнийг ч юу ч гэж муулж, өөрсдийгөө дөвийлгөн магтаж сурчээ. Ямар ч хурал зөвлөлгөөн, уулзалт, хурал дээр “зоригтой дуугарч” шүүмжилж муулж сурчээ. Мөнгө төгрөг, авилга хахуулийг баян, ядуу, хөгшин залуугүй хэн маань “цэвэрхэн” өгч авалцаж сурчээ. Хуурамч диплом, эрдмийн зэрэг, “төлбөртэй” өргөмжлөл авч сурчээ. УИХ-ийн гишүүн болохын тулд нэг намаас нөгөөд ороод зогсохгүй “буцаад эргэж “урвах” урлагт сурчээ. Чанга хашхарсан, харааж занасан танхай авир, “хагас эрүүгийн шинжтэй” төрх, зан үйлдлийг нийгмийн аль анги , бүлгийнхэн бие биеэсээ суралцаж аашилж байна. Ийм л хүнийг “хүндэтгэх” сонгох болжээ.
Энэ мэтээр уг нь их юм сурсан байгаа биз? Гэвч үр дүн нь яавч хангалттай бишээ.
Цаашдаа яах ёстой вэ?
Улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг хийх цаг болсон. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоог задлах зориулалттай 1990-ээд оны эхэн үедээ тохирч байсан Үндсэн хуулийн цэнэг дууссан. Уг хуулийн дагуу “олигархи” эдийн эрх ашигт нийцсэн удирдлагын горим бүрэлдэж тогтсон. Ар Монголын ноёдын нэгдсэн засаггүй, бие даасан дөрвөн ханлиг хэлбэрээр оршин тогтнох олон зуун жилийн “өрсөлдөөнт” тогтолцоо шинэ үеийн “олигархиудад” нэн тааламжтай байх нь тодорхой. Гэтэлөнөө цагийн төрх илүү хариуцлагатай, монгол хүндээ тохирсон төрийн тогтолцоог нэхэж байна.
Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагыг элитүүд бүхэлдээ эсэргүүцэж чадахгүй болж, гэхдээ өөрт ашигтай хэлбэрээр өөрчлөх санаатай болсон мэт. Маш олон хувилбар, загвар ярьж олныг төөрөгдүүлж байна. Цөөхөн “санамсаргүй”1570 хүнээс санал авч шийднэ гэдэг нь маш их эргэлзээ төрүүлж буй бөгөөд тэд манай орны нийт сонгогч ард түмнийг яаж ч төлөөлж чадахгүй юм.
Үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын асуудлыг тэргүүн зэрэгт тавьж шийдвэрлэх шаардлагатай болсон. Монгол улс дотооддоо импортын бараа оруулж ирдэг жижиглэнгийн, гувшуур, наймаачид, ченжийн амиа аргацаасан “зах зээлтэй” болсон боловч энэ бол үйлдвэрлэх хүчийг хөгжүүлэх зах зээл биш юм. Хамгийн гол нь Монгол улс үйлдвэрлэлийн зах зээлээ одоо хүртэл олж авч чадаагүйд манай эдийн засгийн хамгийн том бэрхшээл оршиж байна.
Уул уурхай, ашигт малтмал аж үйлдвэрийн чухал салбар. Уул уурхайн ганцхан мегатөслийг “хөдөлгөхөд” Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлснийг бид харсан. 2 жил дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийн нэг болж анхаарал татсан. Гэхдээ дахиад нэг “хөдөлгөхөд” эдийн засгийн ямар том хямрал бэрхшээлд орж буйг бас харлаа. Ашигт малтмалын салбарын энэхүү савалгаа “оффшор эдийн засаг”, “далд эдийн засгийн” аль алиныг төрүүлж, нийгмийн тэгш бус байдал, хөрөнгө орлогын ялгаа, олон түмний уур хилэнг хүргэж буйг анхаарахгүй орхиж болохгүй.
Мал аж ахуй, байгалийн түүхий эдийн боловсруулалтад түшиглэсэн орчин үеийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд дэд бүтэц дэндүү чухал. Монгол улсад төмөр зам дагасан хааш хаашаа 100 км орон нутагт л жижиг дунд бизнес хөгжих боломжтой байна гэсэн нэгэн дүгнэлтийг олон улсын байгууллагын тайланд дурдсан байдаг.
Монголын эдийн засгийг чагталж буй бас нэг хамгийн гол тотгор бол эрчим хүчний үнэ. Манайд буй цахилгаан дулааны эрчим хүний зардлаар ашигтай ажиллах бизнес, үйлдвэрлэл маш ховор. Түлш бензин үйлдвэрлэх, шингэн хий боловсруулах мега төслүүдийн тоо гарын хуруунд багтахгүй болсон ч олигархуудын өрсөлдөөнөөр хэрэгжих эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Хоёр их хөрштэй стратегийн түншлэлийн хөгжүүлэхийн үндсэн зорилго нь өөрийн нутгаар хийн хоолой дамжуулах коридорыг олж авах явдал. Энэ бол манай үйлдвэрлэх хүчний хөгжилд “хувьсгалт” өөрчлөлт болох бөгөөд үүнийг хэрэгжүүлэх удирдагчдыг ард түмэн хүлээж байна.
Хүмүүн капиталыг хөгжүүлэх асуудлыг бас яриагүй биш ярьсан. Боловсролын тогтолцоонд ч олон шинэчлэл өөрчлөлт хийсэн, гэхдээ “нэг алхам урагш, хоёр алхам хойш” зарчмаар ажиллаж байгаа учраас хүссэн үр өгөөжөө хараахан өгч амжсангүй.
Эдийн засгийн реформ хийх шаардлага хямралтай хямралгүй ямагт байх болно. Эдийн засгийн реформ хийх нэн төвөгтэй. Манайд хүндэрсэн үедээ хийсэн болоод “зэсийн үнэ нэмэгдэхээр” мартчихдаг гэмтэй. Шинэчлэл бол хэд хэдэн засгийн газар, сонгууль дамнасан тууштай өөрчлөлтийг шаардана. Цаг хугацаа, тэвчээр шаардана. Эдийн засгийг дайчлах шаардлагыг бий болгодог. Европын Холбооны орнуудаас гэхэд Герман, Нидерланд, Швед зэрэг тоотой хэдэн орон л бүтцийн өөрчлөлтийн урт хугацааны тууштай реформыг хийж чадсан байх жишээтэй. Бусад нь чадаагүй улмаас евробүсийг задлах, тараах хямрал гарч ирсэн гэлтэй.
Эдийн засгийн шинэчлэл ёс суртахуунтай байх ёстой. Эдийн засгийн ухаан анхнаасаа ёс суратхууны үнэ цэнэ, үнэлэмжтэй холбоотой гарч ирсэн. Эдийн засгийн хямраалаас гарах зардлын ачааны хүндийг ард түмэндээ нялзааж үүрүүлэх биш, харин эдийн засгийн үр өгөөжийн тэнцвэргүй их хувийг завшиж буй анги бүлэг түлхүү үүрэх ёстой. Ингэвэл сая зөв шударга шинэчлэл болно. Улс төрчид, төрийн албан хаагчид нийгэм эдийн засгийн бодлого тодорхойлохдоо хэрэглэдэг заншсан хуурай хэллэг, албан хүнд суртлын уриа лоозонгоосоо салах шаардлагатай болжээ.
Монгол Улсын 21 дэхь Ерөнхий сайд
Ринчиннямын Амаржаргал
2017.04.27
Боловсрол, мэдлэгийн салбарыг яагаад дурдаагүйг гайхаж сууна