Beautiful Plants For Your Interior
Хэлсэн үг
Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид
нэр дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд нэрээ
дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг
Улаанбаатар 2017-05-02
Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ,
Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил, ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавараар АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх болсоноо албан ёсоор зарлаж байна.
Би Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Монгол Улсын Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан нь АН – аас надад хүлээлэгсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч АН-ын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг.
Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан, эгэл жирийн журмын нөхөр Таны нүүрийг улалзуулалгүй ажиллаж ирсэн.
Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ.
Журмын нөхөд өө,
Монголд үүссэн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай хэдий ч нэг зүйлийг онцломоор байна. Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр эцсийн эцэс муу муухай бүхний үүр уурхай болж байна.
Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,
- Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.
- Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.
- Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.
- Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.
- Эдийн засгийн боломжоо алдаж, Гадаад хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын давцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.
- Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.
- Монгол Улс эрх ямба, эд мөнгөний шуналд автсан улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт орох аюул нүүрлэж байна.
Энэ бүхэн монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх шийдлийн үндэс болж байгаа юм.
Монгол улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь бидэнд эцэг өвгөдийн минь өвөлж үлдээсэн бусдын хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн минь байна.
Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна.
Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн монгол ухаан үгүйлэгдэж байна.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвших эрх авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.
Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна.