8 сарын 24-нд өгсөн зарим ярилцлагын тухай

8- р сарын 24-нд эдийн засгийн сэтгүүлч клубын хүсэлтээр 20 гаруй сэтгүүлчидтэй уулзаж чөлөөтөй ярилцлага өрнүүлсэн юм. Өрнөсөн яриа хөөрөөг сэтгүүлчид тус тусдаа ярилцлага болгон 25-нд сонин сайтуудад байрлуулсан байна. Харамсалтай нь нилээдгүй газар утга агуулга нь алдагдаж тэмдэглэгдсэн бололтой. Нэгэнт нийтэд тараагдсан зүйлийг энэ сайт дээр тэр чигээр нь байршуулж байгаа хэдий ч утга агуулгын залруулга хаалтанд өөр фонтоор бичиж үдлээ. Уншигч та тунгаан болгоогоорой.

Р.Амаржаргал

2017-08-26

УИХ-ын гишүүн асан, Эдийн засагч Р.Амаржаргалтай нийгэм эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар давж чадлаа гэж тайлбарлаж байна.  Та нийгэм эдийн засгийн байдлыг юу гэж харж байна бэ?

Оны эхэнд гадаадын хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулаад болж байна бүтэж байна гээд эдийн засаг сэргэх нь гэдэг ойлголт өгсөн. Эхний хагас жилийн дүн гайгүй гарсан. Аж үйлдвэр, үйлдвэржилтийн өсөлт нь дажгүй гарсан харагдана. Гэхдээ бидний хүсэл зоригоос хамааралгүйгээр өссөн зүйл (нөлөөлсөн хүчин зүйлс) байна. Тухайлбал, нүүрсний үнэ өслөө. Хойд Солонгост пуужингуудаа туршаад, түүний эсрэг НҮБ хориг арга хэмжээ тавьсан. Тэр хориг арга хэмжээг нь хаа байгаа Хятад очиж дэмжээд,  Хойд Солонгосоос нүүрс авахаа болиулсан. Энэ нь Монголын эдийн засагт шаанс гаргаж ирж байгаа юм. Үүнийг бид тооцоогүй. (урьдчилан тааж тооцох аргагүй фактор)  Ийм эдийн засгийн өсөлтийг тооцоолоогүй ч ерөнхийдөө эдийн засгийн өсөлт гарсан. Аж үйлдвэр дээр 5.3 хувийн өсөлт гарсан гэж байна. Тэр бол аягүй сайн зүйл. Одоо төрийн тогтворгүй байдал гээд шуугиан гараад ирэхээр дахиад нөгөө хөрөнгө оруулагч нар (т) чинь болгоомжлол бий болно. Тэгээд хөрөнгө оруулагч нар чинь болгоомжлоод суучихна. Энэ нь мэдээж хэнд нөлөөлөх үү гэдэг нь ойлгомжтой. Жижиг дунд үйлдвэрлэгчид, том бизнес эрхлэгч дээр ч ялгаа байхгүй хүнд цохилт ирнэ. Тийм учраас болгоомжтой хандах ёстой.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж харж байна бэ. Эдийн засаг нь аж үйлдвэрийн салбарт гэхэд 5.3 хувь өсч байгаа улсад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байсан юм уу?

Манай улсын эдийн засаг жижигхэн, унах нь амархан, мөн сэргэхээ болохоор амархан байдаг. Тэгэхээр тэр өнцгөөс нь харах ёстой. Манай улсад 5.3 хувь гэдэг өнөөдрийн хувьд том үзүүлэлт бас биш. Өслөө гээд эдийн засгийн өсөлт 2013 оных шиг (эдийн засаг 2011-12 оны түвшинд хүрээгүй) түвшинд хүрч чадах уу, үгүй юу. Одоо бол хүрэхгүй л байгаа. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт муу гарсан. Энэ жил ч гэсэн эхний улирлын дүн муу байсан. Хагас жилээс арай дээр дүр зураг харагдаж байна.

ОУВС-ийн хөтөлбөрийн өөрийнх нь хөрөнгө оруулалт бол жаахан шүү дээ. 400 сая гаруй доллар л байгаа. Дээр нь нэмэгдээд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын банк, Хятад, Япон, Солонгосоос орж ирж байгаа.

Тэр дотроос Хятадын свот гэрээгээр арай түлхүү юм орж ирж (дийлэнх хэсэг нь) байгаа байх. Тэр орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа гурван жилд хуваачхаар аягүй жаахан мөнгө орж ирж байна. Түүнээс 400 сая доллар орж ирээд хэн ч мэдэхээргүй бага хөрөнгө оруулалт. Түүнийг нь гурван жилд хуваахаар нэг их тоож авахаар их хэмжээний хөрөнгө оруулалт биш (ОУВСын мөнгө нь хөрөнгө оруулалт биш юм. Асуудал нь мөнгөндөө ч байгаа юм биш. Харин бусад хөрөнгө оруулагч нарт өгч байгаа дохио чиглэлдээ байдаг. Бүдүүлгээр илэрхийлвэл ОУВС итгэж байгаа юм чинь та нар итгэж болно оо гэсэн дохио) . Бараг нэг аж ахуйн эдийн засагтай тэнцэх хэмжээний мөнгө болчхоод байгаа юм.

ОУВС-гийнхан Монголд ажиллалаа. Зарим тал дээр шүүмжлэлтэй хандсан?

Нэг сонин юм ажиглагдсан. Тэгэхээр ОУВС “Хүүхдийн мөнгийг өгөхгүй шүү” гээд үнэхээр гэрээндээ биччихсэн юм байна. (нийтэд нь тараахгүй, зайлшгүй хэрэгтэй өрхийн хүүхдэд олгох тухай) Манайх түүнийг нь зөрчсөн. Зөрчсөн учир шалтгаан нь сонгуультай холбоотой. Болж өгвөл оноо авчих санаатай эрх баригч нам хүүхдийн мөнгө өгсөн. Гэтэл тэр нь тус болоогүй. Ер нь тэгээд сүүлийн хэдэн жилийн сонгууль юмыг ажиглаад байхад сонгуульд эдийн засгийн асуудал (иймэрхүү мөнгө тараасан өглөг маягийн алхамууд) нэг их нөлөөлөөд байгаа юм алга байна. Ялангуяа сонгуулийн өмнө элдэв янзын арга хэмжээ аваад хүний саналыг худалдаад авчихна гэж худлаа юм байна.

Тэгэхээр ОУВС “Уг нь ч та нар гэрээгээ зөрчсөн л дөө. Гэхдээ одоо яахав” гээд илүү мөнгө гарвал яах байсан талаар яриагүй учраас чимээгүй өнгөрөөж байгаа байхгүй юу. Хамгийн онцгүй нь ADB (Азийн хөгжлийн банк) юу гэсэн гэхээр “Та нар зөрчсөн учраас бид хөрөнгө оруулалтаа өгөхгүй” шүү гэсэн. Дэлхийн банк, Валютын сан, (Олон улсын санхүүгийн корпораци), Азийн хөгжлийн банк бүгд нэг байгууллага шүү дээ. Түүнээс би юу гэж бодсон гэхээр, тэд рояалтаа (роль, – хэн ямар дүрд тоглохоо) хувиарлаад авчихсан юм болов уу гэж.  IMF (ОУВС) ерөнхийдөө иймэрхүү мэдэн будилсан царай гаргадаг. Дэлхийн банк нь болохоор үгүй гээд суучихдаг. Тэгээд хоёр талдаа маневрлах талбай гаргаад. Цаашдаа Засгийн газар нь ямар үйл ажиллагаа явуулах нь уу, түүнээс хамаараад IMF шигээ мэдэн будлисан царай гаргаад явна (явах уу, эсвэл). Үгүй бол Дэлхийн банк хатуу байна гээд хөтөлбөрийг зогсооё гэж магадгүй. Ийм зүйл рүү орж магадгүй гэж болгоомжлол надад төрсөн.

Мөн хоёр дахь том асуудал нь манай арилжааны банкнууд дахь активын ангиллууд дахиж хийгдэж байгаа. Чамд байгаа бүх юмнуудыг сайн муу гэдгээр нь ялгаад, хэрвээ хангалтгүй байвал татан буулгах, эсвэл дампууруулах, бүрэн эрхт төлөөлөгчөө томилох гээд ямар арга хэмжээ авч болох уу, тэр бүх арга хэмжээг авна.

БАНКНУУД БҮГД МАНАЙ УЛС ТӨРЧИДТЭЙ АДИЛХАН ЛУЙВРАА ХИЙДЭГ

Банкууд ОУВС-ийн шалгалтыг даахгүй гэж үү?

Манай арилжааны банкнуудыг шалгаад үзэхээр яг стандартыг даваад гарах банк үндсэндээ байхгүй. Бүгд манай улс төрчидтэй адилхан луйвраа хийдэг. Чамаас авсан зээлээ найдваргүй зээл байхад найдвартай гээд биччихсэн. Дүрмийн сангаасаа 20 хувь хэтрэхгүй зээлийг нэг байгууллагад олгох ёсгүй гэдэг шаардлагыг хэрэгжүүлэхгүй л явж байгаа. Танил тал, найз нөхөд, албан тушаалаараа дамжуулан активын 20 хувийг давуулан зээл олгодог. Манай арилжааны банкнууд байж болох хууль журмуудыг бүгдийг зөрччихсөн байгаа юм. Үүнийг нь цэгцлээд аваад явъя гэхээр бүх банкнууд чинь явчих гээд байгаа юм. Тэгэхээр манай банкныхан ямар асуудал гаргаж тавьдаг гэхээр “Наад шалгуур чинь буруу байна. Монголын нөхцөлд тохироогүй шалгуур” гээд өмнөөс нь тайлбарладаг. (энэ тайлбар ч бас үнэн) Сонгон шалгаруулалтаар активын чанарын үнэлгээ хийхээр Чех улсын “Pricewater house Coopers Česká” орж ирж байх шиг байна. Гэвч явсаар байгаад Монголын нөхцөлд тохирсон хувилбараар чанарын үнэлгээ хийлгэх байх. Одоо банкуудад хийх шалгалтыг есөн сард эхлэе гэж байгаад хойшлуулж байх шиг байна. Одоо хийхээр статистик үзүүлэлт нь муу гарчих гээд байгаа юм байна лээ. Би зөв ойлгосон бол оны эцэст шалгалт, хяналтаа хийхээр болж байгаа. Оны эцсээр санхүү тайлангаа гаргаад ирэхээд арилжааны банкнуудын үзүүлэлт арай гайгүй гараад ирэх байх. Түүн дээр нь тулгуурлаж шалгалт хийх болов уу. Яг өнөөдөр шалгалт, үнэлгээг хийчих юм бол хэцүү. Ер нь энэ чанарын үнэлгээ хийх шалгалт нь банкнуудыг цэгцэлж авах гэж байгаа бол хэрэгтэй. Гэвч өөр зорилготой, (энэ шалгалтаар далимдуулан завших) бололцоо гаргаж ирж (хайж) хардаг хүмүүс байна шүү дээ.

Ямар бололцоо гаргаж ирнэ гэж?

Өнгөн талдаа банкуудыг шалгах, чанарын үнэлгээ хийх гэж байгаа юм шиг мөртлөө цаана нь юу байж болох бэ.Энэ банк дампуурах юм байна. Энэ дээр нь орж ирчихэж болох юм байна. Надтай нэг Хятад уулзаад банкны лиценз хайгаад байсан. Энийг ашиглаж болох юм” гэж харах нэгэн байгаа. Тийм учраас маш болгоомжтой хандах ёстой.

Банкны салбар 27 жил янз бүр болсоор өнөөдрийн дүр төрхөө олчхоод байна шүү дээ. Банкны салбарыг бужигнуулаад эргээд өмч нь хэнд (очих уу, хэнийх) байх юм. Хэн эзэмших гээд байгаа юм. (одоогийн байгаа статус кво) Бизнес, улс төрийн группүүдын эрх ашигт нийцэж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр банкнуудад активын чанарын үнэлгээ, шалгалтыг далимдуулаад хөрөнгийн дахин хуваарилалт хийх юм руу яваад байна уу даа гэж бодол төрөөд байгаа. Одоо эрх мэдэлтэй болсон зарим нөхөд булааж авах гэсэн хүсэл байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ тийм юм болох гэж байгаа бол их хэцүү. Ер нь банкны салбарыг бужигнуулаад байх нь ашиггүй, байж болохгүй зүйл. Ялангуяа систем бүрдүүлдэг банкнуудаар оролдож огт болохгүй. Хэдий арилжааны банкнууд хууль зөрчиж байгаа ч (ном ёсоор нь шийднэ үү гэхээс, улс төрийн аргаар, төрийн дарамт гм дамжуулан) банкнуудаар хамаагүй оролдох нь аюултай.

Гадаадын банк Монголд орж ирэхийг зөв, буруу гэж хоёр өөр байр суурь илэрхийлдэг. Маргадаг. Гаднын банк орж ирэх нь Монголын арилжааны банкуудын хүүг буулгах, санхүүгийн системийг эрүүлжүүлэх сайн талтай юм биш үү?

Улс төрийн шийдвэр дээр зөв, буруу гэсэн юм байдаггүй. Тухайн нөхцөл байдал дээрээ хүчний харьцаа хэн нь илүү байна тэр нь шийдвэр гаргаад явдаг. Улс төр дээр (голдуу) хэний эрх ашиг илүү давж байна ( хэн нь илүү хүчтэй байна) тэр нь шийдвэрээ гаргаад явдаг шүү дээ.

Та өөрөө гаднын банк оруулж ирэхийг зөв гэж бодож байна уу, буруу гэж бодож байна уу?

Би өөрөө энэ дээр шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Ямар нэгэн байр суурь хэлэхэд хэцүү байна. Логикоор нь бодохоор нэг өөр, академик байдлаар (бодит байдал) болохоор бас нэг өөр. Тэгэхээр яг судсыг нь барьж байгаа хүмүүс өнөөгийн нөхцөлд судалгаатай шийдвэр гаргах ёстой болов уу. Түүнээс гадна популизм  их явж байна. Зөв шийдвэр гаргалаа ч (түүнийгээ хамгаалаад улмаар) популизмыг давж гарах сэтгэлийн тэнхээ байна уу, үгүй юу гэдэг чинь чухал шүү дээ. Миний одоо хүсэж байгаа зүйл бол тогтвортой засаглал хэрэгтэй байна. Засаглаж байгаа бол засагласан шиг ажиллах хэрэгтэй. Тэгээд нэг эргэж буцсан биш.

Монгол Улсын Эдийн засгийг урт хугацаанд өсгөх ямар боломж байна бэ?

Урт хугацаанд эдийн засгийг харж, ямар ямар факторууд нөлөөлж байна вэ гэдэг дээр (мэдээжийн гэмээр) тодорхой хэдэн хариулт байдаг шүү дээ. Боловсрол мэдлэг, эрүүл мэндээ дээшлүүлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Хоёрдугаар гол фактор нь юу вэ гэхээр бидний тод харж байгаа асуудал нь улс төрийн тогтвортой байдал. Манайх шиг оронд төрийн тогтворгүй байдал дэндүү хүчтэй цохилт өгөөд байгаа юм. Төрийн алба нь төлөвшсөн улсад Засгийн газар нь мянга солигдоход ч яадаг юм. Сайд нь ирж, явж л байхад төрийн албаны хүмүүс нь байж л байдаг. Манайд тийм юм байдаггүй. Ардчилсан нам өнгөрсөн жилүүдэд Засгийн эрхийг барьж байхад Хөдөө аж ахуйн яаманд дөрвөн сайд очиход ажилтнууд нь дөрвөн удаа солигдсон. Ямар сайндаа “Хөдөө аж ахуйн салбарт ийм бодлого баримталж байсан шүү” гэж гаднынхан ирж манайханд хэлж өгч байсан. Тэр бол нэг бодлоо инээдтэй, нөгөө талдаа гунигтай түүх. Хоёрдугаарт би нэг зүйлийг бодоод байна. Далайд гарцтай орон, гарцгүй орон гэж ярьдаг. Далайд гарцтай орон далайгаар хаашаагаа явдаг юм. Хятад руу л наймаа хийх гэж явдаг байхгүй юу. Манайд тийм шаардлага алга, хажууд байна. Энэ нэг шаансаа ашиглах юм уу, ашиглахгүй юм уу. Энийг давхар бодмоор юм шиг байгаа юм.

Нөгөө нэг сайн харах зүйл нь өмчийн эрх гэдэг асуудал байна. Өмчийн эрх гэдэг асуудлыг манайхан ерөөсөө ярьдаггүй. Чиний өмчийг хэн ч авах, булаах ёс байхгүй. Үүнийг баталгаажуулах ёстой. Өнөөдөр манайд өмчтэй байгаад жаахан өнгө ороод ирэхээр түүнийг нь төр нь ч юм уу булаагаад авчихдаг.

Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал байна?

Тийм шүү дээ. Цэвэр төрөөр далимдуулж булааж авч байгаа байхгүй юу. Хоёр субъект гэрээ байгууллаа, тэр дагуу гэрээгээ л биелүүлэх ёстой. Гадаадын байгууллагатай манай хувийн компани гэрээ байгуулсан. Гэрээнийхээ үүргийг л сайн биелүүлээд явах ёстой. Гэтэл төр нэг субъекттэй нь нийлээд булааж авч болохгүй шүү дээ.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд өсгөх, авч явах гол хүчин зүйл нь үйлдвэржилт. Монгол Улс үйлдвэржсэн орон болох ёстой. Гэтэл Манай Засгийн газар, УИХ-ын гишүүд энэ талаар ярьдаггүй. Мэргэжлийн Засгийн газар гэж байгуулагдахын оронд Үйлдвэржсэн Засгийн газар гэж байгуулаад түүнийхээ төлөө ажиллаж болдоггүй юм уу?

Үйлдвэржилт гэдэг юмыг бид юу гэж ойлгоод байгаа юм. Манайхан саяхныг хүртэл төмөрлөгийн үйлдвэр, хүнд үйлдвэрээ бариад түүнийгээ үйлдвэржилт гэж ойлгож ирсэн. Миний мэдэх хүмүүсийн бараг 99 хувь нь үйлдвэржилт гэдэг асуудлыг энэ өнцгөөс харж ярьдаг юм билээ. Нөгөө талдаа индустр(и) гэж ойлголт байна. Аялал жуулчлалын салбар гэхэд индустр байхгүй юу. Монголд жуулчин орж ирээд билетийг нь гардуулж өглөө, хооллож ундлаад, аялуулаад хамгийн сүүлд нь сэтгэл ханамжтай нөхөр гарч ирлээ. Энэ бол үйлдвэржилт, индустр. Тэр утгаар нь ойлгож байгаа бол би хоёр гараа өргөөд дэмжинэ. Харин зөвхөн үйлдвэр, хүнд үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэрээр ойлговол буруу юм. Тэгэхээр тэнд нэг парк байгуулаад, энд нэг бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол 18-р зууны ойлголт юм. Үйлдвэрлэлийн хэрэглэлийг үйлдвэрлэх (үйлдвэрлэлийн хэрэгслийг үйлдвэрлэх үйлдвэрийн хэрэгсэлийн үйлдвэрлэл) нэгдүгээр салбар, хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх (хэрэглээний зүйлсийг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрлэл)  хоёрдугаар салбар гээд хоёр, гурван зуун жилийн өмнөх категориудаар манайхан одоо төсөөлөөд байгаа юм. Тэр биш.  Индустр гэдэг ойлголтоор ойлгох юм бол зөв болно.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг та хэрхэн харж байна бэ?

Үндсэн хуулийн өөрчлөлтийг би хийх ёстой гэж үздэг хүн. Амьдрал дээр хараад байхад болохгүй юм бий. Гэтэл паналны (мэдээжийн) юмнууд яриад байгаа байхгүй юу. “Ард түмнээсээ асууна шүү. Зөвлөлдөнө шүү” гээд. Мэдээж тэгж таараа. Тэрийг бол сүрхий ажил гэж хүний тархи угааж байгаа юм шиг ярьж хэрэггүй. Миний харж байгаагаар бол парламентын засаглалаа л бэхжүүлэх ёстой. Ерөнхий сайд нь хүчтэй, парламентын засаглалтай байх ёстой. Би энэ байр суурин дээр байж ирсэн.

Т.Амараа

ZINDAA.MN


Р.Амаржаргал: Мэргэжлийг нь асуухаар зарим хүн “Намын гишүүн” гэх юм

Itoim.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай цөөн хором ярилцлаа. Монгол Улсад улстөрийн тогтворгүй байдал үүсвэл эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай, эдийн засгийн тулгамдсан цаг үеийн зарим асуудлаар түүнтэй ярилцсан юм. 

-Монгол Улс он гараад Чингис бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх хуваарьтай байгаа. Ер бондын энэ төлбөрөө барагдуулах нөөц боломж Засгийн газарт байна уу?

-Уг нь бондын хөрөнгө оруулагч нартай уулзахад нэлээд өөдрөг сэтгэлтэй байсан. Олон улсын зах зээлд Монголын Засгийн газрын бондын эрэлт нэмэгдэх хандлагатай байна, бид дахиад хөрөнгө оруулах бололцоотой гэдгээ илэрхийлж байсан. Энэ хэрээр дөрөв, тав, зургадугаар сард олон улсын зах зээл дээр Засгийн газрын бондын эрэлт (үнэлгээ) маш сайн байсан. Засгийн газрын бондын эрэлт сайн байгаа энэ байдал цаашид хадгалагдаад явбал 2018 оны эхээр төлөх бондын эргэн төлөлтийг хямд бонд гаргаж солих боломжтой байсан. Харин өнөөдөр засаг төрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондыг сонирхохоо больж магадгүй байдал үүслээ. Эрэлт байхгүй боллоо гэсэн үг. Ийм нөхцөлд он гараад төлөх өрийн асуудал нэлээд хүндэрнэ. Тиймээс бондын эргэн төлөлтөд өнөөдрөөс анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, он гартал гэж хүлээхгүйгээр бондын эргэн төлөлтийн менежментээ өнөөдрөөс хийх ёстой. Бондынхоо хугацааг сунгах, эсвэл өмнөх зээлийн хүүний нөхцөлийг нь өөрчилж, дахин санхүүжүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Үүнийг хамгийн түрүүнд барьж авч, хийх ёстой байгууллага нь Сангийн яам. Сангийн сайд энэ чиглэлд анхаарч, олон хувилбарыг гаргах хэрэгтэй. Олон улсаас дахин бага хүүтэй мөнгө босгохын тулд зээлжих зэрэглэл сайн, засаглал тогтвортой байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бид дотроо ямар байгаагаа хар л даа. Хамгийн их санаа зовоож байгаа нь бидний дотоодын байдал л байна. Нэмээд саяхнаас Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаад ирлээ. Энэ нь улс орон, хөрөнгө оруулагчдад мэдээж сайнаар нөлөөлөхгүй. Ямарч нөхцөлд улс төрийн байдал нь эдийн засгийн индикатор болдог. Тогтвортой бол сайн, тогтворгүй бол муу индикатор болдог.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Эрх баригч намын зарим гишүүний зүгээс муу ажилласан гэж үзээд огцруулах саналд гарын үсэг зурсан гэдгээ илэрхийлсэн. Таны хувьд энэ Засгийн газрыг хэр ажилласан гэж дүгнэх вэ?

-Аймшигтай муу ажиллаад байсан зүйл алга. Үйл ажиллагааг нь өмнөх Засгийн газруудтайтай харьцуулж л ярих хэрэгтэй. 1990 оноос хойшхи Засгийн газруудтай харьцуулах айхтар сайн, эсвэл бүр муу ажилласан зүйл байхгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэсэн, өссөн. Хагас жилийн байдлаар 5.3 хувийн өсөлт гаргаж чадсан нь 2011, 2012 оны эдийн засгийн өсөлтөд хүрэхгүй ч, сүүлийн 2-3 жилийнхтэй харьцуулахад муугүй үзүүлэлт. Хамгийн гол нь эдийн засагт дөнгөж тогтож эхэлж байхад дахиад Засгийн газраараа оролдож бужигнаад эхэлсэнд л санаа зовж болгоомжилж байна. УИХ-ын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулахаар тавьсан санал нь хуулиа хэр зэрэг баримталсан юм бэ гэдгийг нь ярьж байх шиг байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөний асуудлыг төсөвт суугаагүй байхад шийдэж болж байгаа юм уу, хууль зөрчихсөн асуудал гарчихсан байна, Концессын гэрээний асуудал гарч байна. Эдгээрийг нь харахаар хууль зөрчсөн зүйл байж болно (зөрчсөн байна). Гэхдээ тэр нь Засгийн газрыг огцруулах хэмжээний ноцтой зөрчил мөн үү, үгүй юү гэдгээ тогтоож тэрүүгээрээ л шийдэх байх даа.

 

-Ерөнхий сайд, Засгийн газраа огцруулах Монголын улстөрд шинэ зүйл биш. Сүүлийн 27 жилд Монгол Улсын Засгийн газар 15 удаа солигдсон байна. Засаглалын энэ тогтворгүй байдал эдийн засагт ямар, ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ гэдгийг улстөрчид ойлгодоггүй юм биш үү?

-Үнэндээ Монголын улстөрд 1990 оноос хойш юу ч өөрчлөгдөөгүй. (нөгөө л) Өмчийг хэрхэн хуваарилж, өмчийн эзэн хэн байх вэ гэдэг (өмчийн төлөөх л тэмцэл) тодорхой биш (байдалд хүргэж) байна. Өнөөдөр Засгийн газраа огцруулна гэж байгаагийн цаана хөрөнгийн дахин хуваарилалт хийх тал руугаа явж магадгүй харагдаж байна. Өнөөдрөөр яривал Засгийн газрыг огцруулах сургаар гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд эргээд орж байна. Шууд хөрөнгө мөнгө татаад явчихдаггүй юмаа гэхэд “юу болох бол, улс төр нь цаашдаа яах бол” гэсэн эргэлзээ, болгоомжлол үүсчихсэн. Аливаа юм тодорхой, чиг хандлага нь тодорхой болтол хөрөнгө оруулагчид хараад, хүлээгээд сууна. Хараад сууна аа гэдэг чинь хугацаа алдана гэсэн үг. Эдийн засагт хугацаа алдана гэдэг нь мөнгө эргэхгүй байна, зогсчихно. Энэ чинь хамгийн муу үзүүлэлт л дээ. Манай эдийн засаг улирлын шинжтэй учраас ирэх хавар хүртэл бүх зүйл зогсоно. Энэ оны хувьд нэлээд хүндрэлүүд байна. П.Сэргэлэн сайдын өгсөн мэдээллээр ургацынхаа 50- иад (1\3) хувийг алдахаар байгаа харагдсан. Ургац алдана гэдэг (үр тарианы гм) импорт нэмэгдэнэ гэсэн үг. Импорт нэмэгдэхийн хэрээр валютын эрэлт нэмэгдэж, ханшид өөрчлөлт орно. Үүнийг дагасан олон асуудал гарна. Ер нь улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт гайхамшигтай сайн нөлөө үзүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Харин улс төрийн бужигнаанаа хэр зэрэг хурдан шийдэх, эсвэл хэр зэрэг сунжрахаас шалтгаалж эдийн засгийн нөлөөлөл нь хүнд үү, хөнгөн үү гэдэг хамаарна. Юм хийж байгаа бол тэгээд хурдхан л хийгээд нэг тийш нь болгоод өгөх хэрэгтэй.

-Сүүлийн хоёр жилтэй харьцуулахад эдийн засагт эерэг үр дүнгүүд ажиглагдаад байна л даа. Он гарсаар нүүрс, зэсийн үнэ өссөн нь голлон нөлөөллөө. Гэхдээ түүхий эдийн үнийн өсөлт удаан хадгалагдахгүй шүү дээ?

-Өмнөх УИХ-ын үед Баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Мөчлөгийн эсрэг үйл ажиллагаа явуулахыг хуульчилсан. Түүхийн эдийн үнэ ханш өндөр байх үед нь илүүдэл орлогоо тодорхой санд төвлөрүүлж, дараа нь түүхий эдийн үнэ буурч, орлого тасалдахад Баялгийн сангаасаа авч ашигладаг систем руу оръё гэдгийг хуульчилсан. Харамсалтай нь, өнөөдөр Баялгийн сангийн хуулийн хэрэгжилт ямар байгааг мэдэхгүй байна. Үүнд л анхаарч, орлогоо зөв захиран зарцуулах хэрэгтэй л дээ.

-Та АН хэдэн хүний ХХК болсон гэж намаа хатуухан шүүмжилж байсан. Тэгвэл өнөөдөр зарим хүн АН-ын алдааг МАН нь давтах гэж яриад байна?

-Миний хувьд намын алдаатай бодлогыг шүүмжилсээр ирсэн. Зарим хүнээс ямар мэргэжилтэй вэ гэж асуухаар “намын гишүүн” гэх юм. Өөрөөр хэлбэл, намын гишүүн бол мөнгө олдог хэрэгсэл болчихоод байна. 1990 онд шинэчлэл эхлүүлж байхдаа бид ийм зүйл рүү орно гэж төсөөлөөгүй. Үг хэлэх эрх чөлөө гээд чөлөөтэй асуудлаа ярьдаг, хэлдэг боллоо гэж байсан ч энэ нь өнөөдөр нийгэмд хүмүүсийг үзэн ядах, талцуулан хуваах, хамгийн адгийн хэрэгсэл болгоод хувиргачихлаа. Олон намын тогтолцоог л нэвтрүүлэх хэрэгтэй, энэ л гараад ирвэл болно гэж байсан ч өнөөдөр (нам нь хэсэг бүлэг хүмүүсийн) мөнгө хийдэг механизм болоод хувиргачлаа. Чөлөөтэй шашин шүтлэгтэй байна гэсэн ч өнөөдөр мухар сүсэг нь хэмжээнээсээ давчихлаа. Тэгэхээр аливаа зүйлийг зөв зохицуулалтаар зөв удирдаж явахгүй бол дандаа сөрөг үр дагавар үүсгэдэг. Өнөөдөр нийгмийн үнэлэмж, иргэдийн итгэл үнэмшил ямар байгааг бүгд харж байна. Өмнө нь харж, тооцож байгаагүй юм руу л яваад байна. Өөрөөр хэлбэл, сөрөг талын үр дүн нь давамгайлаад байна. Бүх зүйлийг зоосны нүхээр хардаг, бүгдийг шунал хүсэл хоёртоо захируулдаг тогтолцоо чинь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь нийгмийн баялгийн хуваарилалтад ч шууд харагдаад эхэллээ.

-Дундаж давхрагын ниймгийн оролцоо нэмэгдэж байна уу. Та өмнө нь дундаж давхрагын эрх ашиг байхгүй болбол дарангуйлал, популизм хүчтэй болно гэж байсан. Сүүлийн үед Монголд популизм цэцэглээд байх шиг?

-Популизм хүчтэй байгаагийн гол шалтгаан нь хүчтэй дундаж давхрага бий болж чадаагүйтэй холбоотой. Уг нь дундаж давхрага бол ардчиллын суурь юм. Ардчилал дундаж давхрага дээр босч ирдэг. Гэтэл жил ирэх тусам дундаж давхрага нь хумигдаад ирэхээр нэг бол дарангуйлал нь, эсвэл популизм нь хүчээ авдаг. Энэ өнцгөөс нь харвал популизм давамгайлж байгаа нь дундаж давхрагын хөрс суурь байхгүй болж, илүү хумигдаж байна гэж дүгнэхээс өөр аргагүй.

-Энэ бүгдийг эдийн засгийн хувьд ч, улстөрийн хувьд засах, сайжруулах гол арга замыг нь Та юу гэж харж байгаа вэ. Өнөөдрийн нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь засаглалын тогторгүй байдлыг засах гол арга зам нь мөн юм уу?

-Мэдээж зүгээр суугаад байж болохгүй. Үндсэн хууль, засаг төрийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах нь чухал. Зөв хүнийг зөв цагт гаргаж тавьдаг механизмууд хэрэгтэй, боловсон хүчний шилж сонголтын асуудал, улс төрийн намуудын төлөвшлийн асуудал гээд энэ бүгдийг заавал ярьж, хийх ёстой. Гэхдээ том зургаар нь харвал үе солигдох л асуудал байгаа юм. Бүхэл бүтэн үе, магадгүй тэрний дараагийн үе солигдож бүгд нэгдсэн нэг ойлголттой, нэг нэр томьёо хэрэглэдэг болж л цааш явах ёстой байх. Өнөөдөр тэс ондоо үнэлэмж, категориуд л үйлчлээд байна.

-Улс төрийн намууд, ялангуяа АН-ынхан эрх баригч намыг олонхиороо хүч түрэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэдэгт нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. МАН-ынхан өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж хардаж байна л даа.

-Хуулиараа 65 гишүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь байгаа. Гагцхүү үүнийгээ ямар механизмаар яаж дамжуулж хийх вэ гэдэг л чухал. Улс төрийн хариуцлага, үүрэг, улс төрийн ирээдүйг харах чадвар, тухайн намын өөрийнх төлөвшлийн асуудлыг бодолцож шийдвэр гаргах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь тэгээд Үндсэн хуульд яг асуудал (нь) байна уу, эсвэл Үндсэн хууль уншиж байгаа хүндээ асуудал байна уу, Үндсэн хуулийг өөрийн эрх ашигт захируулах гээд байгаа тэр бүлэглэлийн эрх ашигт асуудал байна уу, үгүй юү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *