Дарга нар эрх мэдлээ ашиглаж өмч хувьчлал руу орж ирснээс хойш гунигтай үе эхэлсэн

-Та өглөө хэдээс босдог вэ?

-Янз бүр. Тухайн өдрөөсөө, ачааллаасаа хамаарна. Ер нь эрт босохыг эрмэлздэг. Ажил алба хашиж байхдаа босонгуутаа бие дааж унших ёстой юмаа харчихдаг байсан.

-Байнга сөхөж хардаг номоо сонирхуулаач?

-Зөндөө. Ажил алба сонирхлоос хамаараад өөрчлөгдөөд байгаа. Яг одоо барьж авсан ном гэвэл Dan Brown-ий “Origin. Эхний оройноо дөрвөн бүлгийг нь уншчихсан. Сүүлдээ “Ийм амттай номыг мангас шиг уншиж болохгүй, өдөрт нэг бүлэг, бүр хорхой хүрээд байвал хоёрыг уншъя” гэж бодсон.

-Өмнөх ярилцагч маань бас энэ зохиолчийнуншигч байж таарсан. Юу нь таныг тэгж хорхойсуулаад байна?

-Дэлхийд өрнөж буй томоохон өөрчлөлтүүд, тэр дундаа шинжлэх ухааны өөчлөлтүүд өнөөгийн амьдрал, тогтсон үзэл баримтлалтай хэр нийцэж байгааг уран сайхны талаас нь гаргаад өгчихсөн нь гойд санагддаг.

-Мэргэжлийнхээ чиглэлээр ямар номнууд сөхөж харж байна вэ?

-Мэргэжлийн чиглэлээр гэвэл сүүлийн үед гео эдийн засгийн чигийн номнууд уншиж байна. Тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр нэлээд сонирхож байгаа. Үүнээс гадна философийн чигээр хоёр гурван сэдэв сонгоод уншиж эхэлсэн.

-Ямар байранд амьдардаг вэ?

-Амины орон сууцтай.

-Өдөрт хооллохдоо хэдийг зарж байна?

-Янз бүр дээ. Амаржаргал гэдэг хүний идэж байгаа хүнсний хэмжээ, төрөл, жилээс жилд багасаад байгаа. Найз нөхөдтэйгээ хоолонд орох тохиолдолд тодорхой хэмжээний мөнгө зардаг.

-Идэхийг татгалздаг хүнс?

-Давс, сахар, цагаан гурил, цагаан будаа.

-Твиттерийн дагагч, фэйсбүүкийн найзуудынхаа тоог цээжээр мэдэх үү?

-Твиттерт 171 мянган дагагчтай. Фэйсбүүкийн хувьд мэдэхгүй. Твиттерт бичсэн зүйлээ фэйсбүүктээ автоматаар гаргах тохиргоо хийчихсэн юм. Ер нь бол фэйсбүүк твиттерээсээ хамаагүй илүү тархацтай сүлжээ.

-Жиргээнд хэнийг онцгойлж дагадаг вэ?

-Янз бүрийн хүмүүсийг дагадаг. Тэдэн дундаа мэргэжлийн дагуу судлаачдыг нэлээд сонирхож дагадаг. Гарцаагүй үгийг нь сонсохыг уншихыг хүсдэг жиргээч гэвэл “Хар хун” гэдэг зохиол бичсэн Насим Талиб. Институтуудын жиргээг бас нэлээд сонирхоно. Орос, Америк, Хятадын судалгааны институтуудыг онцгойлж хардаг.

-Харилцдаг эксперт шинжээч судлаач олон биз?

-Сүүлийн үед ажил төрлийнхөө дагуу л харилцаж байна даа. Миний хувьд сургалтын хөтөлбөр эхлүүлэх гээд байгаа. Глобал эдийн засгийн судалгааны институт гэж байгуулсан. Институтээ босгож ирэх гэж багагүй ажиллаж байна.

-Мэдээлэл авдаг эх сурвалжуудаа манай уншигчидтай хуваалцаач?

-Мэдээлэл хэр авдгаар нь ангилвал хамгийн бага хувийг нь телевиз эзэлнэ. Гаднаас BBC, CNN, Bloomerg, дотоодоос Bloomberg Mongolia, TV 25-ыг хардаг. Телевизийн дараа гэвэл сонин байна. Гарчиглаад харчихдаг. Ubinfo апп-ыг нэлээд хардаг. Түлхүү мэдээлэл авдаг суваг гэвэл тодорхой хүмүүсийн блогууд. Becker Posner, Dani Rodrik, Greg Mankiw байна. За тэгээд Conservative Policy Research and analyses, Hoover institution гээд дурдвал олон эх сурвалж бий.

-Үгийг нь тогтож сонсдог улстөрч гэвэл хэнийг онцлох вэ?

-Улстөрчдийн үгийг огт сонсохгүй биш сонсоно. Д.Бямбасүрэн гуайн ярьж байгааг сонсоно. Цэвлээ гуайн бичсэнийг уншдаг.

-Банкуудад активийн чанарын үнэлгээ хийхийг ОУВС шаардсан гэж шийдвэр гаргагчид ярьдаг. Тэдний үгэнд зарим нь итгэж, нөгөө хэсэг нь итгэхгүй яваа. Гэхдээ тан шиг шуудхан баялгийн дахин хуваарилалт хийх нь гэж харсан хүн одоохондоо алга. Дээгүүр төвшний эрх мэдэлтэй цөөхөн хүмүүс эдийн засгийн өсөлт, хөгжилд биш баялгаас хэн илүү хүртэх вэ гэдэгт анхаараад байгаа гэдэгтэй би хувьдаа 100 хувь санал нэг байна…?

-Миний хариулт хүмүүст нэг их таалагдахгүй байх.

-Яагаад?

-Тухайн нэг тохиолдол гэхээс илүү зүй тогтол талаас нь харах гээд байгаа учраас. Тохиолдлууд нэлээд хэд давтагдаад ирэхээр зүй тогтол маягийн зүйл болчихдог л доо. Манайх нэг эдийн засгийн тогтолцооноос нөгөө эдийн засгийн тогтолцоо руу шилжсэн улс. Тогтолцооны шилжилт явагдах үед хүмүүс хувийн өмчтэй болж эхэлсэн. Хувийн өмчтэй болоод ирэхээр баялгийн хуваарилалт явагдсан юм. 1988-1992 оны хооронд хамгийн анхны хуваарилалтууд явагдаж, жишээ нь гэрээ түрээс гэдэг юм орж ирсэн. Би маш тод санаж байна. Үсчинг гэрээ, түрээсээр өгнө гэхэд “Юу гэж байгаа юм, өгөхгүй” гээд дургүйцдэг байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хандлага, сэтгэлгээ өөрчлөгдсөн л дөө. Эдийн засаг маань маш ядарчихсан байсан учраас цаашдаа өөрийн эрхгүй хувьчлал явагдаж эхэлсэн. Мэдээлэлд ойрхон хүмүүс өмч хувьчлалд идэвхтэй оролцсон. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгжийг удирдаж байгаа хүмүүс. Нэгдэл гэхэд л нэгдлийн дарга нь, үйлдвэр гэхэд үйлдвэрийн дарга нь.

-Мэдээлэлд ойрхон цөөхөн улс үйлдвэр, обьектуудыг эдийн засгийн үнэлгээнээс нь маш доогуур тооцож бараг үнэгүй шахам хувьчилж авсан гэсэн хардлага төдийгөөсөдий хүртэл яригдсаар ирсэн. Энэ хардлагатай та санал нийлэх үү?

-Анхны өмч хувьчлалаар үнэгүй шахам авсан гэж яриад байгаа нь учиртай. Нэг обьектыг 10 сая төгрөгөөр заржээ гэж бодъё. Байгууллагынх нь дансанд таван сая төгрөг, агуулахад нь 20, 30 сая төгрөгийн бүтээгдэхүүн байсан байж, обьект нь 50, 60 сая төгрөгийн үнэлгээтэй байсан гээд бодоход л хувьчилсан авсан хүндээ асар ашигтай нь мэдээжийн зүйл. Гэхдээ авч ажиллуулаад үр дүнд хүрэх нь өөрөө том асуудал. Ихэнх нь амжилтад хүрээгүй, нурсан. 1990-1992 оны хооронд, 1996 онд ч гэдэг юм уу хамаг юмаа хувьчлаад дууссан гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ хугацаанд Монгол улсын хөрөнгийн 15 хувийг л хувьчилсан байдаг юм.

-Баялгийн хуваарилалтын дараагийн үе нь тэгвэл таныхаар хэдээс хэдэн оны хооронд өрнөсөн вэ?

-1996-2000 оны хооронд эдийн засгийн реформын хүрээнд либериалчлах ажлыг нэлээд эрчимжүүлсэн. Тэр хүрээнд багагүй хувьчлал явагдсан. Ачааг нь үүрч чадахгүй байгаа тохиолдолд чаддаг нь аваад явахад буруу зүйл байгаагүй. Энэ үед өрнөсөн өмч хувьчлалаас анхаарах нэг өнцөг гэвэл төрийн механизм ашиглагдаж эхэлсэн. Тэр болтол арай замбараатай, цэгцтэй байсан юм.

-Төр, засгийн эрхийг атгасан нөхөд өмч хувьчлал руу орж ирж, баялгаас хэн нь илүү хүртэх вэ гэсэн уралдааны гол оролцогчид болж эхэлсэн гэсэн үг үү?

-Дарга нар эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж өмч хувьчлал руу орж ирсэн гэсэн үг. Миний хувьд энэ үеэс л гунигтай үе эхэлж дээ гэж хардаг. 2000 оны дараанаас засаг солигдох тоолонд “идэх” сонирхолтой хүмүүс өөрчлөгддөг болсон. Эдийн засаг дахь тэнцвэртэй байдал, хүчний харьцаа эвдэрч эхэлсэн нь ийм түүхтэй. 2010 он гараад ирэнгүүт эдийн засгийн хүрээнд анхны зэрлэг капитализмын үе дууссан гэж хэлж болох юм. Баримжаа гараад эхэлсэн гэсэн үг. Салбарлаад, төрөлжсөн маягтай болсон. Би гурилаа дагналаа, чи элсэн чихэр дээр дагна гэх маягийн дагнасан бүлэглэлүүд гарч ирсэн. Ийм өөрчлөлт гарсан ч төрийн оролцоо ямар нэг хэлбэрээр байсан учраас өөр нэг хандлага анзаарагдаж эхэлсэн.

-Ямар хандлага?

-“Энэ нөхөр төрийн механизм ашиглаад ийшээ илүү ороод байна шүү” гэдэг хандлага. Бизнесийн төлөөлөл төр рүү идэвхтэй орж ирэх болсон шалтгаан нь ерөөсөө энэ.

-Улсаа хөгжүүлье гэсэн хүслээр биш бизнесээ хамгаалахаар, илүү ихийг хүртэх зорилгоор бизнесийнхэн төрд орж ирсэн гэж хэлэх гээд байна уу?

-Улсаа хөгжүүлье гэж орж ирээгүй гэдэгтэй санал нийлж байна. Бизнесээ хамгаалах гэхээс илүү дахин хуваарилалтад оролцъё гэсэн хүслээр орж ирсэн. Эхэн үедээ ноос, ноолуур, талх чихэрхэн хавьцаа байсан бол одоо уул уурхай банк санхүү гээд илүү том хүрээг хамарч байна. Тухайн салбаруудад өөрийн гэсэн орон зай, активтай болж авъя гэсэн хандлага сүүлийн үед маш тод харагдаж байгаа. Нэгэнт тогтчихсон, бүрдчихсэн салбар руу шууд ороход хэцүү учраас ахиад л төрийн механизмыг ашиглаж баялгийн дахин хуваарилалтыг хүчээр хийх гэсэн оролдлогууд харагдаад байна. Уул уурхайн салбарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш тод харагдсан шүү дээ.

-Одоо Валютын сангийн нэрийг барьж банкны салбар руу орж байна гэж үү?

-Банк санхүүгийн салбар руу орж байх шиг байна. Жамаараа явж буй зүйл рүү огт ондоо механизм ашиглаж орж ирээд хуваарилах гээд байна л даа. Эдийн засаг урагшлахгүй, гацаад, зарим тохиолдолд ухраад байгаагийн гол учир шалтгаан ердөө энэ.

-Төрийн хүчирхийллийн механизмыг ашиглаж баялгийг дахин хуваарилах гээд байгаа нь эдийн засаг сэргэхгүй, өөдлөхгүй өнөөг хүрсэн гол шалтгаан гэдэгтэй санал нэг байна. Сая гэхэд л Хууль зүйн сайд Эрдэнэтийн хувьчлалд онцгой анхаарна гэсэн мэдэгдэл хийлээ. Нөгөө талд нам дамжсан эдийн засгийн бүлэглэл хүчээ авлаа гэх тайлбар бас бий. Ц.Нямдоржтой ашиг сонирхол нэг нөхдүүд гээд танай намын хэдэн хүний нэрийг Тагнуулын ерөнхий газрын дарга саяхан зарлачихлаа. Тэгэхээр баялгийн дахин хуваарилалтын төлөөх маргаан, тэмцэл санаснаас ч урт хугацааг хамрах нь ээ…?

-Ийм процесс явах л ёстой. Хуваарилалтууд нь аль болох сунжрахгүй, богино хугацаанд дуусмаар байгаа юм. Үүний цэрэгцээ хуваарилалт дуусахтай зэрэгцээд хууль бусаар, арга заль хэрэглэж байгаад юм авчихсан улс айж эхлэх нь ойлгомжтой. “Би тэгж авсан юм чинь надаас буцаагаад яг тэр аргаар авчих вий” гэсэн айдас олон хүнд бий. Сүүлийн үеийн байдал өнгийг анзаарах нь ээ цөмөөрөө, бултаараа хүлээн зөвшөөрсөн тоглоомын дүрмээ гаргах, тохирох гэж оролдож байна л даа. Эрх зүйн зохицуулалтууд, өөрөөр хэлбэл институтциональ бүтцийг бий болгохыг зорьж байна. Өмч хөрөнгөтэй болчихсон хүмүүс тэр бүтцээ хүчтэй болгохыг хүсч байгаа.Хэн нь сайд болох, Ерөнхий сайд өглөө аль хөл дээрээ босохоос илүү институци байх ёстой, шүүх прокурор нь шударга ажиллаж, өмчийн эрх, хэлцэл гэж байх ёстой гэх мэтийг хүсч байна. Энэ бол хугацаа шаардсан процесс.

-Гэхдээ зүгээр хүлээгээд сууж таарахгүй байх?

-Мэдээж хүлээгээд суугаад байж болохгүй. Болохгүй юмнууд дээр гэрэл тусгаж, олны өмнө гаргаж, хүмүүсийн хоёр нүүр, элдэв ааш аягийг дэлгэх ёстой байх. Үүн дээр хэвлэлийнхэн дорвитой ажилламаар байгаа юм. Хэвлэлийнхэн цаг үеийн шаардлагадаа хүрэхгүй, мөнгө дагаад гүйж байгаа тал бий.

– Засгийн газрыг яаж урт настай болгох вэ гэдэг хамгийн түрүүнд анхаарах асуудал юм биш үү?

-Дээрээсээ доошоо төвлөрсөн тогтолцоогоо санагалзаад яваад байх шиг анзаарагддаг. Засгийн газрыг урт настай болгоно гэх зорилтоос илүү төрийн албыг яаж бэхжүүлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй л дээ. Сайд нар ирж л байдаг, явж л байдаг, төрийн хар хүмүүс аль нэг нам, эрх ашигт үйлчлэхгүй, жинхэнэ монгол төрийн төлөө ажиллаж чадах механизм руу илүү анхаарах ёстой.

-Ямар өөрчлөлтийг яаж хийвэл төрийн алба бэхжих бол?

-Хамгийн наад зах нь Төрийн албаны тухай хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өөрчлөлт оруулахаас гадна одоо байгаа төрийн албаны хуулиа мөрдмөөр байгаа юм. Олон юм ярихгүйгээр баталчихсан хуулиудаа мөрддөг болчихвол олон асуудлыг шийдэж болно.

-Өнгөрсөн сонгуулиар ХҮНам гэж гарч ирээд алга болчихлоо. Боловсролтой залуусын нэгдэл, хүчтэй гуравдагч хүчин гэсэн олзуурхал хүн бүрд төрж байсан. Гуравдагч хүчний орон зай байгаа гэдэгтээ та санал нийлэх үү?

-Тэднийг хүсч хүлээсэн гэхээс илүү улстөрийн гол хоёр намд хүмүүс эргэлзэж эхэлсэн байсан юм. Хорин жил ээлжлээд эрх барилаа, аль нь ч ялгаа алга гэсэн бодол төрчихсөн болохоор тийм хандлага анзаарагдсан тал бий. Гэхдээ тэд улстөрийн туршлагагүй байсан учраас алдсан л даа.

-Алдсан уу, эрх баригч намуудаас шахалт үзүүлсэн үү. Тухайн үеийн АН-ын дарга тэднийг өрөөндөө дуудаад дарамталсан гэх мэтийн барим тавим яриа дуулдаж л байсан?

-Тэрийг мэдэхгүй. “Алдуулсан” юм ч бий байх. Ерээд онд ардчилсан хүчний залуус гарч ирээд засагтай хэлэлцээр хийж байсан даа. УИХ-ын тараана, тараахгүй, намыг татан буулгана буулгахгүй гэх мэт асуудлаар. Нэг талаас Б.Чимид гуай оролцож байсан юм. Нөгөө талаас Үүл, Да.Ганболд, Дорлигоо гэсэн залуус орж байлаа. Б.Чимид гуай аядуухан эргүүлсээр байгаад байр сууриа хүлэн зөвшөөрүүлчихдэг байсан юм. Хэн нь билээ “Та муухай хүн юм аа, яаж ийгээд эргүүлчих юм” гэхэд Б.Чимид гуай инээснээ “Би яахав ээ, та нар миний насан дээр ирэхээрээ ямар аймшигтай болно гэж бодож байна” гэсэн гэдэг. Таны саяын хөнддөг өнцөг ерөөсөө л тэр фактор. Б.Чимид гуайн нас руу дөхөж яваа нөхөд ХҮНам гээд хэдэн залуус гараад ирэхээр зүгээр суухгүй нь мэдээж л дээ. Тэгж их гайхахаар зүйл биш. Том зургаараа бол гол хоёр нам шаардлага хангахгүй, итгэл төрүүлэхгүй байгаа нь ойлгомжтой хэрэг. Энэ хоёр нам шинэ юм гаргаж ирж, шинэ маягаар ажиллахгүй бол гуравдагч хүчний эрэлт хэрэгцээ улам л нэмэгдэх байх.

-МАН-ын шинэ засаг дахиад унах магадлал өндөр. АН ч хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байна. Тэгэхээр ирэх сонгуулиар гуравдагч хүчний томоос том орон зай байгаа юм биш үү?

-Үгүйсгэхгүй. Гэхдээ дахиад хэлэхэд гол хоёр нам яахаас хамаарна. Үнэхээр өөрчлөгдөж шинэчлэгдээд орчин цагийнхаа эрэлт хэрэгцээг ойлгоод, тэр хүрээндээ агуулгын чанартай том өөрчлөлтүүд хийгээд, нам доторхи элдэв зүйлээсээ ангижраад явж чадвал хүмүүс ондоогоор хүлээж авна.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засаг руу хандсан зөв, буруу шийдвэр гэвэл танд онцлох зүйл байна уу?

-Аливаа засаг байгуулагдахаас өмнө их шуугих юм. Тэр шуугианы асар зовлонтой үр дагавар нь – маш өндөр хүлээлт үүсгээд байна. Шинэ засаг байгуулагдаад маргааш нь диваажин байгуулах юм шиг хүлээлт үүсдэг. Тэмцэлдэж байгаад эрх мэдэлд хүрснийхээ дараа яах вэ гэдгээ бодоогүй нь хамгийн том алдаа болдог. Төлөвлөөгүй учраас гарч ирэнгүүтээ популист алхам хийгээд байна л даа. Нэгэнт популист алхам хийчихээр түүндээ идэгдээд явчихдаг. Засгийн сая гаргасан шийдвэрүүдийг харж байхад наад зах нь танхимаа бүрдүүлэхдээ хүртэл гунигтай хэлбэрээр байгуулчихлаа. Давхар дээлтнүүд бараг зуун хувь. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болоход хүн болгон дотроо “Эдийн засгаа гадарладаг, юмаа мэддэг” гэж дүгнэсэн. Гэтэл 300 мянган төгрөг тарааж өгнө гэчих жишээний. Эдийн засгийн шийдэл үү, төрийн албан хаагчийг авлигадаж байгаа хэлбэр үү. Засгийн газар төрд ажиллагсдаа авлигадаж эрх мэдэл, албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн коко руу орж байгаа бол гунигтай. Гэхдээ наанадаж 100 хоног ажиллаг. Тэр болтол нэг их шүүмжилмээргүй байна.

-Арилжааны банкуудын хүү өндөр байна, төрд нөлөөлдөг маш том бүлэглэлийн нэг нь банкныхан гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хийх вэ?

-Дахиад л популист хандлага. Манай улс төрчид өөртөө хир халдаагүй, харин аль нэг юмыг буруутан болгохыг л илүүд үзэж байна. Үнэн хэрэгтээ статистик, элдэв тоо баримт харахаар арилжааны банкуудын хийж буй ашиг ойролцоогоор гурав хүртэлх хувь л байна. Нөгөө талаас нь харвал зээлийн өндөр хүү зөвхөн арилжааны банкнаас болоогүй. Өөр олон хүчин зүйлс бий. “Голомт” банкнаас зээлийн хүү яагаад өндөр байгаа талаар судалгаа гаргасан байсан. Нэлээд дорвитой судалгаа харагдсан. Валютын нөөц, гадаад өр гэх мэтээс хамаараад ханшаа барихын тулд Монголбанк бодлогын хүүгээ өөрчлөөд байна. Монгол банк бодлогын хүүгээ өсгөхөөр арилжааны банкууд зээлийн хүүгээ автоматаар өсгөхөөс аргагүйд хүрдэг гэсэн утга бүхий судалгаа байсан.

Нөгөө талд бас нэг шалтгаан бий. Монгол импортын асар өндөр хамааралтай эдийн засагтай улс. Ханш өндөр байвал импортын барааны үнэд нөлөөлнө. Импортын барааны үнэ өндөр бол худалдан авах чадвар буурна. Ийм гинжин урвал. Үүнийг шийдэх л ёстой. Ерөнхийдөө хүү бол мөнгөний л үнэ. Өнөөдөр төгрөг 12 хувь, 18 хувийн үнэтэй гэж байна. Нэг талд нь зээлийн эрэлт, нөгөө талд нь нийлүүлэлт бий. Тэгэхээр эрэлт, нийлүүлэлт нь бидний хүсээд байгаа түвшинд хүртлээ авцалдаж өгөхгүй л байгаа хэрэг. Мэдээж арилжааны банкууд боломжоо тултал нь ашиглавал хүүгээ хоёр, гурван пунктээр бууруулах боломжтой. Гэхдээ арилжааны банк руу бүхнийг чихэж болохгүй.

-Арилжааны банкууд томрох хэрээр бусад салбар руу орж эхэллээ гэсэн шүүмжлэл Эрдэнэт дээр их тод яригдаж байна л даа. Энэ хэр зөв хандлага гэж та харж байна?

-Арилжааны банкууд дотроо янз бүр. Жижиглэнгийн, корпорацийн чанартай гэх мэт. Манайд хөрөнгө орууалтын банкуудын хэлбэр үүсч байна. Аливаа том объектийг худалдаж авч, зарж байгаа үйл явцыг санхүүжүүлэх үүрэгтэй банк гэсэн үг. Хэрвээ тийшээ орохгүй байгаа бол тэнэг явдал. Эрдэнэт дээр их олон жил явсан “шахааны” тогтолцоо байгаа юм. Ялангуяа сүүлийн хорин жил илүү хүчтэй болсон. Эрдэнэтээс зулгааж амьдардаг бүлэг, арми үүсчихсэн. Тэд амьдрах гээд байна. Хувийн сектор ороод ирэхээр тодорхойлолтоороо санхүүгийн сахилга бэхжээд явчихдаг. Шахаа багасдаг, шахааны ажилчид багасна. Хоёрын хооронд дарганцар царайлсан өчнөөн хүн Эрдэнэтэд бий. Тэр бүхнийг хөдөлгөөд сэгсрээд ирэхээр арвалзаж эхэлж байгаа юм. Тэдний эсэргүүцэл гэдэг агуу.

-Эрдэнэтэд илрээд байгаа энэ эсэргүүцэл онолоороо мөн л цаг хугацаатай, байх ёстой эд үү?

-Тэгж ойлгож болно. Менежмэнтийн шинжлэх ухаанд нэг онол бий. Өөрчлөлтийг яаж удирдах тухай. Ямар нэгэн байгууллагыг өөрчилж цоо шинэ болгоход ямар хүндрэл учирдаг яах ёстой талаар бүх зүйл цаасан дээр бичигдчихсэн, амьдралаар нотлогдчихсон. Тэр бүхэн манайд өрнөж байна. Таны асуусанчлан мөн л цаг хугацааны асуудал. Төрийн механизмыг бүх хэмжээгээр татан оролцуулдаг онол л харагдаж байгаа юм.

-Bank of China салбараа нээчихвэл бага хүүтэй урт хугацаатай зээл авах боломж компаниудад нээгдэж, эдийн засагт их мөнгө эргэлздээд дажгүй сэргээд ирнэ гэсэн байр суурьтай судлаач, бизнес эрхлэгчид цөөнгүй бий. Bank of China орж ирвэл ийм эерэг өөрчлөлт гарах болов уу?

-Bank of China орж ирэх хэмжээнд хүрчихгүй болов уу. 27, 28 жил өөрчлөлт хийгээд явлаа. Ямар нэг сургамж авах ёстой бол ганцхан сургамж авах ёстой. Монголыг монголчууд л авч явна. Сайн ч муу ч монголчууд л Монголоо авч явна. Тэр дундаа бодит эдийн засагт хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсээ ад үзээд байвал бид урагшаа алхаж чадахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *