Монголын төрд “Ядаж Амаржаргал шиг байгаарай” гэсэн стандарт бий болгочих юмсан гэдэг бодол бий

-Таныг сая нэг их хүнд сэдэв, тэр дундаа улс төр бодож толгой өвтгөх сонирхолгүй байгаа гэж хэлсэн болохоор ярилцлагаа хөнгөхөн сэдвээс эхлүүлье. Жишээ нь, Монголын топ моделийг жил бүр шалгаруулдаг “Гоёл” наадам байна. Та зургийг нь twitter-тээ тавьсан байсан?

-Үгүй яах вэ. Нэг их үзээд байдаггүй юм. Гол нь, эр хүнийхээ хувьд эхнэрээ баярлуулах хэрэгтэй биз дээ. Хааяа гоё сайхан үзвэр үзэхэд нь хань болж явж байгаа юм. Гэхдээ сүүлийн 2-3 жил тогтмол үзээд л байна.

-Танд ямар бодол төрж байна?

-Нэг зүйл ажиглагдаж байгаа нь манай загвар зохион бүтээгчид маш хурдан өсөж байна. Дизайнеруудын сэтгэж байгаа, уран сэтгэмж, бүтээлийн чансаанд асар том үсрэлт гарч байна. Тэрийг нь хараад хувьдаа маш их баярлаж байгаа. Ялангуяа эртний үүх түүхээ уншиж, судалж байгаа байдал, орчин цагийн хэв загварыг томьёолж шинээр гаргаж ирж байгаа нь маш гайхамшигтай. Бахархахаас өөр аргагүй. Эдийн засгийн бүхэл бүтэн бие даасан салбар гарч ирж байна гэж харж байгаа.

Энэ нь манай Монголын эдийн засагт их том бүтэц бий болох ирээдүй байна гэж бодогддог. Магадгүй манай монголчууд үүгээрээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэлээн хэсгийг үйлдвэрлээд гараад ирэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа манай моделиуд чинь бас л том дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хэсэг болоод явж болно. Бас байж болох л хувилбар.

-Та бас тоо боддог байх нь. Тийм үү?

-Дотроо бас бодно оо. Гоо сайхны таашаал авах, мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ нийгэмд хувь хүний соёл, биеэ авч явах зөв төлөвшил, бахархах бахархал талаасаа асар өндөр соёл өгч байна. Ядаж л өнгөний мэдрэмж өгнө өө дөө.

-Шүүмжлэх зүйл гараагүй юу?

-Арай жаахан удаан байх шиг санагдсан шүү. Цаг гаруй хугацаанд зохион байгуулдаг болчихвол үзэгчээ залхаахгүй бас их аятайхан болж магадгүй. Өөрөөр бол цэвэр урлагийн илэрхийлэл талаас нь үзэхэд сайхан санагдсан.

-Та топ модель Э.Одгэрэлийн зургийг постолсон байсан. Гоо зүйн хувьд ямар ч хүний сэтгэл баясмаар сайхан бүсгүй шүү дээ. Магадгүй эмэгтэйчүүдийн нийтлэг төрх, үнэлэмж талаас нь та ч гэсэн бахархдаг байх?

-Үнэхээр загвар өмсөгч талаас нь бахархаж, хүндлэлгүй яах вэ. Би өөрөө танихгүй. Хааяа таарахаараа “Сайн. Сайн байна уу” гээд л өнгөрдөг. Гэхдээ Монголд бүхэл бүтэн загвар өмсөгч гэдэг салбарыг бий болгож, энэ салбартаа маш олон жил тууштай явж байгаа нь асар их хөдөлмөрч, тууштай, дайчин хүний шинж чанар. Хүний нас гэж байна. Тэгэхэд өдий насан дээрээ моделийн бизнесээ хөгжүүлж явна гэдэг том чанар.

Моделийн эдийн засаг гэж ч нэрлэж болохоор. Энэ чинь хүч хөдөлмөр байхгүй юу. Үүнийг монголчууд ч үнэлж, хүндлэх хэрэгтэй. Өөрөөр бол би тэр хүнийг мэдэхгүй. Энэ чинь цоо шинэ салбар шүү дээ. Мэдээж ганц Э.Одгэрэл биш. Миний мэдэхийн “Шилмэл загвар”-ын захирал Ч.Оюунгэрэл гэж эмэгтэй байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болж байсан. Орчин цагийн Монголын гоёл, загвар гэдгийг чин сэтгэлээсээ өнөөдрийг хүртэл авч яваа хүн шүү дээ.

-Ер нь бодоход 1990 оны ардчилсан хувьсгал гээд ярихаар нэр бүхий улстөрчид “Бид хувьсгал хийсэн. Сүхбаатарын талбай дээр бидэн рүү танк оруулах гэж байхад тэрийг мэдчихээд хөтлөлцөөд сууж байсан. Энэ бол бидний гавьяа” хэмээн ярьдаг.

Гэтэл зөвхөн та бүхэн ч бус дуучид нь дуугаараа, загвар өмсөгчид нь загвараараа, яруу найрагчид нь шүлгээрээ дор бүрнээ ардчиллын салхи сэвэлзэх тэр хөдөлгөөнд хувь нэмэр оруулсан санагддаг. Харамсалтай нь, тэдний хүч хөдөлмөр, зүтгэл, шинэчлэл улстөрчдийн далбаанд дарагдаад өнгөрөх юм. Бас л хайран үнэлэмж шүү?

-Үнэн. Үнэхээр үнэлэх хэрэгтэй. Өөрийн сонголтдоо үнэнч, тууштай зүтгэж байгаа хүн бүр миний хувьд Монголд үнэтэй байх ёстой гэж боддог. Тэд чинь улс орны, нийгмийн капитал байхгүй юу. Зарчимч, чигч, хөдөлмөрч байна гэдэг өөрөө үнэт зүйл юм.

-Та капитал мөн үү, Монголын?

-Би ч нэг их капитал бол биш л дээ. Жирийн л нэг ардын төлөөлөл. Гэхдээ өөрөө өөртөө би маш хатуу шаардлага тавьдаг. Ямар ч гэсэн олж авсан нэр нүүрээ хөсөрдүүлэхгүй, үүгээрээ үлгэр дууриал болоод явчих юмсан гэсэн бодолтой байдаг.

-Хүмүүс таныг Ерөнхий сайд байсан гэдэгтэй тань зөвхөн холбохгүйгээр “Дахин Ерөнхий сайд болох хэрэгтэй. Сангийн яамыг удирдах ёстой хүн. Ардчилсан намын дарга болбол тохирно. Ерөнхийлөгч болох ёстой” гэх мэтээр үнэлж, дүгнэдэг. Мэдээж тэр хэрээр хүндлэл байдаг нь ойлгомжтой. Энэ бол яах аргагүй таны өнгөрсөн 27 жилийн турш олон түмэнд ойлгуулсан имиж, итгэл. Таны хувьд энэ итгэл, хүлээлт, хүндлэлд эзэн байх шаардлага өөртөө тавьдаг уу?

-Хэцүү. Гэхдээ тэр хүмүүсийн итгэл найдварыг зуун хувь, бүрэн дүүрэн хүлээгээд, эзэн болоод яваад байна уу гэвэл үгүй. Хувь хүний маань дотор тэгж бодогддог. Гэхдээ өөрөө өөртөө тавьдаг шаардлага бол Монгол төрийн энэ нэг эмзэг үед, 1990 оноос хойш өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлт дунд Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой юм гэсэн стандартыг бий болгочих юмсан гэсэн бодол байдаг. Ядаж нэг Амаржаргал шиг байгаарай. Гэхдээ аргаа ядахад шүү дээ. Болж өгвөл бүгдээрээ Амаржаргалаас дээгүүр байгаасай гэж боддог.

-Таны хувьд өөрөө өөрийгөө дундаж хэмжүүрт хамруулж байна уу?

-Тэгж хэлж болно. Ядаж л гэж хэлээд байна шүү дээ. Төрийн хүн нэг иймэрхүү л байвал бас болж байна даа гэсэн өөрийн гэсэн бодол байдаг. Тэр хэмжээндээ л өөрийгөө үнэлдэг гэх юм уу даа.

-Энэ хэмжүүртээ та өөрөө сэтгэл дүүрэн байж чаддаг уу?

-Үгүй яах вэ. Заримдаа сэтгэл хангалуун байна. Заримдаа бас сэтгэл дундуур байх үе гарна. Хүний амьдрал шүү дээ.
-Гэхдээ хувь хүний тань онцлог бас байна л даа. Багаар тоглодоггүй, зөрүүд гэх мэт сөрөг талыг нь дурдахад бас гарч ирэх нь тодорхой. Наад зах нь, таныг Ерөнхий сайд болгуулах тохироо хийхээр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд өмнөх өдөр нь тантай хоол идсэн тухай яриа гарч байсан. Харамсалтай нь, таныг маргааш нь намынхаа нөхөдтэй тохироо хийгээгүй. Ганцаараа гүрийгээд өрсөлдсөн гэдэг яриа байна?

-Наад яриа чинь худлаа шүү. Ёстой цуурхал юм л даа. Гэхдээ ерөнхийдөө эрх мэдэл албан тушаал өөрөө наймааны хэрэгсэл байх ёсгүй юм. Ерөөсөө л зарчим дээр тулгуурлаж явах учиртай. Тэрийг бодох хэрэгтэй. Түүнээс бус мөнгө тарааж, хүмүүсийг архидуулж, албан тушаал амлаж эрх мэдэлд хүрэхийг бол би хувьдаа байж болохгүй зүйл гэж боддог.

Би чинь муу ч, сайн ч Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Ерөнхий сайд гэдэг энэ алба чинь их нандин, үнэ цэнэтэй алба. Ард түмэн Ерөнхий сайдад асар их итгэл найдвараа өгдөг гэсэн ойлголт надад байдаг. Тийм учраас энэ албаны нэр хүндийг унагаахгүй, үнэгүйдүүлэхгүй, наймааны хэрэгсэл болгочихгүй байх юмсан гэдэг байр сууринаас л ханддаг.

Түүнээс ургаж бүх үйлдлүүд гарч ирдэг.

-Гэхдээ Ардчилсан намын дотоод сунгаанд удаа дараа ялагдал хүлээх нь танд эмзэг сэдэв мөн үү?

-Эмзэг үү.

-Тийм ээ.

-Бас хаяадаа эмзэглэнэ ээ. Гэхдээ би аливаа зүйлд философийн үүднээс хандахыг хичээдэг. Ер нь байгаа маань энэ. Манай намын ч байж байгаа байдал нь энэ. Гишүүдийн маань байгаа нь ч энэ. Магадгүй арван жилийн дараа нөхцөл байдал өөр болох байх. Гэхдээ байгаа нь л энэ.

Арай илүү уран цэцэн ярьдаг, мөнгөтэй төгрөгтэй, бяртай хүчтэй талыг нь сонирхдог. Өөр юм сонирхохгүй, үнэлэхгүй байна. Магадгүй амьдрал ахуй нь сайжраад, үнэт зүйл нь төлөвшөөд ирэхээр жинхэнэ утгаар сонголт хийдэг болох байх. Өөрөөр бол би бусдад гомдоод, намайг унагаалаа гээд байх юм байхгүй.

-Хэт философилог хандах нь бас дэмий биш үү. Хүний амьдрал шүү дээ. Алдаа оноо нь зэрэгцээд, ялалт ялагдал нь ээлжлээд л явах зүйлд байнга гүн ухаанчаар хандана гэдэг өрөөсгөл ч байж мэдэх юм. Миний л бодол шүү?

-Мэдэхгүй юм. Яг зорилго нь юу юм бэ гээд бодох хэрэгтэй. Үнэхээр эрх мэдэл албан тушаалыг эцсийн зорилго болгоод явж байгаа бол нэг хэрэг. Харин алба гэж ойлгодог бол өөр хэрэг. Олны итгэл гэж бодвол арай өөр шүү.

-Гэхдээ та өмнө нь “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулагдаж, УИХ-ын сонгуульд ороход бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан. Энэ тань эрх мэдэл рүү хүрэх арга замыг өөрийнхөө өнцгөөр олж харсан арга зам биш үү. Зорилгыг нь эрх мэдэл гэж харах гээд байна л даа?

-Тэр үеийг сайн харах хэрэгтэй. УИХ-ын 2004 оны сонгууль шүү дээ. Олон намын бүрдэл болсон учраас бусад намуудтай гэрээ хийх замаар тойргуудаа хуваарилсан. Тойргоо жижиг намуудын хүсэлд нийцүүлж өгөхгүй бол гэрээ задарчих гээд их төвегтэй үе байсан. Тийм болохоор миний хувьд “Эвсэл нь байгаасай. Би энд шийдэл болохоос бус асуудал болоод хэрэггүй” гэдэг үүднээс тойргоо сонгож, бие даан нэр дэвшсэн. Хоёрдугаарт, би өөрийгөө тодорхой хэмжээнд Монголын ард түмэнд өртэй гэж бодсон.

-Яагаад?

-1999 онд Ерөнхий сайд болж, 2000 оны УИХ-ын сонгууль болтол ажилласан. Тэгээд ард иргэдээ “За яах вэ, энэ Ерөнхий сайд болсныхоо дараа биеэ оторлоод явчихлаа” гэж бодоосой гэж хүсээгүй. Тэднийхээ итгэлийг хариулах ёстой биз дээ. Мэддэг чаддаг зүйлээ УИХ-ын гишүүн болоод хийе ээ л гэж бодсон.

Намынхан маань ч нэр дэвших ёстой гэж үзэж байсан учраас УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшээд ялалт байгуулахад харин ч бүр Ардчилсан намын дэд дарга болгож байсан түүхтэй юм шүү.

-Та гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын хийж хэрэгжүүлж байгаа ажил, удирдлагуудын алдаа дутагдлыг зөвшөөрөхгүй гээд УИХ-аас татгалзах, Ардчилсан намаас гарах саналаа бичгээр хүргүүлж байсан. Олон нийтийн зүгээс энэ үйлдэлд тань нэлээн гайхамшиг болсон.Гарлаа гэсэн хэр нь гардаггүй. Явлаа гэснээ явдаггүй гэх мэтээр?

-Нам гаргаагүй. Би гарах бичгээ өгсөн. Миний бодлоор Ардчилсан нам нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн түүчээ, үлгэр жишээ байх ёстой. Ядаж л намынхаа их хурлыг цаг хугацаанд нь хийдэг, бодлогоо хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу болж хувирав. Үндсэндээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ажиллах зарчим, багаа бүрдүүлэх чадвар нь сул байсан. Өнөөдөр ч тэр үеийн алдаа дутагдал уламжлагдаад явж байна.

Миний хувьд хувийн эрх ашгаа дээдэлсэн улстөрчидтэй эвлэрч, нэгдэж чаддаггүй. Зарчмын хувьд зөв гэсэн байр сууриа хамгаалдаг. Өөрийгөө бас нэг их буруу бодолтой, буруу зорилгот.ой улс.төрч гэж боддоггүй. Ер нь одоо манай үеийнхэн бодмоор байгаа юм. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн гэдэг тэр дуулиан, тэр нэр хүндээрээ алийн болгон төрд тахигдаж, төрд дархлагдах вэ дээ. Энэ бол бидний ярих ёстой сэдэв. Тэр утгаар би өргөдлөө өгч байсан. Харамсалтай нь, ёстой нам намайг гаргаагүй шүү.

-Ардчилсан намын лидерүүдийг харахад бүх улс төрийн үйл хэрэгт гаргаж буй алдаагаа “Бид ардчилсан хувьсгалыг авчирсан” гэдэг нэг хариултаар цайруулаад байх шиг санагддаг, Гэтэл ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн он жилээс хойш хуримтлагдсан Монголын дүр төрх, баян ядуугийн ялгаа, орлогын тэгш бус байдал, нийгмийн бухимдал бүхэн чинь өнгөрсөн 27 жилийн үр дүн шүү дээ. Ийм байхад яагаад алдаагаа олж харахгүй, урагшаа хараад өөр өөрсдийгөө баатарлагаар магтан дуулаад байна вэ гэж гайхахад хүрдэг. Таны хувьд энэ алдааг өөртөө нааж чадах уу?

-Үнэн, үнэн. Энэ бүхэн яах аргагүй бидний алдаа. Цаг тухай үед засаж залруулж болох байсан уу гэвэл байсан. Миний хувьд өнөөдөр ч өөрийнхөө алдааг олж хараад л сууж байна. Намынхаа алдааг ч олон жилийн өмнөөс олж харсан. Гэхдээ намынхан маань үүнийгээ хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг нь өөрөө бас асуудал. Ер нь 1990 оноос хойш болж өнгөрсөн нийгмийн доройтолд Ардчилсан намынхныг холбож дуугардаг хүн яг үнэндээ манай нам дотор байдаггүй юм. Бүгд өөрөө өөрийгөө зөвтгөдөг.

-Гол нь Монголын ард түмэн бүгдээрээ ардчилсан хувьсгалд талархдаг. Тийм ч учраас танай намд удаа дараа олонхоороо саналаа өгч, төрийг удирдах эрх үүрэг хоёрыг хамт өгсөн. Гэтэл Ардчилсан нам төр барих тоолондоо алдаа гаргасан. Цаашид ч өөрчлөгдөх эсэхийг бид мэдэхгүй. Гэсэн ч ардчилсан хувьсгалыг Монголд авчирсан гэдгээр та бүхэнд талархсаар явах ёстой юу. Энэ нь Ардчилсан намын лидерүүдийн насан туршид дагалдах талархал мөн үү?

-Яг намынхнаа өмнөөс бол хариулахад хэцүү асуулт байна. Хүн бүр өөрийн бодолтой. Миний хувьд аливаа зүйл хувьсан өөрчлөгдөж, нийгэм хөгжихийн хэрээр улс төрийн нам ч, лидерүүдийн арга барил, бодол санаа ч, чи ч өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой гэж боддог. Нийгмийн өмнө тулгамдаж буй шинэ асуудал бүрт шийдэл болох ёстой болохоос бус хувь хүн ч байна уу, намын лидер ч байна уу өөрөө асуудал болоод сууж байж болохгүй. Тэр утгаараа л хандах ёстой байх.

-Та хаана нь алдаа гаргасан байна гэж хардаг вэ?

-Хамгийн наад зах нь боловсон хүчний бодлого. Үүн дээр манай нам асар том алдаа гаргасан. Техникийн шинж чанартай асуудлууд байна. Улс төр болон системийн чанараа хольж хутгасан. Ер нь яривал зөндөө зүйл бий. Одоо харин яах ёстой вэ гэхээр бид алдаагаа эхний ээлжинд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэр даруйдаа өөрчлөхийн төлөө ажиллах хэрэгтэй. Ингэхдээ юун түрүүнд төрийн албанд цэгц шударга хүмүүсийг яаж оруулж ирэх вэ гэдэг арга замаа тодорхойлох хэрэгтэй.

Төрийн жинхэнэ түшмэдүүдийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулах цаг болсон. Цүнхийг нь барьж явдаг, долгиндог, магтдаг, зусарддаг хүмүүсийг кранаар дээш нь өргөж тавих замаар төрийн албыг сүйтгэдгээ болих хэрэгтэй. Бид төрийн албыг ийм үнэ цэнэгүй болгосон. Төрийн албыг арилжааны хэрэгсэл болгосон нь ч бидний л хийсэн алдаа. Харамсалтай нь “Бидний алдаа” гээд хэлчих хүн өнөөдөртөө гарч ирэхгүй л байна.

-Та гэхдээ хүлээн зөвшөөрч байна шүү дээ?

-Үгүй тэгээд хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм бэ. Сүүлийн 20 гаруй жил улс төрд явлаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллалаа. УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдлоо. Ард түмний энэ итгэлийн өөдөөс худлаа яриад сууж болохгүй биз дээ. Энэ бол миний зарчим. Би өөртөө ядаж зарчмаа барихгүй бол бусад хүнд яаж шаардлага тавих болж байна аа.

-Төрийн албанд та өөрөө хөөцөлдөж ах дүү хамаатан садан, найз нөхөд, үр хүүхдээ оруулж байсан уу?

-Нэг ч тийм удаагийн тохиолдол байхгүй.

-Ойр дотнынхон тань “Хаялга муутай” гэж бухимдахгүй юу. Улстөрчдийн хувьд энэ үг бас их хатуу сонсогддог шиг байгаа юм?

-Үгүй тэгээд яах ёстой юм бэ. Хаялгатай болох гээд төрийн албанд тэнцэхгүй хүмүүсийг төрд шахаад суултай нь биш дээ. Би чинь өөрөө багш байсан хүн. Багш хүнд нэг зарчим байдаг юм. Тэр нь үргэлж шударга дүн тавьж, нэг зарчмаа барих. Урдаас нь харж өөр дүн тавиад, буруу харж түүнийгээ засдаг багш хаана ч байхгүй. Тэгэхээр багш хүний ёс суртахуун гэдэг маш өндөр шалгуур байгаа юм. Ярьж байгаа, хийж байгаа зүйл нь хэзээ ч зөрөх ёсгүй.

-Эдийн засагч, багш хүн хоёрын зарчим яг цав нийцэх үү?

-Нийлнэ. Наад зах нь эдийн засгийн гэхээс илүүтэй бизнесийн номер нэг хууль бол “Нэр хугарахаар яс хугар гэдэг зарчим”. Хэрэв чи бизнесийн зарчимдаа бусдыг хууран мэхэлж, залилсан бол хэзээ ч босож ирэхгүй. Дахиж сэхэх ямар ч арга зам байхгүй. Тэгэхээр бизнест хол явъя гэж бодож байгаа бол нэр хугарахгүй байх зарчмыг барих ёстой.

-Санхүү, эдийн засгийн их сургууль таны бизнес мөн үү. Одоог хүртэл хүмүүс хэний эзэмшилд байгааг нь сайн мэддэггүй юм билээ. Танаас би энэ сургуулийн байранд ярилцлага авч байгаа болохоор асууж байна л даа?

-Үгүй ээ, миний бизнес ч биш. Бүр хобби ч биш.

-Таныг бараг Ерөнхий захирлын үүрэг хүлээж байгаа гэж дуулсан?

-Өө, үгүй, үгүй. Тийм юм байхгүй. Д.Батжаргал захирал ректор хэвээрээ байгаа. Бид Их сургууль болсных нь дараа сургууль дээрээ институт байгуулсан. “Глобаль эдийн засгийн судалгааны институт” гэж. “Нэгэнт цоо шинэ институт байгуулсан учраас Амаржаргалаа чи ирээд нэр хүндтэй судалгааны төв болгохын тулд ажиллаач” гэж Д.Батжаргал ректор санал тавьсан. Би тэр дагуу л энд ажиллаж байгаа.

-Анхандаа хүмүүс танай багийг менежментийн хувьчлалаар СЭЗИС-ийг авсан гэж ярьдаг байсан. Одоо төрийнх үү, хувийнх уу гэдгийг нь салгадаггүй. Ер нь ямар учиртай юм бэ?

-Энд ямар ч менежментийн хувьчлал явагдаагүй. Хүмүүс жаахан буруу ойлголттой байдаг шиг байна лээ. Төрийн эзэмшлийн сургуулийг олон нийтийн эзэмшлийн л болгосон хэлбэр. Үүгээрээ Харвард, Стэнфортын их сургуультай адилхан. Яг эзэн нь хэн юм бэ гэхээр байдаггүй. Нийтийнх болчихсон байдаг. Тийм болгон хувиргаж байгаа л үйл явц. Одоо ч үргэлжилж байгаа. Тэр хэрээр өөрчлөлт шинэчлэлтийг маш их хийсэн.

Нэг давуу тал нь манай удирдлага, багш нар шинэчлэлийг маш сайн хийдэг. Тэр ч утгаар бусад их сургуулиудаасаа нэг, хоёр алхмын өмнө яваад байна уу гэж харагддаг. Тэр болгон бас эхлүүлсэн бүхнээ гүйцээсэн үү гэвэл худлаа. Гэхдээ байнга хөдөлгөөнтэй, шинэчлэл рүү зүтгээд байхаар аяндаа үр дүн гардаг шиг байгаа юм.

-Нэгэнт СЭЗИС-ийн тухай ярьсных Монголын боловсролын салбарын шинэчлэлийн талаар танаас тодруулъя. “Шинэчлэх хэрэгтэй. Боловсролын салбарын шинэчлэл Монголын хөгжлийн гол гарц” гэж яриад байгаа хэр нь яг “Юуг нь шинэчилчхэв”гэхээр шинэчлэл нь харагддаггүй шүү дээ?

-Ерөөсөө л нэг зовлон нь сайн дурын уран сайханчид. Сайн дурын уран сайханчид гэдгийг ямар утгаар хэлээд байна вэ гэхээр удирдаж байгаа сайд, дарга нарыг хэлээд байгаа юм. Салбарынхаа талаарх мэдлэг маш нимгэн сайд, дарга нар гарч ирэхээр яаж хөгжих вэ дээ. Түр зуурын уриа лоозон маягийн ажил хийдэг. Шуугиан дагасан асуудалд хөтлөгдөөд, системээр нь тайван байлгасангүй.

Тасралтгүй шинэчлэл нэрээр хөдөлгөж, донсолгосон. Энэ чинь урт удаан хугацаандаа цэгцрэх ёстой салбар. Нэг ч сайд тийм боломжийг нь олгоогүй. Илт нүдэнд юу харагдаж байна вэ гэхээр элсэж байгаа хүүхдүүдийн чанарын асуудал. Ний нуугүй хэлэхэд сүүлийн 15 жилийн хугацаанд элсэгчдийн чанар чансаа маш их муудсан. Яаж аравдугаар ангиа төгссөн юм бэ гэж бодмоор.

-Гэхдээ хүүхдүүд танай сургуульд орохын тулд тусгайлан бэлддэг болоод байгаа даа?

-Үнэн. Манайд хамгийн сайн хүүхдүүд нь орж байгаа. Тэр хэрээр бүгдийг нь муу байна гэж хэлэхгүй. Гэхдээ гологдож байгаа нэг хэсэг байж л байдаг. Эндээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар чансаа асар доройтож байгаа нь харагддаг. Яагаад ерөнхий боловсролын сургуулийн чанар чансаа дорой байна гэхээр олон зүйлийг ярьж болно. Тэр дундаас багш нарынх нь чадвар сул байгаа нь бодитой үнэн. Үүнийг системээр нь өөрчлөх хэрэгтэй.

Дээр нь, сургуулийн өмнөх боловсролын сургалтын асуудал байна. Үүнд төр бодлогоор анхаарах хэрэгтэй. Мөн гэрээр олгодог боловсролын асуудал байна. Тэгэхээр хүүхдийг эхээс төрөхөөс эхлээд олгодог суурь боловсрол, хүмүүжлийн асуудлыг анхаарах хэрэгтэй болсон байна аа даа. Гэр бүл болж байгаа залуучуудын амьдралд хандах хандлага, үүрэг хариуцлага хүлээх чадвар, сэтгэл зүйн бэлтгэлийг ч бодох хэрэгтэй. Энэ чинь нэг айлын асуудал биш байхгүй юу.

-Багш нарын хувьд “Цалин нэмчихвэл хүүхдээ сайн сургана аа” гэдэг асуудал яриад байна. Та үр дүн нь эрс өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг үү?

-Цалин нэмэхийг би хувьдаа дэмждэг. Багшийн хөдөлмөрийг нийгэмд хамгийн үнэтэй хөдөлмөрийн нэг байх ёстой гэж үздэг. Тэр утгаар нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, ардын хүүхдийн төлөө хамаг бүхнээ зориулж байгаа багш хүн ахуйн чанартай асуудалтай зууралдаад, тэрнээсээ хараат байж болохгүй. Тийм тохиолдолд, хоногийн хоолоо яаж олох вэ, яаж гутал авч өмсөх вэ гэж бодож байгаа хүн ер нь яаж тайван хичээл заах юм бэ.

Тэр утгаар нь амьжиргааны төвшинг нь баян чинээлэг биш ч дундаж төвшинд байлгахад боловсролын салбарт үнэлгээг бий болгох хэрэгтэй. Дээр нь, дэлхийн хөгжлийг дагаад багшийн үүрэг техник технологитой маш их уялдаж байна. Энэ төвшинд багш нараа бэлтгэх хэрэгтэй. Ер нь тэгээд манайх шиг газар зүйн байршилтай улс оронд тодорч гарч ирж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хангана гэж байгаа бол боловсролын салбараа эн тэргүүнд л тордож, өнгөлөх хэрэгтэй.

-Та 1991 оноос хойш энэ сургуультай холбоотой байгаа билүү?

-Эдийн засгийн коллеж байхад нь захирлаар томилогдсон цагаасаа хойш үргэлж л тодорхой хэмжээнд холбоотой явж ирсэн. Гэхдээ СЭЗИС ганцаараа ч шинэчлэгдээд байгаа юм биш. Тэр хэрээр бусад сургуулиудтай нээлттэй санал солилцож, туршлага хуримтлуулах боломжоор нь хангадаг. Ер нь их нээлттэй. Дээр нь, орчин цагийн сэхээтэн гэж хэн бэ гэдэг хөрсийг нь бэлтгэхэд их анхаардаг. Энэ их чухал ойлголт шүү.

-Тэгвэл таныхаар орчин цагийн монгол сэхээтэн ямар байх ёстой вэ?

-Маш өндөр соёлтой л хүн. Оюуны болон хувийн соёлтой байх ёстой. Энэ соёл нь ажил үйлсээрээ, хувцаслалтаараа, харилцаагаараа илэрдэг байх ёстой. Ганган гэдэг утгаар нь ярьж байгаа юм биш. Цэвэр, цэмцгэр байдлаар нь хэлж байгаа юм. Олон улсын байгууллагын хурал цуглаанд яваад очлоо гэхэд тэнд байгаа хүмүүсийн өмнө Монголын нэрийг унгахааргүй нэр төртэй гардаг соёлтой, боловсролтой байх хэрэгтэй.

-Улстөрчид соёл эзэмших хэрэгтэй юу. Сүүлийн үед ч улам л хэцүү болоод байгаа харагддаг?

-Дээд зэргийн, бүр дээд зэргийн соёлтой байх ёстой.

-УИХ дээр хэлж байгаа үг энэ тэр улам л биш болоод байгаа. Та ер нь хараал, муу муухай үг хэлдэг үү?

-За даа, бараг үгүй дээ. Оросоор л ганц нэг үг хэлнэ.

-Юу гэж?

-Тэрийгээ хэлэхгүй ээ.

-Одоогийн УИХ-ыг хараад ямар бодол төрж байна?

-Ний нуугүй хэлэхэд УИХ-д би нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Хааяа нэг сонин, вэб сайтаас мэдээлэл уншина. Телевиз бол үздэггүй. Гэхдээ хэр удаан ингэж явахаа бас мэдэхгүй байна. Аяндаа тэгээд сонирхоод, үзээд эхлэх биз. Удаан жил явсан дадал зуршил чинь бас тийм хурдан алга болчихгүй л дээ.

-Одоо тэгвэл юун дээр төвлөрч байгаа вэ?

-Хоёр төсөл эхлүүлсэн. Нэгдүгээрт, төрийн бодлого гэсэн чиглэлээр магистрын сургалт эхлүүлсэн. Гол санаагаа түрүүн хэлсэн. Төрийн хар хүн гэж ямар хүн байх ёстой юм бэ гэдгээр тэр хүмүүсийг бэлтгэх зорилгоор төсөл эхлүүлсэн. Дөнгөж эхлүүлж байгаа болохоор нэлээн цаг хугацаа орох байх.

Жилийн дараагаас зүг чиг нь тодорхой болох болов уу гэж найдаж байгаа. Монгол төрийн түшмэл гэж ямар байх ёстой юм бэ гэдгийг бэлтгэх зорилготой. Ядаж нэг хөтөлбөрийг нь бий болгочих санаатай зүтгээд байна. Хоёр дахь нь судалгааны ажлууд. Эдийн засгийн гэхээс илүүтэй философийн шинж чанартай судалгаа руу холбирч орчхоод байна даа.

-Философи рүү холбироод байгаа нь нас явсантай тань холбоотой байна уу. Эсвэл алдаа оноог дэнсэлсэн туршлагаас үүдэлтэй байх шиг байх юм уу?

-Аль аль нь байх. Дээр нь цаг үргэлж аливаа асуудлыг эдийн засаг талаас нь харахаас илүүтэй ерөнхий дүр зургаар нь ойлгох хэрэгцээ бас гарах юм. Философи гэдэг чинь өөрөө гүнзгий том сууриар нь харах боломж олгодог шүү дээ.

-Та сая “Төрд Амаржаргал шиг гэсэн стандарт бий болгочих юмсан гэж боддог” гэж хэлсэн дээ. Өөрийн тань төрийн түшмэлээр бэлтгэх төгсөгчид тэгвэл яг энэ стандартаар бэлтгэгдэх нь тийм үү?

-Яадаг ч байсан мэдлэгийг тахин шүтдэг, хүндэлдэг хүмүүс төгсөж гарна найдаж байгаа. Яагаад гэвэл 21 зуун чинь мэдлэгийн зуун. Хоёрдугаарт, ёс зүйтэй байх ёстой. Гуравдугаарт, шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг зүйлийг маш сайн эзэмшээсэй гэж хүсч байгаа.

-Гэхдээ хэт ихэдвэл бас асуудал биш үү?

-Үгүй ээ. Төрийн өндөр албан тушаал хаших хүнд байх ёстой. Тухайлбал, Сирид болж байгаа дайн, Зимбабед болж байгаа дампуурал, Балид болж байгаа галт уулын дэлбэрэл, ОХУ-ын тамирчдыг өвлийн олимпт оруулахгүй хассан явдал гээд бүгдийг нь боддог байх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ бүхэн чинь явж байгаад ямар өнцгөөр манай улс дээр ирж буух вэ, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ, таван жилийн дараа, арван жилийн дараа юу болж хувирах вэ.

Үүний дараа дэлхий дээр хүчний харьцаа хэрхэн өөрчлөгдөх вэ гэх мэт алсыг хардаг хүн байх хэрэгтэй. Манайх шиг орны боловсон хүчинд ийм чадвар зайлшгүй байх хэрэгтэй. Дээр нь, дотоод нөхцөл байдлаа маш сайн ойлгодог, ард иргэдийн амьдралыг мэддэг, тулгамдаж байгаа асуудлын агуулгыг, мөн чанарыг олж хардаг хүн бэлтгэх зорилго тавина. Энэ дунд шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг маш чухал шүү.

-Жишээлбэл, танаас асууя л даа. ОХУ-ын тамирчдыг өвлийн олимпт орохыг хориглосон шийдвэр манай улсад ямар байдлаар нөлөөлөх вэ гэж?

-Орос чинь манай том хөрш. Энэ нь зөвхөн тамирчдын асуудал бус Оросын эсрэг маш хүчирхэг сөрөг ажиллагаа явагдаж байгаагийн илэрхийлэл. Энэ янзаараа мөнхийн хориг тавигдахаар байна. Улам л ганцаардуулж, хавчиж шахах нь бараг тодорхой боллоо. Тэгэхээр үүнийг олж харж, Монголтойгоо холбож боддог байх ёстой. Төрийг бэхжүүлэхэд энэ чухал. Үүнтэйгээ төсвөө бас холбож бодож, бодлого боловсруулж мэддэг байх хэрэгтэй. Гаалийн татвар байна. Төсвийн динамик хөдөлгөөн, олон улсын харилцааг харьцуулж үзэх л ёстой байхгүй юу.

-Гэхдээ хэн ч гарч ирсэн эдийн засгийн болон улсын хямралыг таслан зогсоож чадна гэдэгт итгэдэг хүн одоо их цөөрсөн байж мэдэх юм. Ардчилсан нам ч, МАН ч засаг барьсан хямрал уламжлагдаж явсаар өнөөдрийн төвшинд хүрсэн. Уг нь зөв улстөрчид нь гараад, төрөө зөв удирдсан бол ядаж л дөрвөн жилийн давтамжаар хямралыг таслан зогсоож болох байсан баймаар. Гэтэл манайд хямрал намаас намд, төрөөс төрд он жил дараалан уламжлагдаад л яваад байна?

-Үүн дээр улс төр нь илүү үйлчлээд байгаа юм. Улс төр нь Монгол төрийн бодлого гэдэг эрх ашгийг дараад, дараад явчихдаг. Монголын эрх ашгийг хадгалж үлдэх гэдэг бодлого өөрөө уламжлагдаагүй. Тэрийг гол нь уламжилж яваагүйд байгаа юм. Тэгэхээр улс төр гэдэг эрх мэдэл, албан тушаалын л асуудал болсон.

Хэрэв төрийн том бодлогын асуудлаа аваад явсан бол хямралыг зогсоож чадна. Миний бухимдаад байгаа нь ерөөсөө л энэ. За ярилцлагаа энэ хүргээд дуусгах уу. Дараагийн ажил бас хүлээгдээд байгаа…

-Шинэ жил ойртож байна даа. Та УИХ-ын гишүүн байхдаа нэгэн үе тойргийнхоо бүсгүйчүүдэд Март-8-аар улаан сарнай бэлэглэж байсан. “Амаржаргалын сарнай” гээд хөөрхөөн яриа болж, мэдээ бичигдэж байсан санагдана. Ярилцлагаа чөлөөт сэдвээр эхлүүлсэн шигээ гоё сэдвээр өндөрлөе?

-Аа, тийм. Амьхандаа л шинэ хэлбэр оруулчих санаатай бэлэглэсэн л дээ. Их дээр үед болсон явдал шүү. Манай эмэгтэйчүүд нийгмээ үүрч яваа агуу хүмүүс. Ихэнх нь анх удаа цэцэг авч үзэж байгаагаа хэлж байсан. Би өөрөө бүр нэг хэсгийг нь өөрийн гараар аваачиж өгч байсан.

-Бүсгүйчүүдийн халуун дулаан үг олныг сонссон уу?

-Их гайхдаг бас их баярладаг юм билээ. Эмэгтэй хүнд анхаарал хандуулна гэдэг чинь өөрөө их хүндэтгэлтэй зүйл. Сайхан дурсамж юм даа.

-Хүүхдүүд тань улс төрд орсон гэж дуулдахгүй юм. Та “Хэрэггүй” гээд загначихсан уу, үгүй юу?

-Үгүй ээ. Зүгээр тоглоом шоглоомоор “Манай гэрт нэг дурак байхад хангалттай” гэж хэлдэг л юм. Гэхдээ манай хүүхдүүд өөрсдөө сонголтоо хийсэн. Би нэг их санаа бодолд нь нөлөөлөх оролдлого хийдэггүй. Харин ёстой сайн сургууль төгсөж, сайн мэргэжил эзэмших боломжоор нь бол хангасан шүү. Тэр нь л чухал биз дээ, тэ.

-Тийм ээ, тийм. Харин нэг “дурак” нь хэн юм бэ?

-За даа, Би юм уу даа.

-Мэдээж наргиа гэдэг нь тодорхой. Ярилцсанд баярлалаа.

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан сонин
2017 оны 12 дугаар сарын 07

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *