Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН, АРДЧИЛСАН НАМЫН ДЭД ДАРГА ДОКТОР, ПРОФ. Р.АМАРЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮГ

2019.03.01.                                                                                          Улаанбаатар хот

Эрхэмсэг ноён Элчин сайд Жөн Жэ Нам, 

Эрхэм хүндэт солонгос, монгол нөхөд өө, 

Монгол улсад суугаа БНСУ-ын  Элчин сайдын яамнаас  Солонгосын тусгаар тогтнолын гуравдугаар сарын 1-ний  хөдөлгөөний  түүхт 100 жилийн ойг  хоёр орны улс төр, эдийн засаг, соёл боловсрол, судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хамтаар Монгол улсад тэмдэглэж, түүнд урьж оролцуулж байгаад ноён Элчин сайд Жөн Жэ Нам Танд болон танай ЭСЯ-ны хамт олонд гүн талархал дэвшүүлье. 

           Өнгөрсөн 20 дугаар зуун бол дэлхийн улс орон, ард түмнүүдийн үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолын тэмцэлд шинэ эргэлт авчирсан зуун болсон билээ.  Үүнд  хоёр томоохон хүчин зүйл  чухал  нөлөө,  түлхэц үзүүлсэн.  Үүний нэг нь  1919 оны Парисийн бага хурал, уг бага хурлаас батлан гаргасан  Версаллийн Гэрээ (Treaty of Versailles).

            Уг гэрээгээр дэлхийн нэгдүгээр дайны дараа  олон улсын хамтын нийгэмлэг  бүрэлдэн тогтох үндэс суурь  тавигдаж, улс орнуудын  харилцааны шинэ дэг журмын дүр төрх  цэгцрэн  тодорхойлогдсон. Зайлшгүй тэмдэглэгдэх нэг чухал зүйл  бол энэхүү  гэрээнд АНУ-ын Ерөнхийлөгч  Thomas Woodrow  Wilson-ы санаачилга, хичээл зүтгэлээр  үндэстнүүдийн бие даан засан тохинох зарчим (doctrine of national self –determination) т усгагдсан явдал юм. 

            Эдгээрийн үр дүнд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн Европт төдийгүй Ази, Арабын ертөнцөд түгэн дэлгэрсний  нэг нь та бид өнөөдөр   100 жилийнх нь  ойг ёслол төгөлдөр  тэмдэглэж буй Солонгосын 1919 оны гуравдугаар сарын 1-ний  тусгаар тогтнолын хөдөлгөөн юм. 

          Монгол оронд  мөн 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, тусгаар улсын тулгын чулуу тавигдсан билээ.  

 Хоёр дахь нь  колончлолыг эгнэгт  халах тухай  НҮБ-ын тунхаглал.  Энэ тунхаглалын 

үзэл санааны дор 1960-аад онд Ази, африк, Арабын 60 гаруй улс орон  тусгаар тогтнолоо нэгэн зэрэг шахам олсон. 

Ингэж өнгөрсөн зуунд дэлхийн улс төрийн газрын зураг орвонгоороо өөрчлөгдсөн билээ. 

Солонгосын  гуравдугаар сарын 1-ний  хөдөлгөөн бол колончлолын  эсрэг  тэмцсэн Зүүн Ази дахь  тэмцлийн түүчээ  нь болсноороо олон улсын ач холбогдолтой үйл хэрэг  болсон  юм.  

Солонгос Хойгт  өнө бат  энх тайван байдал  тогтож, үндэснийхээ нэгдлийн үйл хэргийг хэрэгжүүлснээр тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулан тэмцэж байсан эх орончдын өмнөө тавьсан зорилт бүрэн хэмжээгээр төгс төгөлдөр  хэрэгжих болов уу гэж бодож байна. 

Эрхэм нөхөд өө, 

Монгол, Солонгос хоёр  улс, манай хоёр ард түмэн олон зуун жилийн  найрсаг харилцаа, хамтын ажиллагааны  гүн уламжлалтай тийм   улс, ард түмэн билээ. 

ХХ зууны эхний хагаст ч энэхүү харилцаа, хамтын ажиллагаа үндэснийхээ  тусгаар тогтнолыг сэргээн мандуулах гэсэн  адил төстэй  улс төрийн зорилго, үндэсний  ухамсар,  үнэт зүйлсээр   бас дахин холбогдож, үргэлжилж ирсэн юм.  1920 –30-аад онд И Тэ Жүн нарын Солонгосын эх орончид улс, үндэстнийхээ тусгаар тонгтнолын төлөө Монголд үйл ажиллагаа явуулж байсан баримт бол үүний нэг тодорхой илрэл юм.

 БНСУ бол  манай улсын хамгийн өргөн харилцаатай орны нэг бөгөөд Монгол улс  энэхүү харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгөхийн сацуу Солонгосын Хойгийн  тогтвортой байдал, цэцэглэл хөгжил, солонгос үндэстний энх тайван нэгдлийг дэмждэг бүс нутгийн орны нэг гэдгийг та бүхэн бэлээхнээ сайн мэдэж байгаа. Ялангуяа  Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засгийн газрын тууштай дипломат бодлого, холбогдогч талуудын хүчин чармайлтын дүнд  Пёнчаны өвлийн олимпийн энхийн их наадам  Солонгосын Хойгт хаврын урь оруулж, энхийн процесс үргэлжилж байгаа нь бүс нутаг, түүний дотор манай хоёр орны ирээдүйн харилцаа, хамтын ажиллагаанд бүр ч таатай уур амьсгал бүрдүүлж байгааг онцлон  тэмдэглэхийг хүсч байна.  

Эцэст нь Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөний   100 жилийн ойн өнөөдрийн та бүхний энэхүү  утга төгөлдөр  арга хэмжээнд амжилт хүсье. 

Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх ноён Элчин сайд Жөн Жэ Нам Таны болон танай ЭСЯ-ны  хамт олны ажил үйлсэд  өндөр амжилт хүсэн ерөөе.  

Баярлалаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *