Авилгач засагтай үед хөгжлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй

Бидэнд юу саад болж байна вэ? Энэ асуултад хариулахад амархан юм шиг хэр нь бас нэн ярвигтай. Манайд өнөөдөр байгалийн баялаг, хэдий хоцрогдсон ч үйлдвэрлэл үйлчилгээний бааз, капитал болон эрчимжээгүй мал аж ахуй байна. Хүн амынх нь 98 гаруй хувь нь бичиг үсэг тайлагдсан гэдэг бас л сайн үзүүлэлт. Дэлхийн хамгийн том зах зээл зэргэлдээ оршиж байна. Товчхондоо, хөгжих ард олноо сэтгэл тэнэгэр амьдруулах бүхий л нөхцөл бидэнд байна. Гагцхүү үүнд төрийн удирдлага, засаглал, ялангуяа Монголыг бүхэлд нь нэвчсэн авилга л саад тээг болсоор сүүлдээ бүр ужгирчихлаа.

Нэг ёсондоо бид засаглал, төрийн албыг яаж сайжруулах вэ, авилгатай хэрхэн тэмцэх үү гэдэг толгойн өвчин болсоор байна. Уг нь энэ талаар гаднын шинжээчид авчирч, сургалт семинар байсхийгээд зохион байгуулж байгаа ч сэхэл сэхээрэл авахгүй 2020 онтой золголоо.

Ядуурал, хоцрогдлын хамгийн том шалтгаан авилга гэж удаа дараагийн судалгаа, санал асуулгаар нотлогдож байхад манай төр өвчнөөс салдаггүй юм аа гэхэд ядаж илааршуулах талаар дорвитой алхам хийхгүй байсаар. Авилгаасаа салсан улс орнууд нүдэн дээр эрс өөрчлөгдөж, хөгжиж буй бэлэн жишээ хэдэн арваараа байна. Сайны хажуугаар саар гэгчээр өндөр хөгжиж буй зарим оронд авилга байгааг үгүйсгэхгүй. Дэлхийн улс орнуудад авилгын түвшин тархац, өнгөлөн далдлагдсан хэлбэр харилцан адилгүй. Гунигтай нь улс орны хөгжлийг дагаад авилга мөн агуулга хэлбэрийн хувьд “төгөлдөржиж” байна.

Дэлхийн бүх оронд авилга байдаг гээд бид дүлий дүмбэ оргиж, бахь байдгаараа байвал цөөхөн хүн амтай Монгол мөхөх аюул ойр байх. Бичгийн хүмүүн В.Инжинашийн “Хөх судар” дэвтэрт бидний амьдарч буй байгаль цаг уурыг

“Хүйтэн, жихүүн, … тэнгэр газар нийлдэг шар хумаг, Хүний үдэх нь мах, цус, сүү, тос, …”

В.Инжинаш

бидний ярьдаг Монгол ухааныг:

Зан нь хэдий чигч шулуун боловч сэтгэл нь атгагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй, цочмог, түргэн), санаа нь битүү, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам, урт хол зүрх цөс үгүй, өнө удаан зориг тамиргүй, ёслол дүрэм, цээр, ичгүүр хэмээгчийг нэг мөсөн мэдэхгүй…гээгдсэн газар, … тэргүүн нэгэн худалч, бардам цөлс итгэлгүй амьтан…тэнэг мунхаг Монгол, яршиггүй

В.Инжинаш

амьдрах хүсэлтнүүд гэж онцолсон байдаг. Монголчуудын тухай өдгөөгөөс 180 жилийн өмнө өгч байсан эл тодорхойлт өнөөдрийн манай нийгмийн дүр төрхтэй яв цав нийцэж байна уу даа гэж үе үе асуумаар санагддаг юм.

Монголын түүх, соёл, уламжлал, зан үйл, төрийн түүх, аугаа эзэнт гүрэн болсон түүх, социалист туршилтад чанагдсан 70 жил, шилжилтийн он жилүүд, эдийн засгийн өрөөсгөл бүтэц, хомсдол, түүнээс үүдсэн гаж сэтгэлгээ ул мөргүй үлдээгүй нь хэнд ч ойлгомжтой, бидний урагшлах хөдөлгөөнд чөдөр болоод байна уу? Шийдэл нь ардчилал, эдийн засгийн өсөлт, түүнийг дагах зон олны аж амьдралын дээшлэлт.

Ардчиллын 30 жилийн ой тохиож байгаа энэ үед түүнийг зүхсэн, болохгүй бүтэхгүй буй бүхэнд буруутгасан хандлага дэлгэрээд, ардчилал, зах зээлийн харилцааг хамгаалан дуугарах хүмүүс тоотой хэд бөгөөд тэднийг ардын дайснаар зарлаж буй нь гунигтай.

Орчин цагийн төрийн тогтолцооны хэлбэрийг ардчилал гэж томьёолдог ч чухам юу болохыг амны зоргоороо, хагас дутуу сонссон, үзсэн, уншсан хэмжээгээрээ тайлбарлаж байна. Энд нэг зүйлийг онцолмоор. 1990 оноос бидэнд орж ирсэн нэр томьёоны нэгдсэн ойлголттой болохгүй бол урагшлах хэцүү юм. Миний ойлгож буй ардчилал хэн нэгнийхээс өөр бол, хэдий ижил үг хэрэглээд байгаа ч тэс өөр зүйл яриад, үл ойлголцол даамжраад байдаг.

Ардчилал гэдгийг мунхаг би дараах байдлаар ойлгож байгаа юм. Ард олноо амар жаргалтай амьдруулах үүрэг бүхий үр ашигтай төрийн тогтолцоог ардчилал гэж ойлгож хүчтэй төр, хуулийн засаглал, хариуцлага нэхэх тус тусдаа боловч харилцан уялдаа бүхий гурван тогтолцооны нэгдэл, баглаа багц юм.

Нэгдүгээрт: Төр буюу тухайн нутаг дэвсгэрт “хүч хэрэглэх” онцгой эрх бүхий байгууламж.

Нийгмийн зохион байгуулалтаар бусад байгууламжаасаа ялгарч буй нь хүч хэрэглэх онцгой эрх юм. Энэ тодорхойлолтыг Макс Вебер өгсөн бөгөөд Платон, Маркс, Ленин нарын төр бол хүчирхийллийн (машин) хэрэгсэл гэдэгтэй агаар нэг юм. Төр нь гаргаж буй шийдвэрээ хэрэгжүүлэн, шаардлагатай бол хүчээр хэрэгжүүлж байх учиртай. Чадахгүй бол сул төр бөгөөд бусдын өгөөш болно. Энэ утгаар төрийн хууль цаазыг хэрэгжүүлэх, ард олноо гадна, доторх дайсан, самууруулагч нараас хамгаалах, хулгай дээрмийг таслан зогсоох, хэн нэгэнд ял завших, авилга, хээл хахууль авах боломж олгохгүй байх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг төрийн үйлчилгээг иргэдээ ялгаварлан гадуурхалгүй хүргэх, дэд бүтцийг байгуулах, арчлан хамгаалах зэргийг найдвартай, үр ашигтай хангахуйц хүчтэй төрийн тухай ярьж байгаа юм. Ил буй ЖДҮ-чдээсээ хариуцлага тооцож чадахгүй байгаа бол сул засаг. Засаг сул байхад хөгжлийн тухай мөрөөд ч хэрэггүй.

Хоёрдугаарт: Хүч хэрэглэх төрийн онцгой эрхийг хязгаарлах Хуулийн засаглал.

Хуулийн дээр хэн ч гарах ёсгүй. Ерөнхийлөгчөөс эхлээд багийн болон хорооны Засаг дарга хүртэл бүгд хуульд захирагдаж, хуулийн хүрээнд ажиллах тухай юм. Улс төрийн хүчирхэг хүчин, хамгийн хүчирхэг нөлөө бүхий хүмүүст нэн түрүүнд энэ хамаарах учиртай. Д.Трампыг огцруулах тухай америкийн улс төрийн намуудын бохир зодолдооны дотор Ерөнхийлөгч хуулиас давахгүй, давсан эрх мэдэлтэй байхгүй шүү гэсэн үндэслэл яваад байгааг та ажигласан байх.

Гуравдугаарт: хариуцлага нэхэх, хариуцлагад татах, солих бололцоо олгодог багц байгууламж бөгөөд үүнийг товчоор ардчилал гэж нэрлэе.

Ардчилал гэхээр олон намын тогтолцоо, чөлөөт шударга, тогтмол өрнөдөг сонгууль гэсэн энгийн ойлголт автоматаар орж ирнэ. Үнэн хэрэгтээ төлөөллийн, сонгуулийн, дүр эсгэсэн, Үндсэн хуулийн гэх мэт учрыг нь олоход хэцүү олон тодотгол ардчилал гэдгийн өмнө тавигдах болсон. Тэгвэл, төр эрх мэдлээ хэрхэн яаж хэрэгжүүлж байна гэдэгт хяналт тавьдаг процедур гэж хялбаршуулж ойлгож болох юм.

Эл процедурт улс төрийн систем, түүнийг ажиллуулж буй, хэрэгжүүлдэг элит төдийгүй ард олон, нийгэм нийтээрээ оролцдог, тэдэнд үйлчилдэг, тэдний хяналтад байдаг бүгд багтах учиртай систем юм.

Ардчилал гэдэг шийдвэр гаргах механизм гэж үзвэл, нэг талд эрх мэдэл хэрэгжүүлдэг төр, нөгөө талд хуулийн засаглал болон ардчилсан хяналт, хариуцлага нэхэх тогтолцоо байж биеллээ олох учиртай. Эдгээрийн тэнцвэр алдагдаж, нэг тийшээ гулдайж эхэлбэл буруудна. Харилцан хяналт тавин ажиллах ёстой институт нэг хөнжил (дээвэр) дор орохоор ямар шонхуу болдгийг холоос хайгаад хэрэггүй байх аа.

Жишээ нь хүчтэй төр байхад түүнийг хязгаарлан тэнцвэржүүлэх хуулийн засаглал, ардчилсан хяналт, хариуцлага нэхэх тогтолцоо үгүй бол дарангуйлал болно.

Ер нь төр гэдгийг ч тодруулан ойлгох шаардлагатай.

Эрт дээр үед Patrimonial төр буюу төр, төрийн институт нь хувьчлагдсан, хувь хүний хувийн өмч бүхий байжээ. Хаан, Богд, Эзэн, Ерөнхийлөгч гэх мэт – өмчөө таслан хэнд ч өгч болно. Үндэсний баялгаа тарааж болно. Иргэд албатуудынхаа амь нас, амьдралаар дуртай үедээ тоглоно. Эргээд ямар нэгэн шийтгэл үгүй. Нүгэл хийж болохгүй л гэсэн хязгаарлалт байсан байх. Өнөөгийн Монголд ийм төр үүсгэх далд хүсэлтэй хүн байлаа ч “улс – миний өмч” гэж чадахгүй байлгүй дээ, эрхбиш.

Орчин цагийн ардчилсан төр – Modern State – гэдэг төр хэн нэгнээр овоглогдоогүй (персонификаци болоогүй), иргэн бүрээ тэгш эрхээр хамгаалагдсан, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ цаг тухайд нь хамгийн үр ашигтай хүргэдэг. Модерн төрд хувь, хувьсгалын ялгаа маш тод, илэрхий, ил бөгөөд төр, төрийн алба, түшмэд нь төрийн төлөө (нийгмийн төлөө) зүтгэдэг, тэр итгэл зүтгэл нь хангалттай хэмжээнд үнэлэгддэг юм. Үүнд хүртэл ихээхэн цаг хугацаа шаардагдах бололтой.

Бүх юм хуулийн дагуу байх ёстой юм бол “тэгье, хуулиараа явья” гэхсэн. Атал өөртөө зориулж хууль гаргадаг, түүгээр дамжуулан онцгой эрх дархаа баталгаажуулдаг байдал амьдралд хэвийн үзэгдэл болж буй нөхцөлд яах вэ? Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдгээр хуулийн дагуу 400 гаруй хэрэг хаагдаж байгааг зөв гэх үү? Хөөн хэлэлцэх хугацаа гэсэн ойлголт, зүйл ангитай хуулийн дагуу бол зөв л гэнэ. Луйварчид зохион байгуулалттай хууль завшиж байгааг ёс зүйн талаас нь дүгнэх үү?

Сайд дарга, эрхэм гишүүд, хөрөнгө мөнгөтэй хэдэд хууль үйлчлэхгүй бол хөөн хэлэлцэх хугацаа гэх мэт элдэв цоорхой үүсгэн, уснаас хуурай мултардаг нийгэмд, шударга ёс амин сүнс нь болсон ардчиллын тухай дурсаад ч хэрэггүй. Хуулийн засаглал нь эрх мэдэлтний энэ мэт бусармаг гэмт үйлдлийг буюу төрийн хүчирхэг машиныг өрсөлдөгчийнхөө (улс төрийн, эдийн засгийн г.м) эсрэг ашиглах, хүч хэрэглэх онцгой эрх мэдлийг хязгаарлах хүчин зүйл байх учиртай. Төрийн энэ онцгой эрхийг хуулийн засаглал хязгаарлаж, засаглалын тэнцвэр хангагдаж байх учиртай.

Манайд өнөөдөр бүрдээд байгаа төрийг шинжлэх ухааны хэллэгээр Neopatrimonial гэж нэрлэдэг.

Patrimonial болон Modern State төрийн засварын, саармаг юм даа. Маш товчоор хэлбэл, орчин цагийн төрийн хэлбэртэй хэдий ч дангаараа болон эвсэн (МАНАН 1.0, 2.0, 3.0, 4.0) баяжих бодолтой, баялаг хуваах зорилготой элит нь бие биендээ эдийн засгийн эрх мэдэл найр тавьж өгдөг, хувааж иддэг төр юм. Улс төрд орох, ямар ч үнэ цэнээр хамаагүй төр дотор байх, удаа дараа дахин сонгогдох сэдэл тэмүүлэл нь энэ билээ.

Засаглалын хуваарилалтын алтан тэнцвэрийг хангах амар зүйл биш л дээ. Төр засаг хяналтгүй бол дарангуйлал ямар хэлбэрээр тогтоно, нөгөө талаас хязгаарлалт (хуулийн засаглал + ардчилал) нь давамгайлбал бие биенээ чөдөрлөөд байх аюул байдаг. Ливия, Нигерия толгойд орж буй жишээ. Ливид төр үгүй учраас дампуурсан, харин Нигер бол өөр, хууль, сонгууль, парламент гэх мэт орчин цагийн төрийн шинж тэмдэг, байгууламжтай. Гэхдээ тэнд авилга бүрэн ноёрхсон, асуудлаа шийдэж чадаагүй өдий хүрлээ. Арабын орнуудын олонх, хойд болон суб-сахарын африкт төр үгүй учир (өмнө дарангуйлагч гэж тодотголтой төр байсныг хэн яаж, яах гэж устгаж, нураасан талаар тусад нь ярих сэдэв) иргэдийн эрх хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэх институт үгүй юм.

Товчхондоо, Patrimonial төрөөс Модерн төрд шилжих нь автократ дэглэмээс ардчилалд шилжихээс илүү төвөгтэй, хэцүү, хүнд юм байна. Ирак, Афганистанд гаднаас хэчнээн их мөнгөн “тусламж” цутгав, хэдэн ч удаа сонгууль болж төр засаг нь солигдож, бүрдэв. Тэгээд яав? Яагаа ч үгүй. Тэд модерн төр байгуулж чадаагүй.

Модерн гэдэг нь авилгагүй төрийн суурь үйлчилгээг иргэдэд баталгаатай хүргэж, аюулгүй байдлыг нь хангасан төр юм. Үүний нэн чухал элемент төр нь персонофикаци болоогүй буюу хэн нэгнээр овоглогдоогүй гэж тодорхойлж байгаагаа дахин онцлоё. Төрийг нэр нэгнээр овоглосон ойлголт, сэтгэлгээ оршиж буй цагт миний ойлгоод байгаа Ардчилал, Модерн төр тун хол байна. 1990-ээд оны эхэнд ардчилал, зах зээлийн харилцаанд 100, 300 хоногийн дотор шилжих тухай ид маргаж байх үед “Миний бодлоор 2-3 үе (!!!) солигдох хэрэгтэй байх даа” гэж хатагтай М.Тетчер хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.

Бас нэг жишээ. Украин гэж зовлон нь дуусдаггүй нэг орон байна. 2004 оноос гаднын оролцоотой сонгуулийн дүнг хулгайлсан Януковичийг өнгөт хувьсгалаар түлхэн унагааж, барууны бүрэн дэмжлэгтэй шинэ, төр засаг байгуулсан ч авилгад дийлдсэн. Юшенко засагт сонгуулиар гарч ирсэн ч авилгыг шийдэж чадаагүй учраас 2010 онд Янукович дахин гарч ирээд 2014 онд түүнийг хувьсгал хийж “зайлуулсан”. Эндээс үзэхэд асуудал нь ардчилал, сонгуульд биш бололтой. Фашистууд 1933 онд мөн л ардчилсан сонгуулиар засгийн эрхийг авсан.

Яаж ч сонгууль хийсэн удаа дараа төрөөд байдаг Neopatrimonial төр амь бөхтэй юм аа. Хэрвээ би зөв ойлгож байгаа бол Монголын 2000, 2004, 2008, 2012, 2016 сонгуулиар бүрдсэн бөгөөд удахгүй бүрдэх 2020 оны төр Neopatrimonial юм. Гэхдээ Patrimonial агуулгаасаа бүрэн ангижраагүй гэж хэлмээр.

Эл төрийн онцлох шинж нь Клептократия – хулгайчдын засаг, төрийн өмч, төсөв хулгайлж гаршсан, эрх мэдлээ, улс төрийн ноёрхол, эд хөрөнгөө өсгөх зорилготой бүлэглэл бөгөөд босоо, пирамид сүлжээ бүхий зохион байгуулалттай гэж дүрсэлмээр.

Өнөөгийн Монголын хувьд Дарангуйлал ба Ардчилал гэх асуудал гэхээсээ Patrimonial төрөөс Модерн төрд яаж шилжих, хүрэх тухай ярих ёстой болов уу. Хуульчлагдсан авилгатай, авлигажсан институтуудыг хэрхэн өөрчлөх, шинэчлэх, хэрэгтэй бол нураагаад шинээр байгуулах тухай ярих ёстой.

Клептократия ноёрхсон хэдий ч хохлократия, патрионаж, клиентализм, неопотизм, ветократия зэрэг хэлбэрүүд бас зэрэгцэн оршиж буй нь Neopatrimonial төрийн нэг онцлог гэлтэй.

Онцлон үзвэл, хохлократия – үгээгүй гуйлгачдын засаглал, ямар нэгэн байдлаар үе үе илрээд байдаг. Патрионаж гэдэг нь тэтгэгч – тэтгүүлэгч, хүчтэй – хүчгүй, эрх мэдэлтэй – эрх мэдэлгүйн хооронд үүсдэг, нүүр тулж өгч авалцдаг авилга, голдуу албан тушаалын наймаа, тэндер гэх мэтээр тод илэрдэг. Клиентализм гэдэг нь – сонгуулийн ардчилалтай илүү холбоотой. Олны санал авахын тулд ямар нэг юм өгөх, авах тухай бөгөөд өгдөг авдаг нь сонгуулиас сонгуульд томроод байдаг. Үнэ төлбөргүй саналаа өгдөг хүн үгүй болсон. Нүүр тулан юм өгч (бүгдэд нь) чадахгүй. Бүгдэд нь нэгэн зэрэг амлах ёстой болно. Улс төрийн эзэмшлийг авахын тулд өгч авч байгааг дагаад намын гишүүн байх нь мэргэжил цаашилбал нарийн мэргэшил болоод түүгээрээ rent олж амьдардаг давхарга үүсээд байгааг олон ч жил би сэрэмжлүүлэн ярьж байгаа. Неопотизм гэдэг нь – хамаатан садандаа албан тушаал, газар, тендер гм өгөх, тараах тухай бөгөөд 15-16 зуунд ромын Пап хэрэгжүүлсэн жишээ нь улс төрийн бараг сурах бичигт байдаг байх.

Хамаатан садангаа татахыг бүх нийгэмд байдаг, ихэнх нөхцөлд байдаг л юм, зөв, хэвийн үзэгдэл, хүн чанарын асуудал ч гэж ярьдаг нь ч бий. Ангийн хүүхдэдээ туслах, хамаатан садан, төрөлдөө туслах, нутаг нугын хүнийг татах, намын хүнээ харж үзэх гэх мэтээр илэрнэ. Хүнд тусалж, хүн чанар гаргаж байгаа юм уу эсвэл авлигадаж буй эсэхийг нь ялгахад хэцүү. Чингис хаан хүртэл дүү нартаа эрх мэдэл албан тушаал өгөөд нэг нөхөр нь хурлын нууц задруулан шийтгүүлдэг тухай, Хасарыг шийтгэтэл төрсөн дүүгээ ад үзлээ гэж, хэдэн авга нараа шийтгэх гэхээр Алтан ургийн гэдгээр чөдөрлөөд Чингисийг хөдөлгөхгүй байгаа тухай сонгодог зохиолд гардаг даа. Найман зуун жилийн дараа нэгэн сайд хүүхдээ гадаадад суухад нь дэмжсэн нь бөөн шүүмжлэл дагуулсан. Төрийн албыг төрлийн болгож болохгүй гэдгийг 600 жилийн дараа ухаарах, ингэхгүй байх хуулийн засаглал, хэрэгжилтийг хянаж байх ардчилсан тогтолцоо бүрдүүлж чадахгүй л өнөөг хүрэв.

Жаран тэрбумын асуудал? МАН зохиосон “дугуй” биш л дээ.

Францын Луй ХIҮ үед сангийн мөнгийг олох бараг үндсэн арга нь албан тушаал (шууд утгаар нь ) худалдах явдал байсан. Ямар сайндаа л хааны одоогоор бол тамгын газрын ажилтан, нотариат, прокурор, сангийн нярав, орон нутгийн Засаг дарга, 15-ны цагдаа, ойн цагдаа гэх мэт албан тушаалын “үнэ ханш нэмэгдлээ” гэх гомдол хүртэл гарч байхав дээ. Энэ улсын эдийн засаг нь дампуурсанд гайхах юу билээ? Хаа байсан XVII зуун шүү дээ. Бараг 400 жилийн дараа төрийн албыг наймаалаад 60 тэрбум төгрөг босгох схем зураад сууж байна гэдэг бас “их ухаан”.

Клиентализмын бас нэгэн жишээ энэ удаа чөлөөт ертөнцийн “манлайлагч” АНУ-д төр гэж юу байсан тухай. 1828 оны сонгуулиар А. Жэксон авилгад идэгдсэн язгууртнуудыг зайлуулна, ард түмэнд төрийн эрхийг өгнө гэсэн нэг бодлын сайхан боловч үнэндээ популист уриатай сонгуульд оролцон Ж. Адамсын эсрэг өрсөлдөөд ялсан байдаг. Тэр үед эрэгтэй хүмүүс (насанд хүрсэн цагаан арьстан) бүгд санал өгөх эрхтэй болж, тэднийг дайчлан зохион байгуулах, санал өгөх байранд авчрах, саналыг нь татах амаргүй ажил байжээ.

Энэ үед л орон даяар үйл ажиллагаа явуулах сонгогчдыг дайчлах чадвартай “үндэсний хэмжээний нам” хэрэгтэй болж АНУ-ын хоёр том нам байгуулагдсан юм. А.Жэксон сонгуульд яаж ялсан нь сонин. А.Жэксон шууд утгаар нь мөнгө бараа (тахианы мах) тарааж, тэр үеийн АНУ-ын төрийн албанд голлодог шуудан зөөгч, гаалийн ажилд “танай хүүхдийг авна” гэж хүн болгонд амлаж гарч ирсэн байдаг.

Эндээс л сонгуулийн амлалт асуудал болж үүссэн бөгөөд “би ялсан учраас миний хүмүүс төрийн албанд очих ёстой”, тэгж яривал АНУ-ын төрийг “тэнэг ч удирдаж чадна” гэж хэлсэн түүний алдартай үг байдаг. Өөрөө бараг албан ёсны боловсролгүй, архичин нэлээн дампуу нөхөр байсан гэдэг. Харин дайн байлдаанд нэлээд оролцож индианчуудын скалп багагүй цуглуулан, бөөнөөр нь нүүлгэн шилжүүлж резервуар гэдэгт оруулснаараа алдаршсан нөхөр юм.

АНУ-д сонгуулийн амлалт, сонгуулийн дүнгээр төрийн албыг бүхлээр нь сольдог практик 100 гаруй жил үргэлжилсэн. Ямар сайндаа л АНУ-ын 16 дэх Ерөнхийлөгч А.Линкольн 1861 оны сонгуулийн дараа “ажил, албан тушаал өг гэсэн гуйлга бол толгойн өвчин” юм байна гэж байх вэ дээ. “Би чиний сонгуульд явсан, чамайг дэмжсэн одоо түүнийг, үүнийг ажилд оруулж өг” гээд хүн тасардаггүй байж л дээ. Үүнээс 20 жилийн дараа 1881 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод дөрвөн сар ч болоогүй Ж. Гарфилд сонгуулийн багт нь орж ажилласан хүн “Би чамайг дэмжсэн, ажил өг” гэхээр нь “үгүй” гэж хэлээд л алуулсан байдаг юм. Энэ эмгэнэлт явдлаас хоёр жилийн дараа манайхаар бол төрийн албаны тухай хууль (Pendleton Act) гэдгийг баталж төрийн албыг төрлийн алба, намын шагналын алба болгохыг хориглож merit-based system гэдгийг үүсгэсэн.

Энэ хууль өргөн утгаараа үйлчилж эхэлтэл дахиад 40 жил болсон байдаг.

Modern төр байгуулж чадах эсэх нь өчигдрөөс (түүхээс), орчин цагийн ардчиллын аль институт ямар дараалалтай бүрдсэн гэдгээс хамаарна гэж зарим судлаач үздэг. Дайн чадамжтай төр үүсгэж, төр дайн өдөөнө гэсэн үг Германаас гаралтай. Пруссийн хаан байнгын армитай болохоор XVII зууны эцэст шийджээ. Хэрэгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй, зардал ихтэй. Төр мөнгийг хулгайлчихгүй, татвар төлөгчөө сөхрүүлчихгүй төрийн алба, түшмэд, татварын байцаагч нарыг merit based системд тулгуурлан байгуулж чадсан бөгөөд тэр нь төгөлдөржиж явсаар өнөөгийн ардчилсан тогтолцоонд ч гэсэн үр ашигтай үйлчилж байна. Манай эринээс гурван зуун жилийн өмнө Хятад бас тийм систем нэвтрүүлсэн. Одоо ч энэ соёлоо алдаагүй байна. Хуульд үг дуугүй захирагдан ажилладаг түшмэдийн давхаргатай болсон улс орнууд хөгжиж байна. Автократ нөхцөлд ч – Merit based бюрократ систем бүрдүүлж улмаар ардчилалд шилжсэн орсон орнууд гайгүй яваад байгаа юм.

Харин шинэ төр, төрийн шинэ алба бэхжээгүй байхад ардчилалд шилжсэн Грек, Итали, Монгол зэрэг нь одоо болтол мунгинасаар байгаа. Тиймээс төрийн албыг бэхжүүлэх клептократия, хохлократия, патрионаж, клиентализм, неопотизм, ветократия зэргээс ангижирч чадвал хүчтэй төртэй болно. Авилгачтай тэмцэж чадна. Хуулийн засаглал, хариуцлага нэхэх, хариуцлага тооцох ардчилал л үүнийг хангана.

Нэг зүйлийг маш тодорхой хэлье. Нэгд, энд дурдсан жишээг уншаад манайх дажгүй мэтээр битгий ойлгоорой. Үүнийг хэлж байгаа учир нь модерн төр байгуулах амаргүй, маш олон хүчин зүйлс шууд болон тойруу замаар, заримдаа дангаараа нөгөө талдаа давхцан нөлөөлдөг болохыг сануулах, бусдын алдааг давтахгүй байхын тулд бичиж байгаа юм. Мориноосоо буулгүй ертөнцийн талыг эзлэх амар харин мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэдгийг л сануулж байгаа юм.

Миний ойлгож байгаа ардчилсан Модерн төр бүрэлдэх хол байгаа ч бид алхам алхмаар урагшлах л хэрэгтэй. Өнөөгийн шатанд төрийн албыг жинхэнэ утгаар нь бүрэлдүүлэн төлөвшүүлэхэд хамаг анхаарлаа хандуулмаар байна. Амаргүй ажил учраас хэн нэгэн хүн, улс төрийн хүчин орчин цагийн төрийн алба бүрдүүлэх, авилгаас ангижрах, модерн төр байгуулах ажлыг манлайлан оройлон зүтгэх, тэмцэх ёстой юм. Энэ л нийгмийн эрэлт, захиалга. Тийм хүнийг, тийм хүчийг танин гаргаж ирэх нь иргэн таны үүрэг шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *