Хөрөг

УИХ-ын сонгуулийн уур амьсгалыг орвонгоор нь өөрчилсөн гэнэтийн мэдээ хэдхэн хоногийн өмнө олны сонорт хүрлээ. Товч бөгөөд тодорхой тэрхүү мэдэгдлээс “Ардчилсан нам олонх болбол Монгол Улсын дараагийн Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын албанд Ардчилсан намаас Ринчиннямын Амаржаргалын нэрийг дэвшүүлэхээр шийдвэр гаргасныг та бүхэнд мэдэгдэж байна” гэсэн өгүүлбэр ид трэнд болж байна. Нэмэлт хачиргүй, сүржин хашхираангүй ийм даруухан мэдэгдэл трэнд болж, улстөрийн халуун өрнөл дунд дуулиан тарина гэдэг энд нэр дурдагдаж буй эрхмийн “Тогтуун хүч” ямар том нөлөөтэй вэ гэдгийг илтгэж байх шиг. 

Айдас хүйдэс, тогтворгүй ойлгомжгүй байдал, популизм, сэтгэл хөдлөл өнөөдрийн Монголыг эргүүлж байна. Дур дураараа дуугаа хадаан хашхирах улстөрчид дундаас үнэн, бодит байдал холдон одсоор… Бид юун дээр алдав, бас онов? Асуудал нь хаана байна, гаргалгаа шийдэл нь юу байж болох вэ, боломж бололцоо маань юу билээ? Цаг үе, нөхцөл байдал, боломжоо бодитоор үнэлээд цааш зөв хөдлөх хүнгүй төөрч будилсан энэ үед Р.Амаржаргал фронтын урд гарч ирсэн нь үзэгдэл болж байгаа хэрэг.

Нэрийнх нь урд ямар нэг тэмдэг нэр, тодотгол шаардлагагүйгээр үйл хэрэг, үнэт зүйлээрээ ойлгомжтой, тодорхой хүмүүс байдаг. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ дээрх чухал мэдэгдлийг хийхдээ ч нэмж тодруулах шаардлагагүйгээр индрээс буусан. Ард түмэн, гишүүн дэмжигчидтэйгээ Р.Амаржаргал гэдэг нэрийн ард байгаа контекстээр, итгэлээр ойлголцсон болохоор тэр байх.

***

Тэр асуудлыг том зургаар нь харж, нарийн чимхлүүр ханддаг эдийн засагч. Арга ядаж, ам тагласан ойрын зайн тоглолт хийдэггүй гэдгийг түүний санаачилсан хууль, гаргасан шийдвэрүүд баталдаг. УИХ-д дөрвөн удаа сонгогдож, Ерөнхий сайд, Гадаад харилцааны яамны сайдын албыг хашихдаа банк санхүүгийн шинэтгэл, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх ажлыг эхнээс нь эмхэлсэн. Социализмын буурин дээрээс хөдөлсөн нийгмийн хөгжлийн их нүүдлийг тэр удирдаж, зах зээлийн эдийн засаг хөгжүүлэх томьёоллыг гараараа бичиж байв. Эдийн засаг, мөнгөний бодлоготой холбоотой 60 гаруй томоохон төсөл, УИХ-ын тогтоолын 80 гаруй төсөл, “Концессын тухай хууль”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого” зэрэг томоохон хуулийн төслүүдэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан намтартай улстөрч Монголын парламентын түүхэнд цөөн байх. Монгол Улсын хөгжлийн бодлогыг нэг гольдиролд оруулж, урт хугацааны залгамж чанарыг бий болгож буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, уул уурхайн салбараас хараат байдлыг бууруулах зорилготой Ирээдүйн өв сангийн тухай хууль ч түүний автортай. 

Энэ хуулийн хүрээнд “Баялгийн сан” үүсгэн байгуулагдаж 2020 оны байдлаар 1.5 их наяд төгрөг хуримтлагдсан. Харамсалтай нь энэ жил энэ сангаас 1.5 их наяд төгрөгийг бүгдийг нь аваад хэрэглэчихсэн. Үүнд тэр сэтгэл дундуур явдгаа нуугаагүй. “Зарим хүмүүс бид өнгөрсөн үеийн хийж бүтээсэн дээр дөрөөлж амьдардаг гэж боддог. Харин над мэтийн нөгөө хэсэг нь бид ирээдүйгээсээ зээлж амьдардаг гэж үздэг. Бид ирээдүйгээсээ усыг нь, модыг нь, байгалийг нь зээлж амьдарч байна. Тийм учраас ирээдүй хойч үедээ тодорхой хэмжээгээр төлбөрийг нь төлж үлдээх ёстой. Өнөөдөр уул уурхайгаасаа орлого олж байвал зарим хэсгийг нь тэдэнд үлдээх ёстой. Цаг нь болохоор дараа үеийнхэн өөрсдөө зарцуулна. Энэ хууль одоогийн орлогоосоо ирээдүйд хувь үлдээх механизмыг гаргаж өгсөн юм. Мэдээж байнгын ажиллагаатай парламент байгаа учраас энэ хуулийг улам сайжруулаад явах учиртай. Гол нь үндсэн философио л алдаж болохгүй. ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

***

 Р.Амаржаргал Ардчилсан намын дэд даргын хувиар АН-ын сонгуулийн ерөнхий мөрийн хөтөлбөр дээр гардан ажилласан. “Манай улсын эдийн засаг уул уурхай, нэг орноос шууд хамааралтай, эдийн засгийн өсөлт байвч тэр нь иргэдэд наалдахгүй байна. Үүнийг л шийдэхийн тулд өсөлтийг өрх бүрд хүргэх бодлого томьёолсон юм. Уг нь, асуудлын шийдлийг өмнө нь хайж л байсан. 2012-2016 хооронд гүйж байж “Ирээдүй өв сангийн хуулийг” батлуулсан юм. Одоо хууль нь хэрэгжээд сан нь овоо хөрөнгөжөөд эхэллээ, уул уурхайгаас олж буй ашгаас тусгай санд төвлөрүүлж, ирээдүйдээ үлдээх санаатай. Манай намын мөрийн хөтөлбөр ч гэсэн уул уурхайгаас хамаарал багатай, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэхэд голчлон анхаарсан. Бид том зорилгын төлөө явж байгаа. Түүнийхээ үндэс суурийг монгол хүн, монгол өрх гэж хардаг. Мөрийн хөтөлбөрийн биелэлт өрхийн амьдралд нөлөөлөхгүй бол утгагүй хэрэг” хэмээн тэр хэлж байна. 

 Сонгуулийн дараа бид эдийн засгийн тун таагүй нөхцөлтэй нүүр тулах нь. Одоо ч үр дагавар нь бодитоор мэдрэгдэж байна. “Covid 19” хүний амьдралын хэв маягаас эхлээд эдийн засаг, хүчний нөлөөг ч ганхууллаа. Чухам ийм л үед айдсаар удирдах, популизмаар хөдөлгөх, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах, тооцоо судалгаагүйгээр алхахаас бид зайлах ёстой. Магад ийм л учраас Р.Амаржаргал шиг тогтуун хүчийг бид үгүйлээд байгаа нь өчигдрийн гэнэтийн мэдээг талархан хүлээн авсан иргэдийн хариу үйлдлээс мэдрэгдэж байна. “Карантины үеэр бид өөрсдийн сул цэгүүдээ хангалттай сайн харлаа. Цар тахлаас үүдсэн хямралын үед ажилгүйдэл эрс нэмэгдэж байна. Ажилгүйдлийн тэтгэмж хүссэн иргэдийн тоо өнгөрсөн дөрөвдүгээр сард 43 хувиар өслөө. 43 хувь шүү дээ. Цаашид ч энэ тоо өснө. Энэ сонгуулийн үр дүн яаж ч гардаг бай, дараагийн Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллана. Энэ үед хоосон сагсуурал, чанга дуугаар орилогчдын ид шид даанч гарахгүй” хэмээн тэр хэлж байна.

***

Р.Амаржаргал Ардчилсан намын залуучууд голдуу (54/76), анх удаа дэвшиж буй нэр дэвшигчдээр бүрдсэн багийг удирдан сонгуульд орлоо. Залуу насанд итгэдэг, хүсэл мөрөөдөл, хүч чадлыг нь ойлгодог учраас тэдэнтэй хамт алхаж байгааг нь харах таатай байна. “Ирж яваа цагийг сөрөх арга үгүй. Биширмээр гайхалтай залуус олон байна. Тэдэнд түшиг болох, алдаж эрсдэхээс сэргийлэх, зөвлөх нь бидний үүрэг. Залуу насанд итгэж байна гээд ус руу шууд чулуудчихаж болохгүй. Арай дөнгүүр яваа хэд нь мөрөн дээрээ түшиж өгөөд, зааж зөвлөөд, хөтлөөд оруулах хэрэгтэй. Шинэчлэл гэдэг бол хүн солих, хусах асуудал биш л дээ. Угтаа энэ бол тогтмол явагддаг процесс” хэмээн тэр хэлсэн. Тэр залуустай ойрхон ажилладаг, сайн ментор. Түүнийг харж, үйл хэрэг үзэл санааг нь хүндэтгэн үздэг олон залуу бий. Р.Амаржаргал ч тэднээс давхар суралцаж, хамтын үр дүнд хүрэхэд таатай ханддаг нь үргэлж мэдрэгддэг. 

Хиймэл оюун ухаан, big data, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, шинжлэх ухаан, технологийн дэвшлүүд дэлхийг эргүүлж байгаа энэ үед туршлага-залуу нас хоёр гар барилцаад хамтарвал ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг бид харахыг хүсэж байна. Тийм учраас аливааг том зургаар нь хардаг, улстөрийн салхи үлээх тоолонд даган намирч, хийсээд байдаггүй чанар “ёс зүйн код” нь болдог Р.Амаржаргал шиг хүн энэ парламентад заавал байгаасай гэж хүсэж буй олон залуус бий. 

Хэрэв сонгогдвол ирэх дөрвөн жил та юунд анхаарах вэ гэсэн асуултад “Улс орон, улстөрийг аль болох савлуулж халгиулахгүйхэн шиг шинэ үеийн залууст шилжүүлчих юмсан гэсэн хүсэл байна. Төрийн албыг бэхжүүлэх, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухааны үр шимийг Монголд хөрслүүлэхэд л анхаарч иллана” ажхэмээн Р.Амаржаргал даруухан хариулсан.

Хүчирхэг удирдагч, харизм хайсаар эцэст нь сэтгэл хөдлөл, популизмд алдсан цаг хугацаа, боломжийг сайн гүйцэтгэл, том зургаар харсан оновчтой шийдэл л нөхөж чадна гэдгийг одоо бид ойлгож байна. Асуудлыг шийдэх бодит гаргалгаа бидэнд юу юунаас илүү хэрэгтэй болж ирлээ. Чухам энэ л цаг үе түүнийг дуудаа юм байлгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *