Beautiful Plants For Your Interior
Ирээдүй: Засаглал, Санамсаргүй үр дагавар, Өвөрлөсөн итгэл горьдлого
Монгол улс нь дэлхийн оюуны, боловсролын, эрүүл мэндийн товчоор Eco-Smart Nation болон хөгжинө.
Орчин цагийн Монгол улсын хөгжил, дэвшил дардан замаар яваагүй хэдий ч 90 онд хийсэн сонголтдоо тууштай байж чамгүй амжилтад хүрсэн.
Төрт ёсны олон мянган жилийн түүхтэй Монгол 90 оноос хойш цоо шинэ өнгө төрхийг олж ард иргэдийнхээ ахуй амьдрал дээшлүүлэх, шинэ зууны дуудлагад нийцсэн эдийн засаг, нийгэм төрийн тогтолцоо бүрдүүлэхээр чармайж буй. Энэ хүрээнд төрийн албыг бэхжүүлэх, чанарын шинэ шатанд гаргах, дэлхийн шилдэг арга туршлагыг үзэл суртлын догм-д баригдахгүй эндээ хөрслүүлэх, төрийн бодлогын асуудлыг тал бүрээс нь гүнзгий шинжлэн хэрэгжүүлэхээр оролдож байна. Алдаа оноо ч бишгүй.
Төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурлан, прагматик, шаардлагатай үед уламжлалт хандлага, угжирсан үзэл бодлоос зоригтой татгалзаж, шинийг эрэлхийлэн төрийн албаар дамжуулан төрөө бэхжүүлэх үүрэг бидэнд ноогдсон.
Төр засаг, түүний үр дүнтэй бодлого шийдвэр нь дээрх хандлагыг шаардаж буй. Гэхдээ бүх юм санасан зоргоор өрнөхгүй. Санамсаргүй урьдчилан тооцоогүй юм заавал гарч ирнэ гэдгийг умартах учиргүй. Шийдэх асуудал нь нарийн төвөгтэй учраас тийм. Өнөөдөр шийдвэр гаргаж буй нөхцөл байдал, бидний оруулсан урьдчилсан нөхцөл байдал, төлөвлөсөн зүйлс байнга өөрчлөгдөж байгаа учраас төр засгийг анхнаасаа буруу дүгнэлтэд тулгуурлан буруу шийдвэр гаргасан гэсэн шүүмжлэл тасрахгүй. Харалган сохор байдал заримдаа хамгийн энгийн тэнэглэлээс үүдэн хүнд байдалд ордог хэдий ч төрийн бодлого хэрэгжүүлтэнд санамсаргүй тооцоогүй үр дагавар гарцаагүй байдаг тул тун осолтой, аюултай гэдгийг мартах учиргүй юм.
Үүний нэг сонгодог жишээ нь Хятадуудын болжмортой хийсэн “дайн” байдаг. Соёлын хувьсгал, Их үсрэлтийн он жилүүдэд харх, ялаа, шумуул, болжмортой тэмцэх компанийг Мао Зедун эхлүүлсэн. Санаа нь үр тариа, ургацаа хамгаалах. Болжмор үгүй болсноор ургац, үр тариа нь хорхой шавжны хоол болж, аймшигт өлсгөлөн Хятадад нүүрлэсэн юм.
Эдийн засгийн хөгжлийн түвшин ахих хирээр хүн амын өсөлт саардаг, төрөлт буурдаг зүй тогтол байдаг. Энэ бас аюултайг Сингапурын хүүхдийн тоог “2 хүрээд зогс” гэсэн компани нотолсон. Манай улс эдийн засгийн хөгжлөөр хоцрогдсон хэвээр хэдий ч хүн ам зүйн байдлаараа өндөр хөгжилтэй орны түвшинд хүрсэн. Төрөлт саарч байгаа. Орой гэрлэх болсон. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг хоосон үг биш. Эдийн засгийн болон нийгмийн олон талын үр дагавартай. Хүүхдийн мөнгө нэг шийдэл мөн боловч, тун ч муухай, сөрөг дайвар үр дагавар нь бишгүй асуудал үүсгэж байна. Тэжээлгэх сэтгэлгээнээс ангижраж чадахгүй одоо хүрлээ. Тэжээлгэх сэтгэлгээний хорт үр дагавар нь төрийн байгуулалтанд сөрөг нөлөөлж буйг бүх шатны сонгуулиас харж болно.
Ер нь нийгмийн бодлогын урьдчилан тооцоогүй үр дагавар төвөгтэй. Учир нь хүний үйл хөдлөл, нийгмийн өөрчлөлт нь маш нарийн, гүнзгий, далд, уялдаа холбоо бүхий хүчин зүйлсийн үр дүн байдаг бөгөөд “өвчний далдлагдсан” хугацаа олон жил байж болно.
Эл нөхцөлд уламжлалт, тогтсон бодлогын бололцоо шавхагдаж, хэмжээ хязгаар нь ил болдог. Хүний үйл хөдлөлийг залах амаргүй. Гудамжинд хог хаяхыг болиулах үүднээс торгож шийтгэж болно. Гэхдээ хүний далд, гүнзгий бодол санааг тааж, чиглүүлэх амаргүй. УИХ сайн санаад гаргасан хууль тогтоол эсрэг үр дүнд хүргэдэг жишээ бишгүй. Гэхдээ нэг зүйлийг санаж байх учиртай юм. Төрийн бодлого тодорхойлон, шийдвэр гаргаж буй хүмүүсийн өөрсдийнх нь оюуны, танин мэдэхүйн чадвар хязгаарлагдмал. Дарга нар өөрсдийн авч буй мэдээлэл, түүнийг шингээн тунгаах чадварынхаа хэмжээнд л шийдвэр гаргаж буй. Ялангуяа, мэдээлэл, цаг хугацааны хязгаарлалтад автан гаргаж буй шийдвэр мэргэн зөв байх нь ховор. Эл нөхцөлд дарга өөрийн санаа бодол, ихэнх тохиолдолд ашиг сонирхолдоо нийцсэн шийдвэр гаргадаг бөгөөд тэр нь улс нийгэмд тустай, зөв, оновчтой шийдэл байх баталгаагүй.
Шийдвэр гаргах нь төгс төгөлдөр процесс биш хувь хүний субъектив үнэлэмж, чадавхад тулгуурласан байдаг. Хамгийн таатай нөхцөлд ч зөв шийдвэр олох амаргүй.
Эндээс төр засгийн шийдвэр, хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөө дандаа зөв байх албагүй бөгөөд алсдаа алдаа мадаг нь улам тодордог.
Гэхдээ гараа хумхиад суугаад бай гэсэн үг бишээ. Харин ч асуудлыг хүндэрнэ, санамсаргүй үр дагавар тодорно гэдгийг хүлээн зөвшөөрч, нээлттэй байж, бодлого төлөвлөгөөгөө цаг тухайд нь өөрчлөх чадвартай байх ёстой. Сөрөг үр дагавар гарч ирсэн нь буруу шийдвэр гаргасан, эсвэл хэрэгжүүлэхгүй орхих, огт татгалзах ёстой байсан гэж ойлгох биш харин цаг алдалгүй засан залруулдаг байх тухай асуудал юм. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх, мэдэхгүй, чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх нь орчин цагийн шаардлага бөгөөд үүнд айж ичээд байх зүйл огт үгүй. Аливаа том, өргөн цар хүрээтэй зүйл эхлүүлэхээсээ өмнө туршиж үзэх, сорилт хийх зэрэг нь үр дүнтэй байдаг. Юм буруу өрнөхөд буруутныг хайх биш, ямар шийдэл байгааг хайх нь илүү үр өгөөжтэй.
L.P.Hartley “The Past is a foreign country, they do things differently there” гэж 1953 онд бичсэн байдаг. Өнгөрсөн бол бидний хувьд үнэхээр л танихгүй, мэдэхгүй харийн улс шиг, тэнд бүх юм өөрөөр өрнөж байсан. Тиймээс ч түүхийг шүүх гэдэг, өнгөрсөн хойно ийм тийм гэж цэцэрхэх, тайлбарлах тун учир дутагдалтай бөгөөд төрийн хүний хийх ажил биш. Юмс, үзэгдэл байнга л хувьсан өөрчлөгдөж, урагшилж байдаг. Чиний үг, үйлдэл бүхэн энэ өөрчлөлтийг түлхэж байдаг гэдгийг ойлгох, ухаарах ёстой. Эндээс төрийн хүний ухаан, хариуцлагын асуудал урган гардаг юм.
Ирээдүйг ойлгох амаргүй, хэцүү. Болоогүй, ирээгүй, учраагүй байгаа зүйл бол ирээдүй. Алдарт санхүүч J.P. Morgan-аас зах зээл яах бол гэж асуухад “савлах л биз дээ” гэж хариулсан байдаг. Ирээдүйн талаар бид таамаглаж болно, бидний бодлоор энэ л чухал, хүчтэй нөлөөлөх фактор гэж ойлгон итгэж нэг л хүчин зүйл, хандлагыг чухалчлан түүнээс ургуулан ийм тийм гэж төсөөлдөг. Миний чухал гэж үзсэн зүйлээс гадна өчнөөн төчнөөн зүйлс байгаа гэдгийг орхигдуулдаг. Маргааш бол өнөөдрийн энгийн экстраполяц гэж ойлгодог. Ирээдүйн талаар шугаман сэтгэлгээгээр хандах аргагүй, явцгүй. Шугаман бус хамаарлыг олж илрүүлэх гэж оролддог хэдий ч нөгөө л шугаман сэтгэлгээндээ баригдаад хоцордог гэдгийг илтгэсэн тоо томшгүй судалгаа байдаг.
Бид шалтгаан үр дагаврын пропорцыг адил/ижил мэтээр ойлгодог. Том шалтгаан том үр дагаварт хүргэнэ гэж ойлгодог. Иймэрхүү шугаман сэтгэлгээнээс үүдэн, түүний хүрээнд шийдвэр гаргагчид, нийгэм, эдийн засаг, улс төр, технологи, байгаль орчны том хүчин зүйлд төвлөрөх гэж оролддог.
Харамсалтай нь бидний нүдэнд өртөөгүй юмс үзэгдэл, тэдгээрийн нийлбэр уялдаа хэлхээснээс үүдэн ирээдүй гарч ирдэг. Таашгүй. Хаанаас юу гарч ирэхийг таах аргагүй гэдгийг технологийн салбараас тод харж болно. Дараагийн цар тахал юунаас хаанаас ирэхийг хэн мэдлээ.
Тэгэхлээр асуудлыг гадарлаж ойлгохын тулд зөвхөн улс төр, эдийн засаг гэлтгүй мөн нийгэм, соёл, нутаг ус, технологи, зах зээл гэх мэт бүгдийг л ямар нэгэн байдлаар тооцож тусгах хэрэгтэй болж байна. Техникийн мэргэжилтнүүд тун нарийн, точный салбарт төвлөрдөг учраас бусад хүчин зүйлийг тусгах чадвар дутмаг, харин нийгмийн ухааны чиглэлээр бэлтгэгдсэн хүмүүс нэгтгэн дүгнэж том зургийг харах чадвар илүү байна гэсэн судалгаа байдаг. Эндээс үүдэн төрийн албан хаагчдыг аль салбараас эрж хайх техникийн болон нийгмийн ШУ төлөөлөл ямар харьцаатай байх, яаж бэлтгэх, юунд сургах хүртэл асуудал босож ирнэ.
Өөрийгөө олох таних тухай
Ирээдүйн талаар төсөөлөхдөө өөрсдийгөө бахь байдгаараа байх мэтээр ойлгодог ойлгодог тал бий. Гэтэл ирээдүйд бид ч бас өөрчлөгдөнө. Хүний нийгэмд энэхүү өөрчлөлт нүдэнд өртөхгүй тасралтгүй явагдаж байдаг. Нэг л мэдэхэд буурал толгойтой, өвчин хэлсэн тэс өөр гэмээр хүн толинд тусдаг. Энэ яахав, өнгөн талын, жамын өөрчлөлт гэж боддог хэдий ч бидний дотоод ертөнц, соёл, үнэт зүйлс цагийн аясыг дагаад маш их өөрчлөгдсөн байдаг. Өнөөдөр бид 3.2 сая тэс өөр давтагдашгүй монгол билээ. Гэхдээ биднийг нэгтгэж буй үнэт зүйлс бас бий. Ирээдүйн Монголыг төсөөлөхдөө энэ чигээрээ л байна. Нэг их өөрчлөгдөхгүй гэж бодож тооцож байгаа. Ихэнх тохиолдолд бидний дотоод ертөнц, нийтлэг үнэт зүйлд ямар өөрчлөлт орохыг огт тооцохгүй яваа.
Орчин цагийн Монгол 20-р зууны эхэн, дунд, сүүл үеийн, 21-р зууны эхэн үеийн Монголоос их өөрчлөгдсөн. Бид өөрсдийгөө байршуулж байгаа, үнэлж дүгнэж байгаа, амьдрал ахуйгаа тодорхойлж байгаа талаас нь аваад үзвэл тэс өөр хүмүүс гэмээр. Монгол Монголоор үлдэх нэг талаас, нөгөө талаас глобалчлал, интеграц, техник технологийн хувьсгалд тасралтгүй өртөн хувьсан өөрчлөгдөх шаардлага – амаргүй сорилт. Бид гэж хэн бэ? Бид хэн байхыг хүсэж байна? Өнөөдөр та би юуг хүлээн зөвшөөрч байна гэдэг – энгийн, гэмгүй асуулт биш болоод байна.
Бараа, компанийн, эзэнт гүрэн, улс үндэстний “амьдралын мөчлөг” гэж байгааг илхэн харж байна. Ажиглаад байхад өөрийгөө тасралтгүй өөрчлөн, шинэчилж чадсан, дэвшилтэт бүхнийг талархан, асар том боломж, тэнгэрийн хишиг мэтээр хүлээж авдаг хэд нь л үлдээд байна. Гарцаагүй, ухрах, зайлах аргагүй өөрчлөлтийг сөрөн мунхаглаад байвал түүх арчаад л өнгөрдөг. Сэтгэж, зүтгэж, хөдөлмөрлөж байж л амьд үлдэх тогтолцоонд тойрогт бид орно.
Монголыг зөвхөн 1.5 сая км2 гэж ойлгох цаг өнгөрсөн. Бид зүүн хойд ази, зүүн ази, ази номхон далайн, тив дэлхийн цөм, амин чухал хэсэг нь, байгаль, хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлтийн, тогтвортой хөгжлийн түлхүүр Smart-Eco Nation, виртуал (хил хязгааргүй) ертөнцийн хүчирхэг долгион түгээгч гэж өөрсдийгөө харж, өнөөгийн Төр засгийн бодлого, үйл ажиллагаа зангидах ёстой. Хиймэл оюун ухаан, IQ, EQ ертөнцийн “моодыг” тодорхойлогч байх орон зай бидэнд буй.
Тиймээ, бид 3.2 сая, эдийн засгийн хувьд $13 тэрбум – дэлхийн өчүүхэн нэг хэсэг. Энэ бол өнөөгийн тогтсон шалгуур, хэмжүүрээр. Харин ирээдүй цагийн шалгуур, хэмжүүрээр бид дэлхийг манлайлагч, зүтгүүр, хөдөлгөгч хүч нь байх бүрэн бололцоо. “Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэдэх” асуудал.
Ирээдүйдээ нөлөөлөх, түүнийг тодорхойлох нь бидний нийгэм-эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөс ихээхэн хамаарна. Түүх олон сонголттой, олон чиглэл, зам мөртэй. Чухам алийг нь сонгож алинаар явах нь улс төрийн сонголтын асуудал бөгөөд бүтцийн хүчин зүйлс болон “хүн – нийгэм – экологи – технологи” системийн харилцан үйлчлэлээр нөхцөлдөж байгаа юм.
Робот, хиймэл оюун ухаан гэх мэт хөгжиж, хүнийг орлож, өөрсдөө “нийгмийн амьтан” болох аюул заналын тухай зохиол кино бишгүй гарах боллоо. Чиний хажууд “сэтгэлтэй, нэг үглэсэн” робот дагаад явдаг цаг үе удахгүй ирэхэд би гайхахгүй. Манай мал аж ахуй ямар төрхтэй болох бол? Ёстой “өглөө төрөөд, үдээс хойш хонь хариулна” гэдэг чинь киборг, роботуудыг хэлсэн юм биш биз? Зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүтэц хэрхэн өөрчлөгдөхийг таах аргагүй. Өөр болно, бид дагах ёстой болно.
Люксенбург гээд 600 мянган хүн амтай, улс байдаг. Байгалын баялаггүй. 2016 оны ХI сард өөр од гариг дээр ашигт малтмал ашиглах эрх олгосон хууль баталсан бөгөөд дэлхийг тойроод эргэлдэж буй астроид дээр ашигт малтмал хайх зорилго бүхий €200 сая сан байгуулсан. Дэлхийг тойрсон хиймэл дагуулын бизнесийн хамгийн том оператор нь энэ улс. Энэ бол ирээдүйг харсан бодлогоос гадна технологи, засаглал, хүний эрэлт хэрэгцээг нэгтгэн цоо шинэ зах зээл үүсгэн, хөгжиж буйн тод жишээ юм.
Томас Фридмэн дэлхийг “хавтгай” гэсэн. Үнэндээ тийм ч болсон. Харин Richard Florida дэлхий хавтгай гэхдээ тэнд сарьдгууд, “шөвгөр орой”-нууд бий гэсэн. Үнэ өртөг, үнэ цэнэ нэмэх процесс нэг хэсэг газар, кластерт, тэр сарьдгуудад төвлөрөөд байна. Тэд л өнөөг, ирээдүйг тодорхойлж байна. Тэдгээрийн уялдаа холбоо, хэлхээс бүхнийг шийдвэрлэж эхлэв.
Бид нэг оргил, алтан оргил нь болох ёстой юм. Оргил нь хөгжиж, баян тансаг, нам дор нь хоосон ядуу байх янзтай. Тэр Hub, кластер болохын тулд энэ дэлхий дээр хаана ямар авьяас байна түүнийг татах авчрах ёстой. Сарьдаг оргил, Hub энэ бүгд нарийн төвөгтэй сүлжээ буюу network үүсгэж эхэлсэн. Бид тэр дотор багтах үүрэгтэй.
Алсын удирдлагаар Оюу Толгойн олборлолтоо Rio Tinto хянаж байна. Хаа байгаа англиас, тэр хол зайнаас нэг залуу манай газар дор ухалт хийгээд сууж байна. Нөгөө хил хязгаар гэдэг нь ямар агуулгатай болоод байна?
Дани улс технологийн буюу Дижитал элчин сайд гэсэн албан тушаал буй болгов. Мэдээлэл, түүнийг баазыг хамгаалах асуудал улс орнуудын Дижитал элчин сайд нарын төвшинд яригдаж эхлэв. Эстони улс дижитал нийгэм байгуулж байна. Өнгөрсөн сонгуульд нийт сонгогчдын 30% интернетээр саналаа өгсөн. Эхээс төрөөд л дижитал дугаар хүртэж түүгээр татвараа төлөхөөс эхлээд гэрээнд гарын үсэг зурах хүртэл бүх зүйлээ хийж байна. Эстони дижитал Элчин Сайдын Яам туршиж эхэллээ.
Саудын Арабад иргэний үнэмлэхээ авсан анхны робот тодорлоо. Өнөөдөр та хаана амьдарч, ямар үйл ажиллагаа эрхэлж буй нь сонин биш болсон. “Virtual Nation” гэдэг ойлголт газар авч байна. Бүх дэлхийн “Virtual Nation” Монголд төвлөрөх, мэдээллийн дата баазаа аюулгүй хадгалах, Дижитал ЭСЯ-даа манайд байгуулах, тэнд нь тухайн улсын иргэн роботууд ажиллах бололцоог яагаад судалж болохгүй гэж.
Эстони улс 2014 онд Е-оршин суугч иргэн системийг нэвтрүүлсэн бөгөөд танд ч одоо Эстони улсын Е-оршин суугчаар бүртгүүлэн, компаниа байгуулан үйл ажиллагаа өрнүүлэх, тэдний татварын таатай, засаг захиргааны хүнд сурталгүй системийг ашиглан, е-банкаар дамжуулан гүйлгээ арилжаа хийж, төв болон орон нутаг, салбарын тендерт нь чөлөөтэй оролцож байх бололцоо нээлттэй болсон. 2017 оны байдлаар 18,000 гаруй хүн е-оршин суугчаар бүртгүүлсэн байна. Иймэрхүү замаар улс орнууд өөрийн нүүр царай, identity гэдэг юмаа өөрчлөн, цоо шинэ брэнд буй болгож байна.
Том жижиг, цөмийн зэвсэгтэй үгүй гэх мэтээс үл хамааран цоо шинэ төрхтэй улс орнууд олон олноор тодорч байна. Биет хил хязгаараа дижитал ЭСЯ-аар дамжуулан эрс тэлж, дэлхийн хамгийн цөм цэг дээр бизнес, нийгэм соёл, улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх өргөн боломж нээгджээ. Эх орон, газар шороо, хил хязгаар гэдэг ойлголт бидний хувьд нэн чухал, тун эмзэг. Гэхдээ эдгээрийг шинээр ухаж ойлгох, улам баталгаажуулахын тулд “Out of Box” сэтгэлгээ, инноваци онцгой ач холбогдолтой болжээ.
Монгол хөгжиж, бадран мандах гэдэг нь бидний Мөрөөдөл, гэхдээ шинжлэх ухаан, техник, технологи асар хурдацтай хөгжиж, хаа сайгүй нэвтрэн, ёстой Марксын хэлдгээр өөрөө “үйлдвэрлэх хүч” болсон энэ үед мөн интеграц глобалчлалын шуурга, үер давлагаа замдаа тааралдсан саад хотгорыг арчин хаяж буй энэ үед бид маш олон зүйлийг эргэн харж, шинээр ухан ойлгож, шинээр томьёолж, шинэ стратеги бодлого тодорхойлон, түүнийг хэнтэй, хэзээ, яаж хэрэгжүүлэхэд сайтар бодож, шинэ цагийн дуудлагад нийцэх төрийн алба, төрийн албан хаагчдыг бэлтгэх ёстой юм.
Хувь заяа, ирээдүйгээ бусдад, ялангуяа мухар сүсэг бишрэл, бурангуй хүчинд даатгаж, найдаж суудаг цаг хэдийнээ өнгөрсөн. Бид Монголчууд учраас цаанаасаа бүх юм болчихно, бид амны хишигтэй, тэнгэрийн заяат, амны билгээр гэх мэтээр ярьдаг нь чихэнд чимэгтэй хэдий ч эзэн бид хичээхгүй бол ямар зүтгэл бүтээл байхав дээ. Бүхнийг зөнд нь орхиж, “уужуу” монгол сэтгэлд даатгаж идэвхгүй байх мөхөлтэй адил. Их л сайндаа харын жуулчид ирж үздэг “амьд үзвэр” байх хувь тавилантай эвлэрмээргүй байна.
Идэвх, санаачлагагүй байх хирээр стратегийн шоконд орох, бүх төрлийн савалгаанд өртөх магадлал өндөр. Зүтгэж, чармайж идэвхтэй байхад итгэл бас байдаг. Итгэл байж л зүтгэл, зүтгэл байж л үр дүн бүтээл байдаг. Итгэл байсан хэдий ч төөрөхгүйн тулд тэр Vision гэдэг нь бас чухал. Гэхдээ сая улс төрийн зорилгоор баталсан 2050 биш шүү.
Горьдлого, мөрөөдөл чухал хэдий ч тодорхойлох хүчин зүйл байж таарахгүй. Аливаа итгэл, том Vision-ийг идэвх зүтгэл, тодорхой ухаалаг үйл ажиллагаа дагалдах учиртай. Итгэл, солиорлын ялгаа үүнд л байгаа юм: Үйл ажиллагаа.
Бид үнэ тогтоогч биш, “price-taker”-ууд байдлаас, “Самая независимая страна в мире – Монголия, ибо от него ничего не зависит” гэсэн гашуун ч гэмээр, доромжлол гэмээр сэтгэлгээнээс ангижрах, бид өөрсдөө нөлөө бүхий хүчин зүйлс буй болгон, өөрөө байж чадах эсэх нь хариу нэхсэн хэвээр байна.
Бид “жижиг” улс хэдий ч өөрсдийн зах зээл, түүгээр үл барам оршин тогтнох эргэн тойрон орчноо буй болгож чадна, бид нөлөөлж чадна, бид урлан сийлж чадна. Дэлхийн улс орнууд, ялангуяа хоёр хөрш маань Монголын хөгжилд юунаас ч их сонирхолтой, тэр тэдний эрх ашигт яв цав нийцсэн байхаар төрийн бодлогоо томьёолох ёстой, хэрэгжүүлэх ёстой. Төрийн хүний ухаан үүнд л төвлөрөх учиртай.
Бидэнд бэрхшээл зовлон, маш тодорхой хязгаарлалт саад хотгор байгаа. Гэхдээ энэ бүгд хязгаарлалтууд нь бидний боломж, бололцоо юм. Бид жижиг ядуу учраас энэ их баялаг, ялангуяа байгалийн баялаг гай тарьж байна, бид ядуу жижиг, сул учраас эдийн засгийн болон төрийн бодлогын хүрээнд маневр хийх орон зай, цаг хугацаа муутай нь үнэн. Гэхдээ энэ чинь бидний аз, боломж байж бас болно оо. Том хөлөг онгоцыг эргүүлэх амаргүй. Титаникийн хувь тавиланг санаж буй биз. Жижиг авсаархан учраас чиглэлээ өөрчлөх хурдан хялбар. Удирдан чиглүүлэх, уялдаа холбоог хангах, улс орноо бүх л салаа мөчиртөө нь, тэдгээрийн хэлхээс уялдаа холбоотой нь товчхондоо бүтнээр нь харж удирдах арга, аргачлалыг хэрэгжүүлэн төрийн хүн хүн бүрт хүргэх шаардлагатай. Турших, шалгах, загварчлах, дадлагажих зэргийг ашиглаж бодлогоо хэрэгжүүлэх, эсэргүүцлийг даван туулах амар.
Бас нэгэн зүйл, нарийн төвөгтэй, ярвигтай байдал, тодорхойгүй зэрэг нь бидэнд бас цоо шинэ зүйл биш. Газар зүйн байрлал, үүх түүхээс хамааран эл бүгдийг даван туулах чадвар бидний ДНК-д шингэсэн байдаг. Одоо болтол Тусгаар Монгол улс байж байгаад гайхдаг гаднынхантай зөндөө учирч байлаа. Болохгүй, бүтэхгүй гэсэн айдас хүйдсийг бид давж л ирсэн. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үнэн. Ард иргэддээ итгэл үзүүлэн дэмжлэг өгвөл ямар ч хүндийг давж болохыг 90 оны эхэнд бид бүгдээрээ туулсан.
Шинэд хүрэх амаргүй гэдгийг бид мэднэ. Гэхдээ зориглон нэгэн үзүүрт сэтгэлээр тэжээгдэн зүтгэхэд хүрэхгүй өндөрлөг үгүйг 1911, 1921, 1936/37, 1939, 1945, 1961, 1981, 1990 оны үйл явдал, үүх түүхүүд бэлхнээ нотолж буй.
Бид цаг тухайд нь өөрсдийгөө өөрчлөж чадаж байвал Монголоороо байгаагийн илрэл, тод жишээ. Дасан зохицох хосгүй чадвараа Монголчууд алдаагүй байхад бид хэнээс, юунаас хоцрохгүй, манлайд нь явах болно. Сэтгэл цадахгүй, байгаагаа байнга чамлаж, илүү ихийг хүсэж байдаг нь бидний муу чанар, сул тал биш харин ч илүүд хүрэх эрмэлзэл, эрч хүчний сурвалж байх ёстой.
Ард олныхоо итгэл олсон, итгэл даах төр, түүнийг хэрэгжүүлэгч төрийн түшээдтэй Монгол зүг чигийг нь зөв гаргаад өгвөл, хүрнэ, очно. Төрийн халамжаас эхлээд баялгийн хуваарилалт хүртэл шударга ёсыг хангаж чадвал бидэнд саад болох юм юу байх билээ.
Цэнгэлийн манлайд хүрэх нь дан ганц бидний сэтгэлийн чин зоригоос, бидний оюун ухаан, сэтгэлгээний цар хүрээгээр л хязгаарлагдана.