Beautiful Plants For Your Interior
Зөв явах юм бол замбуулин зөөлөн байх болов уу?
Хатуу хөл хориотой 10+ гаруй хоног өнгөрлөө. Хүн бүр л нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа. Эрх чөлөө гэдэг хэчнээн үнэтэй зүйл болохыг та нар биеэрээ мэдэрсэн болов уу л гэж би горьдож байна. Эрх чөлөөт хүн л амьдралын амтыг мэдэрч, утга учрыг гадарлаж, тэр үнэт зүйлсийг хамгаалах ёстойг ухаарч суугаа байх.
Эрх чөлөөг хамгаална гэдэг нь өнөөдөр юу байхав? Гараа тогтмол угаах, маскаа зүүх, зай барих, хоосон сэлгүүцэхгүй байх, товчхондоо өөрөө л хариуцлагатай байх юм аа. Маш энгийн, хялбар. Эрх чөлөө гэдэг ийм л юмнаас эхэлдэг. Иргэн та хариуцлагатай байх, ухамсартай байх, эерэг байх зэрэг нь эрх чөлөөний баталгаа болоод байгаа юм. Тэрнээс том том ярьж, цээжээ дэлдэж гүйх биш л дээ.
Өнгөрсөн хугацаанд та өөрийн амьдрал ахуй, гаргаж байсан шийдвэр, хийсэн үйлдэл бүрээ эрхбиш эргэн харж, дотор хүнтэйгээ зөвлөлдөн, нягтлан тунгааж маргаашийн төлөвлөгөө, ажил төрлөө төсөөлөн суугаа биз. Танд зарим нэгэн зүйлийг сануулах үүднээс үүнийг бичиж байгаа юм.
1. Хэрэггүй юмнаасаа сал:
а. маш хэрэггүй зүйлд цагаа зарцуулдаг байсан
б. хэрэггүй хүмүүстэй уулздаг байсан
в. хэрэггүй хувцас эд бараа цуглуулдаг байсан байгаа биз? Энэ тухайгаа дахин нэг сайн бодоорой. Цаас үзэг аваад хэрэггүй юу хийдэг, хуримтлуулдаг байснаа түүж бичээд, эргэн нэг шүүгээрэй.
2. Эмзэг, өртөмтгий байдлаасаа ангижрах хэрэгтэй. Цар тахалтай учраад, хөл хорионд ороод өөрийн эрүүл мэнд, санхүүгийн байдлаа ямар эмзэг болохыг та мэдэрсэн үү? Хэд хоног хөл хориход л орлогогүй, бизнесгүй болохоор байна шүү дээ. Хорио цээрийн хугацааг сунгаад байвал яах юм вэ? Миний уншиж үзсэнээр К19 дараа К20, К30 сериуд тасрахгүй бололтой. Дээр нь ган зуд, үер, газар хөдлөлт гээд л юу болов доо гэмээр зүйлс дараална. Эдийн засагт бас зөндөө л тэнэг юм өрнөх янзтай. Энэ нөхцөлд төрд найдаад хол явахгүй, өөрөө өөртөө л найдах нь шийдэл. Эрх баригч ба Таны ашиг сонирхол шал өөр эрэмбэ, шатлалын юм байдаг. Тиймээс тодорхой хэсэг бүлгээрээ амьдрал ахуй, бизнесийн асуудлаа өгөгдсөн өгөгдөл-ийн хүрээнд бат бэх, хаттай болгох арга замыг бодоорой. Эмзэг, өртөмтгий эсрэг нь бат бэх, хаттай байх нь чухал. Иймийн тулд хийж болох хамгийн энгийн зүйл бол:
а. Шуналаа хязгаарлах. Энгийн байх. Үнэндээ хүнд нэг их юм хэрэггүйг ухаарна, хэрэгжүүлдэг болно гэдэг жинхэнэ ялалт шүү дээ.
3. Хүн нийгмийн амьтан болохоор олны дунд байхыг хүсэлгүй яахав. Гэхдээ олны дунд байна гэдэг нь өөрийгөө рекламдах гэж, байгаагаасаа илүү болж сүржигнэх гэсэн үг биш л дээ. Чухал шаардлагатай, танд гэрэл гэгээ ухаарал, мэдлэг, сургамж өгөх хүнтэй л уулзаж, өөрийн гэсэн бодолтой бай. Нийгмийн сүлжээг дагаад намираад байвал өөрийгөө ч өрөөлийг ч, улмаар нийгмээ сүйтгээд хаяна шүү дээ.
4. Эрүүл биед саруул ухаан гэдэг. Нэг хэсэг Таны эрүүл мэнд “бүх нийтийн үйл хэрэг байсан”. Та эрүүл мэнддээ яаж ч хандаж байсан хэн нэг хүрч ирээд “засаад”, эмчлээд босгоод явуулна гэж тун ч олон жил ойлгож, итгэж ирсэн дээ. Одоо ч арилаагүй л байгаа.
Эрүүл саруул байх эсэх нь таны, зөвхөн таны сонголт гэдгийг одоо хаа хаанаа нэг мөр ойлгож, “яс махандаа шингээх” цаг болсон. Энэ зөвхөн таны сонголтын асуудал: гараа тогтмол, савандаж угааж байх эсэх нь таны сонголт, маскаа зүүх эсэх нь таны сонголт, зай барих эсэх нь таны сонголт тэрнээс УОК таны өмнөөс энэ бүгдийг хийхгүй. Хэрэгт хэрэгцээгүй газар сэлгүүцэх эсэх, ойр дотнын хүнээ бодох эсэх таныг л сонголтын асуудал.
5. Орсон бороо арилна аа, энэ К19 ч түүх болно, харин К20 гм-тэй нүүр тулахдаа энэ удаа шиг барьц алдаж, “нусаа хацартаа наахгүй” байхын тул бидэнд бас нэг зүйл хэрэгтэй. Энэ бол саруул ухаан.
Яг өнөөдөр саруул ухаантай байна гэдэг нь үймж сандрахгүй байх, мэргэжлийн хүмүүсийн үг зөвлөгөөг сонсоод өнгөрөх бус, харин тусган авч, өдөр тутмын амьдралдаа тусгах, хэвшил болгох юм. Эерэг өөдрөг бодол, итгэл нэн чухал.
Хэрвээ та анзаарсан бол бид амьдралыг ноорог цаасан дээр бичиж байгаа юм шиг өнгөрөөж байна. Маргаашаас, нөгөөдрөөс, ирэх жилээс яг жинхэнээр амьдарна харин одоо бол ноороглож байгаа юм гэх маягтай, өнөөдөр, яг одоогийн амьдралдаа хандаж байна. Тэгж болохгүй байх аа. Өчигдөр өнгөрсөн, маргааш болоогүй, яг одоо л амьдрал бодит утгаараа өрнөж байгаа. Тиймээс яг одоо зөв явах юм бол замбуулин зөөлөн байх болов уу?
Very interesting! Keep up 🙂
[…] Эх сурвалж: http://www.amarjargal.org / Р.АМАРЖАРГАЛ […]