Төрийн алба: Сорилт

Өмнөх үг

Өөрөө болон өрөөл бусдыг амар тайван амьдруулахад төрийн алба Нэн чухал гэдгийг бүгд л мэдэж байгаа. Би ч мөн ялгаагүй тэгж боддог.

Төвөгтэй ээдрээтэй олон асуудлын зангилаа нь төрийн алба, түүний чанар чансаанд байгааг сүүлийн 100 гаруй жилийн түүхээс харлаа. Төрийн албыг төрд үнэнч, төр түмнээ гэсэн сэтгэлтэй, мэргэжилтэн шинжээч нараар бүрдүүлэх, тэднийг цэгцтэй бэлтгэх, давтан бэлтгэх, амьдрал ахуйн баталгааг хангах зэргийг өнөөгийн тулгамдсан асуудал гэж дүгнэж буй учраас энэхүү лекцийн эмхэтгэлийг тусад нь ном болгон гаргаж байгаа юм.

Миний хүргэх гэсэн үндсэн санаа: төрийн алба амаргүй шүү, цаашид улам л нарийн төвөгтэй, тогтворгүй, тодорхойгүй орчинд хэрэгжих учраас эртнээс бэлтгэлтэй байх шаардлагатай.

Төрийн албыг хэн ч хариуцаж чадах мэтээр, амин хувийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх орон зай, шуудхан хэлэхэд төрөөр дамжуулан иргэдийн мөнгийг хулгайлах, зувчуулах, луйвардах, дээрэмдэх боломж, гарын үсгээ үнэлээд сууж байхад баяжаад байх хуульчлагдсан эрх мэтээр ойлгож, гүн итгэж төрийн албанд тэмүүлсэн “цүнх баригчдын” тоо хэрээс хэтэрч, тэр бүгдийг улс төрийн намуудаар дамжуулан бодит болгодог төрийн механизм бүрдээд байгаад харамсаж халаглахаас өөр юу ч хийж чадахгүй байгаадаа гутарч байна. Арга ядаад энэхүү лекцийг 2018 онд СЭЗИС-ын МВА (төрийн захиргаа) курсын цөөн хэдэн хүнд уншсан юм. Хоёр жилийн дараа эргээд үзэхэд бас ч ач холбогдлоо алдаагүй бололтой.

Төрийн алба бол тун нарийн төвөгтэй адармаатай, ээдрээтэй, тун ч хэцүү алба хэн дуртай нь очоод хийгээд байдаг зүйл биш, маш цэгцтэй бэлтгэгдсэн, мэдлэг боловсрол, ялангуяа хүн чанарыг тун ч өндөр босгыг хангах хүн энэ албыг хаах ёстой гэдгийг л тал бүрээс нь харуулах гэж оролдсон юм. Тиймээс төрийн алба хашиж буй болон ялангуяа хаших бодолтой хүмүүсд хандсан лекц юм шүү, тэр зүгт жолоо залж буй хэн боловч би “төрийн хар хүн байх өндөр босго хатуу шалгуурт тохирох хүн мөн үү “ гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хариу ямар байх нь хамаагүй (ямар хариу давамгайлахыг би гадарлаж л байна) – өөртөө шудрага хандах нь бас нэг шалгуур юм.

Нэгэн зүйл. Амьд лекц унших амар бөгөөд урамтай байдаг. Учир нь хүний нүд рүү харж байгаа амьд яриа өрнүүлэх, мэдэхгүй ойлгохгүй, эргэлзээд байгаа зүйлийг нь тэр дор нь тайлбарлах, дэлгэрүүлэх, хураангуйлах, боломжтой. Амьд эргэх холбоотой учраас хэрэгтэй хэрэггүй юм ярьж байгаа, тэр хүнд тусаж байгаа эсэх нь илт. Харин лекцийг цаасан дээр буулгахаар арай ондоо, харин “цаасан дээрээ буусан үг үсэг өөрийгөө хамгаалан мэтгэлцэж чадахгүй” учраас уншигч таны мэдлэгийн суурь хангалттай гэдэгт л найдах үлдэж байгаа юм. Энэ дашрамд эл лекцийн хэл найруулгыг ариутган жигдэлсэн Б.Галаарид гуайд талархаж буйгаа илэрхийлье.

Нэгэн зүйл. Улс төр, төрийн бодлого алба судлал хаа саагүй өргөжин өөрийн гэсэн судалгааны аппарат, хэллэг, нэр томьёотой болсон. Олон нэр томъё нь англи дээр байгаа бөгөөд тэдгээрийг нэгтгэн нэг хэвд оруулсан зүйл чамлалтай. Тиймээс энэ лекцийг унших хүн англи, орос хэл зохих хэмжээнд эзэмшсэн гэж үзээд зарим нэр томьёог эх хэлээр нь хэрэглэж байгааг өршөөгөөрэй. Ер нь орчин үеийн улс төр, философи, эдийн засаг, тэр ч байтугай маркетингийн ойлголтууд нэр томьёог бид орчуулж нэг мөр болгож чадаагүй нь тухайн асуудлаар монгол судлал ахиулахад их л саад болж байгаа юм. 70-80 жил марксизмаар замнаад К.Марксын Капиталыг албан ёсоор орчуулж чадаагүй байгааг дашрамд дурдъя. Ганц хүний барах ажил биш л дээ. Тиймээс албан ёсны орчуулга хүлээж суухын оронд тухайн хэлийг нь өөрөө сурах илүү амар, хугацаа хожих болов уу гэж бодож явдгаа нуугаад яах вэ.

Нэгэн зүйл. Төрийн алба тойрсон олон асуудал бүгдийг би хамрах зорилго тавиагүй гэсэн хэдий ч энэ лекцийг уншаад эрхэм та өөрийн санаа бодол, дүгнэлт, алдаа оноо, амжилт туршлагаасаа хуваалцаж [email protected] хаягаар илгээвэл цаашид олонд хэрэгтэй нэгэн сэдэвт ном бичих бололцоотой гэдгийг илэрхийлэн хүндэтгэсэн

Р.Амаржаргал
Глобал Эдийн Засгийн хүрээлэн, СЭЗИС
Улаанбаатар 2020

Жич: Номыг худалдан авах бол СЭЗИС, Глобал Эдийн Засгийн хүрээлэнгээс аваарай.

Номны үнэ: 10000₮

Холбоо барих утас: 70158829

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *