АН-ын шинэ Дарга М.Тулгатд дайх үг.

Нэр хугарахаас яс хугар гэдгийг санаж яваарай. Таны нэр хугарвал Ардчилсан Намын, Ардчиллын, Монгол төрийн тогтолцооны яс хугарна шүү^


Ард олны итгэл чухал гэдэг гэхдээ итгэл олох амаргүй. Тодорхой амлалт ( хүлээлт бүрдүүлээд) өгөөд түүнийгээ олон жилийн турш тогтвортой биелүүлж байж л итгэлийг олж авна. Өөр томьёо, арга зам байхгүй.

Харамсалтай нь манай улс төрчид амлалт сайн өгч сурсан ч түүнийгээ гүйцэлдүүлэхээ мартдаг. Би энд тэгж ингэж эдийн засгийг, бизнесийг сайхан болгох, иргэн бүрийг баян чинээлэг болгоод өгнө гэх зэрэг том юм ярихгүй.

Ядаж шударга зарчимтай байна, амин хувийн эрх ашгаа нийгмийнхээс дээгүүр тавихгүй, өнгө мөнгөнд явчихгүй гэх мэтийн ахуйн, ёс зүйн гэмээр амлалтаа биелүүлэх тухай ярьж багаа юм.
Учир нь Та зарчимч, ёс зүйтэй байх эсэх нь Танаас л хамаарна. Намын даргын зөв үлгэрлэл байх эсэх нь Таны чин зоригийн асуудал. Хэн нэгэн албан тушаалтны шахалт, сүрдүүлэлт, хахуульд явчихгүй байх нь Танаас л хамаарна, Таны л сонголт. Ардчиллын болон Ардчилсан Намын үнэт зүйлсийг хөсөрдүүлэх эсэх нь Намын дарга Танаас л хамаарна, Таны л сонголт. Хир сэтгэлийн тэнхээтэй, жудагтай гэдэг тун удахгүй олны өмнө ил болно.

Миний энэ санаа намын гишүүдийн хувьд мөн ялгаагүй. Хүн бүр дор дорно зарчимтай хариуцлагатай ёс зүйтэй байх юм бол тун ч амар жаргалтай байх болно.

Ардчилсан нам 31 жилийн түүхэндээ бишгүй алдаж, эргэж буцаж, ухарч, мухардалд орж ирсэн. Гэхдээ нам дотор үүссэн аливаа асуудал сорилтыг нууж хаалгүй, ил тод, нээлттэй, олон түмний нүдний өмнө ил, тэдний шууд оролцоотой хэлэлцэн нүүр тулдаг нам билээ. Нам дотор асуудал сорилт байхгүй мэт, эсвэл шалихгүй юм мэтээр үл тоосон дүр эсгэлгүй, үгүйсгэлгүй, хойш тавилгүй 31 жил нүүр тулж ирлээ. Шийдэл хайх, олох гэсэн бидний үйлдэл заримдаа харамсмаар, гутмаар, заримдаа ч сэтгэл шимшрүүлсэн, барьц алдахуйц, цөхрөнгө барагдахуйцаар гишүүд дэмжигчдэд тусаж, илэрч байсан. Хамгийн гайхамшигтай нь энэ бүгдийн цаана бид гардаг, гарах гарахдаа улам л хүчтэй, бат бэх, улам л урагш харсан, дэвшин сэргэсэн гарч ирдэг. Энэ удаа ч мөн ялгаагүй.

Бас нэгэн зүйл. Post Truth world гэсэн нэр томьёо улс төрд орж ирээд нэлээн удлаа. Гол утга нь өнгө мөнгө шахаад үнэнийг үзэхээ болив. Улс төрийн нам, хүнийг гүтгэхэд л хангалттай. Ямар нэгэн баримт сэлтээр баталгаажуулах шаардлагагүй. Элдэв янзаар л гүтгээд бай. Энэ аргыг манай нэр бүхий их том дарга нар ичгүүр сонжуургүй түгээж байгаа бөгөөд сонор сэрэмжтэй байж түргэн цочмог шийдвэр гаргахгүй байхыг хичээгээрэй.

Бас нэг санаа: Нэр хугарахаас яс хугар гэдгийг санаж яваарай. Таны нэр хугарвал Ардчилсан Намын, Ардчиллын, Монгол төрийн тогтолцооны яс хугарна шүү.

One comment

  1. […] Намын дарга тойрсон даган баясагчид тойрон хүрээлэгчид нийгмийн баялагыг хорогдуулдаг, өвөрмөц бизнес эрхэлдэг бөгөөд улс төрийн нөхцөл байдлыг тасралтгүй донсолгоонд байлгаж түүнээсээ шууд болон тойруу замаар асар их хэмжээний ашиг хонжоо, хувь хүнийхээ хувьд хүртэх бөгөөд эс бөгөөс хоосромуй. […]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *