Beautiful Plants For Your Interior
Хамгийн гол саад болох зүйл нь технологийн шийдэл биш, харин хүн өөрөө, түшмэлүүд байдаг
Ч.Ганхуяг аа, Ард апп-ийн зарим үйлчилгээ нь байхгүй болсныг ажиглаад чамд хэдэн санаа хүргэе гэж бодсон юм.
Чиний Ард групп ялангуяа АрдКойн (токен) тойрсон “түйвээнийг” ажиглаад л байгаа. Аливаа шинэ зүйл амаргүй л байдаг. Хамгийн гол саад болох зүйл нь технологийн шийдэл биш, харин хүн өөрөө, түшмэлүүд байдаг. Тэд:
Нэгдүгээрт, “Мэдэхгүй юмаа байхгүй, чадахгүй юмаа болохгүй” гэж боддог хүмүүс. Тиймээс крипто мөнгө, блокчейн, биг дата, токен, цахим банкны үйлчилгээ, хиймэл оюун ухаан, нанотехнологи, 3D-принтинг гэх мэтийн нарийн ширийн мэддэггүй.
Үүний илрэл бол одоог хүртэл ямар ч тодорхой хуульгүй, баталсан ганц хууль нь ойлгомжгүй, дагаж мөрдөх журам нь иргэдийн эрх ашгийг дордуулсаар байгаа цахим санхүүгийн салбар. Хувийн хэвшлүүд нь санаачилга гарган, шинэ технологи, платформыг хөгжүүлээд байдаг. Мэдлэггүй төр нь арагш нь чангааж, эрх ямбаараа нухчаад байдаг.
Хоёрдугаарт, эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхүйц зоригтой шийдвэр гаргадаг хүмүүс шоронд яваад байгаа учраас дарга нар хаяагаа манах нь нийтлэг болсон. Хаяагаа манах сэтгэлгээтэй түшмэдийг ойлгох, тэвчээртэй байх хэрэгтэй гэж бодож байна. Хаяагаа манагчид алдаатай, ард түмний эрх ашгийг дордуулсан хууль, журмаа сайжруулж, шинэчилж чадахгүй.
Манайдаа цахим санхүүгийн салбарыг зохицуулж байгаа гэх ганц хууль нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль. Гэтэл үүнийг дагаж гарсан Цахим мөнгөний журам нь Банкны, Өрсөлдөөний тухай хуулийн нэлээд олон заалтыг зөрчөөд явчихсан харагдана лээ. Хууль батлагдаад 4 жил өнгөрч. Харин дэлхий дээр криптовалют, цахим мөнгөний салбар чиний хэлдгээр “түйвээж” байгаа. Манайд өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалт байхгүй, бахь байдгаараа.
Гуравдугаарт, блокчейн дээр тулгуурласан цахим мөнгө, токен зэрэг нь маш олон салбар, давхаргын амин эрх ашгийг хөндөж, ялангуяа дунд шатны түшмэлүүдийн гарын үсгээрээ олдог орлогын үүдийг хааж байгаа учраас ил, далд байдлаар тэд заавал эсэргүүцнэ гэдгийг санаж байгаарай.
Ер нь төрд ажиллаж байгаа түшмэлүүдийн дийлэнх нь аливаа юмыг болохгүй, бүтэхгүй талаас нь тайлбарлана. Харин болгож бүтээх, дэмжих үүднээс хөдлөх сонирхол тун бага байдаг. Уул нь аливаа шинэ юмыг уриалгахан хүлээж аваад болгож бүтээхийн төлөө тэд цалин аваад сууж байгаа л даа. Гэтэл эсрэгээр нь сүрдүүлсэн, анхааруулсан мессэжийг тарааж, бүр албан ёсоор мэдэгдэл, сэрэмжлүүлэг болгон гаргаж харагдсан.
Хэрвээ чи анзаарсан бол хуулиар зохицуулж өгөөгүй салбараа “Хууль бус” гэж нэрлээд, чичлээд байх. Монголбанкны нэгэн мэдэгдлээс иш татбал… “Криптовалют, токен зэрэг виртуаль хөрөнгө нь цахим мөнгөний шинжийг агуулдаггүй учир Монголбанкны хяналт зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа….” хэмээн дурдчихаад Ардын цахим мөнгө, АрдКойны үйлчилгээнээс “Сэрэмжил” гэсэн агуулгыг шидсэн харагдсан.
Дөрөвдүгээрт, цахим шилжилт түгээмэл хандлага боллоо гэдгийг эрх биш хүлээн зөвшөөрч, тэр ч байтугай Ерөнхий сайд нь тунхаглан зарлаад, тун удахгүй бүх юм “E-Монгол болно” гэж яриад байгаа.
Миний ойлгож байгаагаар чи УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын хүмүүстэй уулзаж, төслөө танилцуулсан байлгүй. Болохгүй, бүтэхгүй гэсэн хүн гараагүй байх аа. Тэр ч байтугай наад нөхөд чинь доош нь үүрэг өгсөн ч байж магадгүй. Тэгээд болчихлоо, бүтчихлээ гэж ойлгож сууж байгаа бол худлаа шүү.
Манай орчин үеийн дарга нарт байдаг нийтлэг дутагдал бол гүйцэтгэлийн хяналт гэж байхгүй. Үүрэг өгөөд л мартана. Эсвэл дэвшилтэт зүйлийг дэмжиж байгаа дүр эсгээд гар хараад суучихна. Аливаа том стратегийн чанартай асуудлаа олж хараад, түүнийгээ бариад нухаад, болгох бүтээх талаас нь хүн хүч, хөрөнгө мөнгөний бололцоогоо дайчлан ажиллана гэж байхгүй болсон. Эхлүүлсэн юмаа дуусгана гэж үгүй. Дуусгалаа гэж байгаа ч дандаа сүүлтэй юм үлдээнэ.
Ер нь стратегийн сэтгэлгээ, чадамж муутай хүмүүс өдөр тутмын урсгал ажилдаа их дуртай. Жижиг сажиг асуудлуудтай зууралдаж, ялангуяа гарын үсгээрээ хүний хувь заяаг шийдэж байх нь тэдэнд асар их эрх мэдэлтэй, өөрийгөө үнэхээр том дарга гэсэн дуршил төрүүлдэг юм. Товчхондоо, төрийн албанд суралцаагүй, түүний уламжлал, утга учрыг огт мэдэхгүй хүмүүс (цүнх баригч нар) гэнэт дарга болдгийн гай.
Тавдугаарт, цар тахал цахимжих трэндийг улам хүчилж өглөө. Цахимжиж буйн хамгийн том илрэл нь санхүү, тэр тусмаа банкны салбар. Үнэхээр ч гар утаснаасаа гүйлгээ, төлбөр тооцоо хийгээд байх хичнээн амар. Элдэв янзын салбар, газар гэж гүйхгүй. Гэтэл өдрийн хязгаарлалт гэх мэт хоригийг хүнд сурталтнууд заавал олж тогтооно. Түүнийгээ “Ард иргэд тэнэг учраас хамаагүй мөнгөө зарцуулчихна. Харин бид ухаантай, ард түмэндээ их хайртай учраас хэн, хэзээ, хэдийг зарахыг бид мэднэ” гэж хандаж байгаа нь тэр.
Жишээ нь, Цахим мөнгөний журам гээч нь. Ард түмний хэрэглээг хязгаарлаж, нэг удаа 20.000-1.000.000 төгрөг, өдөрт 3 сая төгрөгийн гүйлгээ хийх лимит тавьчихаад байршуулсан мөнгөө хэрэглэгч хэдэн арван удаа хувааж авах, олон улсад хэзээ ч байхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй үйл ажиллагааг тулгажээ. Миний эрэлт хэрэгцээг надаас илүү түшмэлүүд мэдэж байгаа нь тэр.
Зургадугаарт, Үйлчилгээний байгууллагууд харилцагчдадаа өгдөг урамшууллын оноонд “хувьсгал” хийж АрдКойныг гаргаж, түүгээр юуг хийж болдгийг өнгөрсөн хугацаанд харуулж байгааг чинь ажигласан. Ард аппликейшний хэрэглэгч 1 саяд хүрч яваа гэх. Энэ түйвээнийг чинь Монгол даяараа, төр засгаараа сонссон, дуулсан, харсан.
Чи 1 сая харилцагчтай боллоо гээд л байгаа. Тун сайн. Гэхдээ элдэв юм болбол чамайг л барьж иднэ шүү. “Зохицуулах байгууллага нь ийм, тийм шийдвэр гаргасан” гэж мянга тайлбарлаад нэмэргүй. Хэн ч сонсохгүй. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бүгд цахимжуулахын төлөө боловч хэн ч хариуцлага хүлээхгүй. Бүгд уснаас хуурай гарна. Тиймээс ялангуяа АрдКойнтой холбоотой, “Энэ бол урамшууллын оноо” гэдгээ сайн тайлбарлаарай. Ер нь цаашид гадаад зах зээлдээ илүү анхаарах нь зөв шүү.
Шинэ санаачилга, шинэ платформыг чинь олон зуун мянган монголчууд дэмжиж, итгэн хөрөнгөө оруулдаг. Тиймээс цахим үйл ажиллагааныхаа аюулгүй байдлыг надаар хэлүүлэлтгүй анхаарч байгаа биз ээ.
Долдугаарт, нэг сүрхий өрсөлдөгч гараад ирлээ гэж банкууд бодож магад. Тэд чамтай хамтрах ашигтайг бүрэн хүлээн зөвшөөрөх болоогүй. Цахим шилжүүлэлт ярвигтай, хөрөнгө хүч шаардна. Жишээ нь, арилжааны банкууд одоогийн байгаа систем, технологидоо өчнөөн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. Тэрнээсээ гэнэт татгалзаад шинэ хөрөнгө оруулалт хийх хэцүү. Тэднийг ойлгож болно. Гэсэн хэдий ч санхүүгийн цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд чинь банкууд л түшиг болох байх шүү. Ер нь төр гэхээсээ арилжааны банкуудтай хамтран ажиллах арга замаа сайн хайгаарай. Үйл ажиллагааны чинь аюулгүй байдал, баталгаа, хөгжлийн гарцуудын нэг энэ.
Наймдугаарт, Амьдралд нийцэхгүй байгаа, явахгүй байгаа элдэв хоригийг цуцалъя гэхлээр түшмэлийн бяр бяд, хамаг хүч чадал, хязгааргүй боломж нь гэнэт илрээд гараад ирдгийг чи мэдэж байгаа. “Хаанаасаа хаалгач” гэдэг үгийн утгыг чи бүрэн утгаар нь ойлгож байгаа байх аа.
Чиний хүслээр, практикаар, зүйн шаардлагаар бол төр засаг, хууль сахиулагчид цаг минуттай уралдан хөгжиж буй цахим шилжилт, цахим санхүүгийн салбар, тэр дундаа цахим үйлчилгээг тодорхой, ойлгомжтой болгох, өрсөлдөөн, банк банк бус санхүүгийн байгууллагад тэгш бусаар хандсан хууль журмаа сайжруулах, хууль тогтоогчид, хэрэгжүүлэгчид өөрсдөө мэдлэгтэй болох тухай гэж ойлгож байгаа.
Одоохондоо яаж зохицуулахаа мэдэхгүй байгаа учраас хууль, хүнд суртлын саад тотгор, хорио гайгүй байгаа нь энэ юм. Чи л “Зөндөө хориг саад байна” гэж бодож байгаа байх. Энэ бол юу ч биш. Дөнгөж “цэцэг” нь. “Жимс” нь өшөө болоогүй байгаа шүү гэдгийг анхаараарай.
Ёсдүгээрт, мэргэжлийн их, дээд сургуулиудтай хамтран ажиллахыг санал болгож байна. Хийж хэрэгжүүлж байгаа ажил, санаа оноогоо мэргэжлийн их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгаж өгөх нь өнөөгийн цахим шилжилт, цахим санхүүгийн эрин үеийн зүй ёсны шаардлага. Тиймээс захиалгаар судалгаа, сургалт хийлгэ. Чиний ирээдүйн боловсон хүчин бас хэрэглэгчид эндээс гарна шүү.
Энэ бүгдийг хэлээд байгаа нь тун зөв зүйтэй санааг чинь буруу өрнүүлээд, гутаагаад хаях байх гэж санаа зовсных шүү. Чиний энэ том төсөл буруу явбал цахим санхүүгийн шилжилт хэдэн жилээр хойшлох болно. Зогсохгүй л дээ, гэхдээ цаг алдана. Эдгээрийг бас анхаарна биз ээ.
Ерөнхий сайд, түүний багийнхан цахим хөгжлийг зорилгоо болгож бүр Цахим хөгжлийн яам байгуулна гэж амласан байна билээ. Эрх биш энэ зорилгоо гүйцээе гэвэл чиний хөгжүүлж буй салбар, санаачилга, түүчээг анхааралдаа авч, дэмжих нь баараггүй л байх учиртай.
Жич: танай АРД дэлгүүрээр зарагдаж буй “Төрийн алба: Сорилт” гэсэн миний номыг үзэг харандаа бариад зураад сайн унш. Цахим шилжилт, шаардлага, зарим улсын туршлага, орчин цагийн төрийн алба ямар байх талаар бичсэн байгаа.