Beautiful Plants For Your Interior
Эдийн засгийн хямрал ба Засгийн газар
Өнөөдөр, архиваа ухаж байгаа одоогоос 9 жилийн өмнө (2012-09-26) бичсэн зүйлийнхээ файлыг үзлээ. Тухайн үедээ ноороглож байсан юм болов уу, яагаад ч юм нийтлүүлээгүй үлджээ. Энд байгаа “хямрал” гэдгийг “Ковид 19” орлуулаад уншвал өнөөдрийн тухай биш үү? өнгөрсөн 9 жилд Төр засгийн үйл ажиллагаанд, ялангуяа хямралыг даван гарах чадавх ахисангүй, өөрчлөгдсөн юмгүй гэж үү?
Эдийн засгийн хямрал ба Засгийн газар
Шинэ засгийн сайдууд, эрхэм гишүүд – бүгд л – эдийн засгийн хямралын тухай яриад эхэллээ. Сонин хэвлэл, интернет сайтууд хямралын сэдвийг өрдөж эхэллээ. ТВ ч ялгаагүй. Өнгөрсөн 7 хоногийн турш хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл ажиглаж байсан бол үүнийг төвөггүй анзаарах байсан.
Нэг л сэжигтэй. Нэг найруулагчийн дэглэсэн, туйлын алсын бодолтой эхлүүлсэн, том жүжиг ухуулга сурталчилгаа, маш том Пи-ар дэгдэж байна. Гаднын томоохон хөрөнгө оруулагч нар эл сэдвийг өндөр давтамжтай цацаж байгаа нь ч илт байна.
Евро бүс учраа олохгүй, хятад Энэтхэгийн эдийн засгийн хурд саарч, Америкаас таатай мэдээ алга байгаа зэрэг нь глобал эдийн засгийн хямрал бодит зүйл болж байгааг илтгэж байгаа нь үнэн. Тиймээс энэ дэгдээд байгаа, цаашид улам бүр чангарах, хямралын тухай шуугиан нь үнэхээр хямрал, түүний үр дагаварт санаа зовж шийдэл хайсан бол сайн хэрэг.
Харин, ашгүй, хямрал гэдэг хэн ч учрыг нь олдоггүй юманд “бүгдийг нь чихээд авъя”, хариуцлагаас мултрах зугтах хамгийн шилдэг арга, сэдэв энэ юм байна гээд уг сэдвийг өрдөөд байгаа юм биш биз гэж асуумаар байна.
2007 онд бас нэг ийм арга хэрэглэж – бүхэнд хямрал буруутай гэж – сайд дарга нар хариуцлагаас зугтсан шүү дээ. Одоо бас амлалтаасаа ухарч, хаа сайгүй хууль зөрчин, төрийн албыг төрлийн алба болгох аян өрнүүлж, шинэтгэл нэрээр халхавчлан хий хоосон хөөрч, ажил хэргийн мэдлэг үгүй, чадвар үгүй гээ далдлах, төрийн мөнгө сан хөмрөгөөр тоглож – бүхнийг хямрал болох гэж байна, хямрал дөхөж байна, хямрал нүүрлэж байна г.м зохиомол мангас үүсгэн олныг айлган төөрөгдүүлэх ажиллагаа эхэлж байна уу.
Үнэхээр хямралд санаа зовж байгаа бол ядаж 2007-09 оны хямралын тухай ярих ёстой юм. Тухайн үед би энэ асуудлыг хөндөж байсан. 2005 оноос эхлэн хямралын тухай эрдэмтэн судлаачид бичиж эхэлсэн бөгөөд тэр тухай дурдаж байдал төвөгтөө болж байгаа тухай статья хүртэл бичиж байсан аа санаж байна. Хэн ч тоогоогүй л дээ. Дараа нь 2007 онд намар нь ерөнхий сайдад сануулж байсан бөгөөд 2008 оны хавар Ерөнхий сайд, сангийн сайдад анхааруулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүртэл бичгээр санал дүгнэлтээ хүргүүлж байсан юм. За за гээд л өнгөрсөн. Тэр байтугай хямрал Монголыг тойроод гарна гэж зарим сайд мэдэгдэж байсан л даа. Манайхан болсон хойно ниргэсэн хойно нь залбирсан л даа. Хямралын хөтөлбөр энэ тэр гээд л нэг их сүрхий бужигнаж УИХ-ын тогтоол баталж сүржигнэсэн хэдий ч үнэндээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн юм.
Эдийн засгийн өсөлт биш харин агшилттай 2009 оныг өнгөрөөж билээ. Барилгын салбар, банкны салбар нарийн яривал одоо ч шокноосоо гараагүй байгаа. Хэтэрхий их үнэ төлсөн дөө. Тиймээс 2007-09 оны хямралын тухай ярих ёстой юм. Ямар сургамж бид авсан вэ?
- 2007 оны хямралд бид яагаад бэлтгэлгүй байсан вэ
- Хямралын эсрэг сценари хэн хариуцаж хаана боловсруулагдах ёстой вэ
- Хямралын нөхцөлд салбар хоорондын уялдаа холбоог хангах шуурхай удирдлагын ямар механизм байх ёстой вэ
- Тогтворжуулах сан хэн хэзээ ямар нөхцөлд ямар зориулалтаар зарцуулах ёстой вэ
- Хямралын үед парламентын үүрэг роль ямар байх ёстой вэ
- Хямралын үед засгийн газрын эрх мэдэл ямар байх яаж хэрэгжүүлэх
- Хямралын эсрэг тусгай хороо байгуулах эсэх эсвэл Засгийн газар дангаараа хариуцаад явах
- Хямралын үед УИХ-с баталсан хөтөлбөрийн хэрэгжилт ( бараг хэрэгжээгүй л дээ) түүнд хийсэн дүн шинжилгээ
- УИХ ЗГ хамтын ажиллагааг хангах (үл хангасан) механизмууд юу байв
- Хямралын нөхцөлд ажиллах туршлагатай боловсон хүчнийг татан төвлөрүүлэх арга зам
- Салбар тус бүрээр нь байдал ямар байсныг дүгнэх гм маш олон асуудлыг тусгайлан судалж маш тодорхой сургамжийг ой санамждаа ( ялангуяа төрийн ой санамжид тусгах ёстой юм)
Иймэрхүү асуултад нэн түрүүнд хариу өгч цаашид яах ёстой талаар ажил хэрэгч шийдэл хайсан яриа өрнүүлэхийн оронд хямралын тухай их л мэдэмгийрхэн ярьж байгаа Ерөнхий болон бусад сайд нар хариуцлагаас мултрах арга замаа хайж байгаа мэт харагдаж байна.
Жич: Хямрал яаж ямар сувгаар Монголд орж ирэх, ямар үр дагавартай байж болох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нөөц хувилбарууд гм асуудлыг би тусад нь хөндөнө гэж бодож байна.
Amarjargal Rinchinnyam – Ринчиннямын Амаржаргал