Beautiful Plants For Your Interior
Салбар дундын судалгаанд дэмжлэг хэрэгтэй
2015 онд НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэн, тунхаглан баталсан билээ. Эдгээр улс нь дэлхий дахинд тулгамдаж буй цаг уурын өөрчлөлт, тогтвортой хэрэглээ, инновац, чанартай боловсрол, ядуурал зэрэг өргөн хүрээг хамарсан зорилтыг дэвшүүлэн, хөгжлийн бодлогодоо тусгахын сацуу асуудлын шийдлийг эрэлхийлэхэд шинжлэх ухаан, эрдэм суддалын байгууллагууд, эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүргийг чухалчлан үзэж, хамтран ажиллах боломжийг хайх болов. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь шинжлэх ухааны дан ганц салбар, чиглэлээс хэдийн хальж, хүрээлэн буй орчин, биологи, анагаах ухаан, агрономи, газар зүй, инженерчлэл, социологи, психологи, улс төр судлал, эрх зүй, эдийн засаг, бизнес гэх мэт олон шинжлэх ухааны огтлолцол дээр асуудлын шийдлийг эрэлхийлэх шаардлагыг бий болгож байна.
Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа хөгжлийн төлөөх түншлэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд академик түншлэл буюу хамтын сүлжээг үүсгэж байна. Үүний нэг тод жишээ бол хариуцлагатай манлайлагчдыг бэлтгэх сургалт, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий Хариуцпагатай удирдлагын боловсролын зарчим (PRME) гэх НҮБ-ын дэмжлэгтэй санаачилга өрнөж, дэлхийн 800 гаруй их сургууль нэгдэн оржээ. Энэ нь их сургуулиудыг сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулах, улмаар салбар дундын хэлбэрээр хэрэгжүүлэх хэрэгцээг бий болгож байна.
Салбар дундын судалгааг хөхиүлэн дэмжих хэрэгцээг глобалчлал судлалаар жишээлэн авч үзье. Байгаль, технологийн хооронд антагонизм үүссэнийг нийтээр хүлээн зөвшөөрлөө. Үүнээс гарах гарц нь “байгалийн төрхт технологийн орчин” (М.В.Ковальчук) бөгөөд ийм орчин бүрдүүлэх хэрэгсэл нь шинжлэх ухаан болон технологийн конвергенц. Хэрвээ энэ нь бодитой шаардлага гэж үзвэл глобалчлал судлалын нэг сорилт мөн.
Эхэн үедээ судлагдахуун нь гадаад худалдаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа гэж явцуу хүрээнд яригдаж байсан глобалчлал өнөө цагт илүү өргөн цар хүрээтэй болж, түүний өмнө тулгарч буй сорилт нь эрс нэмэгдэн, шийдэл нь шинжлэх ухааны маш олон чиглэлийн хамтын ажиллагааг шаардаж байгаа юм. Дэлхийн шинэ дэг журам, соёл иргэншил, олон улсын харилцаа, хотжилт, цаг уурын өөрчлөлт зэрэг нь улс төрийн глобалчлал судалгааны объект болоод удаж байхад манай боловсролын яамны түшмэд “салбар дундын” гэж юу байдаг юм бэ гээд сууж байна.
Глобал экологи ба тогтвортой хөгжил, глобалчлал нь санамсаргүй тохиолдол юм уу, эсвэл хөгжлийн зүй тогтол уу? Өөрөөр хэлбэл, өрнөж буй процессын объектив, субъектив агуулгыг судлах, амьдралын уламжлалт хэв маяг олон зуун жилээр хадгалагдаж байсан цаг үе бүрмөсөн өнгөрч, түргэн тасралтгүй өөрчлөлтөд өртөж буй амьдралын хэв маяг- “шинэ хэвийн” үзэгдэл болж, антропосферын оршин тогтнолыг тодорхойлогч хүчин зүйл болсон энэ үед судалгааны ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
Глобалчлалын эерэг (сөрөг) үр дагавар нь улс орнуудын хувьд жигд бус тархацтай буй нь илт. Материаллаг учир шалтгаантай (жишээ нь, байгаль цаг уур) глобал процессыг харьцангуй шууд ажиглан судалдаг бол хүний үйл ажиллагаанаас шууд үүдэлтэй, нийгмийн шинж чанартай глобалчлал нь судалгааны тэс өөр арга, хандлага шаардах юм. Дүгнэлт нь хүртэл цочирдом. Жишээ нь, “ард түмэн түүхийг бүтээдэг, тэдний бүтээлч үйл ажиллагаа” гэж нэрлэх зүйл ховор, харин ямар нэгэн нийгмийн донсолгооны цаана тодорхой үзэл суртлын чиглэлтэй сонирхлын бүлэг, зарим нөхцөлд хувь хүн байж байгааг глобалчлал судалгааны хүрээнд эрдэмтэд онцолж байгааг энэ дашрамд дурдъя.
Глобал донсолгоо, зөрчилдөөн, улмаар гегомонист шинж чанар нь бидний нүдэн дээр ил өрнөж байгаа бөгөөд түүнд хүргэж буй бодит хүчин зүйлсээс гадна тохиолдлын, санамсаргүй хүчин зүйлс, тодорхой бодлогыг хэрэгжүүлэх явцад гаргаж буй алдаа, оноо “гэрэлт ирээдүйг байгуулах” ариун бодолд хөтлөгдсөн сайн санааны үүсгэл санаачилга хэчнээн гунигтайгаар нуран унаж буй учиг, учир шалтгаанаар тайлбарлах ёстойг зөвхөн нийгмийн ухаанаас хайхаас харин хаа хол гэмээр суурь судалгааны, физик, квантын физик гэх мэт тэдгээрийн нэгдсэн зүй тогтол, арга зүй л хэлж өгнө. Ийм нөхцөлд жишээ нь докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, харьяалал ямар байх ёстой вэ?
Глобалчлалын “ялгуулсан дэвшилт” гэнэт зогсонги байдалд орж, улс төрийн хараал зүхлийн объект болж буйг зөвхөн улс төр судлалын хүрээнд тайлбарлах гэж оролдох нь хол явах уу?
Үнэндээ манай шинжлэх ухаан хариуцсан яамны зарим түшмэлд нэн шинэ мэт сонсогдох салбар дундын судлал болон судалгаа нь огтоос шинэ зүйл биш. Жишээ нь, 1970-аад оны үед Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын дэмжлэгтэйгээр салбар дундын судлал, судалгааны эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг их сургуулиуд зохион байгуулж байснаас хойш энэ чиглэлийн сургалт, судалгаа дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байна. Үүний тод жишээ бол АНУ салбар дундын суддалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, тэргүүлэх чиглэл болгон зарласнаас гадна их сургуулиудын сургалтын хөтөлбөрийг түүнд тулгуурлан шинэчлэх ажлыг аль хэдийн эхлүүлжээ (Holley, 2009). Тухайлбал, тус улсад салбар дундын мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөр 1973 онд 7000 байсан бол 2005 онд 35 мянга болж өссөн байх жишээтэй.
Өнгөрсөн зууны дундуур Ромын клубийн ерөнхийлөгч А.Печчеи макро асуудлууд, тэдгээрийн учир шалтгаан, үүсэл хөгжил, мөн урьдчилан төлөвлөх арга зүй зэргийг шинээр тодорхойлох хэрэгтэй, эл асуудлыг шийдэж чадвал тохиолдож болзошгүй глобал хямралыг урьдчилан таамаглах, сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байв.
Хүн болон түүнийг хүрээлэн буй орчин нь тусдаа бус, харин нэгдмэл нэг макро систем юм. Гэтэл эл системийг бүрдүүлдэг маш олон хэсэг нь өдгөө сүйдэж байгаа бөгөөд улмаар түүний учир шалтгаан нь ямар ч хязгаарлалтгүй өрнөж буй технологийн дэвшил гэж АПеччи бичсэн байх жишээтэй. (Peccei A.The Chasm Ahead.London: Macmillan, 1969.р. 162. р. 243). Зөвхөн глобал масштабад л хийсэн төлөвлөлт шийдэл байх боломжтой гэж тэрбээр дүгнэсэн байдаг. Энэ бол 50 гаруй жилийн өмнө хийсэн дүгнэлт ба харин өнөөдөр байдал ямар байгаа, глобал загварчлал хэр зэрэг урагшилсан талаар салбар дундын судалгаа хийхээс өөр аргагүй.
Салбар дундын судалгаа шаардаж буй өөр нэг сэдэв бол бүс нутгийн интеграцын асуудал. Жишээ нь, БНХАУ-ын “Бүс ба зам” хөтөлбөрийг эдийн засаг, улс орны аюулгүй байдал, их гүрнүүдийн глобал хүчний харьцаа талаас судлах, ШХАБ болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаа, эсвэл АСЕАН-ы талаас авч үзэх, эл хөтөлбөрийн хүрээнд ДХБ, АХБ , гэх мэтийн олон улсын санхүү-эдийн засгийн, цэрэг-улс төрийн байгууллага ямар үүрэгтэй зэргийг авч үзэх хэрэгтэй болно.
Эдийн засгийн маш тодорхой салбарын асуудал гэж ойлгож болох улс хоорондын төлбөрийн хэрэгслийн асуудал хүртэл геополитик, гео-эдийн засгийн үр дагавартайгаас гадна тэдгээрээс шууд хамааралтай нь илт болов.
Салбар дундын судалгаа нь асуудлыг хэд хэдэн шинжлэх ухааны өнцгөөс харах, улс төр суддал, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгаа, социологи, олон улсын эрх зүй зэрэг салбар судлалын давхцал талбараас шийдэл хайх боломж олгодог учраас эрдэмтэн, судлаачдын “туурвих” орон зайг хүнд суртал, захиргаадалтаар хязгаарлаж таарахгүй. Энэ мэт тодорхой жишээ олныг дурдаж болох бөгөөд салбар дундын судлалын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах саналыг СЭЗИС-иас холбогдох яам, байгууллагад олон жил тавьж байгаа ч ёстой нөгөө “элсэнд ус асгасан”-тай адил болсоор байна.
Дэлхий нийтээр даган мөрдөж буй ЮНЕСКО-гийн боловсролын түвшний (UNESCO ISCED) 2013 онд шинэчлэн баталсан ангилалд салбар дундын судлалыг мэргэжлийн чиглэл бүрт нэмж оруулсан байх юм. Энэ нь нэг талаас өнөөгийн нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлыг олон шинжлэх ухааны үүднээс авч үзэх, нөгөө талаас салбар дундын хөтөлбөр, судалгааг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг илтгэж байгаа хэрэг.
Мөн түүнчлэн Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр боловсруулан, санал авах хэлэлцүүлэг өрнүүлж байна. Уг хуулийн үндсэн үзэл санаа нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хурдасгах, дээд боловсролын сургалтын байгууллагын судалгааны чадавхыг нэмэгдүүлэх, түншлэлийг хөгжүүлэхэд оршиж байна гэжээ. Энэ нь төр их сургуулиудаас түншлэлийг, тэр дундаа салбар дундын түншлэлийг шаардаж байгаа мэт харагдах ч боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн чиглэл, ангиллаа шинэчлэн батлаагүй, аль 2011 оны ЮНЕСКО-гийн боловсролын түвшний ангилалд тулгуурлан, 2014 онд баталсан мэргэжлийн чиглэлтэйгээ зууралдан байгаа нь дэндүү харамсалтай төдийгүй хариуцлагагүйн илрэл мөн. Судалгааны их сургуультай болох зорилт дэвшүүлээд салбар дундын судалгаа, түүний хэрэгжилтийн нэг элемент болж буй, доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах асуудлыг шийдэхгүй байгааг шинжлэх ухааны эсрэг гэмт хэрэг гэлтэй.
Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлын шийдлийг нэг шинжлэх ухааны өнцгөөс тодорхойлох боломжгүйг бодлого тодорхойлогчид сайн ойлгож, салбар дундын судлалыг эрх зүйн орчин, механизм, санхүүжилт болон бусад хэлбэрээр дэмжих хэрэгтэй байна. Дэмждэггүй юм гэхэд чөдөр тушаа болохгүй байвал улсын хөгжилд тустай.
СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Р.Амаржаргал
“Өнөөдөр” сонин 2022-03-30