Beautiful Plants For Your Interior
Ре-Глобалчлал
Глобалчлал устаж үгүй болсон зүйлгүй ээ. Харин дүр төрхөө хувиргаж буй бөгөөд оролцогч талууд нь илүү мэдээлэл, туршлагатай болж стратегийн сонголтынхоо дагуу аль чиглэл салбарт, хир хэмжээнд хамрагдах аа тохируулдаг болов. Энэ нөхцөлд хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, санхүү, өгөгдөл болон ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн зэргийн гольдрого урсгал өөрчлөгдөх нь илт болжээ.
Глобал эдийн засгийн шинэ харилцаанд хэн ямар нөхцөлтэй оролцохоо том гүрнүүд “тохирох” гэж оролдож буй бөгөөд ингэхдээ ямар ч арга зам (дайн хүртэл өрнүүлэх) хэрэгсэл-ээс татгалзахгүй, ширүүн өрсөлдөөнийг өрнүүлэв.
Ре-глобалчлалыг тодорхойлж буй зарим содон шинж тэмдэг нь:
1. Y, Z үеийнхэн хэрэглээний эрэлтийг тодорхойлох худалдан авах чадвартай болсон бөгөөд эрчим хүчний хэмнэлт, дахин боловсруулалт, sharing economy зэрэг байгаль цаг уурын өөрчлөлтийг нэн түрүүнд харгалзсан, өмнө үеийнхээсээ өөр хэрэглээний соёлыг шаардан тулгаж байна. Үйлдвэрлэл үйлчилгээний хэв маяг залуусын худалдан авах чадварыг даган өөрчлөгдөх нь ойлгомжтой.
2. Хиймэл оюун ухаан, дижитал платформ, блокчайн, крипто, IoT зэрэг цоо шинэ технологи материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээний дүр төрхийг мөн өөрчлөж байна
3. Ковид 19, Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хүчтэй сөхөгдөж эхлээ. Ялангуяа нийлүүлэлтийн гинжин хэлхээс тасалдаж ямар их хохирол учруулж буйг мэдэрч буй улс орнууд, эдийн засгийн салбарууд диверсификацийг онцолж буй бөгөөд энэ нь дахиад л бодит эдийн засгийн салбаруудыг төрхийг өөрчилж байна. Мөн дотооддоо үйлдвэрлэх хангахыг ч чухалчлах болов. Болзошгүй эрсдэлээс сэргийлэх гэж экспортын хяналт тогтоох ( одоогийн байдлаар 63 улс орон төрөл бүрийн бордоо болон хүнсний бүтээгдэхүүндээ 100 гаруй экспортын хориг тавиасан жишээтэй ), кивераюулгүй байдлын хууль, хөрөнгө оруулалтын хар жагсаалт гаргах, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ нутагтаа эгүүлэн татах зэрэг “болгоомжилсон” алхамууд хийж байна.
4. Санхүүгийн хэрэгсэл нь байлдааны зэвсэг боллоо. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ нь санхүүгийн шинэ өөр талбар буй болгох нь илт бөгөөд санхүүгийн бүх “өндгөө” дан ганц (барууны) сагсанд даатгахгүй юм.
5. Санхүү болон бодит эдийн засгийн салбаруудын хоорондын уялдааг хангах глобал механизм шинээр төрөх ёстой болж байна. Хамгийн төвөгтөө асуудал нь энэ байх болов уу? Учир нь дэлхийн хамгийн том худалдааны хоёр гүрэн АНУ, БНХАУ геополитикийн өрсөлдөгчөөсөө “болгоомжилсон” алхамуудыг урьтал болгож байна. АНУ нь дайсагнасан сөргөлдсөн улс орнуудтай хийж байсан худалдаагаа зогсоож, “анд” орнуудад чиглүүлэх “friend-shoring” бодлого хэрэгжүүлээд эхэлсэн бол БНХАУ нь “dual circulation” буюу гадаадаас хараат байдлаа, ялангуяа технологийн салбар дах хараат байдлаасаа ангижрах бодлого тунхаглан хэрэгжүүлэж байна.
6. Нэг хэсэгтээ (10–20 жил) геополитикийн стресс үргэлжлэх магадлалтай учраас тодорхойгүй орчинд дасан зохицох чадвар, улс төр эдийн засгийн тогтолцоо, механизмын resilience чанар онц чухал байна.
7. Дэлхийн эдийн засаг, улс төр-нийгмийн харилцааны харилцан хамаарал тун гүнзгийрсэн учраас хохирол амсахгүй салаад явчихгүй нь бүгдэд ойлгомжтой. Чөлөөт худалдаа амин чухал болохыг биеээрээ амсааж буй бидний хувьд дээр дурьдсан сөрөг өрнөлүүд нь тааламжтой буухгүй нь ойлгомжтой. Тиймээс, энэ дотор нь л байж хутгалдаж дуу хоолойгоо хүргэж нөлөөлөх гэж оролдох нь чухал. Жишээ нь хүн амын орлогын тэгш бус байдал гэхэд л тухайн улс орны хилээр хязгаарлагдахгүй болжээ.
8. Нийгмээ хөгжлийн шинэ шатанд гаргах зайлшгүй нөхцөл нь иргэдийнхээ боловсрол соёлын төвшинг тасралтгүй нэмэгдүүлэх процесс. Мэдлэг боловсролтой иргэд л глобалчлалын давуу талыг хүртэж чадна.